Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/25

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б., Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А.*******т холбогдох 2123001620003 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1993 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Завхан аймгийн сум баг ******* ******* тоотод оршин суух хаягтай, овогт *******ын *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Шүүгдэгч А.******* нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн сумын багийн ******* тоот хашаанд байх иргэн Ч.гийн байшингийн цонхыг хагалж нэвтрэн зөөхий /өрөм/ 40 килограммыг нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулсан байна. Түүний уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч овогт *******ын ******* нь 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн сумын багийн ******* тоот хашаанд байх иргэн Ч.гийн байшингийн цонхыг хагалж нэвтрэн зөөхий /өрөм/ 40 килограммыг нууцаар, хууль бусаар авч 800,000 төгрөгийн хохирол учруулах хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: - Хохирогч Т.ын өгсөн: “...Манайх хөдөө сумын багийн нутаг “Доргот” гэдэг газарт намаржиж байгаа бөгөөд манай хүүхдүүд суманд сургуульд сурдаг тул сумын баг ******* тоотод хашаа байшин худалдаж авсан юм. Тэр хашаа байшинд манай 2 хүүхэд миний хадам ээж ******* нар амьдардаг бөгөөд нөхөр бид хоёр ирж 2 очоод байж байдаг юм. Өнгөрсөн 5 дахь өдөр хүүхдүүдийн хичээл тараад хадам ээж ******* манай хоёр хүүхдийн хамт хөдөө гэрт ирээд 2 хоноод бүтэн сайн өдрийн орой миний нөхөр 2 хүүхдээ аваад явсан юм. Тэгээд орой утсаар яриад “манай гэрт хулгай орсон байна” гэж хэлсэн тул би өнөөдөр хөдөөнөөс сум орж ирсэн юм. Тэгээд гэртээ орж үзэхэд манай байшингийн гал тогооны өрөөний цонхыг хагалсан байсан бөгөөд юу юу алга болсныг бүртгэж үзэхэд хөлдөөгчид байсан зөөхий, авдарт байсан миний өөрийн хурганы арьсан дотортой дээл зэрэг зүйлс алга болсон байсан. ...Би өмнө нь өгсөн мэдүүлэгтээ гэрээсээ алдагдсан эд зүйлсийн жагсаалтад улаан өнгийн торгон өнгөтэй эмэгтэй хүний хурганы арьсан дотортой дээл алдагдсан гэж мэдүүлэг өгсөн юм. Тэгтэл миний тэр дээл хулгайд алдагдаагүй гэрт байсан байна. Тэгэхээр манай гэрээс 40 килограмм зөөхий л алдагдсан байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 21-21-р хуудас/, - Гэрч Ч.н өгсөн: “...Манайх Завхан аймгийн сумын багийн малчин айл байгаа юм. Манай хүүхдүүд аймагт сургуульд сурдаг тул аймагт хашаа байшинтай бөгөөд хоёр хүүхдийг харж миний ээж ******* хамт байдаг, эхнэр бид хоёр хөдөө малаа малладаг юм. Өнгөрсөн 5 дахь өдрийн орой ирж хүүхдүүдээ ээжийн хамт хөдөө авч явсан бөгөөд байшингаа цоожлоод явсан. Хөдөө 2 хоноод бүтэн сайн өдөр би хүүхдүүдээ аваад гэртээ ирэхэд манай байшингийн гал тогооны өрөөний цонхыг хагалж хулгайч гэрт орж ирээд хамаг авдар сав ухаж доторх эд зүйлсийг цацаж хаясан байхаар нь цагдаа дуудсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26- р хуудас/, - Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.ын 2021 оны ******* дүгээр сарын 12-ны өдрийн 000000048 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн №1, №2, №6, №7 дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэнэ. Харин №3, №4, №5 дугаартай гарын мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй байна. №1 дугаартай гарын мөр ******* овогтой ын гарын дардастай, №2, №7 гэж дугаарласан гарын мөрнүүд овогтой ын баруун гарын долоовор хурууны дардастай тохирч байна” гэх дүгнэлт /хх-ийн 33-38-р хуудас/, - Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 09- 15-р хуудас/, - Шүүгдэгч А.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 16-р хуудас/, - Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байх шөнийн 00 цагийн үед би сумын багт оршин суух хүрэн байшинтай эзэнгүй айлын хашааных нь араас нь давж ороод гал тогооных нь өрөөний цонхыг чулуугаар хагалж ороод гал тогооных нь өрөөнд байсан хөлдөөгч дотроос ууттай зөөхийнүүд байсныг аваад буцаад хагалсан цонхоороо гараад явсан юм. Тэгээд зөөхийгөө аваад буцаад явж байх замдаа даахгүй болохоор нь талыг нь хаячихсан юм. Тал зөөхийгөө авч яваад гэрийнхээ зүүн талынхаа эзэнгүй хашаанд нуучихсан юм. Маргааш өглөө нь нөгөө хашаанаасаа үлдээсэн зөөхийгөө авах гэхэд байхгүй болчихсон байсан. ...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын 3 дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй тухайгаа шүүгчийн туслахад мэдэгдсэн байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, уг мэдүүлгүүдийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч А.******* нь дээрх хулгайн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн үйлдэж хохирогч Т.д 800,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. - Хохирлын талаар: Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т.д 800,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2021 оны ******* дүгээр сарын 10-ны өдрийн 128 дугаартай ХХК-ны Хөрөнгийн үнэлгээчин Х.гийн дүгнэлт /хх-ийн 128-р хуудас/-ээр тогтоогдож байна.

Хохирогч Т.д учруулсан 800,000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч А.******* төлсөн болох нь хохирогч Т., шүүгдэгч А.******* нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлөгдсөн байна. Иймд шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч А.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч 4 шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3- т заасныг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч А.*******т хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******т оногдуулсан 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.*******т өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй 5 болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.*******т энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ