Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Доржбал даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, Улсын яллагч Б.*******, Шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ж.*******д холбогдох 2223000000019 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын -ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, настай эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Завхан аймгийн сумын багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж овогт *******ы *******, регистрийн дугаар *******.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн сумын багийн “Нурамт” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Э.*******ыг “чи дундуур аргал түүж ирлээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр рүү нь өшиглөж “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон уг хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох: Шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Завхан аймгийн сумын багийн “Нурамт” гэх газар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Э.*******ыг “чи дундуур аргал түүж ирлээ” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан түүний нүүр рүү нь өшиглөж “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал: - Хохирогч Э.*******ын өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ аргал түүж ирсэн чинь манай нөхөр “чи дундуур аргал түүж ирлээ, муу жингэрийг алаад хаячихъя” гээд босоод ирэхээр нь би босоод гэрээсээ гараад зугтаасан чинь манай нөхөр миний араас чулуу аваад шидэхээр нь би тонгойсон чинь уг чулуу миний дээгүүр даваад уначихсан. Тэгээд намайг араас хөөж ирээд модоор цохиж унагаад үснээс татаж байгаад нүүр рүү өшиглөчихсөн. Тэгээд би ухаан алдаад уначихсан. Тэгээд хэсэг байж байгаад ухаан орсон чинь хамраас зөндөө цус гоожчихсон байсан. Тэгээд би гэртээ ороод хамарныхаа цусыг угаачихаад хүүхдээ дагуулаад аавындаа очих гээд гэрээсээ зугтаагаад гараад ирсэн чинь манай нөхөр морьтой араас хүрч ирээд “пизда минь чи хаачих гээд байна” гэхээр нь би айгаад юу ч дугараагүй буцаад гэртээ харьсан.

Тэгээд гэртээ хариад жаахан байж байсан чинь цагдаагийн машин ирээд бид нарыг аваад явсан. Тэр өдөр манай нөхөр бид хоёроос өөр хүн байгаагүй. Манай нөхөр намайг зодож цохиод байхаар нь би хонинд явж байсан хүүхдээ дуудсан. Тэгээд намайг ухаангүй хэвтэж байхад манай хүүхэд манай ахын хүүхэд хоёр ирчихсэн юм шиг байна лээ. Нэг мэдэхэд хажууд ирчихсэн байж байсан. Тэгээд манай ахын хүүхэд сумын төв рүү гүйгээд цагдаа дуудсан юм шиг байна лээ. ...Одоо манай нөхөр бид хоёр хоорондоо яриалцаад учир зүйгээ олоод хүүхэдтэйгээ хамт малаа маллаад амьдарч байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /ххийн 12-19, 67-69-р хуудас/, - Гэрч М.*******гийн өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны 18 цагийн орчим Э.*******ын биеийн ерөнхий байдал дунд, ухаан санаа саруул, хамар хүрэхэд эмзэглэлтэй, хөхөрсөн, улайсан хавдсан байсан. Хамар нь хугарсан байх магадлалтай учраас нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж үзэн Завхан аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явуулсан. Би 2 дахь жилдээ ажиллаж байна. Намайг ажиллаж байх хугацаанд урьд нь Э. эрүүл мэндийн ямар нэг тусламж үйлчилгээ авч байгаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21-р хуудас/, - Насанд хүрээгүй гэрч Л.*******ын өгсөн: “...Тухайн өдөр би дүүтэйгээ хонинд явж байсан чинь манай ээжийг манай хойд аав хойноос нь унагаачихсан. Тэгээд манай ээж уначихаад намайг дуудаад орилоод байхаар нь би дүүтэйгээ ээж дээр гүйгээд очсон чинь ээжийн хамарнаас нь аймар их цус гоожчихсон тогтохгүй байхаар нь бид хоёр айгаад сумын төв рүү энэ болсон асуудлын талаар эмээд хэлэх гээд сумын төв рүү гүйж ирээд эмээд хэлээд эмээ цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26-р хуудас/, - Насанд хүрээгүй гэрч Б.ын өгсөн: “...Тухайн өдөр агаа бид хоёр хониндоо явж байсан чинь аниаг ******* ах араас хөөж гүйж байгаад унагаачихсан. Тэгээд ******* аниа агааг “*******аа хүрээд ир” гээд нэрээр дуудахаар нь бид хоёр тэнд гүйгээд очсон аниагийн хамарнаас нь аймар их цус гоожчихсон тогтохгүй байхаар нь бид хоёр айгаад шууд сумын төв рүү гүйж ирээд эмээд хэлсэн. Эмээ цагдаа дуудсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30-р хуудас/, - Гэрч Ц.*******гийн өгсөн: “...2022 оны 01 дүгээр сарын 06-ны оройны 18 цагийн орчим тухайн өдөр гэртээ байж байсан чинь манай хоёр хүүхэд орж ирээд “аав ээжийг зодчихлоо, ээжийн хамарнаас цус гоожоод тогтохгүй байна” гэж хэлэхээр нь би сумын цагдаа руу залгаад тэдний гэр рүү очсон.

Тэгээд тэдний гэрт очсон чинь манай охин буруу хараад зогсчихсон уйлаад байж байхаар нь би “миний охин яасан юм бэ” гэж асуусан чинь “манай нөхөр намайг зодчихлоо” гэхээр нь “за одоо миний охин тайвшир, хувцасаа ав, гэртээ харья” гэж хэлсэн чинь манай хүргэн манай охиныг “чи ямар сүртэй пиздаа вэ” гээд загнаад байсан. Тэгээд би хамт очсон цагдаатайгаа охиноо дагуулаад гараад ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/, - Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12- ны өдрийн 000000067 дугаартай “...Иргэн Э.*******ын биед гэмтэл учирсан байна. Иргэн Э.*******ын биед хамрын мурийлт, хамрын хянга ясны хугарал, зүүн, баруун гуянд цус хуралт гэмтэл учирсан байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн Э.*******ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 41-42-р хуудас/, - Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хх-ийн 06-09-р хуудас/, - Шүүгдэгч Ж.*******гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед хонио хариулж яваад гэртээ ирсэн чинь манай эхнэр аргал түлээгээ түүгээгүй байхаар нь уур хүрээд хэдэн үг хэлсэн чинь манай эхнэр “яадгийн би хийж чадахгүй” гээд байхаар нь бариад явж байсан уурганы толгойгоороо бөгс рүү цохиод, зугтахаар нь араас нь очоод хамар луу нь алгадчихсан. Өөр ямар нэгэн цохиж зодсон асуудал байхгүй. ...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн.

Прокурорын сонсгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52-р хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогч Э.*******т шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Ж.******* нь хохирогч Э.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг модоор цохих, үснээс нь татаж нүүр рүү өшиглөсөн үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь уг гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулна, Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгоно гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Ж.******* хохирогч Э.******* нар нь гэр бүлийн харилцаатай буюу эхнэр нөхөр бөгөөд дундаасаа нэг хүүхэдтэй гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.******* нь үл ялих зүйлээр шалтаглан эхнэр Э.*******ыг модоор цохиж унагаан, үснээс нь татаж нүүр рүү нь өшиглөсөн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд хохирогчийн биед хамрын мурийлт, хамрын хянга ясны хугарал, зүүн, баруун гуянд цус хуралт гэмтэл учруулсан нь бие махбодын хүчирхийллийн шинжтэй үйлдэгдсэн байна.

Иймд шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн мэдлэг дутмаг, эхнэр, нөхрийн хоорондоо зүй зохистой харьцах, бие биеэ ойлгож хүндэтгэлтэй хандах зан харилцааны түвшин дутагдсан, нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна. Хохирогч Э.******* нь шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болох нь түүний мөрдөн байцаалтад өгсөн “...Одоо манай нөхөр бид хоёр хоорондоо ярилцаад учир зүйгээ олоод хүүхэдтэйгээ хамт малаа маллаад амьдарч байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх: Шүүгдэгч Ж.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Шүүгдэгч Ж.******* гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос хүлээн авч шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь эрүүгийн хариуцлага нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагдсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 900 нэгжээр буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******г 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Ж.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ж.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ДОРЖБАЛ