| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2017/02159/И |
| Дугаар | 102/ШШ2017/02335 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 102/ШШ2017/02335
| 2017 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 102/ШШ2017/02335 | Улаанбаатар хот |
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, Голден парк, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 101 дүгээр байр, 162 тоот хаягт оршин суух, Алаг адуун овогт Лхагвасүрэнгийн Идэрзаяа /РД:РЮ90072571/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энэрэл хотхон, 4 дүгээр байр, 12 тоот хаягт оршин суух, Солон овогт Рэнцэндоржийн Сэргэлэн /РД:ХЖ74061104/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энэрэл хотхон, 4 дүгээр байр, 12 тоот хаягт оршин суух, Эрхэм сэнгэ овогт Нацагийн Баярсайхан /РД:ЧЗ61020918/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Үйлдвэрчний Эвлэлийн 31 дүгээр байр, 29 тоот хаягт оршин суух, Бэсүд овогт Доржийн Батжаргал /РД:ХЖ54012700/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 30.000.000 төгргөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нандинцэцэг, хариуцагч бөгөөд хариуцагч Д.Батжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Сэргэлэн, хариуцагч Н.Баярсайхан, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Ариунзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Р.Сэргэлэн, Н.Баярсайхан, Д.Батжаргал нарын хүсэлтээр 2015 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 20.000.000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээлдүүлсэн. Энэ хугацаанд 10 удаагийн төлөлт хийсэн ба улмаар зээлийн гэрээний хугацаа дуусч мөнгөө нэхэхэд Р.Сэргэлэн, Н.Баярсайхан, Д.Батжаргал нар нь зээлийн гэрээний хугацаа дуусахад алдангитай нь буцааж өгнө, өнөө маргаашгүй өгнө гэж худлаа хэлж аргацаасаар одоог хүртэл хойшлуулан хохироож байна талуудын дунд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу харилцан эрх, үүрэг хүлээж гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд Р.Сэргэлэн, Н.Баярсайхан, Д.Батжаргал нар нь гэрээний үүргээ биелүүлээгүй, түүний авсан зээлээ төлөх хугацаа нь дууссан ч уван цувуу сар болгон 50.000, 100.000 янз бүр хийж төлнө гэж хэлсээр өнөөдрийг хүрч байна. 2016 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх 3 сарын хүү 3.000.000 төгрөг, үндсэн зээл 20.000.000 төгрөг, 0.5 хувийн алдангийн хамт нийт 30.000.000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 12.000.000 төгрөгөөр баагасгаж, үлдэх 18.000.000 төгрөгийг хариуцагч нар нь 12017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард үлдэх 6.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохирч, эвлэрч байна гэжээ.
Зохигчдын тайлбар, шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээ, хүсэлтийг хянаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Идэрзаяа нь хариуцагч Р.Сэргэлэн нарт холбогдуулан барьцаат зээлийн гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг гаргуулахыг шаардаж нэхэмжлэл гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 12.000.000 төгрөгөөр баагасгаж, үлдэх 18.000.000 төгрөгийг хариуцагч нар нь 12017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард үлдэх 6.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохирч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 247.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Л.Идэрзаяагийн нэхэмжлэлтэй Р.Сэргэлэн нарт холбогдох барьцаат зээлийн гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 12.000.000 төгрөгөөр баагасгаж, үлдэх 18.000.000 төгрөгийг хариуцагч нар нь 12017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 12.000.000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард үлдэх 6.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохирч эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 106 дугаар зүйлийн 106.6 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 247.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай..
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ