Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 114/2015/0051/З |
Дугаар | 221/МА2016/0246 |
Огноо | 2016-04-14 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2016/0246
Иргэн С.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч С.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э- нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор С.Б-гийн нэхэмжлэлтэй, ДАЗД-н Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Б-гаас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дүгээр тушаалыг хууль бус гэж үзэж байгаа. Энэ тушаал нь Аудитын 2 удаагийн албан шаардлагыг биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халсан. Нэгдүгээрт, аймгийн Иргэдийн хурлаар баталсан 2014 оны төсвийн тодотголоор Эрүүл мэндийн барилгыг худалдан авахад 500 сая төгрөгийг тусгаснаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-т заасны дагуу нээлттэй тендер зарласан. Энэ тендерт аж ахуйн нэгжүүд үнийнхээ саналыг ирүүлсэн боловч техник нөхцөл нь хуульд нийцээгүй учир дахин хуулийн дагуу 2 дахь тендерийг зарласан байгаа. Энэ тендерт нь ямар ч үнийн санал ирээгүй бөгөөд Аймгийн Засаг даргын албан тоотыг үндэслэн дараагийн шатны арга хэмжээ буюу шууд гэрээ хийх эрхийг олгосноор Хөгжлийн бодлогын хэлтэс хуулийнхаа дагуу шууд гэрээ байгуулахаар болсон. Ингээд хуулийн дагуу 3 сарын хугацаанд тодорхой хэмжээний судалгаа явуулж, ажлын хэсэг удаа дараа хуралдан хамгийн бага үнэлгээтэй н.Түвшинбаярын барилгыг худалдаж авахаар болж дахин үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсний үндсэн дээр энэ барилгыг 450 сая төгрөгөөр худалдаж авсан байгаа. Худалдаж аваад дараа нь барилга хүлээн авах комисс байгуулагдан энэ барилгыг хүлээн авч аймгийн Засаг даргын Тамгын газрын өмчид бүртгэж авсан. Аймгийн өмчид бүртгэж авсан энэ хөрөнгийг /барилгыг/ буцааж, 450 сая төгрөгийг төвлөрүүлэх тухай Аудитын газрын албан шаардлага ирүүлсэн байсан. Нэгэнт худалдаж авсан барилгыг буцаагаад мөнгийг төвлөрүүлэх боломжгүй, тендерээс татгалзах хуулийн эрх надад байхгүй. Би бол зөвхөн гүйцэтгэгч албан тушаалтан.
Хоёрдугаарт: 975.000 төгрөг буюу улсын онцгой комисст хэрэглэх мөнгийг хууль бусаар зарцуулсан гэж албан шаардлага гарсан байгаа. Энэ мөнгөнөөс 2014-2015 онд ахмадуудын шинэ жилийн арга хэмжээнд ахмадуудыг зөөхөд автобусаар үйлчилгээнд зарцуулагдах бензиний үнэ болох 175000 төгрөгийг Элит хөгжилкомпанид төлж тухайн шинэ жилийн баяраар цастай байгаа газар болох Хонгор сумаас настан буурал хүмүүсийг 3 удаа зөөсөн. 2014 оны наадмаар орон нутгаас 100 бүжигчдийг оролцуулах үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос хүсэлт ирсэний дагуу бүжигчдийг Улаанбаатарт хүргэх, авчрах 2 автобусны шатахууны үнэ 800000 төгрөгийг аймгийн өвөлжилийн бэлтгэлийн хангах нөөцөөс гаргахыг уламжилсан албан тоотыг Хөдөө аж ахуйн газрын даргад явуулж хөдөө аж ахуйн газрын данснаас гаргасан байдаг. Энэ албан шаардлагыг аудитын газраас над дээр тавиагүй, зөвхөн Хүнс хөдөө аж ахуйн газарт гэсэн байгаа. Энэ шаардлага нь надад хамааралгүй учир албан шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага болох Аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалыг хүчингүй болгож, Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан
хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч ДАЗД-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/19 албан шаардлагад Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн шатахууны гэрээний дагуу үүнд даваа, гүвээ хаагдсан, цас хунгарт боогдсон зэрэг тохиолдолд цас цэвэрлэж, зам гаргах зориулалтаар мөн түүнчлэн малчдад эм тариа, хүнс тэжээл өгөх зэрэг байгалийн гамшиг, болзошгүй гамшигт хэрэглэхээр зориулагдсан зардлаас 975.000 төгрөгийг гаргаж зарцуулсан ба зориулалт бусаар 975.000 төгрөгийг зарцуулсан зөрчил гаргасан гэсэн байгаа. Энэ асуудал нь тогтоогдсон. Мөн Аудитын газрын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04/35 тоот албан шаардлагад нийгмийн эрүүл мэндийн төвийн барилгыг худалдан авах ажиллагааны хэсэг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1, мөн хуулийн 30.4-ийг үндэслэн шууд гэрээ байгуулах замаар 450 сая төгрөгийн эрүүл мэндийн төвийн барилга байгууламжийг худалдан авсан үйл ажиллагаа явуулсан байгаа. Уг барилга нь бодит байдал дээрээ дээвэр, паарнаас нь ус гоожсон, хүйтэн, 00-ын өрөө нь усгүй, зах зээлийн үнээс өндөр үнээр худалдаж авсан зөрчилд Аудитын газраас албан шаардлага ирүүлсэн. Тухайн үед аудитын газраас 975.000 төгрөгийг илрүүлээд Хүнс хөдөө аж ахуйн газарт албан шаардлага хүргүүлсэн байгаа. Холбогдох хүнээс нь гаргуулж холбогдох дансанд хийлгэх тухай албан шаардлага өгсөн. Хүнс хөдөө аж ахуйн газраас энэ асуудлыг судалж үзээд холбогдох шийдвэр гаргасан албан тушаалтан буюу С.Б-д Хүнс хөдөө аж ахуйн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 95 тоот Төлбөр барагдуулах тухай албан шаардлагыг Хөгжлийн бодлогын хэлтэст явуулж тэр албан шаардлага нь ирсэн байдаг юм. Мөн түүнчлэн Аудитын газраас С.Б-тай холбоотой Нийгмийн эрүүл мэндийн төв-ийн барилгын талаар тайлбар авсан байгаа. Аудитын газрын энэ 2 албан шаардлагыг огт биелүүлээгүй байгаа. Биелүүлэх талаар арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй учраас 2 удаагийн давтан арга хэмжээ авч албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т зааснаар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзээд зөрчлийн шинж байдлыг нь харгалзан үзээд мөн аудитын газрын саналыг үндэслээд төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах арга хэмжээ авсан юм. Ер нь бол шууд худалдан авах ажиллагааг өөрөө зохион байгуулсан байгаа, дээр нь 975.000 төгрөгийг зарцуулахаар өөрөө Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэст албан бичиг явуулсан байгаа. Ийм учраас бид нар албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзээд арга хэмжээ авсан юм. Ийм учраас С.Б-гийн тус шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлий шаардлагыг эс зөвшөөрч байна гэв.
Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 6 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ДАЗД-н Тамгын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/44 дүгээр тушаалыг хүчингүй болгож, С.Б-г Дархан-Уул аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 3614640 /гурван сая зургаан зуун арван дөрвөн мянга зургаан зуун дөч/ төгрөгийг ДАЗД-н Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгахыг ДАЗД-н Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э- давж заалдах гомдолдоо: ...Нэгдүгээрт, шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт Аудитын газрын 2015 оны 01/19 дүгээр албан шаардлагад Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Б-гаар гаргуулан шатахууны дансанд буцаан төвлөрүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Ц.Энхжаргал, нягтлан бодогч С.Өлзий нарт үүрэг болгосон, 04/35 дугаар албан шаардлагаар шууд гэрээг цуцалж, хөрөнгийг буцаан төвлөрүүлэхийг аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Б-, ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болгосон зэргээс үзэхэд Аудитын албан шаардлага ньХүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, аймгийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга болон ажлын хэсгийн гишүүдэд холбогдуулсан байхад зөвхөн С.Б-д сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна гэжээ. Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/19 тоот дүгээр албан шаардлагаар Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хэсэг-ийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн шатахууны нөөц бүрдүүлэх гэрээний дагуу даваа, гүвээ хаагдах, цас хунгарт хаагдах үед цас цэвэрлэх зам гаргах, малчдад эм тариа, хүнс тэжээл хүргэх зэрэг болзошгүй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан зарцуулах хөрөнгөнөөс зориулалт бусаар 975.0 мянган төгрөг зарцуулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон. С.Б- нь Хүнс, хөдөө аж ахуйн газар, шатахуун түгээх станцтай байгуулсан гэрээнд заасны дагуу шатахууныг зарцуулах шийдвэр гаргах, хариуцлага хүлээх эрх бүхий этгээд мөн. С.Б- нь өөрийн газрын үсэг бүхий албан бичгээр дээрх шатахууныг зориулалтын бусаар олгох шийдвэрийг гаргасан. Аудитын газрын 2015 оны 01/19 дүгээр албан шаардлагаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, нягтлан нар нь С.Б-гаар дээрх шатахууныг төлүүлэх үүрэг хүлээсэн ба С.Б-д хугацаанд нь төлөх талаар албан бичгээр мэдэгдсэн. С.Б- нь одоог хүртэл дээрх төлбөрийг төлөөгүй. Хавтаст хэрэгт дээрх албан бичиг байгаа боловч нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй хэргийг нэхэмжлэгч талд шийдвэрлэсэн. Мөн Аудитын газрын 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04/35 дугаар албан шаардлагаар Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилга худалдан авахаар ХААА/2014-06 дугаар бүхий тендер зарласан боловч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтыг үндэслэн тендерээс татгалзаж, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх заалтыг үндэслэн шууд гэрээ байгуулан, 450.0 сая төгрөгөөр худалдан авсан байна. Гэвч уг барилга бодит байдал дээр дээвэр, паарнаас ус гоожсон, хүйтэн, 00 өрөө усгүй, зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авсан зэрэг зөрчил гаргасан нь тогтоогдсон. Аймгийн Аудитын газраас 2015 оны 01/19 дүгээр албан шаардлагаар ажлын хэсгийн гишүүдэд үүрэг эрх зүйн үндэслэл байхгүй, харин ажлын хэсэг, ажлын хэсгийн даргад үүрэг олгосон шийдвэр гаргах үндэслэл бий. С.Б- нь шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан бөгөөд ажлын хэсгийг хуралдуулах зэргээр аудитын албан шаардлагыг хэрэгжүүлэх талаар арга хэмжээ огт авч ажиллаагүй. Хоёрдугаарт, Аудитын газраас ирүүлсэн 538, 540 тоот албан бичигт дурдсан албан шаардлагыг биелүүлээгүй зөрчил гаргасан гэж үзвэл энэ албан шаардлага нь 2015 оны 3, 4 дүгээр сард үйлдэгдсэн байх бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д зааснаар нэхэмжлэгч С.Б-д сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн дууссан байна гэж үзсэн. С.Б-гийн дээрх зөрчлийн талаар аймгийн Засаг дарга, Тамгын газрын дарга нар аймгийн Аудитын газрын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр 538, 540 дугаар албан бичгийг хүлээн авснаар мэдсэн ба хуулийн дээрх заалтын дагуу 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулсан тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй байна. Иймд гомдлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгье гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Хариуцагч ДАЗД-н Тамгын газрын дарга нь аймгийн Засаг даргын нэр дээр ирүүлсэн аудитын газрын 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 538, 540 дүгээр албан бичгийг үндэслэн албан үүргээ биелүүлээгүй гэж үзэж... нэхэмжлэгч С.Б-д төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байна.
Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Энэх уулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэний гхаргалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:, 26.1.З-д төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл эрх бүхий албан тушаалтнаас төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийг ногдуулахдаа зөрчлийн шинж байдал, анх болон давтан үйлдсэнийг харгалзахын дээр сануулах, цалингийн хэмжээг бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэлийн аль нэгийг сонгож ногдуулахаар байна.
Дархан-Уул аймгийн Аудитын газрын сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлэх тухай албан бичигт дурдсан үндэслэлийг буюу аудитын шалгалтаар тогтоогдсон гэх зөрчлийг С.Б- гаргасан эсэх, зөрчлийн шинж байдал буюу шалтгаант холбоо хамаарлыг шалгаж тогтоолгоогүйгээр ...аудитын газрын 2 удаагийн албан шаардлагыг биелүүлээгүй учраас албан үүргээ удаа дараа биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй... гэж дүгнэн аудитын газрын саналыг шууд хүлээн авч нэхэмжлэгчид сахилгын шийтгэл ногдуулсны улмаас хариуцагч ДАЗД-н Тамгын газрын даргын гаргасан маргаан бүхий захиргааны акт ...зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан үзэж сахилгын шийтгэлүүдээс тохирохыг сонгож хэрэгжүүлэхийг журамласан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасантай нийцээгүй байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын даргат ухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж зааснаас үзвэл энэхүү маргааны тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулахдаа аймгийн Засаг даргатай зөвшилцөх байжээ.
Шүүх 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэн С.Б-гийн нэхэмжлэлээр хэрэг үүсгэснээс хойш 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх бөгөөд энэ хугацаанд хариуцагчаас аймгийн Засаг даргатай зөвшилцсөн талаар тайлбарлаагүй холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх тул хариуцагчийг нэхэмжлэгч С.Б-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахдаа аймгийн Засаг даргатай зөвшилцсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар байх бөгөөд дор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ: 33.1.2-т Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт, эрх зүй, аж ахуйн талаар болон Тамгын газрын хэлтэс, албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нутгийн захиргааны байгууллагыг чиглүүлэн удирдахад нь Засаг даргад туслах гэж тус тус заажээ.
Аймгийн Засаг даргаас бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь зохион байгуулалт эрх зүйн талаар түүнчлэн тамгын газар хэлтэс албадын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, чиглүүлэн удирдахад нь туслах чиг үүргийг хэрэгжүүлэгч Засаг даргын ажлын алба-ны даргын хувьд Аймгийн Аудитын газрын 2015 оны 538, 540 дүгээр албан бичгүүдэд ...шатахууны нөөц сангаас баяр наадмын болон шинэ жилийн арга хэмжээнд зориулалт бусаар 975.0 мянгөн төгрөг зарцуулсан... гэх зөрчил болон Захиалагчийг төлөөлж аймгийнЗасаг даргын Тамгын газрын дарга, Аймгийн Засаг дарга зөвшөөрч тус тус гарын үсэг зурсан ...504 м.кв талбай бүхий барилга худалдан авах гэрээ бүхий ...Нийгмийн эрүүл мэндийн төвийн барилга худалдан авах ажиллагаа хууль зөрчсөн... гэж дурдагдсан буюу албан шаардлагад дурдагдсан зөрчлийн хариуцлагыг нэхэмжлэгч С.Б- дангаараа хариуцах эсэх, нэхэмжлэгч зөрчил гаргасан эсэхийг төрийн албаны харилцааг илүү нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуульд эрх бүхий этгээдээс төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа эдлэхээр заасан эрх хэмжээг хэрэгжүүлэн тодруулан шалгаж тогтоолгүйгээр нэхэмжлэгчид аудитын байгууллагын саналыг шууд үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан нь хуульд нийцээгүйн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.
Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т Дараах тохиолдолд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг төрийн аудитын байгууллага эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ:, 28.2.2-т төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлага, төлбөрийн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд, 15.1.13-т төрийн албан хаагч хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь аудитын явцад илэрвэл түүнд хууль тогтоомжид заасны дагуу сахилгын хариуцлага тооцуулах асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавих. Эрх бүхий байгууллага, албан тушаалтан уг асуудлыг зохих журмын дагуу хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа Үндэсний аудитын газарт ажлын 10 хоногийн дотор мэдэгдэнэ гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтуудаас үзвэл төрийн аудитын байгууллагаас тавьсан албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд зөрчил гаргасан албан тушаалтныг үүрэгт ажлаас нь халах тухай саналыг хүргүүлэхээр заасныг тухайн саналыг заавал биелүүлэх үүрэгтэй гэж үзэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллага, албан тушаалтан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах саналыг зохих журмын дагуу шийдвэрлэх, харин ийнхүү шийдвэрлэсэн талаар аудитын байгууллагад заасан хугацаанд мэдэгдэхээр байна.
Хэдийгээр нэхэмжлэгч С.Б-д албан тушаалаас нь халах хариуцлага тооцуулахаар санал хүргүүлж, албан шаардлагын биелэлтийг шаардаж хугацаа тогтоосон Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 01/19, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 04/35 тдугаар албан шаардлагууд хүчин төгөлдөр байх боловч аудитын газрын үүрэгт ажлаас нь халах тухай санал-ыг зохих журмын дагуу буюу төрийн албаны харилцааг журамлан зохицуулсан Төрийн албаны тухай хууль болон Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-д заасны дагуу шийдвэрлэх хариуцагчийн эрх хэмжээг төрийн аудитын байгууллагын төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах санал нь хязгаарлахааргүй байна.
Түүнчлэн анхан шатны шүүх Засгийн газрын 1995 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 97 дугаар тогтоолоор баталсан Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Засгийн газрын 2010 оны 239 дүгээр тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг зөв тайлбарлан хэрэглэж, сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгаж тогтоох, зөрчил гаргасан албан тушаалтнаас тайлбар авах, урьдчилан мэдэгдэх, уулзаж тодруулах, тэмдэглэл хөтлөх зэрэг ажиллагааг явуулаагүй хөндлөнгийн байгууллагын саналыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулсан хариуцагчийн шийдвэрийг буруутгаж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцож, уг нөхөн олговроос эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ