Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар     2022/ШЦТ/272

 

 

 

 

 

  2022        03         23                                    2022/ШЦТ/272

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Ц.Майбаяр, шүүгдэгч Ш.О /өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.От холбогдох эрүүгийн “2211 00124 0409” дугаартай, 186/2022/0234/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Моннис ХХК-д хамгаалагч ажилтай, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, бага дарь эхийн 3 дугаар гудамжны 1214 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 15 дугаар байрны 24 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, Ш.О,

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Ш.О нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт куртикнээс зуурч татлаа гэх шалтгаанаар Ш.Марал-Одын нүүр, нуруу хэсэгт өшиглөж биед нь зүүн, дээд доод зовхи, баруун шуунд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Ш.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ш.Марал-Одын:...2021 оны 12 дугаар сарын 17-ны орой ажпаа тараад 00:00 цагийн үед найз Гантуяа болон түүний хуучин найз залуу Одбаяр, хамт ажилладаг Азжаргал нарын хамт Цэцэг төвийн замын эсрэг талд байрлах лоунж пабад ороод тус бүр 4 шил пиво уусан. Ингээд юм яриад уугаад сууж байтал Одбаярын найз Цээгий гэх залуу ирээд бид нартай хамт суусан. Шөнө 04:00 цагт зөөгч “манайх хаах гэж байна, тооцоогоо хийнэ үү” гэж хэлснээс болж маргаан үүссэн. Гантуяа Одбаяр 2 тооцоогоо хийнэ, хийхгүй гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Би тэр хоёрын дундуур ороод “Гантуяа чи тооцоогоо хийчих” гэсэн чинь Одбаяр надруу “чаддаг юм бол чи тооцоогоо хийхгүй юу” гэж дайрсан. Бид хоёр хальт барилцаж аваад зөөгч нь салгаад Одбаяр гараад явчихсан. Одбаяр Цээгийг утсаар дуудаад мөн адил гараад явсан. Би 5-10 минутын дараа тэр лоунжаас гарсан. Би гараад Цэцэг төвийн хажуугийн байрны завсраар зам товчлоод явж байтал Одбаяр, Цээгий хоёртой тааралдсан. Улмаар би “хөөе” гэж хэлээд Одбаярын куртикний урд талаас зуурахад Цээгий намайг “ахын дүү одоо боль” гэж хэлээд газар хавсраад унагаасан. Одбаяр надруу “чи муу одоо боль” өөр юу гэж хэлсэн гэдгийг санахгүй байна намайг газар унасан байхад нүүрлүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн, дахин 2 удаа миний нүүрлүү өшиглөхөд би гараараа хаасан. Толгойн ар тал руу өшиглөсөн юм шиг байна, толгойн ар хэсэг дагз хөндүүртэй, хавдартай байна. Одбаяр буцаж тойрч ирээд миний нуруу руу 1 удаа өшиглөсөн. Харин Цээгий нь салгаад болиулсан, намайг зодож цохисон асуудал байхгүй. Би нийт 765,000 төгрөг нэхэмжилж байна, өөр гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 7-10 дугаар тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Гантуяагийн:...тухайн үед Ш.Марал-Од бид хоёр хамт амьдардаг байсан. 2021 оны 12 дугаар сарын17-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 18-нд шилжих шөнө Ш.Марал-Од, Азжаргал, Одбаяр, Цээгий бид нар пабад пиво уугаад байж байхад Ш.Марал-Одод ил харагдах гэмтэл шарх байгаагүй, нүд, гар, шуу зэрэг нь зүгээр бусдад зодуулсан шинжгүй байсан. Харин тэр шөнө ганцаараа салж яваад маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ш.Марал-Од гэрт ирэхдээ Одбаярт зодуулсан гээд зүүн нүд нь хөхөрч хавдсан, нуруу нь зулгарч шалбарсан, баруун шуу нь зулгарч хөхөрсөн байсан. Одбаяр нь согтчихоороо хүнтэй маргалдаад зодоон цохион хийх гээд байдаг, их түргэн ууртай хүн гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13  дугаар тал/,

2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Цэрэндоржийн:...Одбаяр бид 2 тухайн газраас түрүүлж гараад Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Мөнгөн завъяа автобусны буудлын ард талд зам дагуу алхаад явж байтал хажуу талын байрны дундаас нэг хар куртиктэй хүн гарч Одбаярын куртикнээс зулгаасан тэгэхээр нь би салгах гээд тэр хүнийг татсан чинь газар унасан. Одбаяр тэр хүний нүүрлүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн, гараараа нүүрээ хамгаалахаар нь нуруу нь 1-2 удаа дахин хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би болиулсан.  Одбаярт зодуулсан хүн пабад хамт сууж байсан Марал-Од байсан. Тухайн үед харанхуй, Марал-Од хар куртиктэй, дээгүүрээ куртикнийхээ малгайг өмсчихсөн байсан, том биетэй учир эрэгтэй хүн гэж бодсон гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,

          2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021  оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 654 дугаартай дүгнэлтэд:

          1. Ш.Марал-Одын биед зүүн дээд доод зовхи, баруун шуунд цус хуралт, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.

            3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

           4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Г.Галиндэв гэжээ. /хх-ийн 24-25 дугаар тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 дугаарр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 30 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 97 дугаартай тогтоол /хх-ийн 60 дугаар тал/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 51-52 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Ш.О нь 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт куртикнээс зуурч татлаа гэх шалтгаанаар Ш.Марал-Одын нүүр, нуруу хэсэгт өшиглөж биед нь зүүн, дээд доод зовхи, баруун шуунд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

           - хохирогч Ш.Марал-Одын:...улмаар би “хөөе” гэж хэлээд Одбаярын куртикний урд талаас зуурахад Цээгий намайг “ахын дүү одоо боль” гэж хэлээд газар хавсраад унагаасан. Одбаяр надруу “чи муу одоо боль” өөр юу гэж хэлсэн гэдгийг санахгүй байна намайг газар унасан байхад нүүрлүү хөлөөрөө 2 удаа өшиглөсөн, дахин 2 удаа миний нүүрлүү өшиглөхөд би гараараа хаасан. Толгойн ар талруу өшиглөсөн юм шиг байна, толгойн ар хэсэг дагз хөндүүртэй, хавдартай байна. Одбаяр буцаж тойрч ирээд миний нуруу руу 1 удаа өшиглөсөн...гомдол санал байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 7-10 дугаар тал/,

            - гэрч Г.Гантуяагийн:....2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр      Ш.Марал-Од гэрт ирэхдээ Одбаярт зодуулсан гээд зүүн нүд нь хөхөрч хавдсан, нуруу нь зулгарч шалбарсан, баруун шуу нь зулгарч хөхөрсөн байсан. Одбаяр нь согтчихоороо хүнтэй маргалдаад зодоон цохион хийх гээд байдаг, их түргэн ууртай хүн гэх мэдүүлэг. /хх-ийн 11-13  дугаар тал/,

- гэрч Т.Цэрэндоржийн:...Одбаяр бид 2 тухайн газраас түрүүлж гараад Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Мөнгөн завъяа автобусны буудлын ард талд зам дагуу алхаад явж байтал хажуу талын байрны дундаас нэг хар куртиктэй хүн гарч Одбаярын куртикнээс зулгаасан тэгэхээр нь би салгах гээд тэр хүнийг татсан чинь газар унасан. Одбаяр тэр хүний нүүрлүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн, гараараа нүүрээ хамгаалахаар нь нуруу нь 1-2 удаа дахин хөлөөрөө өшиглөсөн. Тэгэхээр нь би болиулсан.  Одбаярт зодуулсан хүн пабад хамт сууж байсан Марал-Од байсан. Тухайн үед харанхуй, Марал-Од хар куртиктэй, дээгүүрээ куртикнийхээ малгай өмсчихсөн байсан, том биетэй учир эрэгтэй хүн гэж бодсон гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар тал/,

          2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021  оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 654 дугаартай дүгнэлт. /хх-ийн 24-25 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ хохирогчийг “...куртикнээс татлаа ...” гэх шалтгаанаар толгой, нуруун тус газар нь  удаа дараа цохиж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул  Ш.Оын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ш.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ш.Марал-Од нь шүүгдэгч Ш.Отай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч Ш.Оыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.О -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Ш.Оыг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.От оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ш.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

          7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ