| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2022/0244/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/280 |
| Огноо | 2022-03-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Нандинцэцэг, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/280
2022 03 25 2022/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ, улсын яллагч О.Нандинцэцэг, шүүгдэгч Р.М /өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Мөнхдаваад холбогдох эрүүгийн “2211 00151 0511” дугаартай, 186/2022/0244/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1976 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, www.niitlel.mn сайтад сэтгүүлч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо, 06-88 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Р.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Р.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо, 06 дугаар байрны 88 тоотод иргэн Э.Ариунжаргалтай маргалдсаны улмаас түүний биед тархи доргилт, дух, зулай, хүзүү, нуруу, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Р.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулья ” гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Э.Ариунжаргалын:...би 2022 оны 01 дүгээр сарын 04-нд төрсөн эгч Болорхажидынд хонож байсан. Унтах гээд байж байтал орой 23 цаг өнгөрч байхад гаднаас хүргэн ах Мөнхдаваа согтуу орж ирсэн. Тэгээд хүргэн ах эгч хоёр хоорондоо ярилцаад байх шиг байснаа сүүлдээ хэрүүл маргаан болоод ирэхээр нь эгчид гэмтэл учруулчихаж магадгүй гэж бодоод өрөөнөөсөө гараад тэр хоёр дээр очсон. Тэгээд би юу болоод байгаа юм бэ гэхэд хүргэн ах цаашаа бай бацаан /пацана/ минь гэсэн. Тэгээд ерөнхийдөө би хүргэн ахтай маргалдсан. Тэгсэн хүргэн ах шууд уурлаад үснээс зулгааж татаад байсан, намайг буйдан дээрээс түлхэж газар унагаасан, би унахдаа 2 гараараа тулаад унасан, тэгэхэд миний гарын хурууны хумснууд хугарч гэмтсэн. Бид хоёр хоорондоо ноцолдсон. Хүзүүнд цус хурсан улайсан, цээжний эгэмний ясны доод талд хоёр газарт хөхөрсөн байсан. Ноцолдож байхад үүссэн юм шиг байна лээ. Сүүлд эмчид үзүүлэхэд толгойны зүүн хэсгийн хуйхны үс суларсан байна, сайн эмчилгээ хийлгээрэй гэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр тал/,
2.2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн1395 дугаартай дүгнэлтэд:
1. Э.Ариунжаргалын биед тархи доргилт, дух, зулай, хүзүү, цээж, нуруу, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд болно.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ Уг гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Баяртогтох гэжээ. /хх-ийн 25-26 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38 дугаар тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 85 дугаар тогтоол /хх-ийн 62 дугаар тал/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 58 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн1395 дугаартай дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Р.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 04-ний орой 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 05 дугаар хороо, 06 дугаар байрны 88 тоотод иргэн Э.Ариунжаргалтай маргалдсаны улмаас түүний биед тархи доргилт, дух, зулай, хүзүү, нуруу, шуу, сарвуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогч Э.Ариунжаргалын:...тэгсэн хүргэн ах шууд уурлаад үснээс зулгааж татаад байсан, намайг буйдан дээрээс түлхэж газар унагаасан, би унахдаа 2 гараараа тулаад унасан, тэгэхэд миний гарын хурууны хумснууд хугарч гэмтсэн. Бид хоёр хоорондоо ноцолдсон. Хүзүүнд цус хурсан улайсан, цээжний эгэмний ясны доод талд хоёр газарт хөхөрсөн байсан. Ноцолдож байхад үүссэн юм шиг байна лээ. Сүүлд эмчид үзүүлэхэд толгойны зүүн хэсгийн хуйхны үс суларсан байна, сайн эмчилгээ хийлгээрэй гэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн1395 дугаартай дүгнэлт. /хх-ийн 25-26 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг хэрүүлээ боль гэж шаардлага тавьсаны улмаас цохиж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь хохирогч болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул Р.Мг гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Р.Мг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Хохирогч Э.Ариунжаргал нь Р.Мтай эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж шүүхийн шатанд утсаар ярьсан тэмдэглэл байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Р.Мг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Р.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мд 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Чингэлтэй болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглосугай.
4. Шүүгдэгч Р.М нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.
5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
7. Шүүгдэгч Р.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ