Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар   2022/ШЦТ/283

 

 

 

 

 

  2022        03         28                                    2022/ШЦТ/283

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Ж.Баянжаргал, шүүгдэгч М.Ц /өөрөө, өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Цд холбогдох эрүүгийн “2211 00250 0366” дугаартай, 186/2022/0257/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймаг Богд сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын Г-15-333 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй М.Ц,  

          Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой 22:00 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын Г-15-333 тоотод байх өөрийн гэртэй хамтран амьдрагч Х.Оюунжаргалд шалтгаангүйгээр агсам тавьж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохиж түүний биед зүүн нүдний доод зовхинд шарх, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах  гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1.Шүүгдэгч М.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...“мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй ” гэв.

          Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

          2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Х.Оюунжаргалын:....би өөрийн нөхөр болох Цэрэнчимэдтэй гэр бүл болоод 8 жил болж байна. 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр нөхөр болон дүүгийн хамт танил ахындаа очсон тэнд манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн айлаас гараад шууд гэртээ ирээд бага хүүхдээ орон дээр хэвтүүлээд байж байтал манай нөхөр Цэрэнчимэд байхаар нь өөр тийш нь суулгах гэж байтал гэнэт агсам согтуу тавиад баруун гараараа миний зүүн нүдрүү цохисон. Тэгээд толгой руу гараа атгаж байгаад цохиж, түлхэж унагаад тогоогоо авч шидээд, зуухаа өшиглөсөн.  Энэ үед манай дүү Ганжаргал орж ирээд бид хоёрыг салгах гэтэл дийлдэхгүй байсан. Манай бага дүү болох Нинжинсэмжид орж ирээд Цэрэнчимэдийг тайвшруулах гээд газар дараад арай гайгүй болгоод босгоод иртэл дахиж дайраад байхаар нь гадаа гаргасан. Тэгтэл тайвшрахгүй байхаар нь манай эгч цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан гэх мэдүүлэг. /xx-ийн 21 дүгээр тал/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Ганжаргалын:...би 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр  Х.Оюунжаргал,  эгч М.Ц, түүний ах бид хэд Цэрэнчимэд ахын таньдаг айл гээд нэг айлд очсон. Тэнд насанд хүрсэн хүмүүс муушиг тоглож, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Бид хэд тухайн айлаас 21:00 цагийн орчим гараад гэрлүүгээ явсан. Тухайн үед М.Ц ах нилээн согтуу байсан. Гэрт ирээд Х.Оюунжаргал эгч М.Ц ах хоёр бага хүүхдээ аваад гэрлүүгээ орсон би хоёр том хүүхдийг нь гэрээсээ оруулж өгөх гээд гэрийнх нь үүдэнд очтол эгч гэр дотроосоо яаая гэж чанга дуугарсан, би гайхаад яваад ороход Цэрэнчимэд ах Х.Оюунжаргал эгчийг хананд шахсан зууралдаад зогсож байсан. Би салгах гээд Цэрэнчимэд ахын араас нь таттал намайг түлхэж унагаагаад нуруун дээр зөөлхөн цохих шиг болсон тэр үед манай 16 настай дүү болох Нинжинсэмжид орж ирээд Х.Оюунжаргал, эгч Нинжинсэмжид бид гурав Цэрэнчимэд ахыг тайвшруулах гээд нилээн ноцолдож байгаад дийлэхгүй болохоор нь гэрээс нь гаргаж хашаан дотор нилээн зууралдсан. Тухайн үед Х.Оюунжаргал эгчийг үсдээд чирсэн, тэрийг нь болиулах гээд би зүүн гарнаас нь Нинжинсэмжид баруун гарнаас нь барьж байтал түлхэж унагаасан. Бид гурав автомашиных нь хамар дээр дарж байсан. Тэгтэл Нинжинсэмжидийн хүзүүнээс нь бариад авсан. Тухайн үед манай нагац эгч орж ирээд миний дүү болио харанхуй шөнө айл амьтнаас ич гэж Цэрэнчимэд ахад хэлэхэд манай эгчийг чи 3 cap амьдарсан ч яадаг юм гээд хэл амаар доромжилсон гэх мэдүүлэг. /xx-ийн 23 дугаар тал/,

2.3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2580 дугаартай дүгнэлтэд:

         1. Х.Оюунжаргалын биед зүүн нүдний доод зовхинд шарх, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

         2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.

          3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1- т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ гэжээ. /хх-ийн 29-30 дугаар тал/,

            Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

 3.1. Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас       /хх-ийн 45 дугаарр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 103 дугаартай тогтоол /хх-ийн 61-62 дугаар тал/, шүүгдэгч, хохирогчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 52-53 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2580 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар тал/, шүүх хуралд өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох тухай хүсэлт зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлууд  бүрэн хангагдсан байна гэж  шүүх үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

 

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч М.Ц нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой 22 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, хувьсгалчдын Г-15-333 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч Х.Оюунжаргалд шалтгаангүйгээр агсам тавьж улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа цохиж түүний биед зүүн нүдний доод зовхинд шарх, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

           - хохирогч  Х.Оюунжаргалын:.. Би өөрийн нөхөр болох Цэрэнчимэдтэй гэр бүл болоод 8 жил болж байна. 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн нөхөр болон дүүгийн хамт танил ахындаа очсон тэнд манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн айлаас гараад шууд гэртээ ирээд бага хүүхдээ орон дээр хэвтүүлээд байж байтал манай нөхөр Цэрэнчимэд байхаар нь өөр тийш нь суулгах гэж байтал гэнэт агсам согтуу тавиад баруун гараараа миний зүүн нүд үү цохисон. Тэгээд толгой руу гараа атгаж байгаад цохиж, түлхэж унагаад тогоогоо авч шидээд, зуухаа өшиглөсөн.  Энэ үед манай дүү Ганжаргал орж ирээд бид хоёрыг салгах гэтэл дийлдэхгүй байсан. Манай бага дүү болох Нинжинсэмжид орж ирээд Цэрэнчимэдийг тайвшруулах гээд газар дараад арай гайгүй болгоод босгоод иртэл дахиж дайраад байхаар нь гадаа гаргасан. Тэгтэл тайвшрахгүй байхаар нь манай эгч цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан гэх мэдүүлэг. /xx-ийн 21 дүгээр тал/,

- гэрч М.Ганжаргалын:...гэрт ирээд Х.Оюунжаргал эгч М.Ц ах хоёр бага хүүхдээ аваад гэрлүүгээ орсон би хоёр том хүүхдийг нь гэрээсээ оруулж өгөх гээд гэрийнх нь үүдэнд очтол эгч гэр дотроосоо яаая гэж чанга дуугарсан, би гайхаад яваад ороход Цд ах Х.Оюунжаргал эгчийг хананд шахсан зууралдаад зогсож байсан. Би салгах гээд Цд ахын араас нь таттал намайг түлхэж унагаагаад нуруун дээр зөөлхөн цохих шиг болсон тэр үед манай 16 настай дүү болох Нинжинсэмжид орж ирээд Х.Оюунжаргал, эгч Нинжинсэмжид бид гурав Цд ахыг тайвшруулах гээд нилээн ноцолдож байгаад дийлэхгүй болохоороо гэрээс нь гаргаж хашаан дотор нилээн зууралдсан. Тухайн үед Х.Оюунжаргал эгчийг үсдээд чирсэн, тэрийг нь болиулах гээд би зүүн гарнаас нь Нинжинсэмжид баруун гарнаас нь барьж байтал түлхэж унагаасан. Бид гурав автомашиных нь хамар дээр дарж байсан. Тэгтэл Нинжинсэмжидийн хүзүүнээс нь бариад авсан. Тухайн үед манай нагац эгч орж ирээд миний дүү болио харанхуй шөнө айл амьтнаас ич гэж Цд ахад хэлэхэд манай эгчийг чи 3 cap амьдарсан ч яадаг юм гээд хэл амаар доромжилсон гэх мэдүүлэг. /xx-ийн 23 дугаар тал/,

       -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022  оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2580 дугаартай дүгнэлт. /хх-ийн 29-30 дугаар тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  үедээ  хамтран амьдрагч Х.Оюунжаргалыг  ямар нэг  шалтгаангүйгээр толгой, нүүрэн тус газар нь  удаа дараа цохиж биед нь гэмтэл учруулж байгаа нь гэм буруугийн  санаатай  үйлдэл  байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль  бус шинжтэй  болохыг  ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байх тул М.Цийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч М.Цийг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж...” гэх хүндрүүлэх шинжийг агуулж үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцсэн байна гэж үзлээ.

Хохирогч Х.Оюунжаргал нь шүүгдэгч М.Цтэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад  бичгээр хүсэлт гаргаж  өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг  арилгасан байна гэж  шүүх үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан гэмт хэрэгт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч,  гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг  зурсан  прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж,  торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч М.Цийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрэлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 90 хоногийн дотор төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт эд мөрийн  баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус  тус дурдаж  шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                     ТОГТООХ нь:

         1. Шүүгдэгч М.Ц-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цийг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч М.Ц нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

          7.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ