Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/165

 

 

 

 

 

 

 

 

   2022        02         23                                     2022/ШЦТ/165

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, Л.Галбадар нарын бүрэлдэхүүнтэйгээр

шүүгдэгч Д.Г,

нарийн бичгийн даргаар Б.Лувсаншарав,

иргэдийн төлөөлөгч ...........,

улсын яллагч С.Солонго,

хохирогчийн өмгөөлөгч ..............,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваа нарыг оролцуулан эрүүгийн 2111000001396 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Дундговь аймагт 1989 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, Хан-үнэлгээ ХХК-д үнэлгээний мэргэжилтнээр ажилладаг, ам бүл 3, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч Д.Г нь 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ эхнэр хохирогч М.Отой маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

           - шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Д.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр би ажилдаа гараад гэртээ ирчхээд байж байтал талийгаач эхнэрийн маань утас нь дуугарч ярьж байснаа би Ганбаатай ярилцаадахъя гээд утсаа тасалсан. Эхнэр маань Одноо ярьж байна өнөөдөр уулзах уу гэж байна гэсэн. Би нэг их цааргалсан юмгүй байсан. Уг нь бид 2 гарна гэсэн төлөвлөгөөтэй байсан. Том эгч гэж нэрлэдэг Долгорсүрэн эгч 20 цагийн үед цагийн тариагаа манай эхнэрээр хийлгэсэн. Эмч бид 2-ыг хаашаа явах нь вэ гэхэд нь би нэг их юм бодолгүй шөнө орой болсон хойно шоудаад гэх вий гэж бодоод энэ Онон л гарья гэсэн шүү гэж хэлсэн. Удаачгүй Одонтуяа, Шижир-Эрдэнэ хоёр ирээд бид хоёр тэр хоёрын машинаар манай гэрээс чигээрээ зурагтын замаар модны хоёрт байдаг найз Энхбаярын гэрт нь очсон. Энхбаярын гэрийн доор байдаг дэлгүүрээс 18 лааз пиво, сүү, чипс, самар, жүүс, хөзөр авч орсон. Энхбаяр ганцаараа байсан. Бид тав пивоо уугаад ярьж хөөрөөд сууж байсан. Мөнхмаа ирэхдээ 0.75 литрийн архи авч ирээд архинаас эрэгтэйчүүд уусан. Хэн нь хэр их архи, пиво уусныг ажиглаагүй юм. Энхбаяр бид хоёрын дунд жолоочийн үнэмлэхийн ажил бүтээгүйгээс болоод маргалдсан. Маргаж байгаад би Энхбаярыг толгойгоор нэг удаа мөргөн, харин Энхбаяр зөрүүлээд гараараа зүүн нүд рүү цохисон. Шижир-Эрдэнэ бид хоёрыг салгасан. Үүнээс болоод бид нар тарья харья гээд эхнэр бид хоёр такси бариад гэртээ ирэхэд таксины мөнгийг мобайл банкаар хийхэд 2021 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн 02 цаг 18 минут гэсэн санагдаж байна. Гэртээ хашааны жижиг хаалганы цоожийг өөртөө байдаг түлхүүрээр онгойлгож байшингаа түлхүүрээр нь онгойлгоод орцгоосон. Эхнэр таксинд унтаж байсан. Эхнэр алхаж гишгэж чадахгүй байсан. Тэгж байхдаа би юм мөргүүлсэн юм байхдаа гэж санаад байна. Гэрт эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Эхнэрийг хэвтэж байсан орон дээр хэвтүүлсэн айхтар ноцтой маргаан болоогүй. Бид хоёр ялихгүй маргаанаас болоод би талийгаачийг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан. Талийгаачийн хамраас цус гарсан би цусыг нь хараад ханиа уучлаарай гэж хэлж тэврээд орон дээр суулгахад талийгаач би цустай даавуун дээр унтахгүй гээд орны даавууг авч бид хоёр унтсан. ...Би өглөө 6 цаг өнгөрөөд ажилдаа явдаг босоод гарч бие засчхаад буцаж ороод гал түлэхээр гэрт явж байгаад талийгаачийн толгой хэсгээс утсаа авах гэсэн чинь эхнэр маань цэл хөх, толгой нь дэрэн дээрээс их эвгүй гилжийсэн байхаар толгойг нь засаж хэвтүүлэх гээд дээш болгосон чинь хүйтэн оргисон. Тэгээд амьсгалыг нь шалгасан амьсгаагүй, сэрээч ээ ханиа гээд орилсон ямар ч хариу өгөөгүй,...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 118-124 дүгээр тал/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаа тараад явж байхад талийгаач дүү маань над руу залгаад “ирж байна уу? өнөө орой юманд явах боллоо” гэхээр нь би “яах гэж байгаа юм" гэхэд дүү “найзуудтай уулзах гэж байна” гэсэн. Тэгээд 19-20 цагийн орчим Ганбатын гэр ирэхэд миний хүүхдийг хичээлээс авсан, тэдний 2 хүүхэд Ганбат, Онон нар байсан. М.О гоё ганган хувцсаа өмсөөд нүрээ будаж гангалсан байсан. Намайг 2 хүүхдийг маань аваад явчих гэж хэлсэн учраас өөрийнхөө хүүхдийг болон тэдний хоёр хүүхдийг аваад гэртээ харьсан. М.О, Д.Г хоёр хэн хэн нь сэтгэл нь хөөрч баярласан байдалтай, хоорондоо эвтэй найртай байсан,...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20-21 дүгээр тал/,

- гэрч Н.Чимэддоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 06 цаг 15 минутын орчимд бие засахаар явж байхад Ганбат урд талын 00-с гэр лүүгээ орж явсан. Тэр үедээ надтай юм ч дуугараагүй. би гэрээс машины түлхүүр аваад машин асаахад Д.Гынх гэрэлгүй, харанхуй байхаар нь буцаад унтсан юм шиг байна гэж бодсон. Ойролцоогоор 07 цаг өнгөрч байхад би эхнэр, хүүхдээ ажил сургуульд нь хүргэж өгчхөөд буцаад гандангийн уулзварын тэнд явж байхад Д.Г миний 89535313 дугаарт өөрийнхөө 88643940 дугаараас залгаад "Чимэдээ ахаа Онон өнгөрчих шиг боллоо, та хаана байгаа юм, намайг авраарай, хурдхан ороод ирээч” гэхээр нь би цочиж балмагдан “чи юу гээд хуцаад байгаа юм, тэнэг новш чинь юу яриад байгаа юм. согтуу балайраад байгаа юм уу” гэсэн, ...Сүүлд сонсоход Ганбаа 06 цаг өнгөрч байхад утсаар ярьсан, тэр эгч нь түргэний дуудлага өгсөн гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-30 дугаар тал/,

- гэрч Н.Долгорсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.. Би Д.Г, М.О нарын амьдардаг хашаанд миний төрсөн дүү Н.Чимэддоржийнх хөгшин ээжийг минь асарч хамт байдаг бөгөөд тэднийд 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн үдийн үед очсон. Тэгээд би цагийн тариагаа хийлгэхээр Д.Гын гэрт нь 20 цагийн орчимд ороход тэднийд Д.Г ажлаасаа ирчихсэн, 2 хүүхэд нь байгаагүй, М.Огоор би тариагаа хийлгэсэн. Тэгээд удаа ч үгүй байхад Д.Г “унаа ирчихлээ, ханиа явъя” гэхэд нь “М.О “за” гэсэн, би “та хоёр хаачих гэж байгаа юм” гэж асуухад Д.Г “би явъя гээгүй шүү, Онон л явъя гэсэн шүү" гэхэд М.О “найзуудтайгаа уулзлаа гээд” хамтдаа гараад явсан. Тэр шөнөдөө Д.Г, М.О нарыг хэдэн цагт ирснийг мэдэхгүй. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 07 цаг 40 минутын орчимд миний төрсөн дүү Н.Чимэддорж Ганбаа сандраад дуудаад байна, эгчээ хамт оръё” гэж намайг дуудаад гарсан ба би араас нь Ганбатын гэрт нь ороход Д.Г орныхоо урд талаар талийгаачийн дээрээс нь хараад сөхрөөд суучихсан, уйлаад эгчээ туслаач та сувилагч биз дээ гэж хэлсэн. Би айж сандраад юу болчхов гээд М.Огын хөнжлийг сөхөөд дух, хоёр гар, хөлийг нь бариад үзсэн чинь цогцос нь хөрчихсөн байсан....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар тал/,

- гэрч Ж.Одонтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн орой 20 цагийн үед талийгаач руу залгаад гэр бүлээрээ уулзаад ойр зуурын юм ярьж суух уу? гэж асуусан юм. Талийгаач тухайн үед нөхөр Ганбаттай хамт гэр бүлээрээ уулзахыг зөвшөөрөөд хаана уулзах талаараа ярилцаад гэр бүлийн найз болох Энхбаярын гэрт нь цугларахаар болсон юм. Би нөхөр Шижир- Эрдэнийн хамтаар орой 20 цаг өнгөрч байх үед талийгаачийн гэрийнх нь гадаа очоод талийгаач болон талийгаачийн нөхөр Ганбатыг өөрийн машиндаа суулгаад Энхбаярын гэр лүү явсан юм. ...Энхбаяр, Шижир-Эрдэнэ, Ганбат 3 архийг хувааж уусан юм. Талийгаач тухайн архинаас ганц, хоёр хундагыг уусан. Тэгээд байж байтал Энхбаяр, Ганбат 2 нэлээн согтчихсон байдалтай хоорондоо муудалцаад хэрэлдээд байсан юм. Тухайн үед бид нар Энхбаяр, Ганбат 2-ыг хоорондоо муудалцахаар нь тоогоогүй бөгөөд тэр 2 согтчихоороо нэг нэгнээрээ тоглоом тохуу хийгээд байдаг болохоор тоогоогүй юм.. ...Талийгаач гэр лүүгээ явахдаа бага зэргийн согтолттой, биеэ удирдаж хянах чадвартай байсан. Талийгаачийн биед ил харагдах гэмтэл шарх учраагүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-41 дүгээр тал/,

-гэрч Г.Шижир-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Эхнэр бид 2 гэрээсээ гараад талийгаачийн гэрийн гадаа нь очоод талийгаачийг нөхөр Ганбатын хамтаар аваад Энхбаярын гэр лүү нь явсан юм. ...Энхбаяр, Ганбат бид 3 архиа задалж уугаад талийгаач, Одонтуяа, Мөнхмаа 3 пиво ууцгаасан юм. Тэгээд Ганбат, Энхбаяр 2 хоорондоо юм ярьж байгаад нэг нэгэнтэйгээ маргалдаад байсан юм. Ганбат, Энхбаяр 2 хоорондоо муудалцаад барилцаад авчихсан байсан болохоор нь би тэр 2-ыг салгаад болиулсан юм, ...Ганбат болон талийгаач 2 гэр лүүгээ харихаар шөнийн 02 цагийн үед явсан юм. Талийгаач гэр лүүгээ явахдаа бага зэргийн согтолттой, биеэ удирдаж хянах чадвартай байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-46 дугаар тал/,

- гэрч А.Мөнхмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...архинаас дандаа эрэгтэйчүүд, пивоноос эмэгтэйчүүд уусан. Д.Г, М.О нарын хоорондох харилцаа зүгээр л байсан. Миний нөхөр Энхбаяр, Ганбат хоёр ажлаас болоод хоорондоо маргалдаад бие биеэ цохичихлоо гэсэн. Тэр хоёр хэрэлдэж муудалцаад уур амьсгал эвдсэнээс бол гэр гэртээ харихаар болж Д.Г, М.О нар түрүүлээд явсан. Манай гэрт 01-02 цагийн орчим хүртэл байцгаасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/

- гэрч Б.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...20 цагийн үед манай гэрт Шижир-Эрдэнэ, Одонтуяа, Ганбат, талийгаач нар лаазтай пиво барьчихсан орж ирсэн юм. Шижир-Эрдэнэ, Ганбат бид 3 0.75 литрийн савлагаатай Эдэн гэх нэртэй архийг задлаад хувааж уугаад харин Мөнхмаа, Одонтуяа. талийгаач 3 пивоо уусан юм. Ганбат бид 2 гэрийн гадаа тамхи татаж зогсож байгаад хоорондоо ажлын талаар ярьж зогсож байгаад хоорондоо үл ойлголцоод жаахан маргалдсан бөгөөд Шижир-Эрдэнэ бид 2-ыг болиулаад буцаад гэр лүүгээ бид 3 орохоор явсан юм. Гэрт орж ирээд Ганбат бид 2 дахиж муудалцаад би Ганбатын нүүр лүү нь гараараа нэг удаа цохитол хажуугаас Шижир-Эрдэнэ бид 2-ыг салгасан юм. ...Тэгээд Ганбат талийгаачийг дагуулаад гэр лүү гээ такситай харья гээд явсан юм. ...манайд ирэхэд тэдний биед гэмтэл, шарх гээд илт мэдэгдэх юм байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-54 дүгээр тал/,

- гэрч Б.Түвшинбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...талийгаач нь манай төрсөн дүү болох Д.Гын эхнэр нь юм. Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр манай ээж болох Пүрэвцогт /95813741/ гэх дугаараас над руу залгаад Онон нас барчихсан байна гэж надад хэлсэн юм...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8- 12 дугаар тал/,

- цогцос үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13-15 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Г нь өөрийн эхнэр амь хохирогч М.Отой тухайн хэрэг учрал болох үед хамт найз нөхөдтэйгээ нийлэн нэгнийдээ ахуйн хүрээнд архидан согтуурч, тэндээ Д.Г нь найзтайгаа маргаан болж, улмаар шөнийн цагаар амь хохирогчтой хамт гэрлүүгээ явж, хоёулхнаа гэртээ байхдаа амь хохирогч М.Отой маргалдан түүнийг гараараа нүүрэн тус газар нь цохисон ба түүний цохилтын улмаас хохирогчийн хамраас цус гарсан бөгөөд унтаад сэрхэд өглөө хохирогч М.Оногийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.  

Мөн - шүүгдэгч Б.Ганбатын өгсөн: “...Бид хоёр ялихгүй маргаанаас болоод би талийгаачийг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа алгадсан...” гэх мэдүүлэг,

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 41 дугаартай: “...амь хохирогч М.Огийн биед баруун болон зүүн бөмбөлгийн дух, зулай, чамархайн дэлбэнг хамарсан тархмал, 2 тал бөмбөлгийн дотор гадаргуу, духны дэлбэнгийн суурь, уртавтар тархи, гүүр, бага тархийг хамарсан зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, доод уруулын няцарсан шарх, цус хуралт, дээд уруулын зүүн дотор салстын цус хуралт бүхий шинэ гэмтлүүд, ...шинэ гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн. ...амь хохирогч нь биед үүссэн гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй. Амь хохирогч нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. ...үхэлд хүргэсэн гэмтэл нь хүний хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой... ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 72-78 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Гын үйлдлийн улмаас М.Огийн амь нас хохирсон үйл баримт тогтоогдож байна.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө хэрэг учрал болох үед шүүгдэгч, амь хохирогч нар нь хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба шүүгдэгч Д.Г нь өөрийн гэртээ эхнэр М.Отой хоёулхнаа байхдаа маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохиж гавал тархины гэмтэл учруулан амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдсон гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч Д.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө гэртээ эхнэр амь хохирогч М.Отой хувийн таарамжгүй харилцааны улмаас  маргалдаж, улмаар санаатайгаар нүүрэн тус газар нь гараараа цохиж гавал тархины гэмтэл учруулан алсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “шүүгдэгч Ганбат нь санаандгүйгээр хүний амь насыг хөнөөсөн гэж миний бие үзэж байна. Учир нь санаатай хүний амь насанд хүрэхийн тулд олон удаагийн цохилт үйлдэл байх ёстой, санаандгүй гэдэг нь ганц удаагийн цохилтоор хүний аминд хүрсэн явдал юм” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна.”гэж, 2 дахь хэсэгт: “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Г нь хүнийг цохиж биед нь халдах нь аюултай гэмтэл учруулах эсхүл амь насыг нь хохироох боломжтой хууль бус шинжтэй  үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байсан байх ба хэдийгээр хохирогчийн амь насыг хохироохыг хүсээгүй боловч амь хохирогчийн нүүрэн тус газар нь хүсэж цохисоны улмаас зориуд хохирогчийн амь насыг хохироосон хор уршигт  хүргэсэн тул түүнийг санаатай хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хүнийг нэг удаа цохих, олон удаа цохисон байх нь гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэрт нөлөөлөхгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Д.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал зэргийг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

            Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “Д.Г нь гэм буруугаа хүлээж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, төлөх хохирол төлбөргүй зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү.” гэсэн утга агуулга бүхий өмгөөллийн саналыг гаргасан болно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад: “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээг гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж хуульчилсан байх хэдий ч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж хуульчилжээ. Уг хуулийн заалтаас үзэхэд тус хэргийн улмаас хүний амь нас хохирсон байх ба хүний амь насыг нөхөн төлнө гэсэн ойлголт байх боломжгүй тул өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.    

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт                     “Оршуулгын зардал 15-16 сая төгрөг болсон. Би шүүгдэгчийн талаас 5.600.000 төгрөг авсан. Би өөр зүйл нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Д.Г бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.  

 

Шүүгдэгч Б.Ганбат нь 7-8 насны 2 хүүхэдтэй болох нь тогтоогдож байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Х шүүхийн хэлэлцүүлэгт:“Амь хохирогчийн хүүхдүүдийг би өөрийн нэр дээр шилжүүлж асран хамгаалах хүсэлтэй байна.” гэсэн хүсэлтийг холбогдох бичгийн баримтын хамт шүүхэд ирүүлжээ.

Тиймээс уг бага насны хоёр хүүхдийн асрамжийн асуудлыг шүүх хэлэлцэхгүй орхиж Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу оршин суугаа газрынхан харьяа дүүргийн Засаг даргад хүүхдүүдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхийг даалгаж шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болно.

Шүүгдэгч Б.Ганбат нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр баривчлагдсан цагдан хоригдсоноос хойш 2022 оны 02 дугаар сарын 23-нь өдрийн хүртэл нийт 79 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Түмэд овогт Далантайн Ганбатыг хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Гын цагдан хоригдсон нийт 79 /далан ес/ хоногийг биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 дахь заалт,  66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт  тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Ганбатын бага насны хоёр хүүхдийн асран хамгаалагч тогтоохыг харьяа дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ

                                                    ШҮҮГЧИД                               Н.БАЯРМАА

                                                                                                              Л.ГАЛБАДАР