Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
Хэргийн индекс | 186/2022/0190/Э |
Дугаар | 2022/ ШЦТ/215 |
Огноо | 2022-03-09 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | П.Итгэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/215
2022 03 09 2022/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Т.М,
нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт,
улсын яллагч П.Итгэл нарыг оролцуулан эрүүгийн 2211000000383 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч:
Монгол Улсын иргэн, 1984 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Төв аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Т.М нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч М.Отэй маргалдан улмаар түүний хөлөөс нь татаж газарт унагаж биед нь дагзны хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Т.М нь согтуугаар 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч М.Отэй маргалдан улмаар түүний хөлөөс нь татаж газарт унагаж биед нь дагзны хуйханд шарх бүхий гэмтэл учруулан, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Т.М нь хамтран амьдрагч хохирогч М.Оийг зодож гэмтэл учруулсан үйл баримт нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Т.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “...гэрт эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй ба би эхнэрээ хашаан дотор цаашаа явах гээд алхаж байхад нь хөлийг нь татаж газар унагаасан. Өөрөөр зодож цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар тал/,
- хохирогч М.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр намайг гэртээ ганцаараа байж байхад 17 цагийн орчим манай хуурай эгч Түвшөө ирээд бид хоёр 0.5 литр хэмжээтэй архи задлаад ууж эхэлсэн. Ингээд хоол унд хийж идээд задалсан архиа ууж байтал манай нөхөр Мөнх-Алдар 17 цаг 40 минутын орчим ажлаа тараад гаднаас ирж бид гурав задалсан архиа хувааж уучхаад байж байтал манай том ахын хүргэн Очироо гэх залуу хувцас авахаар ирсэн. Энэ үед манай нөхөр Мөнх-Алдар Түвшөө эгчийг гаргаж таксинд суулгаж өгчхөөд орж ирээд Очироог гаргаж өгөхөөр дахиад гарсан. 10-20 минутын дараа буцаж орж ирэхдээ Мөнх-Алдар нэлээн согтсон орж ирээд намайг хардаад хэрүүл хийгээд байхаар нь би хүргэн рүүгээ утсаар ярихаар тавчиктайгаа гараад явсан ба араас манай нөхөр Мөнх-Алдар гарч ирээд миний зүүн талын хөлөөс татаж унагаасан, би газар унахдаа толгойгоо хагалчихсан юм. Тэгээд би эмнэлэг цагдаа дуудсан. Өөрөөр намайг зодож цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Т.М нь хамтран амьдрагч хохирогч М.Оийг цохиж зодон, биед нь дагзны хуйханд шарх, зүүн нүдний дээд дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 2781 дугаартай дүгнэлтээр /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/ тогтоогдсон гэж шүүх үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Т.М нь хамтран амьдрагч хохирогч М.Оийг шууд санаатайгаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хохирогчийн М.Оийн: “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хавтаст хэргийн 42 дугаар тал/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч М.Оийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Иргэний нэхэмжлэгч Б.Байгалмаа нь хохирогч М.Оийн эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 45.000 төгрөг зарцуулсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч Т.Маас олгуулахаар шийдвэрлэж, 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүх тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Т.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Мыг 500 /таван зуун/ нэгж буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Т.Мыг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Т.Маас 45.000 /дөчин таван мянган/ төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын санд олгож, 1 /нэг/ сарын хугацаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ