| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 103/2017/00183/И |
| Дугаар | 1951 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 1951
Б ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2017/00290 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Б ОНӨААТҮГ,
Хариуцагч БД ТӨХК-д холбогдох,
БД ТӨХК-ийн Багануур дүүргийн 1, 3 дугаар хороонд байрлах ЦТП-1, ЦТП-2, ЦТП-6, ЦТП-7 ус, дулаан дамжуулах төвийн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчтэй дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Лхамсүрэн, Ё.Ариунаа, Э.Эрдэнэбат нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Буддорж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ, Д.Отгонбат,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Лхамсүрэн, Ё.Ариунаа, Ц.Энхцэцэг,
Хариуцагчийн өмгөөлөгч С.Батсүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд болон түүний төлөөлөгч М.Буддорж, өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Багануур дүүргийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах орон сууц, үйлчилгээний байгууллагын бүх хэрэглэгчийг цэвэр ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах ажлыг Б ОНӨААТҮГ 1982 онд анх байгуулагдсан цагаасаа эхлэн хариуцан иргэд, аж ахуйн нэгж байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байсан. Гэвч 2002 онд Эрчим хүчний тухай хууль батлагдаж 2003 оноос Эрчим хүчний зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл олгодог болсон. Эрчим хүчний зохицуулах хорооноос Багануур дүүргийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах орон сууц, үйлчилгээний байгууллагын бүх хэрэглэгчийг халуун ус, дулаанаар хангах эрхийг Б ОНӨААТҮГ-т олгосон. Мөн хуулийн шаардлагын дагуу Б ОНӨААТҮГ нь 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах айл өрх, аж ахуйн нэгж байгууллагатай айл өрхийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах аж ахуйн гэрээг байгуулан тодорхой хугацааны дараа тус гэрээг сунган үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд тус гэрээнүүд нь одоог хүртэл хүчин төгөлдөр байна.
Гэтэл БД ТӨХК нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Багануур дүүргийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах 2820 айл өрх, 172 аж ахуй нэгж байгууллагатай давхар зөвхөн дулаанаар хангах гэрээ байгуулж халуун усаар хангах үүргээ орхигдуулж манай байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж байна. Өөрөөр хэлбэл 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаарах айл өрх, аж ахуйн нэгж байгууллагатай байгуулсан Б ОНӨААТҮГ-ын гэрээ хүчин төгөлдөр байхад БД ТӨХК давхар гэрээ байгуулж хууль бус үйлдэл гаргасан.
Манай байгууллага эрчим хүчний зохицуулах хороонд хандаж дулаан хангах тусгай зөвшөөрөл авсан. Хариуцагч байгууллагын хариу тайлбарт манай байгууллагыг тус дүүрэгт дулаанаар хангах байгууллага байсаар байхад тусгай зөвшөөрлийг ямар аргаар авсан нь ойлгомжгүй байна гэх мэтээр илт гүтгэсэн байна. Манай байгууллага 2003 онд тусгай зөвшөөрөл авсан бөгөөд нотлох баримтыг шүүхэд өгсөн, манай байгууллагын зүгээс хууль тогтоомж, тэгш эрхийн дагуу айл өрхүүдтэй гэрээ байгуулсан.
Хамгийн гол нь үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан болохоос өмчлөл дээр маргаагүй. Өөрөөр хэлбэл бид нарын гэрээ хүчин төгөлдөр байхад давхар гэрээ байгуулсан нь өөрөө хууль бус гэж үзээд байна. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдсэн асуудал энэ нэхэмжлэлд хамааралгүй. Зөвхөн 2015 онд шинээр байгуулагдсан шугам сүлжээг БД ТӨХК-д өмчлүүлсэнтэй холбоотой. 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр 60 орон сууц болон сургууль, цэцэрлэг, үйлчилгээний төв, обьект, 3 дугаар хороонд 57 айл өрх, аж ажуйн нэгж байгууллагын үйлчилгээний газрыг цэвэр ус, дулаанаар хангах, бохир ус татан зайлуулах ажлыг Б ОНӨААТҮГ 1982 оноос хойш өнөөдрийг хүртэл хийж явсан.
Гэтэл 2017 онд БД ТӨХК давхар гэрээ байгуулсан. Үүнийг тайлбарлавал Багануур дүүргийн 1, 3 дугаар хороонд байрлах бүх цэвэр ус, дулаан, эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах шугам сүлжээг 1982 оноос хойш 35 жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл Б ОНӨААТҮГ-ын эзэмшилд байсан юм. 2003 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн эзэмшлийн заагийг тогтоосон акт гарсан. Үүнээс хойш талуудын хооронд эзэмшлийн заагийг тогтоосон ямар нэгэн акт үйлдэгдээгүй. Иймд БД ТӨХК-ийн Багануур дүүргийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЦТП-1, ЦТП-2, ЦТП-6, ЦТП-7 ус дулаан дамжуулах төвийн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчтэй давхар дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Лхамсүрэн, Ё.Ариунаа, Э.Эрдэнэбат нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: БД ТӨХК-ийн захиалгаар Монгол улсын хөрөнгө оруулалтаар Багануур дүүргийн дулаан хангамжийн нэгдсэн системийг үл хамаарах схемд шилжүүлэх ажил 2013-2014 онуудад хийгдэж дуусаад 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр улсын комисс ажиллаж комиссын шийдвэрээр ашиглалтын ажиллагааг Багануурын Дулааны станц ТӨХК-д хүлээлгэж өгсөн. Улсын комисс энэхүү байгууламж нь зураг төслийн дагуу бүрэн хийгдэж дулаан дамжуулах зориулалтаар ашиглахад бэлэн болсон гэж үзээд ашиглагч байгууллага болох манай станцад 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс ашиглалтанд орохыг зөвшөөрсөн.
Энэхүү актыг хавтас хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Төрийн өмчийн хороо буюу одоогийн нэршлээр төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт, Засгийн газрын 2008 оны 148 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн а, төрийн өмчийн хорооны 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн өмчит хуулийн этгээдийн эд хөрөнгийн харилцааг зохицуулах журмын 3.1, 3.2 дахь заалтыг тус тус үндэслэн улсын төсвийн санхүүжилтээр бий болгосон хөрөнгийн эзэмшигч этгээдийг тогтоох бүрэн эрхийнхээ дагуу дээрх байгууламж буюу 3 538 304 659 төгрөгийн өртөг бүхий хөрөнгийг Багануурын дулааны станц ТӨХК-ийн данс бүртгэлд тусгаж эзэмшигч этгээдийг тогтоосон болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын бүрэн эрхийг заасан байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нь 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3\3502 тоот шийдвэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж, ашиглалтад орсон 3 538 304 659 төгрөгийн өртөг бүхий хөрөнгийн барилга байгууламжийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу данс бүртгэлд тусган, дүнг 2015 оны 01 дүгээр улиралд багтаан Төрийн өмчийн хороонд ирүүлэхийг үүрэг болгосон.
Манай байгууллага нь дээрх эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу дээрх хөрөнгийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу данс бүртгэлд тусган дүнг 2015 оны 01 дүгээр улиралд багтаан Төрийн өмчийн хороонд хүргүүлсэн. 2016 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт орсон. Уг хуулиар Төрийн өмчийн хороо нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар нэртэй болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4-т заасны дагуу нэгэнт Төрийн өмчид бүртгэгдсэн төрийн өмчийг барьцаалах, орон нутгийн өмчид шилжүүлэх тухай шийдвэр гаргах бүрэн эрх нь Улсын их хурлын төрийн өмчийн талаарх бүрэн эрхэд хамаарна. Иймд Улсын их хурлаас шийдвэр гараагүй тохиолдолд дээрх 3 538 304 659 төгрөгийн өртөг бүхий байгууламж манай өмчлөлд хэвээр байх ёстой.
Дээрх асуудлаар Б ОНӨААТҮГ нь Эрчим хүчний яамыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 642 дугаартай шийдвэрийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах, бусдад шилжүүлэх, шинээр олж авах, жагсаалт хөдөлгөөн эх үүсвэрийг тухайн Аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын бүрэн эрхэд хамаарахаар заасан. Б ОНӨААТҮГ нь солигдсон шугам сүлжээ болон солигдоогүй үлдсэн шугам сүлжээг манай өмч гэсэн нотлох баримтыг хэрэгт өгөөгүй байсан.
Б ОНӨААТҮГ нь Эрчим хүчний зохицуулах хороонд 2014 оны 434 тоот албан бичгээр дээрх асуудлаар хандсан бөгөөд Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 4/80 албан бичгээр хариуг өгсөн байдаг. Энэ албан бичгийг хавтаст хэрэгт өгсөн байгаа. Уг албан тоотод Эрчим хүчний тухай хуулиар Эрчим хүчний зохицуулах хороонд олгосон бүрэн эрхийн хүрээнд өмчийн маргаантай асуудлыг шийдвэрлэх боломжгүй тухайгаа дурдсан бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн дулаан дамжуулах төв болон дулааны шугамын өмчлөлийн асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурдсан байдаг.
Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт Эрчим хүч үйлдвэрлэх болон дамжуулах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрчим хүч худалдан авах аж ахуйн гэрээг Эрчим хүчний тухай хуулийн холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн байгуулна гэж заасны дагуу Багануурын дулааны станц ТӨХК-тай дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж ажиллахыг мэдэгдье гэсэн албан бичиг Эрчим хүчний зохицуулах хорооноос ирүүлсэн байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дээрх албан бичгээр өгөгдсөн үүргийн дагуу манай байгууллага нь Иргэний хуулийн 243, 261 дүгээр зүйлийг үндэслэл болгож Б ОНӨААТҮГ-тай дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажиллаж байна.
Мөн солигдоогүй үлдсэн шугам сүлжээнд холбогдсон зарим аж ахуйн нэгж, иргэдийг дулааны эрчим хүчээр хангахын тулд Б ОНӨААТҮГ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна. Б ОНӨААТҮГ нь дээрх эрх бүхий байгууллагуудаас гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч хүсэл зоригоо илэрхийлэн манай байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулах саналыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 41 тоот албан бичгээр ирүүлсэн. Манай байгууллага нь Б ОНӨААТҮГ-ын хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн зөвшөөрч хамтран ажиллах гэрээ байгуулан одоо хүртэл хамтран ажиллаж байна. Мөн дулааны эрчим хүчээр хангах, дулааны эрчим хүч хэрэглэх тухай аж ахуйн гэрээг байгуулах саналыг гаргасан бөгөөд уг гэрээг хоёр байгууллага байгуулан мөрдөн ажиллаж байна.
Б ОНӨААТҮГ-ын дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөлд тус тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээ нь Улаанбаатар хотын Багануур дүүргийн төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд Б ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчид үйлчилнэ гэж зааж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл зөвхөн Б ОНӨААТҮГ-ын эзэмшлийн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд дулааны эрчим хүч түгээх эрхийг олгосон. Гэтэл манай станцын эзэмшлийн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчидтэй гэрээ байгуулах эрхтэй мэтээр бичиж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль бус бөгөөд өөрсдөө тусгай зөвшөөрлөө зөрчихөөр байгаа юм.
Манай байгууллага нь Б ОНӨААТҮГ-ын эзэмшилд байгаа шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчидтэй давхар дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй бөгөөд зөвхөн өөрийн эзэмшлийн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчидтэй дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа юм. Иймд өөрийн эзэмшлийн шугам сүлжээнд байгаа хэрэглэгчидтэй дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулан ажиллаж байгаа нь манай байгууллагын үйлдэл хууль зүйн дагуу үйлдэл гэж үзэж байна. Иймд манай байгууллагын дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулж буй үйл ажиллагаа хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Дээр дурдсан Эрчим хүчний зохицуулах хорооноос өгсөн тусгай зөвшөөрөл дээр Б ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчдэд үйлчилнэ гэж заасан байгаа. Гэтэл улсын хөрөнгө оруулалтаар хийгдсэн ажлаар Б ОНӨААТҮГ-ын шугам сүлжээ нь бүгд хуучраад шинэчлэгдсэн бөгөөд өөрсдийнхөө өмчлөлд байдаг гэж хэлдэг боловч энэ талаар баримт байхгүй, манай байгууллагаас баримтыг үзье гэхэд үзүүлдэггүй, 2015 онд болсон шүүх хурлын үеэр баримт үзье гэхэд харуулаагүй, өөрсдийнх нь бүртгэл дээр байхгүй байсан. Тэгэхээр Оросын үеэс үлдсэн хөрөнгийг бүртгэлдээ тусгаагүй байна. Б ОНӨААТҮГ нь нэгэнт түгээх зөвшөөрөл авсан, 2008-2015 оны хооронд манай шугамаар дамжуулан түгээж байгаа гэдэг утгаараа манайх нийт борлуулалтын орлогын 14.3 хувийн орлогыг Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолоор авч ирсэн. Улсын хөрөнгө оруулалтаар Б ОНӨААТҮГ-ын бүх шугамууд байхгүй болчихсон, яасныг нь мэдэхгүй, өөрсдөө хурааж авсан, байгууллагад нь байх ёстой.
Б ОНӨААТҮГ нь манай байгууллагаас дулаан түгээсний 14.3 хувийн орлогыг авах гэж л маргаад байгаа юм. Энэ маргаан бол үүнээс үүдэлтэй маргаан юм. Социализмын үед энэ шугам манайх, тэр шугам манайх гэж өмчилсөн зүйл байгаагүй. Оросууд барьсан, манай хоёр байгууллага хоёулаа буюу хот доторх айл өрхөд тараах дулааныг Б ОНӨААТҮГ хариуцаж, ерөнхий шугамыг нь манайх хариуцаж байсан. Тэгээд 2002 онд Эрчим хүчний тухай хууль батлагдан гарснаас хойш шугамын зааг гэх асуудал яригдсан. Тэр үед аль аль нь өмчилж байсан бөгөөд манай байгууллагад зөвхөн ерөнхий шугам өмчлөгдсөн байсан. Хавтаст хэрэгт шугамын зааг тэмдэглэсэн баримт хавсаргасан байсан.
Тухайн үед Б ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер, манай инженер хоёр ярьж байгаад энэ хэрэгт хавсаргасан байсан. Б ОНӨААТҮГ-ын нэхэмжлэл нь гаднаа давхар гэрээ байгуулсан гэх нэртэй боловч угтаа 2015 онд Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээр шийдэгдсэн асуудлыг л яриад байна. Энэ асуудал бол аль хэдийн шийдэгдсэн. Мөн бас нэг асуудал бол Б ОНӨААТҮГ-ын яриад байгаа шугам нь үнэн хэрэгтээ энэ байгууллагын өмчлөлд байхгүй, энэ талаар баримт байдаггүй, түрээсийн мөнгө авч байдаг. Тэр баримтыг үзэх гээд олон удаа шаардсан боловч үзэж чадаагүй. Шүүхэд өгсөн баримтад ч байхгүй байсан. Шүүхэд гаргаж өгсөн схем зурган дээр шугамыг тодорхой тэмдэглэсэн зүйл байхгүй. Дүүргийн хэмжээнд шинээр сольсон шугамуудыг манай өмчлөлд шилжүүлсэн. Хэрэглээний халуун усаар хангах асуудлыг орхигдуулсан гэж ярьж байна. Энэ асуудлыг орхигдуулаагүй хангая гэвэл хангах боломж бүрэн бий. Эрчим хүчний зохицуулах газартай ярьж байгаа. Хэрэглээний халуун ус гэдэг бол халаалт биш хүмүүсийн хэрэглэж байгаа халуун усыг хэлнэ. Энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт зааснаар БД ТӨХК-ийн Багануур дүүргийн 1, 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЦТП-1, ЦТП-2, ЦТП-6, ЦТП-7 ус дулаан дамжуулах төвийн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчтэй дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Лхамсүрэн, Ё.Ариунаа, Э.Эрдэнэбат нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуралдаанд шугам, сүлжээг хэний өмч гэдэг талаар тайлбар хэлсэн боловч шүүх энэ асуудалд анхаарлаа хандуулаагүй бөгөөд манай байгууллагыг хуулийн дагуу дээрх шугам сүлжээ, дулаан дамжуулах төвүүдийг өмчлөх эрхтэй боловч эзэмших эрхгүй хэмээн шүүхийн шийдвэрийн "Тогтоох" хэсгийн заалтыг уншин сонсгохдоо тайлбарласан.
Манай байгууллага нь эрх бүхий субьектүүдийн шийдвэрийн дагуу эзэмших эрхтэй болсон бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу манай байгууллага нь Төрийн өмчийн хороо, Эрчим хүчний яамны шийдвэрийн дагуу хууль ёсоор дээрх байгууламжууд, шугам сүлжээг эзэмшиж байгаа болно. Манай байгууллага нь 100 хувь төрийн өмчит хувьцаат компани бөгөөд эрх бүхий субьектын шийдвэргүйгээр 1 ширхэг обьектыг захиран зарцуулах эрх байхгүй. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд тодорхой заасан эрх мэдлийн хэмжээ заагийг тогтоосон заалтыг харгалзаж үзээгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Манай байгууллага нь Төрийн өмчийн хорооны 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 408 тоот тогтоолын дагуу Төрийн өмчийн хороотой Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ байгуулан ажилладаг. Хэн нэг этгээд нь эд юмсыг бодитойгоор эрх мэдэлдээ авах замаар эд юмсын эзэмшил бий болдог. Энэхүү нэг этгээдийн эд юмсыг эрх мэдэлдээ оруулж буй харилцаа нь тухайн этгээд эд юмст биеэр нөлөөлж болох бодит боломжтой болохыг харуулж байдаг. Дээр дурдсан ЦТП-1, ЦТП-2, ЦТП-6, ЦТП-7 болон бусад шугам сүлжээг манай байгууллага нь бүрэн эзэмшиж тэнд манай ээлжийн насосны машинч, засварчид ажиллаж, тоног төхөөрөмж, шугам сүлжээг хариуцаж эвдрэл гэмтлийг устган шуурхай ажиллагаа явуулдаг.
Мөн шүүх шийдвэртээ ЦТП-1, ЦТП-2, ЦТП-6, ЦТП-7 ус, дулаан дамжуулах төв нь бүхэлдээ нэхэмжлэгч Б ОНӨААТҮГ-ын эзэмшилд байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна гэсэн байна. Гэтэл нэхэмжлэгч тал хавтаст хэрэгт зөвхөн ЦТП-1 буюу нийт 35 351 668.53 төгрөгийн хөрөнгийн бүртгэлийг баримт болгон өгсөн төдий байдаг. Манай байгууллагын эзэмшилд өгсөн хөрөнгийн нийт дүн 3 538 304 659 төгрөгийн хөрөнгө байдаг. ЦТП-1, ЦТП-2, ЦТП-6, ЦТП-7 ус, дулаан дамжуулах төв нь Багануур Ус ОНӨААТҮГ-ын эзэмшилд байгаа гэсэн ямар ч нотлох баримт байхгүй байхад нотлох баримт байгаа мэтээр шийдвэртээ дурдсан нь үндэслэл бүхий болж чадахгүй байна гэж үзэж байна.
Мөн Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу хууль ёсоор эзэмшилдээ авсан эсэх нь тодорхойгүй байхад нэхэмжлэгч талд эзэмших эрх байгаа мэтээр бичсэн нь хэт нэг талыг барьсан шийдвэр болсон бөгөөд эсрэгээрээ манай байгууллага нь хуульд заасан эрх бүхий субьектүүдийн Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг үндэслэн эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэрийг үндэслэн эзэмших эрхтэй болсон гэдгийг анхаарах ёстой байсан.
Б ОНӨААТҮГ нь эрх бүхий ямар субьектийн шийдвэрээр дээр дурдсан шугам сүлжээ, дулаан дамжуулах төвүүдийг эззмших эрхтэй болсон талаар шүүх хуралдаанд манай зүгээс тавьсан асуултад тодорхой хариулт өгөөгүй бөгөөд харин 2003 онд шугам сүлжээний эзэмшлийн заагийг тогтоосон акт гэсэн 2 байгууллагын ерөнхий инженерийн гарын үсэг зурсан төдий бичгийг үндэслэл болгосноо хэлж байсан. Б ОНӨААТҮГ нь анх нийслэлийн өмчит үйлдвэрийн газар хэлбэрээр байгуулагдсан бөгөөд одоо орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байна. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт зааснаар орон нутгийн өмчийн үндсэн хөрөнгийг хувьчлах ба бусдад шилжүүлэх, шинээр олж авах жагсаалт, төлөвлөгөө, эх үүсвэрийг хэлэлцэж батлах бүрэн эрх нь тухайн аймаг, нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхэд хамаардаг.
Гэтэл ЦТП-1, ЦТП-2, ЦТП-6, ЦТП-7 ус, дулаан дамжуулах төвийг бүхэлд нь нэхэмжлэгч Б ОНӨААТҮГ-ын эзэмшилд шилжүүлсэн болон шинээр олж авсан талаарх Монгол улсын хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллагуудын шийдвэр огт гараагүй бөгөөд нэгэнт байхгүй шийдвэрийг бий болгож хавтаст хэрэгт өгөх боломжгүй учир нэхэмжлэгч тал өгөөгүй гэж үзэж байна. Дээр дурдсан 2003 онд шугам сүлжээний эзэмшлийн заагийг тогтоосон акт гэсэн 2 байгууллагын ерөнхий инженерийн гарын үсэг зурсан төдий бичгээ заагийг өөрсдөө тодорхой бичиж ирүүлсэн бөгөөд манай байгууллага нь нэхэмжлэгч талын хүсэл зоригийн илэрхийллийг хүндэтгэн үзэж хүлээн зөвшөөрч гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.
Манай байгууллага нь Б ОНӨААТҮГ-ын эзэмшилд байгаа шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчидтэй давхар дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулаагүй бөгөөд зөвхөн өөрийн эзэмшлийн шугам сүлжээнд холбогдсон хэрэглэгчидтэй дулааны эрчим хүч хэрэглэх гэрээ байгуулан ажиллаж байна. Мөн манай байгууллага нь үйл ажиллагаагаа cap, улирал, хагас жил тутам Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагуудад тайлагнаж ажилладаг 100 хувь төрийн өмчит хувьцаат компани бөгөөд хэрэглэгчидтэй давхар гэрээ байгуулж давхар төлбөр авч хэрэглэгчдийн эрх ашиг, сонирхлыг зөрчсөн үйлдэл гаргаагүй.
Харин Б ОНӨААТҮГ нь хамтран ажиллах гэрээ байгуулахаас өмнө хэрэглэгчидтэй байгуулсан гэрээгээ цуцлаагүй, сунгасан бичилт хийгээд хавтаст хэрэгт баримт болгож өгсөн байсан. Зүй нь манай байгууллагад хамтран ажиллах гэрээ байгуулах хүсэлтээ ирүүлсний дараа тухайн хэрэглэгчидтэй өмнө байгуулсан гэрээгээ цуцлах ёстой байсан. Гэтэл гэрээгээ цуцлаагүй бөгөөд гэрээнд сунгалт хийсэн тэмдэглэл үйлдэж байгаа нь хууль бус юм. Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 79 тоот тогтоолоор манай байгууллагын дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлүүдийн 2016 оны нөхцөл, шаардлагын зорилтын биелэлтийг "Сайн" үнэлгээтэйгээр дүгнэсэн. Энэ тогтоол нь Эрчим хүчний зохицуулах хорооны сайтад тавигдсан. Манай байгууллага нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэл байхгүй бөгөөд үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Б ОНӨААТҮГ нь БД ТӨХК-д холбогдуулан Багануур дүүргийн 1, 3 дугаар хорооны айл өрхүүдтэй дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Эрчим хүчний зохицуулах хорооноос 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон Тусгай зөвшөөрлийн дагуу дулаанаар зохицуулалттай хангаж ирсэн Б ОНӨААТҮГ-ын эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчидтэй “Багануур дулааны станц” ХХК нь давхар гэрээ байгуулсан гэж тайлбарласан бол хариуцагч нь татгалзлаа мөн Эрчим хүчний зохицуулах хорооноос тус компанид 2009 онд 10 жилийн хугацаатай олгосон дулаанаар хангах тусгай зөвшөөрлийн дагуу БД ТӨХК-ийн эзэмшлийн дулаан түгээх сүлжээнд холбогдсон хэрэглэгчидтэй гэрээ байгуулсан тул хууль зөрчөөгүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээ байгуулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлон, үндэслэлээ манай эзэмшлийн шугам сүлжээний хэрэглэгчтэй давхардуулан гэрээг байгуулсан гэж, хариуцагч хэрэглэгчидтэй гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн эзэмшлийн шугам сүлжээнд хамаарахгүй гэж тайлбарлаж байгаа болон үйл ажиллагааны үйлчлэх хүрээг тусгай зөвшөөрөлд тодорхойлж өгснөөс үзвэл Эрчим хүчний зохицуулах хорооноос олгосон дулааны эрчим хүчээр хангах үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэх, гэрээ байгуулах үед шугам сүлжээний эзэмшлийн зааг, тусгай зөвшөөрөлд заасан хэрэглэгчдэд үйлчлэх хүрээ давхацсан эсэх талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд маргаан үүссэн гэж үзнэ.
Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааны үйлчлэх хүрээг эрх бүхий этгээдээс тогтоож, хэрэгжилтийг хянах, тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэх бүрэн эрх нь Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.6, 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт зааснаар Эрчим хүчний зохицуулах хороонд байх ба зохигчдын маргааныг эрх бүхий этгээдээс хуулийн мөн зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан журмаар хэлэлцэн, шийдвэрлэсэн баримтыг зохигчид шүүхэд гаргаагүй.
Эрчим хүчний зохицуулах хорооны 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Б ОНӨААТҮГ-т хүргүүлсэн 4/80 албан бичигт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн дулаан дамжуулах төв болон дулааны шугамын өмчлөлийн асуудлыг эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлэх талаар дурдсан байх тул нэхэмжлэгчийн эрчим хүчний зохицуулах хороонд гомдол гаргаж хариу авсан гэх тайлбараар шугам сүлжээний эзэмшлийн зааг, үйлчлэх хүрээний талаарх маргааныг эрх бүхий этгээдээс журмын дагуу шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байхад нэхэмжлэлийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд тусгай зөвшөөрлийн үйлчлэх хүрээний талаар гарсан маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн, уг журмыг хэрэглэх боломжтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 103/ШШ2017/00290 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар Б ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
А.ОТГОНЦЭЦЭГ