Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 125/2015/0037/З |
Дугаар | 221/МА2016/0250 |
Огноо | 2016-04-20 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2016/0250
Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч О.Номуулин, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Д-мөрөн, нэхэмжлэгч Ц.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваахүү нарыг оролцуулан хийж, Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Ц.Ц-гийн нэхэмжлэлтэй, Х аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгээс илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний өмгөөлөгч Д.Э- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би улсад 27 жил ажиллаж байна. 2004 оны 9 дүгээр сарын 01-нээс 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл Х аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. 2015 оны 11 дүгээр сарын 16-ны орой 16 цаг 40 минутанд Х аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/524 дүгээр Сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамжийг танилцуулж, миний ажлыг хүлээлцсэн. Миний бие 2015 оны 9 дүгээр сард Улаанбаатар хот уруу яваад 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Намайг ирэхэд манай багш, ажилчид цэцэрлэг дээр багш нарын баярыг тэмдэглэхээр төлөвлөчихсөн байсан. Миний зүгээс багш нарын баярыг байгууллага дээр тэмдэглэхийг эрс эсэргүүцэж байсан. Гэвч хамт олны саналаар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгууллага дээр багш нарын баярын үйл ажиллагааг цомхон тэмдэглэхээр болсон. Тэр өдөр би төрийн албаны хаагчийн ёс зүйг зөрчиж ямар нэгэн зүй бус үйлдэл гаргаагүй. Багш нарын баярын үйл ажиллагаа 2 цаг гаруй үргэлжлээд тарсан. Үйл ажиллагаа дууссаны дараа 4-5 хүн үлдэж нэгэндээ гар хүрч маргалдсан гэсэн. Гэхдээ тэр маргаан нь цэцэрлэгийн хашаанаас гарсны дараа болсон байсан. Х аймгийн Боловсрол соёлын газарт гомдол гаргасныг би мэдээгүй. 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Боловсрол, соёлын газрын дарга Д.Г-оор ахлуулсан ажлын хэсэг ирээд багш ажилчидтай уулзаад явсан. Ингээд Х аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/524 дүгээр Сахилгын шийтгэл оногдуулах тухай захирамж гарсан. Х аймгийн Засаг даргын уг захирамж нь миний эрхийг зөрчсөн хууль бус захирамж гэж үзэж Төрийн албаны зөвлөлийн Х аймаг дахь салбар зөвлөлд гомдол гаргахад шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу өгсөн. Сахилгын шийтгэл оногдуулах болсон үндэслэл нь Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг, төрийн байгууллагын соёл, дэг журмыг зөрчиж, албаны байранд архидан согтуурах үйл ажиллагааг зохион байгуулж, улмаар ажилтнууд маргалдаж нэгэндээ гэмтэл учруулсан зөрчил гаргасан нь Боловсрол соёлын газраас 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн дүгнэлт, сумын Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/298 дугаар албан бичгээр нотлогдож байна гэж үзсэн байсан. Миний бие дээрх зөрчлийг гаргаагүй ба архи ууж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй, манай байгууллагын ажилчид хоорондоо маргалдсан байсан. Энэ үед би тэдэнтэй хамт байгаагүй. Хэн нэгэн хүний биед гэмтэл учирсан болох нь холбогдох байгууллагын дүгнэлтээр нотлогдоогүй. Манай байгууллагын ажилчид хоорондоо маргалдсан талаарх асуудлыг Боловсрол соёлын газраас шалгаж үзээд надад цалин бууруулах сахилгын арга хэмжээ авах саналыг Засаг даргад хүргүүлсэн байсан. Х аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/524 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж нь миний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн тул уг захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү. Шүүхэд нэхэмжлэл гаргахдаа амралтын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Одоо уг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна гэжээ.
Хариуцагч, Х аймгийн Засаг дарга Д.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: Х аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгийн эрхлэгч байсан Ц.Ц- нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр багш нарын баяр тэмдэглэх нэрийдлээр цэцэрлэгийн байранд архидалт зохион байгуулж улмаар уг цэцэрлэгийн туслах ажилтан У.Э- нь мөн цэцэрлэгийн туслах багш Н.О-ийг согтуугаар зодсоны улмаас биед нь гэмтэл учирсан байдаг. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Хэн нэгэн хүний биед гэмтэл учирсан болох нь холбогдох байгууллагын дүгнэлтээр нотлогдоогүй гэж бичжээ. Дээрх болсон явдлыг Х аймгийн Дөргөн сумын хэсгийн төлөөлөгч д/ч Ш.Сумъяа шалгаад 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 201521000353 дугаартай хэрэг үүсгэн шалгаж, 2015 оны 12 дугаар сарын 22-нд яллах дүгнэлт үйлдэхээр прокурорт шилжүүлсэн байна. Хэргийг шалгах явцад Н.О-ийн биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 422 дугаар дүгнэлтээр тогтоогддог. Аймгийн Засаг даргад хандан гаргасан Н.О-ийн гомдлын дагуу Х аймгийн Боловсрол соёлын газрын дэд дарга Д.Г-оор ахлуулсан ажлын хэсгийн гишүүдээс дараах дүгнэлтийг гаргасан байна. Дөргөн сумын иргэн Н.О-ийн өргөдөлд дурдсанаар 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагаас мөн өдрийн 23 цагийн хооронд тус цэцэрлэгийн удирдлага, багш ажиллагсад нь багш нарын баяр тэмдэглэх нэрийдлээр ажлын байранд архидан согтууруулах ундаа хэрэглэсэн нь үнэн байна гэж үзэв. Багш ажилчидтай уулзаж ярилцсан тодруулга, мэдээллийг хавсаргав гэжээ. Дээрх баримтуудаас үзэхэд цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ц- нь Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг зөрчиж, албаны байранд архидан согтуурах үйл ажиллагаа зохион байгуулсан учир Боловсролын тухай хуулийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 он 41 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн 2.1.6 дахь заалтыг зөрчсөн тул Ц.Ц-г үүрэгт ажлаас нь чөлөөлж сахилгын шийтгэл оногдуулсан болно гэжээ.
Гуравдагч этгээд Ж.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Ц- нь Дөргөн сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн томилогдож, 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн ажлаа хүлээн авч, ажиллаж байна. Энэ хугацаанд албан үүргээ сайн гүйцэтгэж байгаа гэж үзэж байна. Эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Ц-гийн ажлаас халагдсан шалтгаан тэр хэргийн талаар надад ямар ч мэдээлэл байхгүй.Түүнтэй холбоотойгоор 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн үйл ажиллагаанд оролцож, ажлаас халагдсан хүн мөн адил шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Н.О-ийн биеийн байдал тааруу байгаа, группэд орох гэж байгаа талаар түүний эгч С.Д- надтай ирж уулзахдаа хэлсэн. Эдгээр хэргүүдтэй холбоотойгоор удаа дараа шүүхэд дуудагдаж байгаа. Цаашид би нялх хүүхэдтэй учраас дуудагдаад очих боломжгүй учраас шүүх хуралд оролцохоос татгалзаж байна гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 46 дугаар шийдвэрээр Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/524 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож, Ц.Ц-г урьд эрхэлж байсан Х аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор 2.943.533 /хоёр сая есөн зуун дөчин гурван мянга таван зуун гучин гурав/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Ц.Ц-гийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваахүү давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ ...Ц.Ц-г ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар Х аймгийн Боловсрол, соёлын газрын дэргэдэх ёс зүйн хорооны дүгнэлт гаргаагүй байхад Ц.Ц-г Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн 2.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж маргаан бүхий актын үндэслэл болгосон нь буруу байна... гэжээ. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн 3.3.3 дахь хэсэгт Зөвлөл нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, багш, цэцэрлэгийн арга зүйч, багш, туслах багш, албан бус боловсролын багшийн ёс зүйн байдлын талаар цэцэрлэг, сургууль, эцэг эх, багш, суралцагч төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг, бичгээр гаргасан гомдлыг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ гэж уг ёс зүйн дүрмээр ямар ямар албан тушаалтны гаргасан ёс зүйн зөрчилд Боловсрол, соёлын газрын дэргэдэх ёс зүйн хороогоор хэлэлцэж дүгнэлт гаргахыг тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл, дээрх заалтанд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчээс бусад албан тушаалтанд хамаарахаар заасан байхад Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаар шийдвэрт Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ц-гийн ёс зүйн зөрчилд Боловсрол, соёлын газрын дэргэдэх ёс зүйн хорооны дүгнэлт гаргасан байхыг шаардах нь буруу байна. Х аймгийн Дөргөн сумын цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан байхад Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулиар зохицуулах ёстой гэсэн байдлаар хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна. Мөн Багшийн ёс зүйн дүрмийн заалтуудыг зөрчсөн багшид Хөдөлмөрийн тухай хууль, Багшлах эрх олгох, хасах журам, Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журмын хүрээнд хариуцлага тооцно гэж заажээ. Ц.Ц-д сахилгын шийтгэл ногдуулахдаа Х аймгийн Боловсрол, соёлын газрын даргаас аймгийн Засаг дарга санал асуухад Ц.Ц-д үндсэн цалинг 3 сараар 20 хувиар хасч бууруулах шийтгэл ногдуулах санал амаар өгсөн ба аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ц- нь төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг, төрийн байгууллагын соёл, дэг журмыг зөрчиж албаны байранд архидан согтуурах үйл ажиллагааг зохион байгуулсан учир Боловсролын тухай Монгол Улсын хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар баталсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн 2.1.6 дахь заалт зэргийг тус тус зөрчсөн тул аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/524 дугаартай захирамжаар Ц.Ц-г үүрэгт ажлаас нь чөлөөлж, сахилгын шийтгэл ногдуулсан болно. Иймд Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаар шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх маргааны үйл баримтын зарим хэсэгт үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн ч хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байх тул шүүхийн шийдвэрт зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгчээс ...Миний бие Шувуухай цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан ба Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг, төрийн байгууллагын соёл, дэг журмыг зөрчиж, албаны байранд архидан согтуурах үйл ажиллагааг зохион байгуулж, улмаар ажилтнууд маргалдаж нэгэндээ гэмтэл учруулсан зөрчил гаргасан гэж намайг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн... миний бие дээрх зөрчлийг гаргаагүй, архи ууж төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчөөгүй, манай байгууллагын ажилчид хоорондоо маргалдсан, би тэдэнтэй хамт байгаагүй ... хэн нэгэн хүний биед гэмтэл учирсан болох нь холбогдох байгууллагын дүгнэлтээр нотлогдоогүй...ажилчдын ёс зүйгүй үйлдлийн улмаас удирдлага хариуцлага хүлээх талаар ёс зүйн дүрэм журманд байхгүй... гэж, хариуцагчаас ... Шувуухай цэцэрлэгийн эрхлэгч байсанЦ.Ц- нь багш нарын баяр тэмдэглэх нэрийдлээр цэцэрлэгийн байранд архидалт зохион байгуулж улмаар уг цэцэрлэгийн туслах ажилтан, туслах багш нар согтуугаар зодолдсон... дээрхээс үзэхэд цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ц- нь Төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг, төрийн байгууллагын соёл, дэг журмыг зөрчиж, албаны байранд архидан согтуурах үйл ажиллагааг зохион байгуулсан учир түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх сахилгын шийтгэл ногдуулсан нь зөв... гэж тус тус маргасан байна.
Шүүх ...нэхэмжлэгч Ц.Ц-г ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар Х аймгийн Боловсрол, соёлын газрын дэргэдэх ёс зүйн хорооны дүгнэлт гараагүй байхад түүнийг Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрмийн 2.1.6 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж маргаан бүхий актын үндэслэл болгосон нь буруу..., Боловсрол соёлын газраас ажлаас халах санал ирүүлээгүй байхад ажлаас чөлөөлсөн нь буруу... гэж тус тус зөв дүгнэсэн байна.
Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д аймгийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тодорхойлон заасан бөгөөд 30 дугаар зүйлийн 30.1.15-д ... цэцэрлэгийн эрхлэгчийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна, 131.1.3-д ажлаас халах гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл хэрэв төрийн үйлчилгээний албан хаагч хөдөлмөрийн гэрээ, дотоод журам зөрчсөн бол эрх бүхий албан тушаалтнаас Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн төрлүүдээс аль тохирохыг сонгож сахилгын шийтгэл ногдуулах эрх хэмжээг хэрэгжүүлэхээр байх ба энэхүү маргааны тохиолдолд хариуцагч нь цэцэрлэгийн эрхлэгчид сахилгын шийтгэл ногдуулахдаа Боловсролын тухай хуульд заасны дагуу Боловрол соёлын газрын саналыг үндэслэх, түүнчлэн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм-д заасны дагуу иргэний гомдлыг Боловсрол соёлын газрын дэргэдэх Орон тооны бус зөвлөл-д шилжүүлж дүгнэлт гаргуулах байтал дүгнэлт гаргуулаагүй атлаа ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн, түүнчлэн Боловсрол соёлын газрын саналыг үндэслэлгүйгээр нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу байна.
Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дүгээр тушаалаар батлагдсан ...багшийг ёс зүйн зөрчлөөс сэргийлэн, мэргэжлийн нэр төрийг нь хамгаалах... зорилго бүхий Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм-ын 3.3.3-д Зөвлөл нь ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтан, багш, цэцэрлэгийн арга зүйч, багш, туслах багш, албан бус боловсролын багшийн ёс зүйн байдлын талаар цэцэрлэг, сургууль, эцэг эх, багш, суралцагч төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн албан бичиг, бичгээр гаргасан гомдлыг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллага болон гомдол гаргагчид хариу мэдэгдэнэ гэж заажээ.
Хэрэгт авагдсан Х аймгийн Боловсрол, соёлын газрын дэргэдэх ёс зүйн хорооны 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 43 тоот албан бичгээс үзвэл Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгийн багш Н.О- нь Боловсрол, соёлын газрын дэргэдэх орон тооны бус ёс зүйн зөвлөлд гомдол гаргаагүй нь тогтоогдож байна. харин тэрээр аймгийн Засаг даргад хандаж гаргасан гомдлыг Боловсрол соёлын газрын дэргэдэх ёс зүйн зөвлөлд шилжүүлж дүгнэлт гаргуулалгүй атлаа ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь дээрх журамд заасантай нийцээгүй байна.
Түүнчлэн тус аймгийн Боловсрол, соёлын газрын даргын ...үндсэн цалинг 20 хүртэл хувиар бууруулахсаналыг амаар хэлсэн гэх албан бичиг[1], хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Боловсрол соёлын газрын даргаас аймгийн Засаг дарга санал асуухад Ц.Ц-д үндсэн цалинг 3 сараар 20 хувиар хасаж бууруулах шийтгэл ноогдуулах санал амаар өгсөн. Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд цэцэрлэгийн эрхлэгч Ц.Ц- нь ... ажлын байранд архидан согтуулах үйл ажиллагааг зохион байгуулсан учир ... үүрэгт ажлаас нь чөлөөлж сахилгын шийтгэл ногдуулсан... гэх тайлбар зэргээс үзвэл Боловсрол соёлын газраас Ц.Ц-д цалинг 3 сараар 20 хувиар хасаж бууруулах сахилгын шийтгэл ногдуулах саналыг гаргасан байхад хариуцагч нь тус саналыг үндэслэлгүйгээр нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д заасныг зөрчсөн байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Аймгийн Засаг даргад хандан гаргасан Н.О-ийн гомдлын дагуу ... ажлын хэсэг газар дээр нь очиж шалгаад ажлын хэсгийн гишүүдээс дараах дүгнэлтийг гаргасан... уг дүгнэлтийг үндэслэн Ц.Ц-г үүрэгт ажлаас нь чөлөөлж сахилгын шийтгэл ногдуулсан... гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Хэрэгт авагдсан Боловсрол соёлын газрын даргын 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/40 дүгээр тушаалаар Дөргөн сумын хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилчдын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх зорилго бүхий Ажлын хэсэг байгуулах тухай тушаалын дагуу ажилласан ажлын хэсгийн Илтгэх хуудас[2]-т ...2015 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагаас багш нарын баярыг тус цэцэрлэгт үйлчилгээний ажилчид нь зохион байгуулж, багш нараа хүлээн авсан байна ... тус цэцэрлэгийн удирдлага, багш ажиллагсад нь багш нарын баяр тэмдэглэх нэрийн дор ажлын байранд архидан согтууруулах ундаа хэрэглэсэн нь үнэн байна... гэснийг нэхэмжлэгч Ц.Ц-г ёс зүйн зөрчил гаргасан-ыг тогтоосон Боловсрол, соёлын газрын дэргэдэх Орон тооны бус ёс зүйн зөвлөлийн дүгнэлт гэж үзэх боломжгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Х аймгийн Дөргөн сумын цэцэрлэгийн эрхлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т заасан төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан байхад анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулиар зохицуулах ёстой гэсэн байдлаар хуулийг буруу тайлбарласан гэж үзэхээр байна... гэх давж заалдах гомдол үндэслэлтэй ч шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-д төрийн захиргааны алба болон төрийн тусгай албыг төрийн жинхэнэ алба гэж заасан, 9 дүгээр зүйлийн 9.1-д Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна, 9.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал гэж тус тус заасан ба тус хуулийн 25, 26 дугаар зүйлийн зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчид, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх заалт нь төрийн үйлчилгээний албан хаагчид тус тус хамаарахаар байна.
Хэрэгт авагдсан Х аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/90 тоот захирамжаар Ц.Ц-г Х аймгийн Дөргөн сумын цэцэрлэгийн эрхлэгчээр томилсон, түүний цалинг ТҮБД-6-ийн 5 дахь шатлал-аар цалинжуулахаар шийдвэрлэснээс үзвэл Ц.Ц- нь төрийн үйлчилгээний албан хаагч байна.
Гэтэл анхан шатны шүүх ... Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг захиргааны санаачилгаар дуусгавар болгохдоо ... мөн хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-д зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгааг зохицуулжээ. Хариуцагч нь Ц.Ц-г ... ажлаас халсан маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг баримтлан төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна... гэж төрийн жинхэнэ албан хаагчид хамаарах хуулийн зохицуулалтыг төрийн үйлчилгээний албан хаагчид шууд хамаатуулан хуулийг буруу тайлбарласан байна.
Харин анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсгийн зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг зөв тооцож, уг нөхөн олговроос нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож олгуулахаар шийдвэрлэсэн нь зөв байх боловч нэхэмжлэгчийн ...амралтын мөнгө гаргуулах... нэхэмжлэлийн шаардлагын татгалзлыг батлахдаа нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаны үр дагаврыг тодруулж танилцуулан баталгаажуулаагүй нь буруу байхын дээр, нэхэмжлэгчид эрх олгосон хуулийн зүйл заалтыг баримталсан нь буруу байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 6 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Х аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/524 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгож, Ц.Ц-г урьд эрхэлж байсан Х аймгийн Дөргөн сумын Шувуухай цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Ц- нь амралтын мөнгө гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ