Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 91

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Х.Ганболд нарын бүрэлдэхүүнтэйгээр

Нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн

Улсын яллагч С.Болорчулуун

Иргэдийн төлөөлөгч А.Ариунболд

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192.1 -т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн харъяат,1982 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, архитектор мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хорооллын 27 дугаар байрны 203 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Их мэргэн овогт Чинбатын Бат-Оргилд /РД: ЧТ82012810/ холбогдох  201601000030 тоот эрүүгийн  хэргийг хянан хэлэлцэв. Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Ч.Бат-Оргил нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метафетамины агууламжтай уутнуудын хамт 32 грамм “мөс” гэх, мөн дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 33 грамм жинтэй “шавар” гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг БНХАУ-ын нутаг дэвсгэрээс борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч биедээ хадгалсан, дээрх бодисуудыг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр халуун тогооны доод талд нууж, иргэн Н.Ган-Эрдэнэд “...үүнийг хилээр гараад өгөөч... цааш нь Замын-Үүдээсээ Улаанбаатар хот руу явуулна... өөрсдөө Бээжин явах гэж байгаа юм” хэмээн хэлж түүний эзэмшлийн 46-99 ДГО улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашинд ачуулан, улмаар өөрөө тухайн автомашины араас өөр тээврийн хэрэгслээр даган явж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн  гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт өсгөн:

Шүүгдэгч Ч.Бат-Оргилын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“  Би 2016 оны 01 сарын 25-нд Бээжин яваад 29-нд ирсэн юм.  Бээжин рүү дугуйны үйлдвэр сонирхох гэж явсан. Тэнд очоод үйлдвэрээ олсон хирнээ очиж уулзаагүй ирсэн. Бат-Эрдэнэ бид 2 Эрээнд ирээд цагаан сар болж байсан учраас Эрээний захаас халуун тогоо, будаа агшаагч, хувцас хатаагч, 2 ширхэг цар зэргийг авсан. Хувцас хатаагч овортой тул бидний сууж явах жижиг машинд багтахгүй гэж бодоод авсан зүйлсээ Эрээнээс 469 машинд 50 юань өгч явуулсан бөгөөд тэр жолоочийг цаашаа хот явах хүн байвал өгөөд явуулаач гээд Эрээнээс авсан мобигийн дугаарыг дээр нь тэмдэглэж үлдээсэн. Ингээд өөрсдөө Замын-Үүд рүү өөр машинаар орж ирээд хотру явах гэтэл тагнуулынхан барьж авсан. Тэгээд л зодсон.  Яаснаа ч сайн мэдээгүй, зодож байгаад нэг буудалд аваачиж хонуулаад маргааш нь тагнуулын байранд аваачсан. Тэгээд нөгөө хайрцагтай зүйлийг задалсан, скоч нь сэрдийсэн байсан. Тогооны доороос гарч ирсэн зүйл минийх биш, хэн тэнд хийснийг мэдэхгүй байна, бас тэр жижиг цүнх минийх, гэхдээ эмнээс бусад гаанс энэ тэр нь минийх биш. Миний бие өвддөг учраас эм авч явдаг юм. СД дээр бичлэг хийхэд мэдүүлсэн мэдүүлгийг зохиож хэлсэн. Тэгж ярихгүй бол зодуулаад үхэх юм байна гэж бодсон. ” гэсэн мэдүүлэг

-Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэргийн талаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Ч.Бат-Оргилын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн “...Бат-Эрдэнэ бид 2 мөнгөгүй болоод эхнэр Сэлэнгээгээс 1 сая төгрөг мөнгөн гуйвуулгаар шилжүүлж авсан ...Эрээнд ирээд зээл дотор байдаг нэг дэн буудалд буугаад зээлээс би гэртээ хувцас хатаагч, ул боов тавьдаг цар 2 ширхэг, дээрээ жигнүүртэй халуун тогтоо аваад Бат-Эрдэнэ нэг түргэн буцалгагч авсан. Бид 2 авсан юмнуудаа буудалдаа авч ирээд бүгдийг нь холбож хар уутаар бүтээж скочоор боосон ...ачаагаа Эрээнээс 69 машины жолоочид өгөөд жолооч хот руу явах хүнд өгөөд явуулъя гэсэн. Би ямар ч утасгүй явж байсан болохоор Эрээн дээрээс 94-тэй мобигийн дугаар худалдаж авсан байсан болохоор тэр дугаараа бараа авч явсан жолооч болон хот руу явна гэсэн залууд тэмдэглүүлээд, ачаан дээрээ бас бичээд өгсөн...Жижиг хар өнгөтэй цахилгаантай цүнх миний цүнх... Тухайн үед би БНХАУ руу явахдаа авч явсан ...Эрээн хотын зээлээс хувцас хатаагч, цар, түргэн буцалгагч, халуун тогоо, жигнүүрийн хамт зэрэг эд зүйлсийг авсан. Би буудалдаа ганцаараа бараагаа янзалж багцалсан. ...Надад 1 орчим сая төгрөг байсан, Бээжинд очоод байсан мөнгөөрөө шоудаад дуусчихаар нь эхнэрээс авсан” гэх мэдүүлэг/1xx-ийн 244, 248-249/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1xx-ийн 5/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1xx-ийн 10-18/

Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1xx-ийн 19-20/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1xx-ийн 37-41, 43-48/

Шинжилгээнд дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1xx-ийн 50-52/

Шүүгдэгч Ч.Бат-Оргилын  Е-156052 тоот, мөн Г.Бат-Эрдэнийн Е-1581427 тоот   Монгол Улсын гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /1xx-ийн 55-60/

Sandisk гэсэн бичиглэлтэй хар, улаан өнгө хосолсон флаш дискэнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1xx-ийн 155-156/

Эд мөрийн баримтаар 32 грамм Мөс нэршилтэй, тетрагидроканнабинолын агууламжтай 33 грамм Шавар гэх нэршилтэй тус тус мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисууд, хар өнгийн жижиг цүнхнээс гарсан 2 ширхэг цагаан өнгийн резинэн соруул, 4 ширхэг шилэн  гаанс мэт,  цэцгэн толгойтой бор саарал өнгийн бариултай 21 см  урттай атвирка,  Sandisk гэсэн бичиглэлтэй хар улаан өнгө хосолсон флаш диск, 1820  гэсэн бичиглэлтэй СД, SONY DVD-R 120min/4.7 GB AccuCORE RW DVD+R гэсэн бичиглэлтэй саарал өнгийн СД дээр улаан өнгөөр Бат-Оргил СД бичлэг гэсэн саарал өнгийн  СД зэргийг тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1xx-ийн 157-158, 159, 2xx-ийн 120/

Гэрч С.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн:

“...би машинаас буугаад хажууд нь зогсож байтал жолооч хүн багатай байна, олдохгүй байна, 50 юаниар дайвар ачаа оллоо гээд 2 залуу дагуулаад хувцас хатаагч, том халуун тогоо, түргэн чанагч 3-ыг хооронд нь холбоод скочоор ороосон байсныг машиндаа ачсан. Тэр 2 залуу энэ ачааг Улаанбаатар хот руу өгч явуулах юм, та хүн олоод явуулчихаарай гэж хэлснийг жолооч надад хандаад чи ачаа багатай байгаа юм чинь, замдаа идэх хоолны мөнгө аваад, энэ ачааг нь Улаанбаатар хот руу аваад явчих юм уу гэхээр нь би цааргалаагүй, ачаа багатай юм чинь аваад явъя, хөнгөн юм байна гээд өөрийнхөө утасны дугаарыг нөгөө 2 залууд өгөөд, тэр 2 залуу надад утасныхаа дугаарыг өгөөгүй, хотод очихоороо энэ дугаар луу яриад өгчих, хүн тосоод авна гээд хайрцган дээр нэг утасны дугаар биччихсэн байсан...18 цагт вагондоо суугаад Улаанбаатар хот руу хөдөлсөн. Замд явж байхад 19 цагийн үед байх нарийн санахгүй байна над руу хайрцган дээр бичээстэй байсан дугаараас залгаад нэг залуу та хэддүгээр вагонд явж байна, хаана явж байна, өглөө тосч авнаа гээд салгасан...Гаднаас нь харахад хажуу талд нь хувцас хатаагч доор нь том хайрцагтай халуун тогоо, дээр нь жижгэвтэр хайрцагтай түргэн чанагч юм уу будаа агшаагч зэргийг нийлүүлээд хар уутаар бүтээгээд скочоор боосон байсан. Дотор нь юу байгааг мэдээгүй. Харин Замын-Үүдэд ирээд тагнуулын байгууллагын ажилчдын хамтаар тогооны ёроолыг задалж үзэхэд 5 ширхэг жижиг гялгар ууттай  зүйл байснаас  3 ууттай нь цагаан өнгийн  хатуу зүйл, 2 ууттай нь бор өнгийн хатуу зүйл байсан...хайрцган дээр хотод тосч авах хүний 94190302 гэсэн дугаар бичсэн байсан” гэсэн мэдүүлэг /1xx-ийн 169-170/,

Гэрч С.Мөнхбаяр мөрдөн байцаалтад өсгөн:

“Тэр үедээ ачааг  хураан авахдаа үзлэг хийгээгүй, тэр хар өнгийн  боодолтой зүйлийг нь  цаасаар лац хийгээд  лацдаад  надаар бариулаад явсан. Сайншанд өртөөнөөс намайг  хар өнгийн жижиг хар машинаар  авч явсан ба би тэр машины хойд  талын суудалд суугаад  хажуудаа тэр ачааг  тавиад  Замын Үүдэд ирсэн. Уг ачаанд үзлэг хийх үед надаас  хураан авсан тэр чигээрээ  лацтайгаа байсан” гэсэн мэдүүлэг /2-рхх-ийн 98/

Гэрч Д.Гэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...машиныг гарч шалгахад бидэнд багаж хэрэгсэл гэж байдаггүй, өөрсдийн хараа мэдрэмжээр л шалгадаг, уг машинд зохих журмын дагуу шалгалт хийсэн, шинээрээ байгаа хайрцагтай барааг задалж ар тагийг онгойлгож үзээгүй” гэсэн мэдүүлэг /1xx-ийн 165/,

Гэрч Н.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Би хувиараа Дорноговь аймаг Замын-Үүд суманд Эрээн Замын-Үүд рүү УАЗ 469 маркийн 46-99 ДГО улсын дугаартай авто машинаар хүн ба ачаа тээвэрлэдэг. 2016 оны 01 дүгээр сарын 21-ны өдөр 10-11.00 цагийн үед ЗамынҮүдээс БНХАУ-ын Эрээн хот руу хүн ба ачаа тээвэрлэхээр автомашинтайгаа хилээр гарсан. Өдөр 15 цагийн үед Тянхуа гэх буудлын тэнд автомашинтайгаа зогсож байтал үл таних залуу 30-35 орчим насны хар бараан өнгийн хувцастай 2 залуу /Г.Бат-Эрдэнэ, Ч.Бат-Оргил/-тай ирээд халуун тогоо, жигнүүр, хатаагч 3 байгаа үүнийг хилээр гаргаад өгөөч бид хоёр өөрсдөө Бээжин явах гэж байгаа юм гэсэн тэгээд хэдэн төгрөг вэ гэхээр нь 50 юань буюу 15.000 төгрөг гэсэн тэгээд цааш нь Замын-Үүдээсээ Улаанбаатар хот руу явуулна 10.000 төгрөг өгье гэсэн тэгээд битүү хар өнгийн гялгар уутаар ороож скочидсон хайрцагтай дээр нь битүү чанагч тавьж скочидсон зүйл өгсөн. Мөн хайрцган дээрээ тэр хоёр залуу 94190302 гэх гар утасныхаа дугаарыг тавиад энэ дугаар руу ярихаар хотоос хүн вагоноос тосч авна. Би тэр хоёр залуугаас 50 юань буюу 15.000 төгрөгийг ачаатай нь хамт аваад Улаанбаатар хот руу вагоноор явах гэж байсан зорчигчид нэрийг нь мэдэхгүй ахад /С.Мөнхбаяр/ өгч явуулсан. Гэхдээ би мөнгө ачааг нь аваад автомашинаараа Замын-Үүд рүү хилээр гараад Замын-Үүдээсээ нөгөө вагоноор явах гэж байгаа ахад /С.Мөнхбаярд/ өгч явуулсан. Тэгээд 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 18 цаг 36 минутанд 94190302 дугаарын утаснаас миний 99238423 дугаарын утас руу залгаад нөгөө ачаагаа явуулсан уу гэхээр нь миний хажууд сууж явсан вагоноор явна гэсэн хүнд өгч явуулсан гэсэн тэгтэл за за гээд утсаа тасалсан...Намайг Эрээн хотоос Замын-Үүд рүү хилээр нэвтрэх үед хилийн гаалийн ажилтан болон хилийн мэргэжлийн хяналтын алба шалгаж үзсэн. Гэхдээ надаас энэ юу вэ гэхээр нь халуун тогоо, хувцас хатаагч байгаа юм гэж хэлсэн гаднаас харчихаад задалж үзэлгүй явсан” гэx мэдүүлэг /1xx-ийн 177/

Шинжээч Б.Соёлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“...Сэргээгч эм, бодис гэдэг нь Олон улсын ангиллаар сэтгэцийг сэргээгч эм, бодис юм. Энэ нь Олон улсын 10 дугаар ангиллаар F-15 гэсэн ангилалд багтдаг. Энэ бодисыг тодорхой давтамжтай хэрэглэснээр олон хоног нойргүй болгох, ядрах цуцахыг мэдэхгүй хэдэн хоногоор ажил төрлөө хийх боломжтой болдог мөн ажлын идэвхийг сайжруулахын тулд хэрэглэдэг. Энэ бодист метамфетамин ордог. Сэргээгч эм бодис нь бусад төрлийн бодисыг бодвол сэргээх үйлчилгээ нь илүү учраас хүнийг нойргүй болгох, ядрах цуцахыг мэдэхгүй болгодог үүнд метафетамин орж байгаа юм” гэx мэдүүлэг /1xx-ийн 186-187/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “…3. Шинжилгээнд ирүүлсэн 1-3 хүртэл дугаарласан цагаан өнгийн мөс мэт зүйлд метамфатамин /methamphetamine/ илэрсэн.

4.Метамфатамин /methamphetamine/ нь 1971 оны НҮБ-ийн сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно.

5.Шинжилгээнд ирүүлсэн 4-5 хүртэл дугаарласан шавар мэт зүйлд дельта 9 тетрагидроканнабинол илэрсэн.

6.Дельта 9 тетрагидроканнабинол нь 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно гэсэн 1452 дугаартай дүгнэлт /1 хx-ийн 193-194/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “…1. Ч.Бат-Оргил нь 2014 оноос сэргээгч эм бодисыг хэрэглэдэг болсон байна.

2. Одоо Ч.Бат-Оргил нь “Сэргээгч эм, бодисын” хэрэглэгч, сэтгэцийн эмгэгтэй байна.

3. Ч.Бат-Оргил нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Ч.Бат-Оргил нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

5. Ч.Бат-Оргил нь сэргээгч эм бодисыг хэрэглэгч байна.

6. Ч.Бат-Оргил нь Мефафетаминыг хэрэглэдэг байна. Энэ эмгэгийг Монголд эмчлэх боломжтой.

7. Ч.Бат-Оргилд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

8. Ч.Бат-Оргил нь мансууруулах эм бодисын хамааралтай, донтолттой хоерын ялгааг шинжилгээгээр тодруулах боломжгүй” гэсэн 126 дугаартай дүгнэлт /1 хx-ийн 209-211/

Г.Бат-Эрдэнийн сэжигтнээр мөрдөн байцаалтад өгсөн:

“...Маргааш нь буюу 01 сарын 28-ны өдөр Бат-Оргил ахын төрсөн өдөр байсан, бид хоёр буудлаасаа 12 цагийн үед гараад үүдэнд нь ах гар утсаараа нэг хүнтэй англиар яриад байсан. Утсаа таслаад надад нэг найзтайгаа уулзах ёстой юм, одоохондоо арай ирэх болоогүй гэж байна хоёулаа хоол идье гэхээр нь КFC орж хоол идчихээд тэр хавийн дэлгүүр үзүүлье гээд дэлгүүр хэссэн. Тэгэж байтал ахтай уулзах найз нь ирээд намайг гадаа сандал дээр сууж бай гээд, надаас 15 орчим метрийн зайд нэг хар арьстай залуутай уулзаад юм ярьж байгаад 20 минутын дараа над руу хамт ирсэн. Бид 3 такси бариад Мошионы автобусны буудал орох замд нөгөө хар арьстай залуу буугаад үлдсэн. Ах бид 2 буудал дээр ирээд унтлагны автобусанд суугаад Эрээнд 01 сарын 29-ний өглөө 07 цагт ирсэн. Тэндээс таксинд суугаад Зээлийн хажуу талын 1 буудалд ороод 14 цаг хүртэл унтаж байгаад сэрсэн. Ах намайг урагшаа яваад ирж байгаа юм чинь гэртээ нэг юм ав, ах нь авч өгье гэхээр нь би битүү чанагч, хувцас хатаагч аваад, ах болохоор халуун тогоо, 2 ширхэг цар авсан. Зээлийн хажуу талын нэг жижиг буудалд удалгүй гарна гээд 20 юань төлж ороод ах намайг хар уут, скоч аваад ир гээд мөнгө өгөөд гаргасан. Би 15-20 орчим минут болоод буцаж ирээд ачаа бараагаа нийлүүлж баглаад буудлаасаа гарсан. Буудлын хажууханд машины зогсоол байхаар нь ах жолооч нартай нь уулзаж байгаад нэг 69-ийн жолоочид 50 юань өгөөд Улаанбаатар хот хүртэл өгч явуулахаар болсон. Ах хэлэхдээ хоёулаа жижиг тэргээр хот руу явах учраас багаажинд нь наатах чинь багтахгүй, 69-т өгөөд явуулчихъя, хотод очоод тосоод авчихна гэж байсан. Ачаагаа өгч явуулаад бид хоёр зээлийн хажууд хоол идээд 69-т суугаад хилээр гарч ирсэн. Замын-Үүдийн вокзал дээр ирээд замдаа өлсөнө гээд бас хоол идчихээд жижиг тэрэгт хүний 50,000 төгрөгөөр тохироод машинд нь суутал урд сууж байсан 2 залуу хэсэг явж байгаад нэг газар очиж буулгаад ах бид 2-ыг барьж авсан. Хэсэг хугацааны дараа ах бүх үнэнээ хэлэхэд би юу болоод байгааг ойлгосон. ...Ах тэр хар арьстай залуутай англи хэлээр яриад байсан. Би хэл мэдэхгүй болохоор юуны талаар ярилцсаныг мэдэхгүй байна” гэx мэдүүлэг /2xx-ийн 3/

Монгол улсын Олон Улсын гэрээ, Сэтгэцэд  нөлөөлөх бодисын тухай конвенц /2-р хх-ийн 7-14/

Шүүгдэгч Ч.Бат-Оргилын Монголын улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /2-р хх-ийн 33-34/

Шүүгдэгч Ч.Бат-Оргил нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шалгах хуудас /2-р хх-ийн 47/

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцагийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтүүд, түүнийг шийдвэрлэсэн байдлууд /хх-ийн 70-85/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2-р xx-ийн 99-105/

Таньж олуулсан тухай тэмдэглэл /2-р xx-ийн 106-111/

СД-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2-р xx-ийн 116-119/

Гэрч Ч.Одгэрэлийн мөрдөн байцаалтад өсгөн:

“…Хар өнгийн гялгар уутаар ороож скочидсон хайрцагтай зүйлсийг задалж онгойлгоход  халуун тогоо, битүү чанагч, хоёр ширхэг модон цар зэрэг эд зүйлс гарч ирсэн бөгөөд халуун доод хэсгийг онгойлоход  тус тус савалсан жижигхэн гялгар ууттай 5 ширхэг зүйл гарч ирсэнээс  3 ширхэг нь цагаан өнгөтэй байсан. Нөгөө хоёр нь бор өнгөтэй байсан санагдаж байна.  Дээрх зүйлсийг хар тамхи гэж хэлж байсан “ гэсэн мэдүүлэг / 2-р хх-ийн137/

Шүүгдэгч Ч.Бат-Оргилын биеийн эрүүл мэндийг тодорхойлсон баримтууд /2-р хх-ийн 35-45, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн баримтууд/

Гэрч Жагдагсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “ …хүү маань 1000-д нэг тохиолдох тархины өвчтэй, толгой нь өвдөхөөрөө ухаан алдаж унадаг, мөн зүрх, элэгний өвтэй, ходоодны шархтай, 50 кг жинтэй, эмнэлгийн хяналтанд байдаг” гэсэн мэдүүлэг  /1-р хх-ийн 176/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.Бат-Оргил нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотын нутаг дэвсгэрээс 1971 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтдаг метафетамины агууламжтай 32 грамм “мөс” гэх зүйл, мөн дельта 9 тетрагидроканнабинолын агууламжтай 33 грамм жинтэй “шавар” гэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, хадгалсан,

Мөн дээрх бодисуудыг 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотын захаас халуун тогоо худалдан авч, түүнийхээ доод талын хэсэгт нууж, Эрээн хотоос Замын-Үүд сум руу зорчигч тээвэр эрхэлдэг Н.Ган-Эрдэнэ гэгчид тээврийн хөлсөнд 50 юань өгч “...үүнийг хилээр гараад өгөөч, тэгээд цааш нь Замын-Үүдээсээ Улаанбаатар хот руу явуулна... өөрсдөө Бээжин явах гэж байгаа юм” хэмээн хэлж түүний эзэмшлийн 46-99 ДГО улсын дугаартай УАЗ 469 маркийн автомашинд ачуулан, улмаар өөрөө тухайн автомашины араас өөр тээврийн хэрэгслээр даган явж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2, 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Бат-Оргилын дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шижнлэн судлагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1xx-ийн 5/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1xx-ийн 10-18/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1xx-ийн 19-20/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1xx-ийн 37-41, 43-48/, шинжилгээнд дээж авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1xx-ийн 50-52/, шүүгдэгч Ч.Бат-Оргилын  Е-156052 дугаартай Монгол Улсын гадаад паспортонд үзлэг хийсэн тэмдэглэл /1xx-ийн 55-60/, эд мөрийн баримтаар 32 грамм Мөс нэршилтэй, тетрагидроканнабинолын агууламжтай 33 грамм Шавар гэх нэршилтэй тус тус мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисууд, 2 ширхэг цагаан өнгийн резинэн соруул, 4 ширхэг шилэн  гаанс мэт,  цэцгэн толгойтой бор саарал өнгийн бариултай 21 см  урттай атвирка,  Sandisk гэсэн бичиглэлтэй хар улаан өнгө хосолсон флаш диск, 1820  гэсэн бичиглэлтэй СД, улаан өнгөөр Бат-Оргил гэж бичсэн дотроо бичлэгтэй саарал өнгийн СД зэргийг тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1xx-ийн 157-158, 159, 2xx-ийн 120/, гэрч С.Мөнхбаярын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд /1-р хх-ийн 169-170, 2-р хх-ийн 98, /,  гэрч Н.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 177/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1452 тоот шинжээчийн  дүгнэлт /1 хx-ийн 193-194/, Монгол Улсын Олон Улсын гэрээ, Сэтгэцэд  нөлөөлөх бодисын тухай конвенц /2-р хх-ийн 7-14/, шүүгдэгч Ч.Бат-Оргилын Монголын Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /2-р хх-ийн 33-34/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /2-р xx-ийн 99-105/, гэрч Ч.Одгэрэлийн мэдүүлэг /2-р хх-ийн137/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Цэрэнпунцаг нь эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчиж хийгдсэн, Г.Бат-Эрдэнэ нь шүүгдэгч Ч.Бат-Оргилтой садан төрлийн холбоотой байхад түүнийг сэжигтнээр байцаахдаа Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүн, садан төрлийнхөө эсрэг мэдүүлэхгүй байх эрхтэй гэдгийг тайлбарлаагүй мэдүүлэг авсан  учраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т зааснаар нотлох чадвараа алдсан, өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүдийг хэрэгт шийдсэн атлаа энэ талаараа мэдэгдээгүй, гомдол гаргах эрхээр хангаагүй, улсын яллагчаас шүүгдэгчийг мансууруулах бодисыг хадгалсан гэж дүгнэж байгаа боловч түүний биеэс хар тамхи илрээгүй зэрэг нөхцөл байдал хэрэгт тогтоогдсон байгаа тул эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т зааснаар хэрэгсэхгүй болгуулах саналыг гаргаж мэтгэлцсэн болно.

Хэдийгээр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлийг Тагнуулын байгууллагын ажилтнууд хийсэн хэдий боловч агуулгын хувьд хууль зөрчөөгүй,  Г.Бат-Эрдэнийг сэжигтнээр байцаахдаа Үндсэн хуульд заасан гэр бүлийн гишүүн, садан төрлийнхөө эсрэг мэдүүлэхгүй байх эрхтэй гэдгийг тайлбарлаагүй мэдүүлэг авсан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, өмгөөлөгчийн мөрдөн байцаалтад гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаараа прокурор хариу өгөөгүй, гомдол гаргах эрхээр хангаагүй зэрэг нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болохгүй юм. Түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн хэргийн талаар шалгасан нотлох баримтуудыг үнэлэхэд ямар нэг байдлаар эргэлзээтэй байдал үүсээгүй, түүний гэм бурууг нотолсон нотлох баримтуудыг няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Мөн шүүгдэгч нь мансууруулах бодисыг яг биедээ авч яваагүй боловч БНХАУ-ын Эрээн хотоос халуун тогоо худалдан авч, түүний дор нуусан нь хэрэгт тогтоогдсон байх ба “ хадгалсан “ гэж мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм  бэлдмэлийг тусгайлан бэлтгэж нуусан байхыг ойлгох юм.

Иймд Нийслэлийн Прокурорын Газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг шүүгдэгч Ч.Бат-Оргилын үйлдэлд тохирсон байх тул түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт тогтоогдсон байх ба энэ нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл болно.

Түүнчлэн Ч.Бат-Оргил нь биеийн эрүүл мэндийн хувьд тархины мигрень, элэгний өвчний улмаас эмнэлэгийн хяналтанд байдаг талаар гэрч Жагдарсүрэн мэдүүлдэг бөгөөд эмнэлгийн хяналтанд байдаг талаар эмнэлгийн бичиг баримтуудыг шүүхэд ирүүлжээ.

Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь нь зүйтэй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551 .1-т заасан журамыг хэрэглэн шүүгдэгчид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүйгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар  хорих ял эдлүүлэх дэглэмийг  хөнгөрүүлж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн метафетамины агууламжтай уутнуудын хамт 32 грамм Мөс гэх, тетрагидроканнабинолын агууламжтай уутнуудын хамт 33 грамм Шавар гэх  мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисууд, 2 ширхэг цагаан өнгийн резинэн соруул, 4 ширхэг шилэн  гаанс мэт зүйл,  цэцгэн толгойтой бор саарал өнгийн бариултай 21 см  урттай атвирка зэргийг утсгаж,  Sandisk гэсэн бичиглэлтэй хар улаан өнгө хосолсон флаш диск, 1820  гэсэн бичиглэлтэй СД, улаан өнгөөр Бат-Оргил гэж бичсэн дотроо бичлэгтэй саарал өнгийн СД зэргийг хэрэгт хавсарган үлдээж, халуун тогоо болон хэргийн хамт шүүхэд ирсэн шүүгдэгч Ч.Бат-Оргилын  Е-156052 тоот гадаад пасторт, хар өнгийн жижиг цүнх зэргийг шүүгдэгч Ч.Бат-Оргилд, мөн Г.Бат-Эрдэнийн Е-1581427 тоот гадаад паспорыг  Г.Бат-Эрдэнэд тус тус олгох нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Бат-Оргилын гадаадад хувийн хэргээр зорчих эрхийг Монгол Улсын иргэн Гадаадад хувийн хэргээр  зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар  2016 оны 05 сарын 05-ны өдрөөс түдгэлзүүлсэн байна. Нэгэнт шүүгдэгчид хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн тул уг тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байх ба Прокурорын байгууллагаас түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл дахин гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэх боломжтой юм.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284-286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Их Мэргэн овогт  Чинбатын Бат-Оргилыг  мансууруулах  бодисыг  хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлэх, мансууруулах бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Чинбатын Бат-Оргилыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 зааснаар 1 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-т зааснаар 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар  хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар  шүүгдэгч Ч.Бат-Оргилд оногдуулсан ялын хөнгөнийг хүндэд багтааж,  биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т зааснаар шүүгдэгч Ч.Бат-Оргилд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эргтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Ч.Бат-Оргилын цагдан хоригдсон 3 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6.Шүүгдэгч Ч.Бат-Оргил нь  бусдад  төлөх төлбөргүй, хэргийн хамт ирсэн түүний  Е-156052 тоот гадаад пастортыг шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн метафетамины агууламжтай уутнуудын хамт 32 грамм Мөс гэх, тетрагидроканнабинолын агууламжтай уутнуудын хамт 33 грамм Шавар гэх мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисууд, 2 ширхэг цагаан өнгийн резинэн соруул, 4 ширхэг шилэн  гаанс мэт зүйл, цэцгэн толгойтой бор саарал өнгийн бариултай 21 см урттай атвирка зэргийг утсгаж,  Sandisk гэсэн бичиглэлтэй хар, улаан өнгө хосолсон флаш диск, 1820  гэсэн бичиглэлтэй СД, улаан өнгөөр Бат-Оргил гэж бичсэн дотроо бичлэгтэй саарал өнгийн СД зэргийг хэрэгт хавсарган үлдээж, халуун тогоо болон хэргийн хамт шүүхэд ирсэн хар өнгийн жижиг цүнх зэргийг шүүгдэгч Ч.Бат-Оргилд, мөн Г.Бат-Эрдэнийн Е-1581427 тоот гадаад паспорыг  Г.Бат-Эрдэнэд тус тус олгосугай.

8. Шүүгдэгч Ч.Бат-Оргилын гадаадад зорчих эрхийг 2016 оны 05 сарын 05-ны өдөр түдгэлзүүлсэнийг  хүчингүй болгосугай.

9.  Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба Ч.Бат-Оргилд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

10. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, түүнийг өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                 А.ЦЭРЭНХАНД

ШҮҮГЧИД                                   Б.НАРМАНДАХ

                                                Х.ГАНБОЛД