Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 00011

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: иргэн Б.Ж-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Хөвсөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн өөрт хамаарах заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, гэрч Б.А нар оролцож, нарийн бичгийн дарга П.Ундрах шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Ж нь 2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/65 дугаартай Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн захирамжаар Хатгал тосгоны 3 дугаар хороо төвийн хэсгийн баруун урд далайн захад 1600 м2 үйлчилгээний зориулалтаар газар эзэмшихээр болсон юм. Би уг газартаа хашаа барьж мэдээллийн санд бүртгүүлж зохих журмын дагуу газрын төлбөрөө тухай бүрт нь төлж байсан. Гэтэл Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын  2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжаар намайг 2 жил газраа ашиглаагүй гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Миний энэхүү газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг цуцлахдаа эрх бүхий байгууллага болон албан тушаалтнаас энэ талаар хуульд заасны дагуу мэдэгдэл болон шаардах хуудас өгөөгүй бөгөөд намайг мэдээгүй байхад миний газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг цуцалсанд гомдолтой байна. Иймд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хөвсгөл аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас болон Хатгал тосгоны захирагчийн албанаас газрын гэрээ, гэрчилгээг цуцлах тухай мэдэгдэл өгөөгүй. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газрын төлбөрийг цаг тухайд нь төлж явсан. Иймд маргаан бүхий захиргааны актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах хүсэлтэй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.

Хариуцагч Хөвсөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Т.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хатгал тосгоны оршин суугчдын хурлаар цуцлагдах газрын талаарх мэдээлэл хэлэлцэгдсэн. Газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуй нэгж байгууллагыг хуулийн дагуу цуцлах саналыг хурлаар 100 % дэмжсэн. Тус иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05 тоот захирамжийн дагуу ажлын хэсгийн төлөвлөгөө гаргаж ажилласан. Ажлын хэсгийн тайланг хавсаргав. 2018 оны 06 дугаар сарын 28-нд газар ашиглах, эзэмшигч  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар цуцлах мэдэгдэл гаргаж мэдээлсэн. Мэдэгдлээ Эрх чөлөө сонинд байршуулж нийтэд мэдээлсэн. Сонсох ажиллагаа явуулж тайлбар, мэдээлэл өргөдөл хүлээн авч мэдээлэл тайлбар зөвлөмж өгсөн. Сонсох ажиллагааны талаар мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй гэж тайлбарлаж байх боловч иргэн Б.Ж-ийн хаяг тодорхойгүй байсан болохоор сонсох ажиллагаа болон бусад зарыг өөрт нь хүргэх боломжгүй байсан. Сонсох ажиллагааг явуулах талаараа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдсэн, уг ажиллагаа нь хуулинд заасны дагуу явагдсан. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаартай газар ашиглах, эмэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж нь хуулийн дагуу гарсан тул иргэн Б.Ж-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Хатгал тосгоны оршин суугчдын хурлаар эзэнгүй болон газраа ашиглаагүй иргэдийн газрыг хураан авах тухай санал оруулсны дагуу энэ асуудал яригдсан юм. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас шийдвэр гарч ажлын хэсэг байгуулсан. Газраа ашиглаагүй болон газрын төлбөрөө төлөөгүй иргэдийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг цуцлах тухай мэдэгдлийг 2018 онд аймгийн “Эрх чөлөө” сонинд зарлуулж байсан. 2019 оны 12 дугаар сард газар хураах тухай сумын Засаг даргын захирамжийг “Өнөөдөр” сонинд нийтүүлсэн. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

Гэрч  Б.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах ажлын хэсэгт миний бие орж ажилласан. Бид нарыг газар дээр нь очиж ажиллах үед эзэн холбогдогч нь тогтоогдоогүй, зарим нь ашиглаагүй шон зоосон, зоогоогүй газрууд байсан. Бид нар 2018 оны 5 дугаар сард ажилласан, ажлын тайланг нь шүүхэд өгсөн байгаа” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ж нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд дээр түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн өөрт хамаарах заалтыг хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

  Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судалж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг доорхи үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  Үүнд:

1. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн  2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/65 дугаар захирамжийг үндэслэн нэгж талбарын 210101528 дугаар бүхий 1600 м2 газрыг 15 жилийн хугацаатай Хатгал тосгоны 3 дугаар хороо, төвийн хэсгийн баруун урд далайн зах байршилд, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр   “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0402648 дугаар гэрчилгээг Б-ын Ж-д олгож, мөн өдөр тосгоны газрын даамал Ч.О  иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг  иргэн Б.Ж-той байгуулжээ. /ХХ-5-9 дугаар хуудас/

2. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн хавсралтын 20 дахь заалтаар “... Б-ын Ж-ын “нэгж талбарын 210101528 дугаар бүхий 1600 м2 газрыг 15 жилийн хугацаатай Хатгал тосгоны 3 дугаар хороо, төвийн хэсгийн баруун урд далайн зах байршилд, үйлчилгээний зориулалттай газрыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. /ХХ-12 дугаар хуудас/

3. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг /Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно.../-т зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь хууль бус болох нь тогтоогдвол түүнийг батлан гаргасан захиргааны байгууллага /албан тушаалтан/ хүчингүй болгохоор хуульчилсан.

 Харин маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч Б.Ж-ийн хувьд сөрөг үйлчлэл бүхий захирганы акт байх тул нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

4. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор заасан тул нэхэмжлэгч Б.Ж-оос Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад хандаж, түүнд 2020 оны 02 сарын 21-ний өдрийн 2/499 дүгээр албан бичгээр “.... шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй “ гэсэн хариуг авснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн,  хуульд нийцсэн гэж үзлээ.

5. Маргаан бүхий акт буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн хавсралтын 20 дахь заалтаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх ба хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан үндэслэлээ “... зориулалтын дагуу эзэмшээгүй” гэж тайлбарлажээ.

6. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Гэвч Б.Ж нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө өөрийн эзэмшлийн газартаа хашаа барьсан  байжээ. /шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон фото зургаар албажуулсан. /ХХ- 75-77дугаар хуудас/

7.  Газар эзэмшигч нь үйлчилгээний  газрын зориулалттай газраа зориулалтын дагуу ашиглахын тулд ямар нэгэн хашаа саравч барих, байшин барихыг хууль болон гэрээгээр үүрэг болгоогүй бөгөөд нэхэмжлэгчээс зориулалттай газраа хэрхэн ашиглаж байсан, эсхүл ашиглаж байгаагүй талаар хариуцагч үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт ирүүлээгүй ба газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө тухайн газарт  хашаа барьсан байсан талаар маргаагүй байна. Үйлчилгээний  зориулалтаар олгосон газарт заавал ямар нэгэн хашаа саравч, байшин  барьж ашиглах ёстой гэж үзвэл өрөөсгөл болох ба газар эзэмшигч өөрийн эзэмшлийн газартаа байшин барилгүйгээр гэр, майхан барих зэргээр нүүлгэн шилжүүлэх боломжтой хэрэгсэл ашиглан амралт зугаалгын зориулалтаар ч ашиглах эрхтэй. Иймд байшин бариагүй байгааг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлд хамааруулах боломжгүй байна.

8. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлөх бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д зааснаар газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу төлж байсан болох нь нотлогдож байна. Тодруулбал, Газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон этгээд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх явцад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дах хэсэгт заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдвол тухайн шатны Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт болно.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай шийдвэр гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Б.Ж-ийн газрын төлбөрөө төлж байсныг шалгаагүй, гэрчилгээг хүчингүй болгох талаар өөрт нь мэдэгдээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  тайлбараар нотлогдож байна.

9. Хариуцагчийн тайлбар болон  түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хатгал тосгоны газрын даамал Ч.О-ээс “ ... хорь буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол ... орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр мэдэгдэх ажиллагааг явуулсан” гэж тайлбарлах авч  “... нэр бүхий иргэнд тухайлсан нэгж талбарын газрыг тухайн иргэнд эзэмшүүлэх эрх олгосон болохоос биш нэг газарт хорин нэг буюу түүнээс дээш этгээдэд эрх олгоогүй тул Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д зааснаар “сонсгох ажиллагааг явуулж ... мэдэгдсэн” гэх тайлбарыг хүлээн авах  үндэслэлгүй болно.

 Мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохын өмнө орон нутгийн  сонин болон телевизээр зар явуулж, мэдэгдсэн, тосгоны төвийн үйлчилгээний газруудад зар нааж мэдэгдсэн гэх боловч үүнийг нэхэмжлэгч Б.Ж-д мэдэгдсэн гэж үзэх боломжгүй.

10. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ИТХ-ын даргын 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 05 дугаар захирамжийн дагуу газрын тухай  хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр 05 сарын 24-ны өдрөөс 06 сарын 14-ний өдөр хүртэл Хатгал тосгоны төвийн хэсгийн бүх нэгж талбарын газрыг шалгасан тухай, ... 2018 оны 07 сарын 15-ны дотор иргэд хашаагаа барихгүй бол Газрын тухай хуулдийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан /зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/-ны дагуу арга хэмжээ авч газрыг цуцлах болсныг анхаарулж байна” гэсэн зарлалыг нааж мэдээлсэн, “Өнөөдөр”, “Эрх чөлөө” сонинд зар явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Энэхүү зарлалд Б.Ж-ийн нэр  дурдагдаагүй, харин сонинд тавигдсан зард түүний нэр байх боловч Б.Ж уг сонингуудад тавьсныг мэдээгүй  тул тус иргэний газар эзэмших эрхийг цуцлах талаар урьдчилан мэдэгдсэн гэж үзэхгүй.

11. Захиргааны байгууллагаас иргэнд газар эзэмшүүлэхээр нэгж талбарын 210101528 дугаар бүхий 1600 м2 газрыг 15 жилийн хугацаатай Хатгал тосгоны 3 дугаар хороо, төвийн хэсгийн баруун урд далайн зах байршилд, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0402648 дугаар гэрчилгээг /эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий/ хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно/-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 24.2 /Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ/, 25 дугаар зүйлийн 25.1 / Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна/-т тус тус зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 /Захиргааны акт, ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/, 27 дугаар зүйлийн 27.1 /Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно/, 27.4 /Сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна./, 27.5 /Сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна/-т заасан ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзлээ.

12.  Иймд захиргааны байгууллага иргэнд эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгохын өмнө урьдчилан мэдэгдээгүй, сонсгоогүй, газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар тайлбар аваагүй, шаардлагатай нотлох баримт цуглуулаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Ж-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн түүнд хамаарах заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 13. Мөн захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1 /хуульд үндэслэх/, 4.2.5 /зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон/, 4.2.6 /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах/ -т заасан зарчмыг баримтлаагүй байна. Тодруулбал:  

14. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн холбогдох заалт нь  зөвхөн газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь өмнө тухайн газрыг эзэмшүүлэх  эрх олгосон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн  2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/65 дугаар  шийдвэр хүчинтэй хэвээр байгаа нь нэхэмжлэгчийн уг газрыг  эзэмших  эрх олгосон шийдвэр хүчинтэй байгааг  ч дурьдах нь зүйтэй  байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 27.5,  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн  20 дах буюу “ Б.Ж-д ...” хамаарах заалтыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ЭНХТАЙВАН