Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/158

 

 

 

  2022         02         21                                    2022/ШЦТ/158

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Т.Т,

нарийн бичгийн даргаар Ө.Бишрэлт,

улсын яллагч Д.Ундармаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан эрүүгийн 2111000000154 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1981 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 393 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 870 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан.

Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч Т.Т нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнсний нэгдүгээр” дэлгүүрийн урд талд хохирогч Б.Тгаас 12.000.000 төгрөгийн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Т.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн:  “...Би 2018 онд Шүүх, шүүхийн аюулгүй байдлыг хангах хэлтэст хуяглан хүргэн албадан ирүүлэх тасагт хамгаалалтын цагдаагаар ажилладаг байсан юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр ажилладаг байж байсан тэр үед Чингэлтэй дүүргийн прокурорын газрын бичиг хүргэгч гэдэг эгчтэй танилцаад удаагүй байсан тэгээд Т эгч хэрэг хүргэж ирэхдээ манай хүү нэгэн төслийн зээл хөөцөлдөх гэж байгаа юм тэр зээл дээр хамтрах уу гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэр үед би их өрөнд орсон байсан болохоор надад мөнгөний хэрэгцээ гарсан байсан тул надад Таван шарын худалдаа хөгжлийн банкны захирал хийдэг хүн байгаа тэр хүн төслийн зээл гаргаж өгч чадна би асуугаад эргээд ярья гэж байсан. Түүнээс хойш 7 хоногийн дараа санагдаж байна Т эгч рүү яриад би нөгөө банкны хүнтэй ярьчихлаа төслийн зээл гаргуулахад мөнгө хэрэгтэй юм байна шүү танд мөнгө байгаа юу гэхэд байгаа хэд вэ гэж асуухад нь 12 сая төгрөг гэтэл за тэгвэл маргааш уулзаж байгаад өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

- хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би 2018 онд прокурорын бичиг хүргэгчээр ажилладаг байхдаа Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цагдаа болох Түвшинжаргалтай танилцаж байсан юм. Тухайн үед Түвшинжаргалд би манай хүү нэг төслийн зээл гаргуулах гэж байгаа юм таньдаг мэддэг хүн байна уу гэж асууж байсан. Гэтэл нэг өдөр надад төслийн зээл гаргаж өгөн хүн байна гэж хэлэхээр нь хүү Батхолбоотой уулзуулж байсан. Дараа нь Батхолбоо надад хэлэхдээ нөгөө төслийн зээл гаргах хүн чинь цаад хүмүүстэйгээ уулзсан гэж байна. Болох юм шиг байна. Та надад мөнгө олж өгөөрэй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10, 136 дугаар тал/,

- гэрч Э.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би 2018 онд анх Түвшинжаргал гэдэг хүнтэй танилцаж байсан. Тэр үед Түвшинжаргал нь Баянзүрх дүүргийн шүүхийн цагдаа хийдэг байсан ба танилцах үедээ бид мэндийн зөрүүтэй өнгөрдөг байсан. Манай ээж Т нь Түвшинжаргалыг сайн таньдаг байсан. Тэгээд 2019 онд би хонины нэхий боловсруулах төсөл дээр зээл гаргуулчих юмсан гээд бодоод ээждээ ярьж байсан. Гэтэл 2019 оны 10 дугаар сард чи Түвшинжаргал цагдааг танина биздээ тэр төслийн зээл гаргадаг гэж байна шүү дээ гэж хэлж байсан тэгэхээр нь ер нь уулзаад үзье гэж бодоод 10 дугаар сарын 12-ны үед Түвшинжаргалтай Баянзүрх дүүргийн шүүх дээр очиж уулзаад танд төслийн зээл гаргадаг танил хүн байгаа юм уу гэж асуусан чинь 5 шарын худалдаа хөгжлийн банкны захирлыг танина тэр хүн төслийн зээл гаргадаг гэхдээ гар цайлгах хэдэн төгрөг болно доо би тэр хүнээсээ хэдэн төгрөг болохыг асуугаад чамд эргээд хариу хэлье гэж байсан. Түүнээс хойш 4 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Түвшинжаргал нь миний утас руу залгаад за би нөгөө хүнтэйгээ ярьчихлаа 12,000,000 төгрөг болно гэж байна энэ мөнгийг өгчих юм бол 7-14 хоногийн дотор төслийн зээлийг чинь гаргаад өгье гэж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Т нь урьд ажил хэргийн шугамаар танилцан, харилцаж байсан хохирогч Б.Тгийн тавьсан саналын дагуу банкнаас төсөл хэрэгжүүлэх зээл авч өгч чадна гэсэн итгэлийг төрүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

 

Мөн - шүүгдэгч Т.Тын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “...хэдэн сарын хэдний өдөр байсныг нь сайн санахгүй байна би Т эгчтэй Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хажуу талд уулзаад 12 сая төгрөгийг бэлнээр аваад за нөгөө төслийн зээл гаргах хүнтэйгээ уулзчихаад хариу гээд явуулчихсан, ...Тэгээд би Т эгчээс авсан мөнгөө үрээд дуусгачихсан...” /хавтаст хэргийн 39 дүгээр тал/

- хохирогч Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрт хадгалж байсан 12,000,000 төгрөгөө өгнө гэж хэлсэн ба 2019 оны 10 сарын 16-ны өдөр манай хүү Батхолбоо нь ээжээ нөгөөх чинь бүтнэ гэж байна та Түвшинжаргалтай уулзаад нөгөө мөнгөө өгчхөөч гэж хэлсэн түүнийх нь дагуу би тухайн өдөр Түвшинжаргалтай Чингэлтэй дүүргийн хүнсний нэгдүгээр дэлгүүрийн урд талд уулзаад 12,000,000 төгрөгийг бэлнээр өгч байсан...” /хавтаст хэргийн 10, 136 дугаар тал/,

- гэрч Э.Батхолбоогийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...түүнд итгээд тэр өдөртөө хүнсний Нэгдүгээр дэлгүүрийн ХААН банкны үүдэнд ээж Тгаар дамжуулаад 12,000,000 төгрөгийг Түвшинжаргалд бэлнээр өгч байсан...” /хавтаст хэргийн 12 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Т нь хохирогч Б.Тгаас 12.000.000 төгрөг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд Т.Т нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнсний нэгдүгээр” дэлгүүрийн урд талд хохирогч Б.Тд банкнаас төсөл хэрэгжүүлэх зээл авч өгнө гэж хэлж итгүүлэн нийт 12.000.000 төгрөгийг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлөд байгаа эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг  гэмт этгээд гэмт үйлдэл хийхээсээ өмнө шууд санаатайгаар шунахай сэдэлтээр буцааж өгөх, хариу төлбөр хийхгүй байх зорилгоор урьдах танилынхаа харилцааг ашиглан өмчлөгчиг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлэн өөртөө шилжүүлэн авахыг ойлгоно.

Шүүгдэгч Т.Т нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахай сэдэлтээр шууд санаатайгаар хохирогч Б.Ттай урьд ажил хэргийн шугамаар танилцан  итгэл төрүүлж байсан харилцаагаа урвуулан ашиглаж, өөрөө банкны салбарын захирлыг танихгүй атлаа таньдаг мэтээр хэлж төсөл хэрэгжүүлэх зээлийг банкнаас гаргуулан өгч чадна гэж итгүүлэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүнсний нэгдүгээр” дэлгүүрийн урд талд хохирогчоос нийт 12.000.000 төгрөгийг өртөө шилжүүлэн залилан авч хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Т.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээсэн, хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлыг нь харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Т нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн 870 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн байх ба уг ялаас 208 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял үлдсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангин 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно.” гэж хуульчилжээ.

Тиймээс шүүгдэгч Т.Тын хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх заалтад нийтэд тустай ажил хийлгэх ялын дээд хэмжээг 720 цаг гэж хууль тогтоогч хуульчилсан байх тул Т.Тын биечлэн эдлэх нийтэд тустай хийлгэх ялыг 720 цагаар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний ажил эрхэлдэггүй хувийн байдал зэргийг нь харгалзан өдөрт найман цагаар хийлгэхээр тус тус тогтоов.    

 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага хүлээлгэх шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс: “...Т.Тын үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ уг өршөөлийн хуульд хамруулж өгнө үү ” гэсэн утга агуулга бүхий өмгөөллийн санал гаргасан болно.

2021 оны өршөөлийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд шүүх хорих ял оногдуулсан бол зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор тусгаж зохицуулжээ. Энэ нь хорихоос өөр төрлийн ял оногдуулсан хүнийг 2021 оны өршөөлийн хуульд хамруулахгүй байхаар зохицуулсан байна. Иймд Т.Тд шүүх хорихоос өөр төрлийн ял оногдуулсан тул 2021 оны өршөөлийн хуульд хамрагдах боломжгүй гэж шүүх үзэв. 

 

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Б.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Түвшинжаргал нь надад 12.000.000 төгрөгөө бүрэн гүйцэт төлсөн. Одоо миний хувьд Түвшинжаргалаас мөнгө төгрөг нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 136 дугаар тал/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Түвшинжаргалыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Алтчинь овогт Т.Тыг бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгө залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн зүйлийн 1,2 мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус журамлан шүүгдэгч Т.Тд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 208 /хоёр зуун найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 720 /долоон зуун хорин/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд оногдуулсан 720 /долоон зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/  цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

 

           6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.БАТГЭРЭЛ