Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/171

 

 

 

 

    2022         02          23                                   2022/ШЦТ/171

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч М.Х,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Чинзориг нарыг оролцуулан эрүүгийн 2203000000078 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1975 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13-83 тоотод түр оршин суух хаягтай, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, “Адидас” ХХК-д хөгжимчин ажилтай, ам бүл 3,

Урьд 1999 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 448 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2-т зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж хянан харгалзсан.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч М.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн байрны хойд замд “Тоёота приус” маркийн 53-03 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч хохирогч П.Еийг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, Улмаар мөн дүрмийн 3.5 дахь заалт ' Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах;” гэсэн заалтыг зөрчин хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч М.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн байрны хойд замд “Тоёота приус” маркийн 53-03 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч хохирогч П.Еийг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан мөн хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх үйл баримт нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

- хохирогч П.Еийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 15 цаг өнгөрч байхад .../... Чингэлтэй дүүргийн хойд талын явган хүний гарцаар зам хөндлөн ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй явж байсан. Тэгтэл хойд талын урсгал буюу зүүнээс баруун чиглэлд явдаг урсгалд зорчих хэсгийн эхний эгнээнээс голын эгнээрүү орох үед миний баруун гар талаас нэг цагаан өнгийн автомашин зайтай ирж байсан. Би тухай үед тэр машиныг зогсоод намайг гаргах байх гэж бодоод алхтал зогсолгүй миний урдуур орж ирээд намайг автомашиныхаа зүүн хойд хэсгээр шүргээд газарт унагасан. Намайг мөргөсөн машин хэргийн газрыг орхиод зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дугаар тал/,

- гэрч Ч.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн хойд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй найз Чулуунбаатарын хамт баруунаас зүүн явах урсгалыг зам хөндлөн гараад хойд талын зүүнээс баруун явах урсгалыг гарах гээд явж байтал бид хоёрын урд явж байсан нэг эмэгтэй хүнийг цагаан суудлын автомашин зүүн хэсгээрээ шүргээд газарт унагасан. Тэгээд нөгөө машин цаана очиж зогсож байгаад хэргийн газрыг орхиод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дүгээр тал/,

 - гэрч О.Чын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 15 цаг өнгөрч байхад Чингэлтэй дүүргийн хойд талын явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй найз Ч.Энхбатын хамт баруунаас зүүн явах урсгалыг зам хөндлөн гараад зорчих хэсгийн голын хөвөөн дээр явж байтал бид хоёрын урд явж байсан нэг эмэгтэй хүнийг цагаан өнгийн “Тоёота Приүс-30” маркийн суудлын автомашин зүүн хэсгээрээ шүргээд газарт унагасан. Тэгээд нөгөө машин цаана очиж зогсож байгаад хэргийн газрыг орхиод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар тал/,

- 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-11 дүгээр тал/,

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл дэх Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт .../... ослын газрын хойд талд “Төрийн тусгай алба”- ны байрны баруун урд буланд байрлах ертөнцийн зүгээр зүүн урагшаа харсан тусгалтай хяналтын камерт ослын үеийн дүрс бичигдэн үлдсэн байв.../...бичлэгийн 09 секундэд зорчих хэсгийн урдаасаа хойшоо чиглэлтэй явган хүний гарцаар хар хувцастай явган зорчигч зам хөндлөн гарах гэж байна. Бичлэгийн 11 секундэд цагаан өнгийн суудлын автомашин зүүн хойд хэсгээрээ зам хөндлөн гарч байгаа явган хүнийг шүргээд газарт унагаж байгаа дүрслэгдэж байна...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дугаар тал/,

- мөрдөгчийн магадалгаа /хавтаст хэргийн 63-64 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Х нь хохирогч П.Еийг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 1423 дугаартай дүгнэлтээр /хавтаст хэргийн 47 дугаар тал/ тогтоогдсон гэж шүүх үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

Иймд шүүгдэгч М.Х нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 15 цаг 30 минутын орчимд Чингэлтэй дүүргийн байрны хойд замд “Тоёота приус” маркийн 53-03 УАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа явган зорчигч П.Еркегүлийг мөргөн түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориудаар орхиж зугтаасан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч М.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгийг торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан журмын дагуу М.Хд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх торгох ялын хэмжээг шүүх тогтоов.

 

Мөн шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан М.Хыг шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн П.Еийн: “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгийг /хавтаст хэргийн 20 дугаар тал/ үндэслэн шүүгдэгч М.Хыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Халх овогт М.Хыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

              Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Хыг 700 /долоон зуун/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан М.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 700.000 /долоон зуун мянган/ төгрөгийн торгох ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт торгох ялыг 1500 /мянган таван зуун/ нэгж буюу 1.500.000 /нэг сая таван зуун/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар М.Хыг торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, М.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ