Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/122

 

 

 

 

 

 

 

 

   2022        02          14                                  2022/ШЦТ/122

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн байранд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ренченхорол даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Ц.Майбаяр,

Шүүгдэгч С.Т, түүний өмгөөлөгч Н.Түмэнжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-д холбогдох эрүүгийн 2111 00723 1162 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1973 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1            тоотод оршин суух хаягтай, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 151 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

  С.Т /РД:  /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 24 дүгээр гудамжны 127 тоотод хохирогч С.Мөнхтуяагийн хамар хэсэг рүү нь мөргөж хүч хэрэглэн С.М-гийн эзэмшлийн “Самсунг А9” про загварын гар утсыг дээрэмдэн авч түүнд 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн С.М-г дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж байхдаа хүч хэрэглэн хамар хэсэг рүү нь нэг удаа мөргөж биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 778 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгч хх-13-14, 17, 24, 92 хуудас болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.

Шүүгдэгч С.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би маш их харамсаж байна...” гэв.

Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 24 дүгээр гудамжны 127 тоотод хохирогч С.М-гийн хамар хэсэг рүү нь мөргөж хүч хэрэглэн С.М-гийн эзэмшлийн “Самсунг А9” про загварын гар утсыг дээрэмдэн авч түүнд 380.000 төгрөгийн хохирол учруулсан,

мөн С.М-г дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж байхдаа хүч хэрэглэн хамар хэсэг рүү нь нэг удаа мөргөж биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч С.М-ийн “...2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суух танил найз Отгоогийн гэрт нь очоод байж байтал гадаа хаалга нүдээд байхаар нь Отгоо гарч хаалга онгойлгож өгсөн чинь Отгоогийн найз гэх нэг залуу орж ирээд Отгоо тухайн найзтайгаа юм яриад би утсаараа охинтойгоо яриад сууж байтал тухайн найз нь гэнэт босож ирээд миний утсыг булаагаад авчихсан юм. Тэгээд би утсаа авъя гэсэн чинь үгүй би аваагүй чиний утас надад байхгүй гээд намайг хойш нь түлхээд авахаар нь чи миний утсыг авсан би утсаа авъя гэсэн чинь намайг мөргөж унагаачхаад гараад яваад өгсөн тухайн үед миний хамраас цус гараад гэрийнх нь шалаар дүүрэн цус болсон... Би тухайн үед С.Т-д хамар хэсэгтээ мөргүүлснээс болоод толгой манараад арагшаа савж унах гэж байх үед Отгончулуун миний хажууд зогсож байгаад намайг барьж авсан юм...миний гарыг цохиод миний хамар руу нэг удаа мөргөсөн юм. Тухайн үед С.Т надаас миний эзэмшлийн гар утсыг булааж авахдаа намайг дарамталж, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Харин надад хүч хэрэглэж миний гар утсыг булааж авсан...” гэх мэдүүлэг /хх-10-19-р тал/,

Гэрч С.Отгончулууны “...2021 оны 06 дугаар сарын 29-нд би гэртээ байж байтал манай гэрт танил эмэгтэй ирээд бид хоёр ажил яриад сууж байтал гаднаас танил С.Т гэх залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн орж ирээд намайг чи утсаа авахгүй яагаад байгаа юм бэ гэхээр нь би ажилтай байна гэж хэлчхээд гарч бие засчхаад ороод ирсэн чинь С.Т нь манай гэрт байсан Мөнхтуяа гэх эмэгтэйн утсыг авчихсан гээд Мөнхтуяа нь хувцасных нь кармааг нэгжиж үзээд зогсож байсан юм. Тэгсэн чинь С.Т нь М-г мөргөж унагаачхаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-28-ЗЗ-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 1- ний өдрийн 5835 дугаартай “...С.М-гийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-44-45-р тал/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно ХХК”-ийн үнэлгээний тайлан /хх-50-51-р тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-54-55-р тал/,

Шүүгдэгч С.Т-ын “...Би 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр өглөө 07 цагийн үед сэрээд өмнөх өдөр нь ганцаараа ууж байгаад үлдээсэн байсан 0.5 литрийн савлагаатай Хараа гэх нэртэй архийг ганцаараа ууж дуусгаад 09 цаг өнгөрч байх үед би өөрийн найз болох З.Отгончулуунтай уулзахаар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 24 дүгээр гудамж 127 тоот гэр лүү нь очиж уулзахаар явсан юм. Би тухайн үед гэртээ ганцаараа архи уусан болохоор нилээн согтчихсон байсан ба би С.Отгончулууны гэр лүү орохоос өмнө дэлгүүрээс 0.5 литрийн савлагаатай Хараа гэх нэртэй архи худалдаж аваад С.Отгончулууны гэр лүү орсон. Намайг гэр лүү нь ороход Отгончулуун гал тогооныхоо өрөөнд цай чанаад зогсож байсан юм. Би С.Отгончулуунтай гал тогооны өрөөнд нь ойр зуурын юм ярьж суунгаа дэлгүүрээс худалдаж авсан 0.5 литрийн савлагаатай Хараа гэх нэртэй архийг задлаад өөртөө хундагалаад ууж эхэлсэн. Тэгээд ууж байтал цаад өрөөнд нь эмэгтэй хүний юм ярих чимээ гарахаар нь би том өрөө рүү нь шагайгаад хартал надтай урьд өмнө нь дотно харилцаатай байсан С.М гэх эмэгтэй орон дээр хүнтэй гар утсаараа яриад сууж байсан. Би тухайн үед хардаад миний дургүй хүрээд би С.Мөнхтуяа дээр явж очоод гар утсыг нь аваад гал тогооны өрөө рүү орсон юм. Миний араас С.М гар утсаа авъя гээд над дээр хүрч ирээд надаас гар утсаа нэхээд хүрч ирэхээр нь миний уур хүрээд би С.М-гийн хамар хэсэг рүү нь нэг удаа мөргөөд С.М-ийн гар утсыг аваад Отгончулууны гэрээс гараад яваад өгсөн юм. Би Отгончулууны гэрээс гараад такси бариад тэнгис кино театрын хажууд байрлах Теди худалдааны төв рүү явж байх үедээ таксины жолоочтой ярилцаад С.М-гийн Самсунг А9 про загварын гар утсыг тухайн таксины жолоочид ярилцаж тохироод 50.000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг /хх-93-96-р тал/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64/ мөн шүүгдэгчийн хувийн байдлын талаарх бусад баримтуудыг шинжлэн судлалаа.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Шүүгдэгч С.Т нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 24 дүгээр гудамжны 127 тоотод хохирогч С.М-гийн хамар хэсэг рүү нь мөргөж хүч хэрэглэн С.М-ийн эзэмшлийн “Самсунг А9” про загварын гар утсыг дээрэмдэн авч түүнд 380.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн С.М-г дээрэмдэх гэмт хэргийг үйлдэж байхдаа хүч хэрэглэн хамар хэсэг рүү нь нэг удаа мөргөж биед нь хамар ясны хугарал, таславчийн муруйлт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч С.Мөнхтуяагийн мэдүүлэг /хх-10-19-р тал/, гэрч С.Отгончулууны мэдүүлэг /хх-28-ЗЗ-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 7 дугаар сарын 1- ний өдрийн 5835 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-44-45-р тал/, хөрөнгийн үнэлгээний “Дамно ХХК”-ийн үнэлгээний тайлан /хх-50-51-р тал/, таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-54-55-р тал/, шүүгдэгч С.Т-ын мэдүүлэг /хх-93-96-р тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Гэмт хэргийн шинжийг агуулсан гэм буруутай үйлдэл, хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ёстой бөгөөд шалтгаант холбооны хувьд үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байх, гэмт үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой.

 Үүнийг шалгуур болговол иргэн С.М-гийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтолж, Самсунг А9 про загварын гар утсыг авсан, дээрэмдэх явцдаа  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэрэг нь шүүгдэгчийн дээрх үйлдэлтэй шууд холбоотой өөрөөр хэлбэл С.Т-ын гэмт хэргийн шинжтэй үйлдэл, хохирогчид учирсан хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон.

 Шүүгдэгч хүний эд хөрөнгийг авахаар бие махбодид нь хүч хэрэглэн довтолсон үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг хангасан, хохирогч С.Мөнхтуяагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шүүгдэгч түүний хамар хэсэг рүү мөргөж хамар ясны хугарал, таславчийн муруйлт гэмтэл учруулсан гэх үйл баримтуудаар тогтоогдсон учраас хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг бусдын эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэл /хх 44-45 х/ гэж дүгнэсэн нь уг гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан байна гэж дүгнэлээ.

Энэ нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсэж үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, С.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүх шүүгдэгч С.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх/, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар /хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан/ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч С.М нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, нэмж нэгтгэн нийт 3 жил 2 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлтдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн болно.

Шүүгдэгч С.Т-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдож байгаа, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, гэм буруу зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж шүүхээс шүүгдэгч С.Тд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, уг хорих ялыг түүний хувийн байдал харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ын цагдан хоригдсон 59 хоногийг түүний эдлэх ялаас хасаж, шүүгдэгч С.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэх, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.Т-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Т-ын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 59 хоногийг түүний эдлэх ялд оруулан хасаж тооцсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч С.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.РЕНЧЕНХОРОЛ