Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар    2022/ШЦТ/281

 

 

 

 

 

  2022        03        25                                     2022/ШЦТ/281

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,  улсын яллагч Д.Ундармаа, шүүгдэгч Ж.Э, хохирогч Ч.Отгонтөгс /шүүгдэгч болон хохирогч нар нь өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан  шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Эт холбогдох эрүүгийн “2111 00129 0053” дугаартай, 186/2022/0210/Э индекстэй хэргийг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 58-72 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ж.Э,

          Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Ж.Э нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэст центрт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Тайкун” ХХК-ны зээлийн гэрээгээр итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох Тоёота приус-35 маркийн тээврийн хэрэгслийг завшиж 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

           1.1. Шүүгдэгч Ж.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Тухайн үед би машинаараа юм мөргөсөн. Дахиж унах, даатгал дуудах боломжгүй болсон байсан. Би машинаа зарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, 4  сая  төгрөгний хохирлыг төлж  барагдуулсан,  одоо  4  сая төгрөгийг төлж барагдуулна гэв.

           1.2. Хохирогч Ч.Отгонтөгс нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..Энэ хүн манай байгууллагаас авто машин барьцаалан зээл авсан зээлээ төлөөгүй. Тэгээд манай байгууллага цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд машинаа зарсан гэсэн хариу өгсөн. Одоо хохиролд 4.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

         Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

        2.1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч  Ч.Отгонтөгсийн:..Энхбилэг гэдэг залуу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай компани дээр ирээд гаалийн бичигтэй 96-45 УНР улсын дугаартай Тоёота приус-35 загварын автомашиныг авч ирээд зээл хүссэн. Тухайн өдөртөө манай компаниас 8.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад тухайн автомашиныг манай компани өөрийн нэр дээр шилжүүлэн аваад унаж явах нөхцөлтэйгөөр зээл гарган өгсөн. Тухайн иргэн зээл авснаас хойш 2 удаагийн төлөлт буюу 2 сая гаруй төгрөг хийгээд түүнээс хойш зээлээ ч төлөлгүй алга болчихсон гэх мэдүүлэг. /хх-ийн 7 дугаар тал/,

2.2. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1600202317 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ         /хх-ийн 25 дугаар тал/,

2.3. 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1600202317 дугаартай зээлийн гэрээ.  /хх-ийн 25-27 дугаар тал/,

          Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

           3.1.Улсын яллагч:..Хавтаст хэргээс хохирогч Ч.Отгонтөгсийн мэдүүлэг хавтаст хэргийн 7 дугаар хуудас, зээлээ гэрээний үүрэг хүлээлцсэн баримт хавтаст хэргийн 25 дугаар хуудас, зээлийн гэрээ хавтаст хэргийн 27 дугаар хуудас зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

         3.2. Бусад хэргийн оролцогчид шинжлэн судлуулах баримт байхгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

Шүүгдэгч Ж.Э нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бэст центрт 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Тайкун” ХХК-ны зээлийн гэрээгээр итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох Тоёота приус-35 маркийн тээврийн хэрэгслийг завшиж 8.000.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

- хохирогч Ч.Отгонтөгсийн:..Энхбилэг гэдэг залуу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр манай компани дээр ирээд гаалийн бичигтэй 96-45 УНР улсын дугаартай Тоёота приус-35 загварын автомашиныг авч ирээд зээл хүссэн. Тухайн өдөртөө манай компаниас 8.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад тухайн автомашиныг манай компани өөрийн нэр дээр шилжүүлэн аваад унаж явах нөхцөлтэйгөөр зээл гарган өгсөн. Тухайн иргэн зээл авснаас хойш 2 удаагийн төлөлт буюу 2 сая гаруй төгрөг хийгээд түүнээс хойш зээлээ ч төлөлгүй алга болчихсон гэх мэдүүлэг. /хх-ийн 7 дугаар тал/, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1600202317 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /хх-ийн 25 дугаар тал/,  2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 1600202317 дугаартай зээлийн гэрээ.  /хх-ийн 25-27 дугаар тал/ болон шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн  бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад завшуулж хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг зарж борлуулсныг  шүүгдэгч, хохирогч хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүгч энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Ийнхүү шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар иргэний өмчлөлд байгаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  бусдад зарж борлуулан шунахайн сэдэлтээр өөрийн эзэмшил болгож бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй Ж.Эийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул  шүүгдэгч Ж.Эийг “...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийн эрхийг завшсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж  шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ж.Э нь бусдад 8.000.000 /найм/ сая төгрөгний хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 4.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, одоо 4.000.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул шүүгдэгчээс 4.000.000 /дөрөв/ сая төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Отгонтөгсөд олгох нь зүйтэй байна гэж  шүүх үзлээ. Хохирлын  талаар хохирогч, шүүгдэгч нар маргаагүйг  тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулахдаа дээр дурдсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн ял шийтгэлийн үр нөлөө, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад Ж.Эийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь  зүйтэй байна гэж  шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч нь  шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж,  эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, уг ялын хамрах хүрээг түүний оршин суух газар болох Баянзүрх  дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн хооронд  тогтоож,  6 /зургаан/ сарын хугацаанд дээрх нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглож  шийдвэрлэв.

Шүүхээс хохирогч Ч.Отгонтөгс, шүүгдэгч Ж.Э нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрсдийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдгээрийн хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдаж  шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                         ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Ж.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч Ж.Эийг 6 /зургаан/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эийг зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар болох Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр болон Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гадагш явахыг тус тус хориглосугай.

4.Шүүгдэгч Ж.Э нь шүүхээс тогтоосон чиглэлээр зорчиж, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчихыг анхааруулсугай.

5. Зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Э нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эээс  4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Отгонтөгст олгосугай.

          8. Шүүгдэгч Ж.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

         9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

        10.  Энэхүү шийтгэх тогтоол  уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эт  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                                    

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.БАТЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

.