Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2022/0170/Э |
Дугаар | 2022/ШЦТ/194 |
Огноо | 2022-03-02 |
Зүйл хэсэг | 23.1.2.1., |
Улсын яллагч | Н.Ням-Очир |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 2022/ШЦТ/194
2022 03 02 2022/ШЦТ/194
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Н.Ням-Очир,
шүүгдэгч Б.О /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 2111 01174 1235 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 01 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ХХК-ын захирал ажилтай эхнэр 3 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд
-2003 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар дугаар зүйлийн 145.2 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
-2003 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхийн 359 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дугаар дугаар зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
-2007 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хугацаагаар хорих ял,
-2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 838 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Б.О /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.О нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 561-1 тоотод иргэн Б.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Энхтүвшинг гэрээс гуталгүйгээр хөөж явуулсан гэх дуудлага мэдээллийн дагуу очсон хууль сахиулагч буюу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүлийн офицер Р.Хишигтийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан галт зэвсэг ашиглах, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.О нь:
2021 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 561-1 тоотод иргэн Б.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Энхтүвшинг гэрээс гуталгүйгээр хөөж явуулсан гэх дуудлага мэдээллийн дагуу очсон хууль сахиулагч буюу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүлийн офицер Р.Хишигтийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан галт зэвсэг ашиглах, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын шуурхай удирдлагын тасагт дуудлага хүлээн авсан тэмдэглэл, “нөхөр буу бариад байна” гэх 2021.09.23 20:50 /1хх-ийн 2 дугаар тал/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт авсан фото зургууд /1хх-ийн 4-13 дугаар тал/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Фото зураг /1хх-ийн 31-38 дугаар тал/,
Хохирогч Р.Хишигтийн “...Би 2021 оны 09 сарын 23-ны өдрийн 09 цагаас 2021 оны 09 сарын 24-ний 09 цаг хүртэл ахлах ахлагч Бум-эрдэнийн хамт Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт согоот-117 чиглэлд авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед 20 цаг 30 минут орчим хэлтсийн жижүүр буюу Согоот 10-аас “Нөхөр нь эхнэрээ хөл нүцгэн хөөж гаргаад эхнэр нь гудамжинд хөл нүцгэн явж байна” гэсэн утгатай дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн 19-р хороо Яргайтын богино 561-1 тоот хаяг руу дуудлага өгсөн эмэгтэй болох Энхтүвшинтэй утсаар холбогдон заалгаж байгаад очсон. Хаягт ирэхэд хашааны хаалганы үүдэнд эмэгтэй хүн байж байсан бөгөөд “манай нөхөр намайг согтуу гэрээсээ хөөгөөд гаргачихлаа. Зайл яв гээд байна" гэж байсан. Уг эмэгтэйн биед ил харагдахаар шарх гэмтэл гэхээр зүйл байгаагүй. Тэгэхээр хашааны хаалгаар дотогш орох гэтэл хаалга нь цоожтой байхаар нь онгойлгох гээд зууралдаж хаалгыг нь дуугаргаж байтал хашаан дотор байсан байшингийн 2-р давхрын цонхон дээрээс эрэгтэй хүн “Хашаа давж орж ирвэл буудна шүү. Хүний эзэмшилд орж ирдэг та нар юу вэ 2 гичий минь наад жингэрээ аваад явцгаа. Машины чинь гэрэл дохиог хага буудна шүү” гээд байсан. Тухайн үед уг хүний байсан байшин нь бид нараас 30-40 орчим метр зайтай, гадаа харанхуй байсан болохоор ямар хүн юу хийгээд байгаа нь харагдахгүй байсан. Уг хүн буудна шүү буу харж байна уу гээд орилоод байсан боловч бид нарт юу ч харагдахгүй байсан. Тэгэхээр нь би эхнэрээс “нөхөр чинь буутай юу” гэтэл "та ороод хэрэггүй манай нөхөрт хааяа анд явдаг жижиг модон буу байдаг шүү" гэхээр нь энэ талаар Согоот-10, жижүүрт мэдэгдэхэд “орж хэрэггүй байж байгаарай нэмэгдэл бүрэлдэхүүн явуулна” гэхээр би, Бум-эрдэнэ, Энхтүвшин нарын хамт машинтайгаа хөдөлж яваад 10 орчим метр зайд хүлээж байтал 10 орчим минутын дараа жижүүрийн бүрэлдэхүүн, НХЖХТ-ын дарга нар ирсэн. Бид нар хамтдаа буцаад очтол дуудлага өгсөн хашаан дотор машин хөдөлж байснаа бид нарыг ирэхийг мэдээд буцааж машинаа байрлуулаад жолооч нь байшин руу орчихсон. Бид нар уг хүнтэй хашааны наана цаанаас ярилцаж байхад уг хүн мөн л хашаа руу орвол буудна шүү гээд байсан бөгөөд НХЖХТ-ын дарга уг хүнтэй ярилцаж байтал дараагийн дуудлага ирээд би Бум-эрдэнийн хамт уг газраас явсан. Сүүлд хүүхэд нь гээд эрэгтэй ирээд гутал өмсүүлж байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 101 дүгээр тал/,
Гэрч Ө.Бум-Эрдэнийн “...Би 2021 оны 09 сарын 23-ны өдрийн 09 цагаас 2021 оны 09 сарын 24-ний 09 цаг хүртэл 24-н цагаар эргүүлийн офицер Хишигтийн хамт Согоот 117 чиглэлд Чингэлтэй дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрийг хариуцан авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж дуудлага мэдээлэл шалгаж үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд орой 20 цаг 30 минут орчим Согоот 10-аас Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо яргайтын богино зуслангийн 561-1 тоот хаягт "Эмэгтэй хүнийг нөхөр нь хөл нүцгэн гэрээсээ хөөж гаргасан байна” гэсэн утгатай дуудлага мэдээлэл ирсэн. Уг дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн 19-р хороо Яргайтын богино 561-1 тоот хаягийг тодорхой мэдэхгүй болохоор дуудлага өгсөн эмэгтэй болох Энхтүвшинтэй утсаар холбогдон заалгаж байгаад хаягийг заалгаж очиход хашааны хаалганы үүдэнд дуудлага өгсөн эмэгтэй хүн байж байсан бөгөөд “манай нөхөр согтуугаар намайг гэрээсээ хөөж гаргаад оруулахгүй байна” гэж байсан. Тэгэхээр нь Хишигт бид хоёр гэр рүү нь орохоор болоод хашааны хаалгыг нь онгойлгох гэтэл дотроосоо цоожтой болохоор нь онгойлгох санаатай татаж чангааж байтал хашаан дотор байсан байшингаас нэг эрэгтэй хүн “Хашаа давж хүний эзэмшил хашаанд орж ирвэл буудна шүү. Машины чинь гэрэл дохиог хага буудна шүү” гэх мэт зүйл хэлээд байсан. Уг хүн нь бид нараас 40 орчим метр зайд байрлах байшин дотор байсан мөн гадаа харанхуй байсан болохоор харагдахгүй байсан болохоор уг хүнийг буутай байсан эсэхийг хараагүй. Уг хүн буудна гэж л орилоод байсан. Энэ үед Хишигт бид хоёр дуудлага өгсөн эмэгтэйгээс нөхрийг нь буутай эсэхийг асуухад буу байдаг гээд байсан мөн та нар шууд ороод хэрэггүй байх нэг найзыг нь дуудаж ирүүлээд тайвшрахаар нь хамт ор гээд байхаар нь энэ талаар жижүүрт мэдэгдэхэд араас жижүүрийн бүрэлдэхүүн очтол оролгүй хүлээж бай гэхээр нь бид 2 дуудлага өгсөн эмэгтэйн хамт машинтайгаа хашааных нь ойролцоо 10 орчим метр зайд хүлээж байгаад жижүүрийн бүрэлдэхүүн болон НХЖХТ-ын дарга нар ирэхээр нь хамтдаа буцаж хашааных нь хаалган дээр очтол хашаан дотор нэг машин хөдөлж хашааны хаалгаа таглаж тавсан байснаа бид нарыг хараад машинаа буцааж холдуулаад жолооч нь байшин руу орчихсон. Хаалганы гадаа очоод удаагүй байтал дараагийн дуудлага ирээд бид хоёр уг газраас явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 117-118 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2820 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн буу нь галт зэвсэг мөн. Эвдрэл гэмтэл байхгүй, буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд 5.6 мм калибртай, сангийн анги 20949 дугаартай замаг 18825 дугаартай, хуучнаар ЗХУ-д ан агнуурын-спорт сургалтын зориулалттай үйлдвэрлэгдсэн ТОЗ-8 загварын бага калибрын винтов буу ирүүлсэн байна. ... шинжилгээнд ирүүлсэн буу нь галт зэвсгийн хонгио, хошууны мэдээллийн нэгдсэн санд бүртгэлгүй байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 129- 131 дүгээр тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 4459 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 20949 дугаартай, замагны 18825 дугаартай буугаар буудлага үйлдэгдсэн байна...” гэх дүгнэлт /1хх-ийн 134 дүгээр тал/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 152/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх 145/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /1хх 146/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 147/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх 148/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /1хх 149/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 151/, шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /2хх 45/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол /2хх 58/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.О нь 2021 оны 09 дүгээр сарын 23-ны шөнө Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын богино 561-1 тоотод иргэн Б.О нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Энхтүвшинг гэрээс гуталгүйгээр хөөж явуулсан гэх дуудлага мэдээллийн дагуу очсон хууль сахиулагч буюу Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүлийн офицер Р.Хишигтийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан галт зэвсэг ашиглах, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан галт зэвсэг хэрэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.1, 6 дахь хэсэгт тус тус зааснаар эд мөрийн баримтаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 20949 дугаартай гол төмөртэй, 18825 дугаарын замагтай, нийт 111 см 1 ширхэг бууг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газарт даалгаж, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан галт зэвсэг хэрэглэн хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.О-д 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэгсийн 1.1, 6 дахь хэсэгт тус тус зааснаар эд мөрийн баримтаар Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 20949 дугаартай гол төмөртэй, 18825 дугаарын замагтай, нийт 111 см 1 ширхэг бууг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газарт даалгаж, мөн эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ