| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Авирмэдийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 181/2016/00239/И |
| Дугаар | 1952 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 1952
Ж, Ш.О нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/01714 дүгээр шийдвэртэй,
Нэхэмжлэгч Ж, Ш.О,
Хариуцагч “Ө” ХХК, “Ю” ХХК-д холбогдох,
Орон сууц, авто зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоолгож, гэрчилгээ болон гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Тэмүүлэнгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Жы итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Ш.О,
Хариуцагч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Н.Энхтэмүүлэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бат-Онон нар оролцов.
Нэхэмжлэгч нар шүүхэд болон нэхэмжлэгч Ш.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Ж нь 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр О.Эрдэнэбат гэгчтэй Ө ХХК-иар захиалж бариулсан 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг, нэг автомашины зогсоолын хамт худалдан авах тухай хэлцэл хийж, уг хэлцлийн дагуу О.Эрдэнэбат Ө ХХК-ийн хооронд байгуулсан сууц захиалан бариулах гэрээг миний нэр дээр шилжүүлэх болж, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай НРТ13С17-01 дугаартай гэрээг Ө ХХК-тай байгуулсан.
О.Эрдэнэбат нь дээрх гэрээний дагуу 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг автомашины зогсоолын хамт 90 000 000 төгрөгөөр захиалж, гүйцэтгэгч тал тухайн орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан гүйцэтгэхээр болж мөнгийг тушаасан ба бид О.Эрдэнэбатад тохиролцсоны дагуу 110 000 000 төгрөг өгсөн. 2014 оны 12 дугаар сард манайх байрандаа нүүн орсон бөгөөд өнөөдрийг хүртэл амьдарч байна. Энэ хугацаанд байрны өмчлөлийн гэрчилгээг авах тухай удаа дараа шаардлага тавьж байсан боловч Ө ХХК-ийн зүгээс тодорхой шалтгааны улмаас удааширч байна гэсэн хариуг өгч байсан.
Бид тухайн орон сууцны шударга өмчлөгчийн хувьд байрныхаа өмчлөлийн гэрчилгээг шаардан авч цаашид эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна. Ө ХХК нь эхлээд гэрчилгээг удахгүй гаргаж өгнө, асуудалгүй жаахан хүлээж бай гэж байсан боловч хэлсэн үгэндээ хүрэхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш улам удааширч, Ю ХХК-ийг хариуцах мэтээр бие бие рүүгээ чихэж байна. Бид анх Ө ХХК-тай гэрээ байгуулсан, тэгээд ч дээрх хоёр компани нь хоорондоо холбоотой Ө ХХК-ийн захирал Н.Төмөрхүү нь Ю ХХК-ийн хувь эзэмшигч юм. Иймд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи Таун хотхоны 71 дүгээр байр, 64 тоот орон сууцны болон авто зогсоолын өмчлөгч мөн болохыг тогтоож, гэрчилгээ болон гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Ө” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэнд-Очир шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хаппи таун хорооллын 71 дүгээр байрны 64 тоот хаягт байрлах, 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг анх 2013 онд О.Эрдэнэбат гэгч бараа солилцоогоор захиалж орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд улмаар өөрийн захиалсан байрыг Жд худалдаж, 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр гэрээг шилжүүлэх хүсэлт гаргасныг үндэслэн Жтай Ө ХХК орон сууц захиалгын гэрээг байгуулсан.
Манай компани нь 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 01/13 дугаартай захиалгаар барилга, байгууламж бариулах тухай шинэчилсэн гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи Таун хотхонд байрлах, 70 хувийн гүйцэтгэлтэй ХД-71 дугаартай барилгыг бүхэлд нь Ю ХХК-д шилжүүлсэн. Дээрх гэрээний дагуу нэг талаас Ө ХХК гүйцэтгэгчээр, нөгөө талаас Ю ХХК захиалагчаар хамтран ажиллаж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хаппи таун хотхоны 71, 72, 73 тоот барилга угсралтын болон 2 412 м.кв талбайтай авто зогсоолын ажлыг эхлүүлсэн.
Энэ барилга нь 7 921 152 ам.долларын өндөр өртөгтэй хотхон юм. Энэ ажлын дагуу ерөнхий гүйцэтгэгчээр Ө ХХК ажилласан. Зарим тохиолдолд зарим байрыг өөрсдөө зарж, барилгын материал аван Ю ХХК-иас авах ажлын хөлсөнд суутгана гэж тохиролцсон бөгөөд энэ жишгийн дагуу 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр О.Эрдэнэбат гэгчтэй хоёр өрөө орон сууцыг, зогсоолын хамт худалдах, худалдах авах гэрээ хийж байрыг худалдсан. Энэхүү барилга Ю ХХК-ийн өмч бөгөөд барилга бүрэн ашиглалтад орсны дараа манайхаас Ю ХХК-тай тооцоо нийлж дуусаад гэрчилгээг гаргаж өгнө хэмээн удирдлагын хэмжээнд харилцан тохирч, энэхүү захиалгын гэрээг байгуулсан. Явцын дунд О.Эрдэнэбат уг байраа 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын иргэн Жд шилжүүлсэн байгаа юм. Ж, Ш.О нарын дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох талаар манай компанийн зүгээс маргах зүйл байхгүй. Харин орон сууц болон зогсоолын гэрчилгээ шаардагдах бичиг баримт гаргуулъя гэсэн шаардлага гаргаад байгаа. Орон сууц, гараашийн барилга бүрэн ашиглалтад орж улсын комисс хүлээж авсаны дараа Ю ХХК-тай тооцоо нийлээд гэрчилгээг гаргаж өгнө, үүнд цаг хугацааны асуудал байгаа юм гэжээ.
Хариуцагч “Ю” ХХК шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Энэхүү иргэний хэрэгт манай Ю ХХК-ийг хамтран хариуцагчаар татсан бөгөөд үндсэн нэхэмжпэлийн шаардлага нь манай компанийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг дур мэдэн, үндэслэлгүйгээр өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах шаардлага тавьсан байна. Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Ш.О нь дээрх үл хөдлөх хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээг авахын тулд шаардагдах бичиг баримтыг гаргуулахаар нэхэмжпэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн бөгөөд тус шаардлага нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Үүнд:
Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө буюу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах Хаппи таун хотхоны ХД-7А байрны 64 тоот 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц нь Ю ХХК-ийн хууль ёсны өмч юм. Учир нь, 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ө ХХК-тай байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээгээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах, Хаппи таун хотхоны ХД-71, ХД-72, ХД-73 тоот хаягт байрлах дуусаагүй барилгыг бүхэлд нь худалдан авч, 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хууль ёсны өмчлөгч тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. Манай Ю ХХК нь тус 71 дүгээр байрны 64 тоот 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хууль ёсоор олж авч, Улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн бөгөөд өөрийн өмчлөлийн зүйл болох дээрх байрыг бусдад худалдах, шилжүүлэх талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл байгуулаагүй билээ.
Ө ХХК нь манай өмчлөлийн байрыг барьж байгуулах туслан гүйцэтгэгч компани бөгөөд өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхгүй болно. Нэхэмжпэгч Ж болон Ш.О нар нь манай компанитай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй атлаа байрны өмчлөгчөөр тогтоолгож гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг манай компаниас гаргуулах шаардлага гаргаж байгаа нь огт үндэслэлгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан шаардлага тавигддаг. Өөрөөр хэлбэл улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн этгээдтэй гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлж, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн Улсын бүртгэлд өгснөөр Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр өмчлөх эрх үүсч, дуусгавар болдог билээ.
Нэхэмжлэгч Ж болон Ш.О нар нь хууль ёсны өмчлөгчтэй буюу манай компанитай гэрээ байгуулаагүй төдийгүй төлбөрийг шилжүүлээгүй байхад манай компани байрны өмчлөх эрхийг шилжүүлэх боломжгүй байна. Мөн энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хоёр нэхэмжлэгчтэй байх бөгөөд нэг нь нөгөөгөө төлөөлөх ямар нэгэн боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Ж нь анх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасны дараа түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О нь мөн адил уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, төлөөлж байгаа хүнийхээ эсрэг шаардлага гаргасан нь ашиг сонирхлын зөрчилтэй байх тул Ж нь өөр этгээдээр төлөөлүүлэх, эсвэл өөрөө энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь зүйтэй байна.
Түүнчлэн нэхэмжпэлийн шаардлага туйлын тодорхой байх үед шүүх хэргийг хүлээн авч, шийдвэрлэх боломж бүрдэнэ. Гэтэл нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь тодорхой бус буюу шаардагдах баримт, материал гэдэгт аль хариуцагчаас ямар баримт, материал шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэн хэнээс, юуг, ямар үндэслэлээр нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, тодорхой бус байна. Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт зааснаар Ж, Ш.О нарын нэхэмжлэлтэй Ө ХХК, Ю ХХК-д холбогдох Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хаппи таун хорооллын 71 дүгээр байрны 64 тоот хаягт байрлах, 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, автомашины зогсоолын өмчлөгчөөр Жыг тогтоож, гэрчилгээ болон гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг хариуцагч нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төгрөгөөс 607 950 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ө ХХК-иас 303 975 төгрөг, Ю ХХК-иас 303 975 төгрөгийг тус тус гаргуулж, Жд олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энх-Тэмүүлэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Хаппи таун хотхоны 71 дүгээр байрны 64 тоот хаягт байрлах, 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц болон автомашины зогсоол нь Ю XXK-ийн өмч болно. Гэтэл манай компанитай үнэ тохироогүй, хэлцэл хийгээгүй, зөвшөөрөл аваагүй, ямар ч төлбөр төлөгдөөгүй байхад өмчлөгч бус этгээдтэй гэрээ байгуулан Жин Зауригатунг өмчлөгчөөр тогтоосонд гомдолтой байна.
Манай компани нь Ө XXK-тай анх 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах "Happy town" хотхоны ХД-71, ХД-72, ХД-73 тоот хаягт байрлах дуусаагүй барилгыг худалдан авахаар тохиролцож, төлбөрийг бүрэн төлсөн. Ийнхүү манай компани нь ХД-71, ХД-72, ХД-73 дугаар барилгуудыг бүхэлд нь өмчлөх эрхийг олж авсан бөгөөд 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хууль ёсны өмчлөгч тул үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлд бүртгэгдэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болно.
Ө ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө гэрээний зүйл болох "Happy town" хотхоны ХД-71, ХД-72, ХД-73 тоот барилгуудын хэсэгт аливаа гуравдагч этгээдэд эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгоогүй бусдад шилжүүлээгүй байсан. Түүнчлэн, гэрээний 5.1 дэх хэсэгт худалдагч нь худалдан авагчид шилжүүлж буй үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээдэд худалдаагүй, барьцаалаагүй, бэлэглээгүй, шилжүүлээгүй болохыг худалдан авагчийн өмнө батална гэж заасан бөгөөд гэрээний зүйлийг өмчлөх эрхийг бүхэлд нь шилжүүлж авсан. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах "Happy town" хотхоны 71 дүгээр байрны 1 дүгээр орц, 64 тоот 56.64 м.кв 2 өрөө орон сууц нь манай компанийн өмч билээ.
Манай компани нь өөрийн өмчлөлийн "Happy town" хотхонд байрлах 71 дүгээр байрны 64 тоот 56.64 м.кв 2 өрөө орон сууцыг бусдад шилжүүлэх ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгээгүй тул өдийг хүртэл өмчлөгч хэвээр байна. Анх Ө ХХК-аас үл хөдлөх хөрөнгийг худалдаж авах үед барилга нь 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй байсан тул барилгыг барьж дуусган, ашиглалтад оруулахын тулд туслан гүйцэтгэгчээр Ө ХХК-ийг сонгож, орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, Ө XXK-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаас үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх эрхийг олгоогүй болно. Улмаар, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улсын комисс хүлээн авч, баталгаажуулсан бөгөөд манай компани нь өөрийн зардлаар орон сууцны өмчлөх эрхийг олж авсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 70 хувийн гүйцэтгэлтэйгээр гарснаар өмчлөх эрх баталгаажиж, Улсын комисс хүлээн авсны дараа буюу 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ дахин гарсан байдаг.
Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Жин Зауригатунг /Jin Zhaorigetu/ нь манай компанитай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, өмчлөх эрх шилжүүлэх талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл хийж байгаагүй болно. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасныг баримтлана. Нэхэмжлэгч Жин Зауригатунг нь өмчлөгчтэй буюу Ю XXK-тай орон сууц худалдан авахаар гэрээ хийгээгүй. Иймд анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй тул Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 109.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, Ю XXK-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн. Жин Зауригатунг нь орон сууцны төлбөрийг төлөөгүй байхад орон сууцны өмчлөх эрхийг олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй бөгөөд илт нэг талыг барьж шийдвэрлэсний улмаас хууль ёсны өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Шүүх нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Ж, Ш.О нар “Ө” ХХК, “Ю” ХХК-д холбогдуулан орон сууцны болон авто зогсоолын өмчлөгч болохыг тогтоолгож, гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргуулахаар шаардсаныг хариуцагч “Ө” ХХК маргаагүй, харин хариуцагч “Ю” ХХК эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг уг байрыг өмчлөх эрхгүй, туслан гүйцэтгэгч “Ө” ХХК бусдын өмчлөлийн хөрөнгийг шилжүүлэх эрхгүй гэх үндэслэлээр маргажээ.
Нэхэмжлэгч тал орон сууцыг “Ө” ХХК-тай О.Эрдэнэбатын 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан орон сууц захиалгын гэрээг өөрийн нэр дээр шилжүүлж, мөн компанитай 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах тухай” НРТ13С17-01 тоот гэрээг байгуулж төлбөрийг бүрэн төлснөөр 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр орон сууцанд нүүн орж өнөөг хүртэл эзэмшин амьдарч байгаа гэж нэхэмжлэлээ үндэслэжээ.
Гэтэл “Ө” ХХК нь иргэдтэй дээрх гэрээг байгуулахаас өмнө буюу 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ”-гээр маргаж буй барилгыг “Ю” ХХК-д худалдсанаар /хх-92-93/ Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, хд71, хд72, хд73 хаягт байршилтай 39605,76 кв.талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй барилга нь 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр, баригдаж дууссаны дараа 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бүхэлдээ “Ю” ХХК-ийн өмчлөх эрхэд бүртгэгдэж, эрхийн улсын бүртгэлээр баталгаажсан гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хх-94, 95/
Өмчлөгч “Ю” ХХК нь дээрх барилгыг бүхэлд нь болон тодорхой хэсгийг захиран зарцуулах эрхийг “Ө” ХХК-д олгосон баримт хэрэгт авагдаагүй ба хоёр компанийн удирдлагын хэмжээнд цөөн хэдэн байрыг “Ө” ХХК бусдад худалдсаны нэг нь ХД71 дүгээр байрны 64 тоот 56.64 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц гэх тайлбараа “Ө” ХХК баримтаар нотлоогүй байна.
Иймд “Ө” ХХК нь бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдах эрхгүй бөгөөд иргэн О.Эрдэнэбаттай 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээгээр 2 өрөө орон сууцыг худалдан борлуулахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хамгаалагдсан өмчлөгчийн эрхийг зөрчсөн бөгөөд улмаар тус гэрээний эрхийг Ж 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээгээр шилжүүлэн өгөх эрхгүй атлаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэх талаар Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зохицуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Ж, Ш.О нар нь “Ө” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө мөн эсэхийг бүртгэлийн байгууллагаас лавлах үүрэгтэй байсан гэж үзнэ.
Иймд эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэх боломжтой байсан тул өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан шударга өмчлөгч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй тул нэхэмжлэгчид маргаан бүхий орон сууцыг өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрх үүсэхгүй юм.
Хэргийн дээрх нөхцөл байдлуудаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдохгүй байх ба шүүх үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэхээр гэрээ байгуулж буй этгээдийн өмчлөх эрхтэй байсан эсэх талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүй байна.
Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Ю” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/01714 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Ө” ХХК, “Ю” ХХК-д холбогдох орон сууцны болон авто зогсоолын өмчлөгч болохыг тогтоолгож, гэрчилгээ гаргуулахад шаардагдах бичиг баримтыг гаргуулах тухай Ж, Ш.О нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
А.ОТГОНЦЭЦЭГ