| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ноостын Хонинхүү |
| Хэргийн индекс | 020/2013/0341/З |
| Дугаар | 221/Ма2016/0256 |
| Огноо | 2016-04-21 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 221/Ма2016/0256
Иргэн Д.Б-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Д.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О-, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О- нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 86 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-ы нэхэмжлэлтэй, ЧД-н Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв. хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ЧД-н Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 22-ны 172 тоот захирамжаар ЧД-н Бага тойруу 6 дугаар хороо нутаг дэвсгэрт 72 мкв бүхий 0171667 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон бөгөөд тус дүүргийн газрын албатай Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулан төлбөрийг 6 жил дараалан төлж байгаа болно. Уг газар дээр 2000 оноос 2001 он хүртэл 40 тн контейнерт дугуй худалдан борлуулах үйлчилгээ эрхэлж байгаад ажиллах орчин нөхцөлөө сайжруулах зорилгоор 2008 онд тус дүүргийн Засаг дарга болон Газрын албанд хүсэлт тавьж 2008 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 172 тоот захирамжийг үндэслэн 72 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн дагуу 2008 оны 8 сард уг газар дээрх барилгыг барьсан болно. Барилгын суурийг төмөр карказ зангидаж цутгаж 9 харьцах 15 м.кв харьцаатай дээвэр ханыг ган карказ зангидан хос өнгөт хуулгатай сэндвичин хавтангаар хийсэн бөгөөд орох хаалгыг дулаалгатай сэндвичээр, дотор жижиг хаалгыг вакум, гадна хаалгыг төмөр бүргэд хаалга,
5 ширхэг 1 м 50 см, 1 м 80 см хэмжээтэй вакум цонх бөгөөд бүх цонх хаалгыг сараалжин төмөр хамгаалалт дотор талд дохиоллын бүрэн систем суурилуулж барилгын нийт өртөг 45.000.000 төг /дөчин таван сая/ төгрөгийн хөрөнгө хүч хөдөлмөрөө зарцуулаад байгаа болно. Би 3 хүнийг цалинжуулж ажлын байраар хангахын зэрэгцээ өөрөө ам бүл 7 /ээж, аав, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг/ хүнийг тэжээн уг бизнес маань бидний амжиргааны эх үүсвэр болсоор ирсэн юм. Уг газрыг ашиглах хугацаандаа газрын гэрээ ёсоор төлбөр тооцоог гэрээний хугацаанд нь төлж байсан ба Чингэлтэй дүүрэг болон 6 дугаар хорооныхонтой хамтарч ажиллаж ирсэн. Уг зүтгэлийг минь үнэлж ЧД-н Засаг даргын шийдвэрээр 2012 онд 20 жил медалаар шагнаж байсан болно. Мөн тус дүүргийн хог хаягдлын үйлчилгээний сантай гэрээ байгуулж хогийн төлбөр тооцоог тухайн улирал болгон төлж, Дулааны шугам сүлжээний компанитай гэрээ байгуулж тухайн байгууллага засвар үйлчилгээ хийх нөхцөлд ажилд нь саад учруулалгүй ажиллах бүрэн нөхцөл бололцоогоор хангаж хамтарч ажиллаж ирсэн билээ.
Түүнчлэн уг газар болон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалан эрхэлж буй бизнестэй
холбоотой бизнесийн зээл Голомт банктай байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн зээл авсан болно. Манай дэлгүүрийн ар талаар явж байгаа дулааны шугамыг 2009 онд ямар ч саад бэрхшээлгүй өргөсгөж шинээр солиход манай барилгын зүгээс дулааны шугам сүлжээний компанитай хамтран ажиллахад хүндрэл учруулж байгаагүй болохыг тодорхойлж хэлмээр байна. Гэтэл ЧД-н Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 144 тоот захирамж гаргасан байна. Уг захирамжид Газрын тухай хуулийн 29.2 Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, 33.1, 20.2.2 газар эзэмшигч ашиглагчаас газар түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргах хэрэгжилтийг зохион байгуулах гэх үндэслэл зааж Д.Б- миний газар эзэмших эрх, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон хууль ёсны эрх ашгийг маань ноцтой хохироолоо. Би газар эзэмших эрхийг хууль ёсны дагуу авсан, ашигласан тул гомдолтой байна.
Иймд ЧД-н Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр захирамжийг хүчингүй болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэн Д.Б- миний газар эзэмших эрх, эзэмших эрхийн гэрчилгээг сэргээж өгнө үү гэв.
Хариуцагч ЧД-н Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Д.Б- нь ЧД-н 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт анх зөвшөөрөлгүй контейнер тавьж дугуй засвар ажиллуулж байсан бөгөөд дүүргийн Газрын албаны дарга Ч.Батбилэг, төлбөрийн байцаагч У.Сувдсүрэн нартай 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1 жилийн хугацаатай 72м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр гэрээ байгуулсан байна. Иргэн Д.Б-ы өөрийн хүсэлтийн дагуу Дүүргийн Засаг даргын 2008 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 172 дугаар захирамжаар Д.Б-д 72 мкв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Дүүргийн Засаг даргын дээрх захирамжаар иргэн Д.Б-д Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг зөрчин Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар эзэмшүүлсэн байдаг. Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас уг газрыг чөлөөлүүлэх шаардлагыг манай албанд удаа дараа ирүүлж байсан болно. Мөн ЧД-н газрын албанаас 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 139 дүгээр албан бичгээр Хашаа арга хэмжээний хүрээнд нүүлгэхээр төлөвлөөд байгаа тухай мэдэгдэж байсан байна. Иймд дүүргийн Засаг дарга Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг үндэслэн өөрийн эрх хэмжээний хүрээнд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтын дагуу 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/144 дүгээр захирамжаар иргэн Д.Б-ы газар эзэмших эрхийг хүчингүй болгосон тул иргэн Д.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэв.
Гуравдагч этгээд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь заалт, Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 76 тоот захирамжаар дулааны шугамын хамгаалалтын зурвас хэмжээг тогтоосон болно. Дулааны 500 мм хүртэл голчтой ил шугамаас 5 метр, газар доорхи болон далд байрласан 500-ээс дээш голчтой шугамаас 7 метр байхаар тогтоосон байдаг. Иймд иргэн Д.Б-д олгосон газар нь хотын зүүн хэсэг болох 12, 15 дугаар хорооллыг бүхэлд нь дулааны эрчим хүчээр хангадаг 6 дугаар магистралийн Насосны өргөх 2 дугаар станц болох онцгой объект болон төв гол шугамын хамгаалалтын зурвасыг ноцтойгоор зөрчиж байна. ЧД-н Засаг дарга нь өөрийн захирамжийг хүчингүй болгосон нь Эрчим хүчний тухай хуульд нийцүүлсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн бие даасан шаардлагаасаа татгалзаж байна гэв.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.5, 21.5.3 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.6-д заасныг тус тус баримтлан хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл хугацаанд маргаан бүхий ЧД-н Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр захирамжийг түдгэлзүүлж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4-д заасныг баримтлан гуравдагч этгээд бие даасан шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дугээр сарын 29-ний өдрийн 86 дугаар шийдвэрээр иргэн Д.Б-ы нэхэмжлэлтэй, ЧД-н Засагдаргад холбогдох, "ЧД-н Засаг даргын2013 оны А/144 дүгээр захирамжийн хүчингуй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага бүхий Захиргааны хэргийг хянан хэлэлцэж, маргаан бүхий захиргааны актыг дахин шинэ акт гаргатал түдгэлзүүлж шийдвэрлэсэн юм.
Дээрх шүүхийн шийдвэр нь холбогдох хуулинд үндэслээгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, хэрэгт авагдсан болон хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслээгүй гэж үзэж дараахь үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нэгдүгээрт, шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт "...нэхэмжлэгч Д.Б-д дүүргийн Засаг даргын 2008 оны 172 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.5.3 дахь заалтуудыг зөрчсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна..." гэж дүгнэсэн атлаа "...иргэн Д.Б-ы буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх үндэслэлгүй...", "...маргаан бүхий газрыг нэхэмжлэгч Д.Б-д олгосноор нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг түүнээс үл хамаарах шалтгаанаар хөндсөн..." гэж дүгнэсэн нь хуулийн үндэслэлгүй, хэрэгт авагдсан болон хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслээгүй шийдвэр болжээ. Өөрөөр хэлбэл дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулиар эрх олгогдоогүй буюу инженерийн шугам сүлжээ бүхий газарт газар эзэмшүүлснээрээ Газрын тухай хууль, тогтоомж зөрчсөн байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу А/144 дүгээр захирамжийг гаргаж шийдвэрлэсэн, энэхүү захирамж нь хуулинд нийцсэн байхад хуулийн холбогдох хуулийн заалт үндэслээгүйгээр "...дүүргийн Засаг даргын харьяа алба, хэлтсийн үйл ажиллагаагаар дээрх асуудлууд тодорхойлогдоно..." гэж дүгнэсэн нь илэрхий алдаатай болжээ гэж үзэхээр байна.
Хоёрдугаарт, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д "...хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл ...маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлнэ..." заасны дагуу маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Гэвч, уг захиргааны хэргийг хянаншийдвэрлэхэд цаашид тодруулах шаардлага огт байхгүй, өөрөөр хэлбэл хуулиар эрх олгогдоогүй газарт дулааны шугаман дээр газар эзэмшүүлсэн, үүнийг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд хүлээн зөвшөөрсөн, инженерийн шугам сүлжээн дээр газар эзэмшүүлсэн эсэх дээр талууд маргаагүй, 2 ч удаа шинжээч томилогдож дүгнэлтдээ "инженерийн шугам, сүлжээн дээр байрласан байна" гэж дүгнэсээр атал "...нэхэмжлэгчид газар олгох боломжтой эсэх, эсхүл өөр газарт газар эзэмшүүлэх боломжтой эсэхийг шийдвэрлэсэн шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж..." шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэхээр байна. Газрын тухай хууинд зааснаар газар эзэмшихээр хүсэлт гаргасан иргэн уг хүсэлтдээ газрын байршлыг харуулсан тойм зураг буюу кадастрын зураг хуулиар хавсаргаж өгөхөөр заасан байдаг. Хүсэлт гаргаагүй байршилд дүүргийн Засаг дарга санаачилгаараа газар эзэмшүүлэх эрх олгогдоогуй юм. Иймд энэхүү шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй, хуулинд үндэслээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн гарчээ.Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар шийдвэр нь нотлох баримт болон хуулинд үндэслээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн гарсан тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг бухэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.
Нэхэмжлэгчээс ...миний бие ЧД-н Бага тойруу, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 72 м.кв газрыг эзэмшдэг... уг газрыг ашиглах хугацаандаа газрын гэрээ ёсоор төлбөр тооцоог гэрээний хугацаанд төлж байсан ... дулааны шугам сүлжээний компанитай гэрээ байгуулж тухайн байгууллага засвар үйлчилгээ хийх нөхцөлд ажилд нь саад учруулахгүй ажиллах бүрэн бололцоогоор хангаж хамтарч ажиллаж ирсэн... Гэтэл Д.Б- миний газар эзэмших эрхийг хүчингүй болгон хууль ёсны эрх ашгийг маань ноцтой хохироосон ... гэж, харин хариуцагчаас ...Иргэн Д.Б-д эзэмшүүлсэн газар нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар ... Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас уг газрыг чөлөөлүүлэх шаардлагыг манай албанд удаа дараа ирүүлж байсан ... мөн Хашаа арга хэмжээний хүрээнд нүүлгэхээр төлөвлөөд байгаа тухай мэдэгдэж байсан ... иймд дүүргийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд Д.Б-ы газар эзэмших эрхийг хүчингүй болгосон... гэж, гуравдагч этгээдээс...иргэн Д.Б-д олгосон газар нь хотын зүүн хэсэг болох 12, 15 дугаар хорооллыг бүхэлд нь дулаан эрчим хүчээр хангадаг 6 дугаар магистралын Насосны өргөх 2 дугаар станц болох онцгой объект болон төв гол шугамын хамгаалалтын зурвасыг ноцтойгоор зөрчиж байна. ЧД-н Засаг дарга нь өөрийн захирамжийг хүчингүй болгосон нь Эрчим хүчний тухай хуульд нийцсэн гэж ... тус тус маргажээ.
Анхан шатны шүүх ... хуулийн заалтуудыг зөрчиж иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн нь тогтоогдож байгаа хэдий ч нэхэмжлэгч иргэн Д.Б-ы буруутай үйл ажиллагаанаас болсон гэж үзэх үндэслэлгүй ба иргэний гаргасан хүсэлтэнд дурдсан газар нь инженерийн шугам сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газарт хамаарч байгаа эсэхийг ЧД-н Засаг дарга өөрийн хуулиар хүлээсэн эрх, үүргийнхээ дагуу харъяа байгууллага, хэлтэст албан тушаалтнуудын тодорхой үйл ажиллагааны дүнд дээрх асуудлууд тодорхойлогдох ба иргэн хуулийн этгээд үүнийг тодорхойлох эрх, боломж байхгүй ... гэж дүгнэсэн нь зөв байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг заасан бөгөөд 21.2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна, мөн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж дүүргийн Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг заажээ.
Дүүргийн Засаг дарга нь хуулиар тогтоосон эрх хэмжээний хүрээнд газар эзэмших талаарх хүсэлтийг шийдвэрлэхдээ тухайн газар нь нийслэл, дүүргийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээтэй давхцаж байгаа эсэх, сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн эсэх, бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцаж байгаа эсэх, хүсэлт гаргагч нь Газрын тухай хуульд заасан болзол, шалгуурыг хангаж байгаа эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр иргэн Д.Б-д эзэмшүүлсэн газар нь дулааны шугам, сүлжээний хамгаалалтын зурвастай давхцаж байгаа болох нь тогтоогдсон байх хэдий ч хэрэгт авагдсан иргэн ЧД-н Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 144 дүгээр захирамж, Д.Б- болон ЧД-н газрын албаны хооронд байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, газар эзэмших эрхийн 0171667 дугаартай гэрчилгээ, газрын төлбөр төлсөн баримтууд[1] зэрэг нотлох баримтуудаас үзвэл маргаан бүхий газрыг нэхэмжлэгч нь газрыг эрх бүхий этгээдийн зөвшөөрч олгосон шийдвэрээр гэрээнд заасан нөхцөл болзол, зориулалтын дагуу эзэмшиж ашиглаж байжээ.
Хот байгуулалтын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дараахь зүйлийг хориглоно, 24.1.6-д инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст барилга байгууламж төлөвлөх, барих, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 33.2-т Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна гэж тус тус заасан байна.
ЧД-н Засаг дарга нь Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу маргаан бүхий газарт байрлах шугам, сүлжээ бүхий газрын хамгаалалтын зурвасын хэмжээг тодорхойлж, баталгаажуулаагүй атлаа гуравдагч этгээд Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3/877 тоот албан бичигт[2] үндэслэн иргэн Д.Б-ы газар эзэмших эрхийг Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст газар эзэмших эрх олгосон... гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь буруу байна.
Түүнчлэн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө-г дүүргийн Засаг дарга өөрөө боловсруулж батлуулах хуулиар хүлээсэн үүрэгтэй, өөрөөр хэлбэл, маргаан бүхий газрыг анх иргэн Д.Б-д газар эзэмшүүлэх үед газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүйн хариуцлагыг нэхэмжлэгч бус хариуцагч хүлээх учиртай.
Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан.
Дүгнэвэл, хариуцагчаас маргаан бүхий газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэрийг гаргахаасаа өмнө хууль, дүрэмд заасны дагуу хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам сүлжээний хамгаалалтын зурвасыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүйн дээр маргаан бүхий газар тус зурвастай хэрхэн давхацсаныг судлах, шалган тогтоосон байх ёстой байтал судалж тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн эрхийг хөндсөн шийдвэр гаргасан нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасантай нийцээгүй байх тул шүүх нөхцөл байдлыг судлан тогтоож, зохих ёсоор дүгнэн нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх тухай дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 86 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ