Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 92

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Х.Ганболд нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга Б.Алтансүх

Улсын яллагч Т.Цэнд-Аюуш

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Үүрцайх

Иргэдийн төлөөлөгч Б.Манхсувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тэлмэн сумын харъяат, 1967 оны 10 сарын 28-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, яс үндэс халх,  бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Хасын 1-6 тоотод оршин суух, энэ хэрэгт татагдахдаа хувиараа гутал засварын ажил эрхэлдэг байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Боржигон овогт Чимэдциеэгийн Шинэбазарт /РД:67102879/ холбогдох  эрүүгийн 201610010125 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ч.Шинэбазар нь 2016 оны 06 сарын 12-ны өдөр согтуугаар  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, эрүүл мэндийн гудамжны  02-23 тоотод өөрийн гэртээ хамтран амьдрагч М.Эрдэнэчимэгтэй маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь шаазан аяганы хагархайгаар цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Шинэбазарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :

“Би 2016 оны  06 сарын 12-ны өдрийн өглөө 7 цаг болж байхад манай эхнэр ажил руугаа явлаа гээд явсанаа 09 цагийн үед согтуу гэртээ ирсэн. Тэгэхээр нь яагаад архи ууж байгаа юм бэ, ажлаасаа гарчихвал чамд дахиж ажил олдохгүй шүү дээ гэхэд Эрдэнэчимэг чамд ямар хамаатай юм бэ гээд хэрүүл хийхээр нь гэрээс гараад ажил руугаа явах гэснээ болиод Энхбаатарынд очиход тэр 1 шил хятад архи ууж байхаар нь тэрнээс нь 3-4 удаа татсан. Тэгээд 14 цагийн үед гэртээ очиход эхнэр архи нэмж уусан бололтой согтсон байсан.  Тэгээд чи ажил төрлөө хийсэнгүй хаагуур заваараад яваад байгаа юм бэ гээд хардах маягтай хэлсэн чинь чи ямар хүн шиг эрхтэнтэй юм уу,  эр хүн шиг байж чаддаг  билүү гэж хэлэхээр нь уур хүрээд  барьж байсан шар өнгийн шаазан аягыг нүүр рүү нь шидсэн. Аяга унахдаа хагарсан бөгөөд хагархай аягаар нүүр рүү нь 3 удаа цохьсон. Тэгээд хартал  нүүрнээс нь цус гараад тогтохгүй болохоор нь цусыг нь тогтоох гэсэн боловч  тогтохгүй болохоор нь эмнэлэг явъя гэхэд явахгүй гээд байсан.  Тэгээд дүү нартаа хэл хүргэж, дүү Мягмар, Батзаяа нар ирж эмнэлэг авч явсан.  Би 2000 онд  хорт хавдар болоод төмсөгөө  авахуулсан учраас миний хувьд их эмзэг  асуудал байдаг юм.  Тэгээд Эрдэнэчимэгийн хэлсэн үгэнд уур хүрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг,

Хохирогч М.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн:

“ Би 2016 оны 06-р сарын 11-ны орой 22 цагийн орчим ажлаа тараад гэр рүүгээ явах замдаа Замын-Үүд сум 1-р багт үйл ажиллагаа явуулдаг Булган хүнсний дэлгүүрээс 0,5 литрийн Сүлд гэх бичигтэй архи 1 шил мөн 2,5 литрийн нийслэл пиво 1-ийг авч гэрлүүгээ явсан ба гэрийн гадаа очиж ганцаараа нөхөр Шинэбазараас нууж талд нь оруулж уучихаад ОО-ийн хажууд дэрсэнд тал шил архиа нуучихаад гэртээ ороход Шинэбазар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор намайг архи уусныг мэдээгүй ба тухайн үед Шинэбазар бид хоёрын дунд хэрүүл маргаан болоогүй унтаж амарсан. Маргааш нь буюу 2016 оны 06-р сарын 12-ны өглөө 07 цагийн үед ажилдаа явлаа гэж гэрээсээ гарсан ба дотор муухайраад байхаар нь гадаа дэрсэнд нуусан тал шил архиа гаргаж ирээд ганцаараа уусан. Тухайн үед би ажилдаа яваагүй дотор муухайраад байсан болохоор дахин 0,5 литрийн архи уучихаад 09 цагийн үед гэртээ ороход манай нөхөр намайг ажилдаа явахгүй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд уурлаж байсныг бол санаж байна. Шинэбазар намайг ажилдаа явахгүй архи уусан байна гээд бид хоёр хоорондоо маргалдаж байсан ба Шинэбазар миний хаана юугаар, хаашаа хэдэн удаа цохиж бие махбодид гэмтэл учруулсанг бол би санахгүй байна. Тухайн үед намайг Батзаяа дагуулж Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад очиж зүүн нүдний зовхи болон баруун хацарт оёдол тавиулсан. Яг үнэндээ ганцаараа архи уугаад их хэмжээний согтолттой байсан болохоор хоорондоо маргалдсанаа л санаж байна, үүнээс хойш юу болсныг огт санахгүй байна. Нэг мэдсэн Замын-Үүд сумын эмнэлэг дээр ирчихсэн зүүн нүд маань муу юм хараад байхаар нь Улаанбаатар хотод очиж үзүүлтэл нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Тэгээд нөхөн сэргээх хагалгаанд орохын өмнө гам алдаад /халуун усанд толгойгоо угаасан/ нүдний цөцгийгөө гоожуулаад нэг нүд хараагүй болсон. Эрүүл мэндээрээ хохирсон явдалд надад ямар нэг гомдол санал нэхэмжлэx зүйл байхгүй. Шинэбазар нь 2002 онд хоёр төмсөгөө өвчний улмаас авхуулж байсан ба сексийн хувьд жирийн хүмүүсийг бодвол үр тогтоох чадваргүй болсон. Энэ байдлыг нь согтуудаа хэлж яриад дургүйг нь хүргэсэн байж магадгүй. Ер нь би хааяа, хааяа ганцаараа архи уучихдаг болохоор нөхөр маань надад уурласан болов уу гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд  /хх-ийн 5-9/

Эд мөрийн баримтаар улбар шар өнгийн  шаазан аяганы  хагархайг тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 11/

Гэрч Ч.Батзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн:

“ 2016 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 19-20 цагийн орчим Шинэбазар ах над руу утсаар залгаад “Эрдэнэчимэгтэй архинаас болж маргалдаад түүнийг цохьчихлоо, манай гэрт хүрээд ир” гэсэн. Ингээд Шинэбазар ахын гэрт очиход Эрдэнэчимэг эгч ганцаараа нилээн согтуу байдалтай /юу болж байгааг мэдэх сөхөөгүй/ гэрийнхээ хойморт байрлах орон дээрээ доошоо хараад хэвтэж байсан ба хацар болон зүүн нүдний зовхиноос нь цус гарч байхаар нь гаднаас ариун боолт аваад буцаад иртэл Шинэбазар ах гэрт ирчихсэн хажууд нь аргадаад сууж байсан. Тэгээд би Эрдэнэчимэг эгчийг орноос татаж босгоод шархыг нь цэвэрлэхэд цус нь тогтохгүй байсан бөгөөд эмнэлэг дагуулж явах гэсэн боловч “архи уусан нь миний буруу, би өөрөөсөө болж ийм байдалд орчихлоо, эмнэлэг явахгүй” гээд байхаар нь хүчээр эмнэлэг дагуулж явсан. Эмнэлэг явах замдаа Эрдэнэчимэг эгчээс юу болсон талаар асуухад “эгч нь аяган дээр уначихсан юм аа” гэснээс өөр зүйл яриагүй ба Шинэбазар ахыг согтуу байхаар нь юм асуугаагүй. Тухайн үед миний ойлгосноор Шинэбазар, Эрдэнэчимэг хоёр хоорондоо муудалцаад Шинэбазар ах уурандаа аяга шидчихсэн юм шиг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

Гэрч Д.Мягмарын мөрдөн байцаалтад өгсөн:

“2016 оны 06-р сарын 12-ны өдөр / цагийг нь сайн санахгүй байна / Дорноговь аймаг Замын-Үүд сум 3-р баг Хасын 1-6 тоотод гэртээ засвар хийгээд байж байхад манай эхнэр Батзаяа нь Шинэбазар, Эрдэнэчимэг нар хоорондоо муудалцсан бололтой байна хоёулаа хамт Замын-Үүд сум 2-р баг Эрүүл мэндийн 2-23 тоот буюу Ч.Шинэбазар ахын гэр рүү явчихаад ирье гэхэд би явахгүй чи явчихаад ир гээд Батзаяаг ганцааранг нь явуулсан. 10-15 минутын дараа манай эхнэр Батзаяа аптек орчихоод явж байна хоёулаа цуг Шинэбазар ахын гэр рүү цуг явъя гэхээр нь цуг Замын-Үүд сум 2-р баг Эрүүл мэндийн 2-23 тоот буюу Шинэбазар ахын гэр рүү очиход Эрдэнэчимэг гэрийн хойморьт орон дээр хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Шинэбазар намайг очиход гэртээ байхгүй байсан. Эрдэнэчимэгийн нүүр нь цус болсон байдалтай байхаар нь нүүрийг нь чийгтэй алчуураар арчиж байгаад Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах руу явж оёдол тавиулсан. Тухайн үед Эрдэнэчимэг, архи согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан ба эмнэлэг” явахгүй би зүгээр л гээд байсан. Өөр зүйл ярихгүй байсан. Шинэбазар ах манай эхнэр Батзаяатай ярихдаа Эрдэнэчимэгтэй хэрэлдэж маргалдсаны улмаас зодсон талаараа ярьсан байсан….Шинэбазар, Эрдэнэчимэг нар хамт амьдраад 3-4 жил болж байгаа бөгөөд хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо зодолдож байгаагүй бөгөөд хэрүүл маргаан бол хийж байсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 24/

Гэрч Донигдоржийн Долгорын мөрдөн байцаалтад өгсөн:

“2016 оны 06-р сарын 12-ны орой цагийг нь сайн санахгүй байна. Манай том бэр болох Батзаяа утсаар миний 96063513 гэсэн дугаар руу залгаж Шинэбазар, Эрдэнэчимэг хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ зодолдсон юм шиг байна. Хоёулаа согтуу байна. Би Эрдэнэчимэгийг эмнэлэгт үзүүлж байна. Эмч нар Эрдэнэчимэгт оёдол тавина гэж байна гэсэн. …Миний том ах болох Ч.Шинэбазар нь 1967 оны 10 дугаарын сарын 28-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн суманд айлын том хүү болж төрсөн бөгөөд доороо 8 дүүтэй хүн байгаа юм. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжээд 1976 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Ерөнхий боловсролын сургуульд элсэн орж 1983 онд Улаанбаатар хотод 28-р сургуулийн 8 дугаар ангийг бүрэн бус боловсролтой төгсөж. Оныг нь бол сайн мэдэхгүй байна Улаанбаатар хотод Дотоодын цэргийн 05-р ангийг хоёр жилээр цэргийн алба хааж. 2006 онд Дорноговь аймаг Замын-Үүд суманд ирж одоог хүртэл хувиараа хөдөлмөр эрхэлдэг болсон. Зан байдлын хувьд бол манай ах их дөлгөөхөн зантай, тайван, хүнтэй эелдэг зөөлөн харьцаатай. Миний ах 2000 онд өвчний улмаас төмсөгний хагалгаанд орсноос хойш архи согтууруулах ундааны зүйл хааяа л хэрэглэдэг. Хохирогч Эрдэнэчимэгтэй танилцаж нэг гэрт ороод 3 жил болж байна. Миний ах ямар нэгэн байдлаар зөрчил гарган цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

Гэрч Д.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн:

“Би Эрээн хотод мал маллахаар 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр яваад өнөөдөр Замын-Үүд суманд орж ирлээ. Энэ хугацаанд 30 хоногын зайтай Замын-Үүд суманд орж ирдэг байсан. 2016 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 10 цагийн үед Ч.Шинэбазар ах манай гэрт ганцаараа эрүүл орж ирээд ууж байсан архинаас 2-3 удаа /300-400 грамм/ татсан. Тэгээд 2-3 цагийн дараа Шинэбазар ахын гэрт үлдээсэн өөрийнхөө гар цүнхийг авах санаатай гэрт нь очтол Эрдэнэчимэг эгчийн нүүр ам нь цус болчихсон орон дээрээ хэвтэж байсан ба Шинэбазар ах хажууд нь юм яриад аргадаад байгаа бололтой байсан. Эрдэнэчимэг эгчийн аль нэг нүднээс нь их хэмжээтэй цус гарч байсан болохоор нь эмнэлгийн тусламж дуудаж өгөөд өөрөө гэртээ харьсан. Миний хувьд Эрдэнэчимэг, Шинэбазар нартай хэрэлдэж маргалдан хоорондоо үл ойлголцсон зүйл болоогүй бөгөөд цүнхээ авах зорилгоор гэрт нь очтол нэг нэгнийгээ гэмтээчихсэн байсан. Ямар зүйлээр яаж гэмтээснийг нь хараагүй, гэрт нь ороход хагарсан аяганы хэлтэрхий газарт байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Гаваасүрэнгийн 2016 оны 06 сарын 21-ний өдрийн “ 1. М.Эрдэнэчимэгийн  биед  зүүн нүдний  эвэрлэг бүрхүүлийн  нэвтэрсэн шарх, солонгон бүрхэвчийн  няцрал, нүд дүүрэн цустай учир нүдийг  авсан, баруун хацарт  шархнаас үүсэн сорви, зүүн нүдний дээд зовхинд  шархнаас  үүссэн  шинэ сорви гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр  үүснэ. 

3.Учирсан гэмтлийн зүүн нүдний эвэрлэг бүрхүүлийн нэвтэрсэн шарх, солонгон  бүрхэвчийн  няцрал, нүд дүүрэн цустай  учир нүдийг авсан гэсэн гэмтэл нь  Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар  гэмтлийн хүнд зэрэг, баруун хацарт шарх,  зүүн нүдний  дээд зовхинд шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 303 тоот дүгнэлт /хх-ийн 35/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ лабораторийн ахлах шинжээч Ш.Пүрэвдуламын 2016 оны 07 сарын 29-ны өдрийн “1. М.Эрдэнэчимэгийн гэх цус шинжилгээнд тэнцэнэ.

2.Саарал өнгийн  орны даавуу, шар өнгийн  шаазан аяганы  хагархай хэсгүүд, хар судалтай майк зэргээс цус илэрсэн.

3. Саарал өнгийн  орны даавуу, шар өнгийн  шаазан аяганы  хагархай хэсгүүд, хар судалтай майк зэргээс цус илэрсэн цус нь ДНХ-ийн  тогтоцоороо нэг эмэгтэй хүнийх байна.

4.Уг ДНХ-ийн тогтоц нь М.Эрдэнэчимэгийн  гэх цусны  ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Саарал өнгийн  орны даавуу, шар өнгийн  шаазан аяганы  хагархай хэсгүүд, хар судалтай майк зэргээс илэрсэн цус нь М.Эрдэнэчимэгийн цус байна” гэсэн 6004 тоот дүгнэлт, түүний хавсралт /хх-ийн 40-41/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 54/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ч.Шинэбазар нь 2016 оны 06 сарын 12-ны өдөр согтуугаар  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Эрүүл мэндийн гудамжны  2-23 тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч М.Эрдэнэчимэгтэй “ архи уулаа, ажилдаа явсангүй” гэж маргалдаж, улмаар шилэн аягаар нүүрэн тус газарт нь 3 удаа цохиж, хохирогчийн бие махбодид зүүн нүдний эвэрлэг бүрхүүлийн нэвтэрсэн шарх, солонгон бүрхэвчийн  няцрал, нүд дүүрэн цустай учир нүдийг  авсан хүнд гэмтэл, баруун хацарт шарх,  зүүн нүдний  дээд зовхинд шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх ба түүнийг 2016 оны 06 сарын 12-ны өдөр хохирогч С.Эрдэнэчимэгийн бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтад өгсөн “...Шинэбазар миний хаана юугаар, хаашаа хэдэн удаа цохиж бие махбодид гэмтэл учруулсанг бол би санахгүй байна. Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахад очиж зүүн нүдний зовхи болон баруун хацарт оёдол тавиулсан. Нэг мэдсэн Замын-Үүд сумын эмнэлэг дээр ирчихсэн зүүн нүд маань муу юм хараад байхаар нь Улаанбаатар хотод очиж үзүүлтэл нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Тэгээд нөхөн сэргээх хагалгаанд орохын өмнө гам алдаад /халуун усанд толгойгоо угаасан/ нүдний цөцгийгөө гоожуулаад нэг нүд хараагүй болсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/

гэрч Ч.Батзаяагийн мөрдөн байцаалтад өгсөн “Шинэбазар ахын гэрт очиход Эрдэнэчимэг эгч ганцаараа нилээн согтуу байдалтай гэрийнхээ хойморт байрлах орон дээрээ доошоо хараад хэвтэж байсан ба хацар болон зүүн нүдний зовхиноос нь цус гарч байхаар нь гаднаас ариун боолт аваад буцаад иртэл Шинэбазар ах гэрт ирчихсэн хажууд нь аргадаад сууж байсан. Тэгээд би Эрдэнэчимэг эгчийг орноос татаж босгоод шархыг нь цэвэрлэхэд цус нь тогтохгүй байхаар нь эмнэлэг дагуулж явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

гэрч Д.Мягмарын мөрдөн байцаалтад өсгөн “Шинэбазар ахын гэр рүү очиход Эрдэнэчимэг гэрийн хойморьт орон дээр хажуу тийшээ хараад хэвтэж байсан. Шинэбазар намайг очиход гэртээ байхгүй байсан. Эрдэнэчимэгийн нүүр нь цус болсон байдалтай байхаар нь нүүрийг нь чийгтэй алчуураар арчиж байгаад Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах руу явж оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 24/,

хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-9/, эд мөрийн баримтаар улбар шар өнгийн  шаазан аяганы  хагархайг тооцож, хэрэгт хавсаргасан тогтоол /хх-ийн 11/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч П.Гаваасүрэнгийн 2016 оны 06 сарын 21-ний өдрийн 303 тоот дүгнэлт /хх-ийн 35/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ДНХ лабораторийн ахлах шинжээч Ш.Пүрэвдуламын 2016 оны 07 сарын 29-ны өдрийн 6004 тоот дүгнэлт, түүний хавсралт /хх-ийн 40-41/ зэрэг нотлох баримтаар батлагдан тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ч.Шинэбазарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэлд тохирсон  байх тул шүүгдэгчийг тухайн хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна. 

Хохирогч М.Эрдэнэчимэг нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй болохоо мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байна. /хх-ийн 15-16/

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа  зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал, харин уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Иймд шүүгдэгчид ял оногдуулахдаа дээрх хуульд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэн түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551 .1-т заасан журамыг хэрэглэн шүүгдэгчид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүйгээр хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-т зааснаар  хорих ял эдлүүлэх дэглэмийг  хөнгөрүүлж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ялыг эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн  шаазан аяганы  хагархайг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар утсгах нь зүйтэй байна.

Уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлөсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 292, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Боржигон овогт Чимэдциеэгийн Шинэбазарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551  дүгээр зүйлийн 551 .1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Чимэдциеэгийн Шинэбазарыг 3 /гурван/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10-т зааснаар  шүүгдэгч Ч.Шинэбазарт оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч  Ч.Шинэбазар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улбар шар өнгийн шаазан аяганы  хагархайг устгасугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Ч.Шинэбазарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                           А.ЦЭРЭНХАНД  

ШҮҮГЧИД                           Б.НАРМАНДАХ

                                        Х.ГАНБОЛД