Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 00012

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Энхтайван  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Нэхэмжлэгч: иргэн Д.Б-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Хөвсөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн Д.Б-д хамаарах заалтыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б-т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, гэрч Б.А нар оролцож, нарийн бичгийн дарга П.Ундрах  шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2012 онд өөрийн нэр дээр шилжүүлэн авснаас хойш газрын төлбөрөө төлж, хашаа барьж талбайдаа 00 ухаж, 2017 онд 6-н гэр барьж үйл ажиллагаа явуулсан. Түүнээс хойш жил бүр цөөн хоногоор байрлаж хог хаягдлыг цэвэрлэж байгалийн унаган төрхийг сэргээн хамгаалсаар ирсэн цаашид хамгаалсаар байх болно. Харин өөрийн болон эхнэрийн биеийн байдлын улмаас томоохон барилга байгууламж барьж амжаагүй бөгөөд уг газрын байршил онцлог зэргээс хамаарч жуулчин, аялагчдын дамжин өнгөрөх, түр буудлах отог хэлбэрээр үйл ажиллагаа явуулах төлөвлөлттэй байгаа ба 2018-2019 оны зун цөөн хоногоор ойр дотны хүмүүсээ түр байршуулан ажилласан. Учир нь эхнэрийн даралт үе үе хэлбэлзэх биеийн байдал тогтвортой бус байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 21-нд зуурдаар нас барсан нь надад нөхөж баршгүй гарз төдийгүй хүний амьдралд тохиох хүндэтгэн үзэх шалтгаан гэж үүнээс өөр үгүй бизээ. Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэх хуудас өнөөг хүртэл өгөөгүй төдийгүй цөөн бүлэг хүмүүс эрх мэдэл давуу байдлаа ашиглан иргэн миний хуулиар олгогдсон газар эзэмших эрхэнд халдсан халдлага гэж үзэж байна. ... Нөгөө талаар Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга газрын төлбөрөө төлсөөр байтал Газрын тухай хуулийн 4.1.5 дахь заалтаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэх боловч, Газрын харилцаа барилга хот байгуулалтаас гаргасан шийдвэр нь мөн хуулийн 40.1.6 дугаар заалтыг үндэслэсэн мэтээр зөрүүтэй, хуулийн өөр өөр заалт үндэслэж байгаа нь ойлгомжгүй, уялдаагүй анхнаасаа хууль бус эрх зүйн чадамжгүй захиргааны акт болох нь илэрхий байна.

Иймд Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийг цуцалж иргэн Д.Б миний Хатгал тосгоны Цахир толгойн шил дэх 2 га газар эзэмших эрхийг сэргээж өгнө үү. Би маргаан бүхий захирамжийн өөрт оногдох хэсгийг хүчингүй болгуулах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм” гэв.

Хариуцагч Хөвсөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга Т.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Иргэн Д.Б-ын 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 тоот захирамжийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлд дараах тайлбар гаргаж байна.  2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Хатгал тосгоны оршин суугчдын хурлаар цуцлагдах газрын талаарх мэдээлэл хэлэлцэгдсэн. Газар эзэмшиж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг хуулийн дагуу цуцлах саналыг хурлаар 100 % дэмжсэн. Хурлын тэмдэглэл хавсаргав. Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05 тоот захирамжийн дагуу ажлын хэсгийн төлөвлөгөө гаргаж ажилласан. Ажлын хэсгийн тайланг хавсаргав. Ажлын хэсэг ажилласны дараах холбогдох хаяг, утас тодорхойгүй иргэдэд зарлалыг олон нийтийн үйлчилгээний газруудад нааж тавин мэдээлсэн. Хуулбарыг хавсаргав. 2018 оны 06 дугаар сарын 28-нд газар ашиглах, эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар цуцлах мэдэгдэл гаргаж  мэдээлсэн.  Мэдэгдлээ Эрх чөлөө сонинд байршуулж  нийтэд мэдээлсэн. Сонсох ажиллагаа явуулж тайлбар, мэдээлэл өргөдөл хүлээн авч мэдээлэл тайлбар зөвлөмж  өгсөн. Сонсох ажиллагаа явуулахад 2018 оны 07 дугаар сарын 05-ны байдлаар иргэн Д.Б-ын эзэмшиж байгаа газар нь ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газрын гэрээгээ сунгуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй байсан нь тухайн эзэмшигч эрх бүхий газар нь цуцлагдах үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдэх хуудсыг өнөөг хүртэл надад өгөөгүй гэсэн ба сонсох ажиллагааг явуулахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бид цахим сүлжээнд болон захиргааны байгууллагын албан ёсны мэдээллийн самбарт сонсох ажиллагаа явуулах тухай зарыг байршуулсан байдаг ба эдгээрээс мэдээллийг олж үзсэн байх боломжтой. Сонсох ажиллагааны талаар мэдэгдэх хуудсыг хүлээн аваагүй гэж тайлбарлаж байх боловч иргэн Д.Б-т 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ирж өөрийн биеэр сонсох ажиллагаанд оролцсон тул сонсох ажиллагааны талаар мэдэгдлийг мэдсэн гэж олгож байна. Мөн тухайн өдрөө дахин Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанд газар эзэмших цуцлах жагсаалтаас хасаж өгнө үү гэж өргөдөл өгсөн байдаг. Уг өргөдөлд сонсох ажиллагаа явуулахыг мэдсэн талаараа бичсэн байгаа. Иймд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаартай газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамж нь хуулийн дагуу гарсан тул иргэн Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Хатгал тосгоны оршин суугчдын хурал болж 4 асуудал хэлэлцэгдсэн. 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдөр удирдамжийн дагуу 5 чиглэлд явж хуулийн дагуу хуулийн хэрэгжилтийг хангаж ажилласан. 2018 онд эдгээр хүмүүст “Эрх чөлөө” сониноор дамжуулж мэдэгдэж байсан. 2020 оны 1 дүгээр сард “Эрх чөлөө” сонинд цуцлагдсан шийдвэрийг байршуулж  2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр өнөөдөр сонинд цуцлагдсан тухай тавигдсан. 2018 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч нь өөрөө хүсэлт гаргасан ба 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдөр сонсох ажиллагаа явуулахаар холбогдох техник хэрэгслийг байршуулж хүмүүсийг товолсон газартаа хүлээсэн боловч Д.Б-оос өөр хүн ирээгүй. Ингээд иргэн Д.Б-д сонсох ажиллагаа явуулсан. Дараа нь хүсэлт өгөөд явж байсныг санаж байна. Одоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

Гэрч  Б.А шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Сонсох ажиллагаа явуулахад ганц Д.Б-т гэдэг хүн ирсэн байсан бөгөөд ямар учраас сонсох ажиллагаа явуулж байгаа талаар өөрт нь тайлбарлаж хэлж байсан. Миний бие ажлын хэсгийн нарийн бичгээр ажилласан. 700 гаруй шон эзэн холбогдогч нь мэдэгдэхгүй газрууд байсан” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд тэрээр шүүх хуралдаан дээр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн өөрт хамаарах заалтыг хүчингүй болгуулах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

  Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг болон хэргийн оролцогчдын тайлбарыг тал бүрээс нь шинжлэн судалж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг доорхи үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  Үүнд:

1. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн  2012 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/101 дугаар шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 210100118 дугаар бүхий 2 га газрыг 15 жилийн хугацаатай Хатгал тосгоны 1 дүгээр хороо, Цахир толгойд байршилд, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000483189 дугаар гэрчилгээг” Д-ийн Б-д олгож, мөн өдөр газрын даамал Ч.Оюунгэрэл иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг  Д.Б-той байгуулжээ. /ХХ-6-7 дугаар хуудас/

2. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 40 дүгээр зүйлийн 40.1.5,40.1.6 дахь заалтуудыг үндэслэн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн хавсралтын 21 дэх заалтаар “... Д-ийн Б-т “нэгж талбарын 210100118 дугаар бүхий Хатгал тосгоны 1 дүгээр хороо, Цахир толгойн байршилд, үйлчилгээний зориулалттай 2 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ. /ХХ-66-67 дугаар хуудас/

3. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг /Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно.../-т зааснаар эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт нь хууль бус болох нь тогтоогдвол түүнийг батлан гаргасан захиргааны байгууллага /албан тушаалтан/ хүчингүй болгохоор хуульчилсан.

 Харин маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгч Д.Б-ын хувьд сөрөг үйлчлэл бүхий захиргааны акт байх тул нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.

4. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоохоор заасан тул нэхэмжлэгч Д.Б Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын дээд шатны албан тушаалтан болох аймгийн Засаг даргад хандаж, түүнд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын  2020 оны 02 сарын 17-ний өдрийн 4/94 дүгээр албан бичгээр “... Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтын дагуу сонсгох ажиллагаа явуулах тухай зарыг хүргүүлж ажилласан байна. ... шүүхээр шийдвэрлүүлнэ үү“ гэсэн хариуг авснаар түүний шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээгдсэн гэж үзнэ.

5. Маргаан бүхий акт буюу Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн хавсралтын 21 дэх заалтаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байх ба хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцалсан үндэслэлээ “... зориулалтын дагуу эзэмшээгүй, түүнд газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө Захиргааны ерөнхий хуулийн дагуу зар, мэдээлэл тавьсан, мөн Д.Б нь 2018 оны 7 сард өөрийн биеэр ирж сонсгох ажиллагаанд оролцсон... ” хэмээн тайлбарлажээ.

6. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаар “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” захирамжаар ...Тосгоны газрын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах ажлыг зохион байгуулах ажлыг хэсгийг байгуулж, улмаар уг ажлын хэсэг 2018 оны 07 сарын 05-ны өдөр Хатгал тосгоны Соёлын төвд сонсгох ажиллагааны хурал зарлаж, энэ ажиллагаанд иргэн Д.Б-т оролцсон байх ба холбогдох тайлбараа өгч, улмаар “... хүндэтгэн үзэх шалтгаанаа дурьдаж, цуцлах жагсаалтаас хасуулах, цаашид үйл ажиллагааг явуулах болно” гэсэн утга бүхий хүсэлтийг гаргасныг тухайн үед ажлын хэсэг хүлээн авсан нь нотлогдож байх тул “... түүнд газар эзэмших гэрчилгээг цуцлах тухай мэдэгдсэн ...” хэмээх тайлбарыг хүлээн авах боломжгүй, /ХХ-н 34-41 дүгээр хуудас/ харин түүний хүсэлтийг хүлээн авснаас хойш буюу  газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд  цуцалсан шийдвэрийг  1 жил 6 сарын дараа буюу 2019 оны 12 сарын 18-ны өдөр гаргасан нь хууль бус  байна.

Тодруулбал: иргэн Д.Б-ын “... хүндэтгэн үзэх шалтгаантай ... тухай” 2018 оны 7 сард гаргасан хүсэлтийг хүлээн авсан нь хууль зөрчөөгүй бөгөөд харин  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийг гаргахаас өмнө түүнд дахин мэдэгдсэн, сонсгох ажиллагааг хийсэн байх шаардлагатай байжээ. 

  7. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, Хатгал тосгоны газрын даамал Ч.О-ээс “ ... хорь буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол ... орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр мэдэгдэх ажилагааг явуулсан” гэж тайлбарлах авч  “... нэр бүхий иргэнд тухайлсан нэгж талбарын газрыг эзэмшүүлэх эрх олгосон болохоос биш нэг газарт хорин нэг буюу түүнээс дээш этгээдэд эрх олгоогүй тул Захиргааны Ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д зааснаар сонсгох ажиллагааг явуулж ... мэдэгдсэн” гэх тайлбарыг хүлээн авах  үндэслэлгүй болно.

 Иймээс мөн  нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохын өмнө орон нутгийн  сонин болон телевизээр зар явуулж, мэдэгдсэн, тосгоны төвийн үйлчилгээний газруудад зар нааж мэдэгдсэн гэх боловч үүнийг “нэхэмжлэгч Д.Б-д хууль, журмын дагуу мэдэгдэж, сонсгох ажиллагааг хийсэн” гэж үзэж хариуцагчийг зөвтгөх  боломжгүй байна.  

8.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол сумын Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно. Гэвч Д.Б нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоос өмнө өөрийн эзэмшлийн газартаа хашаа барьсан, гэр барьж үйлчилгээ явуулж байсан нь шүүхийн үзлэгээр нотлогдож байх буюу жорлон барьсан, гэрийн буурь, хамгаалалтын хашаа барьсан зэргээр нотлогдож байна.  /шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон фото зургаар албажуулсан/. /ХХ- 80-84 дүгээр хуудас/

Иймээс газар эзэмшигч нь үйлчилгээний  газрын зориулалттай газраа зориулалтын дагуу ашиглахын тулд ямар нэгэн хашаа саравч барих, байшин барихыг  хууль болон гэрээгээр үүрэг болгоогүй бөгөөд нэхэмжлэгчээс зориулалттай газраа хэрхэн ашиглаж байсан, эсхүл ашиглаж байгаагүй талаар хариуцагч үндэслэл бүхий тайлбар, нотлох баримт ирүүлээгүй ба газар эзэмших эрхийг цуцлахаас өмнө тухайн газарт  хашаа, гэр барьж “00” байгуулсан талаар маргаагүй байна. Үйлчилгээний  зориулалтаар олгосон газарт заавал ямар нэгэн хашаа саравч, байшин  барьж ашиглах ёстой гэж үзвэл өрөөсгөл болох ба газар эзэмшигч өөрийн эзэмшлийн газартаа байшин барилгүйгээр гэр, майхан барих зэргээр нүүлгэн шилжүүлэх боломжтой орон байр гэр, хэрэгсэл ашиглан амралт зугаалгын зориулалтаар ч ашиглах эрхтэй. Иймд байшин бариагүй байгааг зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэлд хамааруулах боломжгүй байна.

9. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлөх бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.5-д зааснаар газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу төлж байсан болох нь банкны баримтуудаар  нотлогдож байна. /ХХ-13-14 дэх хуудас/

Тодруулбал, Газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон этгээд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх явцад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдвол тухайн шатны Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалттай болно.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай шийдвэр гаргахаас өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй Д.Б-ын  газрын төлбөрөө төлж байсныг шалгаагүй, гэрчилгээг хүчингүй болгох талаар мэдэгдээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын  тайлбараар нотлогдож байна.

10. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2018 оны 05 сарын 23-ны өдрийн 05 дугаар захирамжийн дагуу газрын тухай  хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэйгээр 05 сарын 24-ний өдрөөс 06 сарын 14-ний өдөр хүртэл Хатгал тосгоны төвийн хэсгийн бүх нэгж талбарын газрыг шалгасан тухай, ... 2018 оны 07 сарын 15-ны дотор иргэд хашаагаа барихгүй бол /Газрын тухай хуулдийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ гэсний дагуу арга хэмжээ авч газрыг цуцлах болсныг анхааруулж байна” гэсэн зарлалыг Хатгал тосгоны үйлчилгээний төвүүдээр нааж мэдээлсэн, “Өнөөдөр”, “Эрхчөлөө” сонинд зар явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Энэхүү зарлалд Д.Б-ын  нэр  дурдагдаагүй, харин сонинд тавигдсан зард түүний нэр байх боловч сонингуудад тавьсныг мэдээгүй  тул тухайн  иргэний газар эзэмших эрхийг цуцлах талаар урьдчилан мэдэгдсэн гэж үзэх боломжгүй байна.

11. Захиргааны байгууллагаас иргэнд газар эзэмшүүлэхээр нэгж талбарын 210100118 дугаар бүхий 2 га  газрыг 15 жилийн хугацаатай Хатгал тосгоны 1 дүгээр хороо, Цахир толгойн байршилд, үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр   “Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000483189 дугаар гэрчилгээг /эрх олгосон эерэг нөлөөлөл бүхий/ хүчингүй болгохдоо Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 /Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно/-т зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 24.2-т Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 25 дугаар зүйлийн 25.1-т /захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна/ гэж тус тус зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримт цуглуулах, үнэлэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т /Захиргааны акт, ... батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно/, 27 дугаар зүйлийн 27.1-т /Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно/, 27.4-т /Сонсох ажиллагааг дараах хэлбэрээр явуулна./, 27.5-т /Сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна/ гэж заасан ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй гэж үзлээ.

12.  Иймд захиргааны байгууллага иргэний эерэг үйлчлэл бүхий захиргааны актыг хүчингүй болгохын өмнө урьдчилан мэдэгдээгүй, сонсгоогүй, газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар тайлбар аваагүй, шаардлагатай нотлох баримт цуглуулаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн түүнд хамаарах заалтыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 13. Мөн захиргааны байгууллага нь үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.1 /хуульд үндэслэх/, 4.2.5 /зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон/, 4.2.6 /бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах/ гэсэн  зарчмыг баримтлаагүй байна. Тодруулбал: 

14. Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн холбогдох заалт нь  зөвхөн газар ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь өмнө тухайн газрыг эзэмшүүлэх  эрх олгосон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн  2012 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/65 дугаар захирамж шийдвэр хүчинтэй хэвээр байгаа нь нэхэмжлэгчийн уг газрыг  эзэмших  эрх олгосон шийдвэр хүчинтэй байгааг ч дурьдах нь зүйтэй  байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь;

1. Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 27.5,  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох иргэн Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/176 дугаар захирамжийн 21 дэх  буюу “Д.Б-д ... ” хамаарах заалтыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ЭНХТАЙВАН