Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/196

 

 

 

 

 

 

 

 

  2022        03          03                                     2022/ШЦТ/196

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Ж.Баянжаргал /томилолтоор/,

шүүгдэгч Ю.Т, түүний өмгөөлөгч Ц.Алимаа /ҮД:0182/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Ю.Т-д холбогдох эрүүгийн 2211 00000 0237 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Гарлик ресторанд ахлах тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт,           тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

  Ю.Т /РД: /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Ю.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын 1 дүгээр гудамжны 51 тоотод иргэн Б.Болдсайханыг зодож биед нь “хоёр нүдний ухархайн доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, зүүн чамархайн хуйх, дух, баруун хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт язарсан шарх, хоёр нүдний зовхи, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хоёр нүдний зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч  Ю.Т нь:

2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын 1 дүгээр гудамжны 51 тоотод иргэн Б.Болдсайханыг зодож биед нь “хоёр нүдний ухархайн доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, зүүн чамархайн хуйх, дух, баруун хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт язарсан шарх, хоёр нүдний зовхи, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хоёр нүдний зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч  Ю.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бухимдан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлдээ чин санаанаасаа харамсаж байна...” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Б.Болдсайханы “...би 10 цаг өнгөрч байх үед сэрэхэд гэртээ ганцаараа Төгсөө гэрт байхгүй байсан бөгөөд гэнэт гадна хаалга дуугараад гаднаас Ю.Та орж ирээд үгийн зөрүүгүй миний нүүр лүү нэг удаа өшиглөөд би нүүрээ дараад доош хартал миний толгой дээрээс Ю.Т хөлөөрөө олон удаа дэвссэн юм. Миний баруун хөмсөгнөөс цус гарах үед гаднаас таксины жолооч бололтой нэг залуу орж ирээд хүүе та хүн аллаа ш дээ гээд Ю.Т надаас салгаж холдуулаад гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

Гэрч Б.Төгсөөгийн “...маргааш өглөө нь би 9-10 цагийн үед Болдсайханы гэрээс гараад ажил хөөцөлдөхөөр явсан бөгөөд Болдсайхан гэртээ унтаад үлдсэн юм. Би автобусанд суугаад явж байх үед  Ю.Т над руу залгаад “миний түрийвч, гэрийн түлхүүр, пакс” байхгүй байна би Болдсайханы гэрт нь үлдээчихсэн юм шиг байна би таксидаад Болдсайханы гэр лүү нь явж байна гэж хэлээд надаас Болдсайханы гэрийг нь заалгуулсан юм. Би Болдсайханы гэрийг нь зааж өгөөд утсаа тасалтал удалгүй Ю.Т над руу залгаад би Болдсайханы гэрийг нь олохгүй байна хоёулаа фейсбүүк чатаар дүрсээ харж байгаад яриад Болдсайханы гэрийг нь заалгая гээд би фейсбүүк чатаар  Ю.Т-тай холбогдоод Болдсайханы гэрийг нь зааж өгөөд Болдсайханы гэрийнх нь гадаа ирээд Ю.Т би таксины жолоочид өгөх мөнгө байхгүй байна Болдсайханы гэр лүү нь орж өөрийнхөө түрийвчнээсээ мөнгө аваад таксины жолоочид мөнгө өгнө гэж хэлээд бас Ю.Т урьд шөнө чи намайг зодчихсон байна би чамайг очиж ална чи бид хоёрын нэг нь шоронд нөгөөдөх нь шороонд орох болно гэж хэлээд утсаа тасалсан юм. Гэнэт надад сонин санагдаад Ю.Т гар утас руу нь буцаагаад залгатал хүн цаана нь орилох шиг чимээ гараад утас нь тасарсан юм. Би буцаж автобусанд суугаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр ирээд болсон асуудлын талаар хэлээд Болдсайханы гэр лүү нь очтол Болдсайханы нүүр болон толгой хэсэг нь битүү цус болчихсон 2 нүд нь анигдаад нээгдэхгүй байна гэж хэлээд сууж байсан...юу болсон талаар Болдсайханаас асуухад танай найз Ю.Т гэрт орж ирээд намайг газарт унтаж байх үед толгойн дээрээс хөлөөрөө дэвсээд намайг зодсон гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1592 дугаартай “...Б.Болдсайханы биед хоёр нүдний ухархайн доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, зүүн чамархайн хуйх, дух, баруун хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт язарсан шарх, хоёр нүдний зовхи, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хоёр нүдний зовхи, баруун чихний дэлбэн, баруун мөр, бугалга, цээж, дал, зүүн мөр, бугалга, дал, бөөр орчимд цус хуралт гэмтэл учирчээ... хоёр нүдний ухархайн доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, зүүн чамархайн хуйх, дух, баруун хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт язарсан шарх, хоёр нүдний зовхи, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хоёр нүдний зовхины цус хуралт гэмтлүүд нь тус тусдаа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 31-р тал/,

Шүүгдэгч  Ю.Т-ын “...Би Болдсайханы гэрээс нь гарч явж байхдаа Болдсайханы хашааных нь гудам нь гэрэлтүүлэг багатай миний толгой дайвалзаад алхаж явахдаа чулуу юм уу нэг хатуу зүйлд бүдрээд нүүрээ газарт оочиж унаад нүүр хэсгээрээ газар шургаад унасан юм. Тухайн үед би газарт бүдэрч унасандаа хамар, уруул, 2 нүдний доод тал хэсэгт ихэд хөндүүрлэж өвдөөд шалбарсан байсан бөгөөд би газар хэсэг ёолж хэвтэж байгаад гадаа хүйтэн байсан болохоор босож алхаад автобусны буудал руу очоод таксинд суугаар гэр лүүгээ явсан юм...Тэгээд маргааш өглөө нь би сэрэхэд миний нүүр нэлээн хөндүүртэй өвчтэй байсан...Тэгээд тухайн үед би өчигдөр нь өмсөж явсан хувцаснуудаа хартал миний куртик, өмд хувцаснууд урд талаараа шороо болчихсон мөн миний гар цүнх буюу паск, гэрийн түлхүүр, түрийвч зэрэг байхгүй байсан болохоор Болдсайханы гэрт нь очиж үзэхээр гэрээсээ гараад такси бариад явсан юм...Тэгээд би Болдсайханы гэр лүү нь ороход Болдсайхан буйдан дээрээ ганцаараа унтаж байсан бөгөөд Болдсайхан өчигдөр намайг гэрээсээ хөөж гаргаад Төгсөөтэй гэртээ үлдсэнд нь миний уур хүрээд би Болдсайханы нөмрөөд хэвтэж байсан хөнжлийг нь хуу татаад Болдсайханы нүүр лүү нь гараараа 2-3 удаа цохисон юм. Гэтэл Болдсайхан дээшээ өндийж босож ирэх гээд байхаар нь би цамцнаас нь зулгааж аваад дээшээ босгохгүй гэсэндээ Болдсайханы нүүр хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөөд дараа нь толгой дээрээс нь би хөлөөрөө 2 удаа дэвсэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-р тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 47/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх 50/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 53/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 88-89/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 49 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол /хх 92/ зэргийг тус тус шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар  Ю.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Ар Согоотын 1 дүгээр гудамжны 51 тоотод иргэн Б.Болдсайханыг зодож биед нь “хоёр нүдний ухархайн доод хана, баруун нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, зүүн зулайн дэлбэнгийн тархины эдийн голомтлог няцрал, зүүн чамархайн хуйх, дух, баруун хөмсөгний гадна хэсэг, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт язарсан шарх, хоёр нүдний зовхи, зүүн чихний дэлбэнд зулгаралт, хоёр нүдний зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч  Ю.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч  Ю.Т нь хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ю.Тд оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Шүүгдэгч  Ю.Т нь хохирогч Б.Болдсайханы эмчилгээний зардалд 2.400.000 төгрөг төлсөн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвд гэмтлийн яаралтай тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.348.665 төгрөгийн зардал гарсан тул дээрх зардлыг шүүгдэгч Ю.Т-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч  Ю.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Ю.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Т-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Т-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Ю.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч  Ю.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч  Ю.Т-с 1.348.665 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Ю.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ