Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/199

 

 

 

 

 

 

 

 

2022        03          04                                  2022/ШЦТ/199

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч П.Итгэл,

шүүгдэгч Х.Д /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Д-д холбогдох эрүүгийн 2211 00000 0132 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 28-ны өдөр, Дорнод аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээж, найз охины хамт                         тоотод оршин суух хаягтай, урьд:

-Дорнод аймгийн шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 181.2.1, 181.2.5-д тус тус зааснаар 3 жил 6 сар хорих ял,

-Дорнод аймгийн шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 121 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.1 дэх хэсэгт тус тус зааснаар 2 жил 8 сар хорих ял,

-Дорнод аймгийн шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай.

  Х.Д /РД: /.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.Д нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 6 дугаар гудамжны 20 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ч.Чулуунчимэгийн гарыг хутгаар зүсэж биед нь баруун гарын сарвууны ар гадаргууд 2, 3 дугаар хурууны тэнийлгэх шөрмөсийг тасалж гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Х.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хохирогч Ч.Чулуунчимэгийн “...Би Х.Д гэх залуутай 2 сар орчмын өмнөөс танилцсан ба танилцаад удаагүй хамт байр түрээсэлж амьдрахаар болсон юм. Бид 2 Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд байрлах тоот хаягийг нь мэдэхгүй нийтийн байранд хамт амьдарч байгаа юм. Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би 09 цагийн орчимд төв Анагаахын Шинжлэх Ухааны Их сургууль орж хичээлээ хийж 16 цагийн үед Сувилахуйн сургууль дээрээ очиж хичээлээ хийж байгаад 16 цагийн үед гэртээ ирсэн юм. Намайг ирэхэд Х.Д мөн гаднаас ирсэн ба бид 2 зэрэгцээд гэртээ орсон бөгөөд Х.Д намайг чи сургуулиасаа хурдан ирнэ гэж хэлчхээд худал яриад алга болчихлоо гээд уурлаад над руу хувцас аваад шидээд байхаар нь би түүнд үнэн учраа хэлтэл надад итгэхгүй уурлаж байснаа би одоо уурлачихсан юм чинь хүн алмаар байна. Чамайг алмааргүй байна. Ахыг чинь ирэхээр ална гээд гэрт байсан ягаан заазуурыг аваад өөрийнхөө хүзүүнд тулгаад чи өөр хүнтэй уулзсан байна. Гэртээ хичээлээ хийхгүй худлаа ярьж явсан гээд орилохоор нь би гуйж байгаад заазуурыг нь авч болиулсан. Тэгээд хэсэг намайг харааж уурлаж байгаад шүүгээнд байсан хар иштэй хутгыг авч ахыг чинь энэ хаалгаар орж ирэх юм бол шууд ална. Тэгээд чи насаараа харамсаж амьдраарай гээд заналхийлж орилж байгаад миний баруун гарын алганы арын хэсгийг 6-7см орчим хэмжээтэй зүсчихсэн. Зүссэний дараа хутга барихаар ингээд гай болдог юм гээд миний гараас гарсан цусыг тогтоогоод намайг эгчийнхээ гэр лүү яв гэхээр нь гарах гэтэл явуулахгүй байсан. Тэгж байгаад манай эгчид Чулуунчимэг өөрийнхөө гарыг санаандгүй зүсчихлээ бид хоёр эмнэлэг орох хэрэгтэй байна гээд 30.000 төгрөгийг миний Хаан Банкны 5408181614 дугаарын данс руу шилжүүлж аваад ГССҮТ-д хамт ирсэн. Таксинд суугаад ирж байхдаа чи өөрөө халтираад уначихсан гэж цагдаа, эмч, ах, эгч нартаа хэлээрэй гэж хэлсэн...Намайг хардаад маш их уурласан. Тэгээд миний ахыг орж ирэхээр нь хутгалж ална гээд байсан. Тэгээд намайг гараа урдаа бариад зогсож байтал хутгатайгаа миний өөдөөс ирээд шууд хутгаараа гар зүсчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-16-р тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бадралын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1610 дугаартай “Ч.Чулуунчимэгийн биед баруун гарын сарвууны ар гадаргууд 2, 3 дугаар хурууны тэнийлгэх шөрмөсийг тасалж гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 21-23-р тал/,

Шүүгдэгч Х.Д-ын “...би 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хамтран амьдарч байсан Ч.Чулуунчимэгийн баруун гарын ар талын хэсгийг хар өнгийн хутгаар зүсэж шөрмөсийг нь тасалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна_ би тухайн үед дээрх хар иштэй хутгыг гартаа барьчихсан байхад Чулуунчимэг миний хайраа одоо больчих гээд над руу дөхөөд ирэхээр нь зүгээр хол бай гэж хэлээд түлхсэн чинь барьж байсан хутгаараа гарыг нь зүсчихсэн. Би уг үйлдэлдээ маш их харамсаж байна. Мөн тухайн үед уурандаа түүний ахыг нь гэрт ирэх юм бол ална гэж хэлсэн нь үнэн. Тэр үед маш их уурлачихсан болохоор тэгж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 49/, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 30 дугаартай прокурорын тогтоол /хх 108/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 101-102/ шүүгдэгчийн хувийн байдлын талаарх бусад баримт зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзав.

Шүүгдэгч Х.Д нь 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо Дунд тасганы 6 дугаар гудамжны 20 тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч Ч.Чулуунчимэгийн гарыг хутгаар зүсэж биед нь баруун гарын сарвууны ар гадаргууд 2, 3 дугаар хурууны тэнийлгэх шөрмөсийг тасалж гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Ч.Чулуунчимэгийн мэдүүлэг /хх-ийн 13-16-р тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Бадралын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1610 дугаартай дүгнэлт /хх-ийн 21-23-р тал/, шүүгдэгч Х.Д-ын мэдүүлэг /хх-ийн 39-р тал/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Шүүх шүүгдэгч Х.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарлав.

Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ч.Чулуунчимэг нь “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Х.Д-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч  Х.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар өнгийн бариултай нийт урт 23 см, ажлын хэсгийн урт 13 см хутга 1 ширхэг, ягаан өнгийн бариултай нийт урт 30 см ажлын хэсэг нь 18 см заазуур 1 ширхгийг тус тус  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Х.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Д-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар өнгийн бариултай нийт урт 23 см, ажлын хэсгийн урт 13 см хутга 1 ширхэг, ягаан өнгийн бариултай нийт урт 30 см ажлын хэсэг нь 18 см заазуур 1 ширхгийг тус тус  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ