Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/222

 

 

 

 

 

 

 

 

  2022        03          10                                     2022/ШЦТ/222

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Ж.З /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.З-т холбогдох эрүүгийн 2211 00000 0128 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 418 дугаар байрны 187 тоотод түр оршин суудаг /иргэний үнэмлэхийн хаяг: Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 80-25 тоот/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй,

  Ж.З /РД: /.

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Ж.З нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Тасганы овоо “Сод Монгол” шатахуун түгээх газрын орчимд иргэн Д.Батхишигтэй “зам хааж зогслоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.З нь:

2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Тасганы овоо “Сод Монгол” шатахуун түгээх газрын орчимд иргэн Д.Батхишигтэй “зам хааж зогслоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Ж.З нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн өдөр би эхийн хамт өвчтэй эгчийгээ эргээд гэр рүүгээ явж байхад тухайн үйл явдал болсон. Баянбүрд орчимд түгжрэлтэй байхад нэг машин дайрч орж ирээд явахгүй, ослын дохио өгөлгүй зогссон. Би дайраад орохоор нь дуут дохиогоо дуугаргасан. Улмаар тухайн тээврийн хэрэгслийн урд нь очиж зогсоод “...дүрмээрээ яваач...” гэж хэлсэн. Гэтэл Д.Батхишиг намайг янз бүрээр хараасан. Бид заамдалцаж маргасан. Би буцаад явах гэтэл араас хараасан. Бид харилцан цохилцсон. Д.Батхишиг миний машиныг мөн санаатайгаар мөргөсөн. Би тухайн үед уучлалт гуйсан. Би шаардлага тавьчхаад явах гэтэл хаалга онгойлгосонд бухимдан цохисон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Баримтаар учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байна...” гэв.

Хохирогч Д.Батхишиг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний эрүүл мэндийн байдал буюу мөр гэмтэлтэй учраас Ж.З-тай зууралдах, эсэргүүцэх боломжгүй. Би удахгүй Солонгос Улс руу мөрөө эмчлүүлэхээр эмчилгээнд явна. Тэгэхдээ нүүрний сорвио эмчлүүлнэ гэсэн бодолтой байна. Мөрдөн шалгах ажиллагаанд 15.773.401 төгрөг нэхэмжилснээс 15.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна. Цаашид сорвио эмчлүүлэх зардлаа нэхэмжилнэ.Дотор эрхтэн үзүүлсэн талаарх эмнэлгийн баримтуудаа буцаагаад авчихсан. Баримтаар учирсан зардлаа нэхэмжилж байна...” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч Д.Батхишигийн “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гандангаас Баянбүрд уруудах замд “Сод Монгол” шатахуун түгээх станцын хажууд Япон авто засвараас өөрийн 23-26 УБО улсын дугаартай Тоёота виш маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад туслах замаас үндсэн зам руу орох гэтэл эхний хоёр машиныг өнгөрөөгөөд орсон. Гэтэл араас Приус 40 маркийн тээврийн хэрэгсэл дуут дохио тасралтгүй өгөөд байсан. Тухайн үед миний машин хүч алдаад байсан тул би нэгдүгээр эгнээ рүү шахаж зогссон. Гэтэл арын Приус 40 маркийн машин хажуугаар өнгөрөөд миний урд хөндлөн зогсоод явахгүй байсан. Би машинаасаа буугаад тухайн машины жолооч дээр очоод машин хүч алдаад явахгүй байгаа талаар тайлбарлан буцаад өөрийнхөө машин дээр очоод жолооч талын хаалгаа онгойлгоод суух гэтэл нөгөө жолооч “зайлаач” гэж хэлсэн. Би түүнд хандаж "чиний машин эвдэрдэггүй юм уу, миний машин эвдэрчихсэн байна шүү дээ” гэж хэлэхэд тэрээр “ална шүү пизда минь” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд “чаддаг юм бол алаарай” гэж хэлээд машиныхаа хаалганы хажууд зогсож байтал нөгөө машины жолооч бууж ирээд миний нүүрэнд 10-аад удаа гараараа цохисон бөгөөд гартаа ямар нэгэн эд зүйл барьсан байсан байх. Учир нь миний хацар зовхи хэсэгт арьс зулгарсан байна. Хэрэв нүцгэн гараараа цохисон бол ингэж зулгарахгүй байх байсан. Би тухайн үед түүнийг гартаа түлхүүр атгасан байна гэж харсан. Эхлээд хоёр удаа шууд нүүр лүү цохисон бөгөөд би түүний хоёр гараас барихад тэрээр эсэргүүцэл үзүүлээд дахиад цохиж эхэлсэн. Тэгээд би машиндаа суугаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би тухайн үед машиндаа ганцаараа сууж байсан. Харин нөгөө залуугийн машинд настай эмэгтэй сууж байсан ба надаас тэр залуугийн өмнөөс уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1110 дугаартай “...Д.Батхишигийн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацарт няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 12-13 дугаар тал/, баримтууд болно.

Шүүгдэгч Ж.З-ын “...2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гандангийн уулзвараас Баянбүрдийн тойрог руу өөрийн Тоёота Приус 40 маркийн тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцоод явж байтал туслах замаас Тоёота Виш маркийн тээврийн хэрэгсэл шууд хандлан урдуур дайраад орж ирсэн...нөгөө жолооч нь машинаасаа бууж ирээд миний машины хаалгыг онгойлгоод бид 2 өөд өөдөөсөө хэрэлдэж байгаад би машинаасаа буугаад нэг нэгэнтэйгээ барьцалдаж аваад маргалдаж байгаад салцгаасан юм. Гэтэл нөгөө жолооч араас дахин хараагаад байхаар нь би буцаж машинаасаа буугаад бид 2 бие биеийнхээ нүүр рүү харилцан цохилцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Ж.З нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Тасганы овоо “Сод Монгол” шатахуун түгээх газрын орчимд иргэн Д.Батхишигтэй “зам хааж зогслоо” гэх шалтгаанаар маргалдаж улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Батхишигийн биед “...зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хацарт няцарсан шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэргээр энэ гэмт хэргийн обьектив талын шинж бүрэн тогтоогдсон байна.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй тул няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Ж.З нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Ж.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З-т оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч Д.Батхишиг нь эмчилгээний зардалд хавтаст хэргийн хүрээнд нийт 15.773.401 төгрөгийн хохирол, төлбөр нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдаан дээр сорви арилгах эмчилгээ хийлгэх 15.000.000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэхээс жич татгалзаж цаашид нэхэмжлэх, мөн 503.101 төгрөгийн хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй гэсэн болно.

Харин хэрэгт баримтаар нэхэмжилсэн 243.300 төгрөгийг хохирлыг шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд /5 минут/ төлсөн байх тул шүүгдэгч Ж.Зыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Мөн хохирогч Д.Батхишиг нь цаашид нүүрний сорви эмчлүүлэхэд гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Ж.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З-т 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З-т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Ж.З-т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. хохирогч Д.Батхишиг нь цаашид гарах эмчилгээний зардлаа гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.З-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ