Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/223

 

 

 

 

 

 

 

 

  2022        03          10                                     2022/ШЦТ/223

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Батсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Б.А-д холбогдох эрүүгийн 2111 01058 0047 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эх, дүү, хүүхдүүдийн хамт             оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

  Б.А /РД:  /.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 10 дугаар гудамжны 186 тоотод оршин суух иргэн Г.Наранзолыг “байшингийн мод худалдаж авахаа болилоо, мөнгөө буцааж авъя” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч О.Мягмардуламаас 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаанд шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг бусдын Хаан банкны данс руу шилжүүлэн авч, хохирогч О.Мягмардуламд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.А нь:

2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 10 дугаар гудамжны 186 тоотод оршин суух иргэн Г.Наранзолыг “байшингийн мод худалдаж авахаа болилоо, мөнгөө буцааж авъя” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч О.Мягмардуламаас 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаанд шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг бусдын Хаан банкны данс руу шилжүүлэн авч, хохирогч О.Мягмардуламд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Би 550.000 төгрөгийг хохирогчид төлсөн байгаа. Үлдсэн хохирлыг цалингаа аваад төлж барагдуулах болно...” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч О.Мягмардуламын “...2021 оны 07 дугаар сарын дундуур манай хамаатны ах Жанлавнүржиг надад Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Зүүн тосгоны 186 тоотод газар нь дахин төлөвлөлтөд орсон гэнээ, тэгээд хашаандаа байх 7x8 хэмжээтэй палкан байшингаа нурааж зарна гэж байна гэж надад хэлсэн. Тэгээд би авах сонирхолтой байсан болохоор манай хүргэн ах Баясгалан, Б.А 2 очиж уг байшинг харчхаад надад авч болохоор байшин байна гэж хэлсэн. Ах Жанлавнүржиг маань уг хүмүүстэй тохиролцоод нийт 2.500.000 төгрөгөөр авахаар урьдчилгаа 1.500.000 төгрөгийг би 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн Хаан банкны 5166276554 дугаарын данснаас Наранзол гэгчийн 5926052576 дугаарын данс руу “байшин урьдчилгаа мөнгө 95118566” гэсэн утгатайгаар мөнгийг шилжүүлсэн юм. Тэгээд Наранзол гэгчтэй 2021 оны 08 дугаар сарын 01-02-ны өдрийн хооронд байшинг нурааж авахаар тохиролцсон. Тэгээд тухайн үед дахиад холбогдоход бид нар өөрсдөө одоохондоо амьдрах орон сууцаа олоогүй өөрсдөө амьдарч байна гэж хэлсэн. Тэгээд манай хамаатны ах Жанлавнүржигийн хуурай дүү гэх ахын ажилд тусалж гэрт нь амьдарч байсан Бүрэндүүрэнгийн Б.А гэгч нь миний өмнөөс худал хэлж, Наранзол гэгчийг хуурч залилж миний өмнөөс очиж уулзаад танайх яасан уддаг юм бэ өгсөн гэх урьдчилгаа 1.500.000 төгрөгийг авъя гэж хэлээд мөнгө бэлнээр нь авна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь Наранзол гэгч нь бэлнээр өгөхгүй би дансаар өгнө гэж хэлээд Хаан банкны 5926052576 дугаарын данс руу уг өдрөө буюу 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мөнгийг шилжүүлсэн байсан. Тэгээд л Б.А гэгчтэй огт уулзаагүй. ...2021 оны 08 дугаар сарын 20-ны үед Наранзол гэгч рүү залгаад “та хэд юу болсон, бид нар хэзээ байшингаа очиж авах вэ? 09 дүгээр сарын 01, 02-ны өдөр гэсэн нь хэвээрээ юу” гэхэд “юу байшингийнхаа урьдчилгаа мөнгийг 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр танай ахтай хамт ирж байсан жижигхэн, Анхаа гэдэг залуу чинь аваад явсан ш дээ” гэж хэлээд л мэдсэн. Намайг Наранзол гэгчээс байшингийн мод худалдаж авах гэж байсан талаар мэдэж байсан. Гэхдээ уг мөнгийг авч болно гэж хэлээгүй. Б.А-г би сайн танихгүй, Жанлавнүржиг ах маань уг хүнийг хонох газаргүй юм байна гэж анх 2021 оны 03 дугаар сарын үеэр байхаа гэртээ хонуулж, ажилдаа туслуулж байсан гэдгээр нь мэднэ тэрнээс өөр дотно харилцаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

Гэрч Г.Наранзолын “...Манай байшин газар төлөвлөлтөд ороод тухайн хашаанд байгаа хоёр байшинг зарахаар зарын сайтуудад зар өгсөн байсан юм. Тэгээд зарын дагуу Анхаа гэх залуу ирээд манай хоёр байшинг авахаар тохиролцоод хэд хоногийн дараа урьдчилгаа болох 1.500.000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 14-нд Анхаа гэх залуу буцаж ирээд манай ээжтэй уулзаад наймаа хийхээ болилоо би мөнгөө авъя гээд би мөнгийг нь буцааж шилжүүлсэн юм. Миний данс руу яг хэн 1.500.000 шилжүүлснийг мэдэхгүй байна, над руу нэг эрэгтэй хүн яриад байшинг чинь авах гэж байгаа хүн байна бэлнээр ирээд мөнгө авчих уу гэхээр нь би бэлнээр авахгүй дансаар авна гэсэн чинь намайг дансаа явуулчих гэхээр нь би 91696063 гэх ээжийн утасны дугаараас өөрийнхөө Хаан банкны дансыг явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/,

Гэрч Ө.Нямхүүгийн “...Би 2021 оны 07 дугаар сард өөрийн амьдарч байсан байшин, дэлгүүр хоёрыг зарна гэж зар өгсөн манай амьдарч байгаа газар дахин төлөвлөлтөд орсон учраас байшингуудаа зарахаар болсон юм. Тэгээд 2021 оны 07 дугаар сарын 18-нд Анхаа гэх залуу ирээд манай байшинг үзээд хоёуланг нь авмаар байна тал мөнгийг нь одоо таны данс руу шилжүүлэх үү гэхээр нь би 08 дугаар сарын 03-нд дэлгүүр сулрах тул би одоо мөнгө авахгүй гэсэн чинь нөгөө залуу яваад өгсөн. Тэгээд 3-4 хоногийн дараа миний утас руу нэг залуу залгаад би Анхаагийн ах байна та нар хүрч ирээд мөнгө авчих гэхээр нь би бэлнээр авахгүй дансаар авна гээд манай охин Анхаагийн ах гэх хүн рүү өөрийн Хаан банкны дансны дугаарыг явуулсан. Тэгээд удалгүй манай охины данс руу 1.500.000 төгрөг орж ирсэн. Тэгээд би 08 дугаар сарын 03-нд дэлгүүр суларчихсан та нар эхлээд буулгаж авч байх уу гэсэн чинь хоёуланг нь зэрэг авмаар байна гэхээр нь тэгвэл манайх болоогүй байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Анхаа гэх залуу өглөө 10 цагийн үед манай гэрт ирээд та нарыг удаан хүлээлээ, одоо больё мөнгөө авмаар байна бэлнээр нь өг гэхээр нь би бэлэн мөнгө өгөхгүй гэсэн чинь гарч яваад машин дотор байсан хүнээс дансны дугаар аваад ирсэн. Тэгээд би тухайн хүний данс руу 1.500.000 төгрөгийг охиноороо шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр тал/,

Гэрч Ц.Мөнхжаргалын “...Би тухайн өдөр гэрээсээ гараад таксинд явах гээд Дэнжийн 1000, Нарантуул-2 худалдааны төв рүү уруудаад явж байтал Шонхор худалдааны төвийн наад талд нэг залуу гар өргөөд зогсож байхаар нь аваад машиндаа суулгатал “эгчээ би хүнд мөнгө өгчхөөд буцааж авч чадахгүй байна, хоёулаа гэрт нь очоод авъя, надад мөнгө өгөх хүн утсаа авахгүй байна” гээд надад зам зааж өгөөд Зурагтын хуучин эцэс орчимд нэг айлын гадна талд очоод хашаанд нь орж уулзаад нэлээд удаж байгаад эргэж гарч ирээд “эгч танд данс байна уу, та надад туслаач би хөдөөний хүн надад данс карт байхгүй гэхээр нь би өөрийнхөө Хаан банкны дансаа өгсөн. Тэгсэн миний данс руу 1.500.000 төгрөг шилжүүлээд, би тухайн мөнгийг Хүчит шонхор захын бэлэн мөнгөний АТМ-ээс авч өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр тал/,

Хохирогч О.Мягмардуламын эзэмшлийн Хаан банкны 5166276554 дугаартай, иргэн Ц.Мөнхжаргалын эзэмшлийн Хаан банкны 5890320858 дугаартай данснуудын дэлгэрэнгүй хуулгууд /хх-ийн 71-74, 82 дугаар тал/,

“Хүчит Шонхор” худалдааны төв дотор байрлах Хүнсний зах дотор зааланд байрлах АТМ934 дугаартай бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 17-21 дүгээр тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороо, Зүүн тасганы 10 дугаар гудамжны 186 тоотод оршин суух иргэн Г.Наранзолыг “байшингийн мод худалдаж авахаа болилоо, мөнгөө буцааж авъя” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогч О.Мягмардуламаас 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр урьдчилгаанд шилжүүлсэн 1.500.000 төгрөгийг бусдын Хаан банкны данс руу шилжүүлэн авч, хохирогч О.Мягмардуламд 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй, хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж дүгнэлээ.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг төлсөн, цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэн шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Шүүгдэгч Б.А нь хохирогч О.Мягмардуламд 550.000 төгрөгийг төлсөн нөхцөл байдал тогтоогдлоо.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.А-с нийт 950.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Мягмардулам /Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, хайлаастын 6-60 тоотод оршин суудаг, РД: АС97123009/-д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.А-с нийт 950.000 төгрөгийг гаргуулж хохирогч О.Мягмардулам /Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, хайлаастын 6-60 тоотод оршин суудаг, РД: АС97123009/-д олгосугай.

6. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ