| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
| Хэргийн индекс | 186/2022/0146/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/224 |
| Огноо | 2022-03-10 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/224
2022 03 10 2022/ШЦТ/224
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Н.А /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А-д холбогдох эрүүгийн 2111 01516 0048 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
Н.А /РД: /.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Н.А нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ард талын зам дээр иргэн Д.Мөнх-Эрдэнийн гээсэн эд хөрөнгө болох 1.119.200 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А72” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад худалдан борлуулж завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.А нь:
2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ард талын зам дээр иргэн Д.Мөнх-Эрдэнийн гээсэн эд хөрөнгө болох 1.119.200 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А72” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад худалдан борлуулж завшсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 1.119.200 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Одоо хохиролгүй болсон..” гэв.
Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2-З дугаар тал/,
Хохирогч Д.Мөнх-Эрдэнийн “... би 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Фейс” бааранд 20 цагийн орчимд орж үйлчлүүлсэн...тухайн үед би эрүүл байсан...ороод бид 4 нийт 0.75 граммын архи 3 шилийг хувааж уугаад тэндээс 00 цагийн орчимд гарсан. Би гарахдаа өөрийн ухаангүй тасарчихсан байсан...бид нар 4 дүгээр ширээн дээр үйлчлүүлсэн...баарнаас гараад утсаа гээгдүүлсэн байх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-12 дугаар тал/,
Гэрч Х.Жолдбекийн “...2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр манай аав Шалатай өөрийн 98218137 дугаараас миний 99917769 дугаар луу залгаад аав нь фейсбүүк зараас хямдхан утас олчихсон чи тэрийг очиж үзээд зүгээр байвал авчих гээд 93261234 гэдэг дугаарыг надад өгсөн...зарах гар утасных нь талаар лавлаж асуухад Багшийн дээдийн тэнд ломбардад гар утас нь байгаа гэхээр нь би тэнд нь цуг очиж үзье гэж хэлсэн...тэр утсыг үзэхэд Самсунг А-72 загварын гар утас байсан...надад тэр утас асуудал байхгүй санагдсан учир тэр залуутай тохироод 800.000 төгрөгөөр худалдаж авсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,
Гэрч Т.Сүнжидмаагийн “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө 22 цагийн үед Зүүн 4 замаас Модны хоёр руу өөрийн 37-69 УНД улсын дугаартай Хонда фит маркийн авто машинаар явж байсан. Тухайн үед миний машины зүүн гар талын гэрэл нь унтарчихсан тул цагдаа зогсоох байх гэж бодоод Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн үүдэнд зогсоод машинаасаа бууж гэрлийг нь шалгах гээд тонгойтол газарт нэг өнгийн гялайсан зүйл байхаар нь авч үзтэл гар утас байсан...би тэр гар утсыг аваад машиндаа 3 хонуулаад өөрийн хүү Н.Ад миний хүү энэ утас гайгүй утас юм шиг байна хэрэгтэй бол аваач гээд өгчихсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/,
“Дамно” ХХК-ийн ЧД1-21-1019 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 23-24 дүгээр тал/,
“Скайтел” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 21/15883 дугаартай албан бичиг /хх-ийн 42 дугаар тал/,
Шүүгдэгч Н.А-гийн “...Би Монгол улсын их сургуулийн 2 дугаар байрны замын эсрэг талд “Сентоза” таурын 3 давхарт dreadlock /хүний үс засах/ ажил хийдэг юм. 2021 оны 11 дүгээр сарын дундуур манай ээж гар утас олсон чамд хэрэгтэй бол чи ав гэсэн. Тэгээд би тухайн өдрөө Сүхбаатарын талбайн урд талын автобусны буудал дээр төрсөн ээжтэй уулзахад ээж надад Самсунг А-72 маркийн гар утсыг өгөөд ээж нь энэ утсыг газраас олсон юмаа, чамд хэрэгтэй бол чи ав гээд эсвэл өгөх газарт нь өгөөрэй гэсэн. Тэгээд би тухайн гар утсыг өөртөө байлгаж байгаад 3 хоногийн дараа “Монтел” гар утас худалдааны төв дээр очоод нэг засварчингаар кодыг нь гаргуулаад өөрийнхөө 93261234 гэх дугаартай сим картыг хийгээд ашиглаж байгаад 2 хоногийн дараа байх мөнгөний хэрэг гараад багшийн дээдэд байрлах “Төгөлдөр” төвийн замын эсрэг талд байрлах ломбардад 570,000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Маргааш өдөр нь өөрийн фейсбүүк хаягаас тухайн гар утсьг зарахаар зар оруулахад тэр өдөр над руу нэг эрэгтэй хүн залгаад худалдаж авахаар болж бид хоёр тухайн ломбардын гадна уулзсан. Тэгээд тэр ах надаас 750,000 төгрөгөөр худалдан авахаар болж миний 5037323900 дугаарын данс руу 750.000 төгрөг шилжүүлсэн тэгэхээр нь би ломбардаас утсыг чөлөөлөөд тэр хүнд өгчихсөн. Би болсон үйл явдлын цаг хугацаа бас надаас утас худалдан авсан хүний нэрийг санахгүй байна, ямар ч байсан надаас нэг казак хүн утас худалдаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 62 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 63 дугаар тал/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 64 дүгээр тал/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 65 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 66 дугаар тал/ зэргийг шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Н.А нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тус дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн ард талын зам дээр иргэн Д.Мөнх-Эрдэнийн гээсэн эд хөрөнгө болох 1.119.200 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А72” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад худалдан борлуулж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Д.Мөнх-Эрдэнийн гээсэн эд хөрөнгө болох 1.119.200 төгрөгийн үнэлгээ бүхий “Самсунг А72” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж бусдад худалдан борлуулж завшсан нь тогтоогдсон байна.
Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.
Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Н.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Н.А нь хохирогч Д.Мөнх-Эрдэнэд 1.119.200 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Н.Аг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Н.А нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ