Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/227

 

 

 

 

 

 

   2022        03          11                                   2022/ШЦТ/227

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүгч Б.Мөнхбаяр, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч С.Солонго,

иргэдийн төлөөлөгч Д.Гэнэнхорлоо,

шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Н.Баатардорж /ҮД:1001/, Д.Батбаяр /ҮД:0200/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн   Б.А-т холбогдох эрүүгийн 2111 00000 0124 дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1993 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, Барилгын засал, чимэглэлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт,           тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

  Б.А /РД: /.

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1129 тоотод өөрийн нөхөр Д.Хүрэлцэрэнтэй маргалдан, улмаар зэвсгийн чанартай хутгыг хэрэглэн цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 144/А дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтуудыг судалсан болно,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Баатардорж хавтаст хэргийн 22-23 хуудас Б.Аын гэрчээр өгсөн мэдүүлэг, 32-33 хуудас Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021.01.26-ны өдрийн 1050 дугаар шинжээчийн дүгнэлт, 55 хуудас эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр хавтаст хэргийн 153-154 хуудас хохирогчоос дахин мэдүүлэг авсан тэмдэглэл болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Б.А-ын гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүгдэгч Б.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хэрэг болох өдрийн урд орой нь манай нөхөр гэртээ ирээгүй. Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2-3 хоног гэртээ ирдэггүй. Д.Норовцэрэн эгч над руу утасдаад “...Д.Хүрэлцэрэн энд согтуу байна н.Ганбилэг танайд очсон уу...” гэж хэлсэн. Би “...Тиймээ ирсэн. Машиных нь түлхүүрийг эхнэр нь аваачиж өгсөн...” гэж хэлтэл Д.Хүрэлцэрэн тэр үгийг сонсоод уурлаж, агсам тавьсан, чамайг ална гээд гарлаа гэж хэлсэн. Удалгүй хашааны хаалга хүн балбаж, хашааны банз хугалаад хашхираад Д.Хүрэлцэрэн орж ирсэн. Д.Хүрэлцэрэн н.Ганбилэгтэй зодолдож, дараа нь эвлэрсэн. Д.Хүрэлцэрэн надад охиноо авчих н.Ганбилэгийнд очиж хоноё гэж хэлсэн учраас бид 3 охинтойгоо н.Ганбилэгийнд хонохоор болсон. Өглөө нь гэр рүүгээ явах гэхэд таксины мөнгө байхгүй байсан учраас би ломбардад бөгжөө тавиад таксины мөнгө авсан. Бааз дээр ирээд намайг нэг шил архи авчих гэхээр нь би хэрэггүй гэсэн. Бид гурав Д.Норовцэрэн эгчийнд орсон. Тухайн үед Норко эгч 2 хүүхэдтэйгээ байсан. Би Д.Хүрэлцэрэнтэй маргаж байтал Д.Хүрэлцэрэн “...өнөөдөр нэг юм болно...” гэсэн. Би юу болох юм гэж хэлээд шүүгээнээс хутга авч өөрийгөө хутгалахаар хэвлийн тус газар барьсан. Д.Хүрэлцэрэн намайг чаддаг юм бол өөрийгөө алчих гэсэн. Нэг мэдэхэд Д.Хүрэлцэрэнгийн цээжнээс цус гарч байсан. Би өөрийгөө хутгалчихлаа гэж бодсон. Норко эгч чи Д.Хүрэлцэрэнг хутгалчихлаа шдээ гэж хэлсэн. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэтэл Д.Хүрэлцэрэн яах юм бэ гэсэн. Би машинд явж байгаад эгч рүү гээ ярьсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би хутгыг авахдаа ийм зүйл болно гэж бодоогүй. Би харамсаж байна...” гэв.

Хохирогч Д.Хүрэлцэрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би 3 өдөр архи ууж гэртээ очихгүй найзтайгаа муудалцсан байсан. Би эхнэрээ хэл амаар доромжилж маргасан. Маргааны явцад манай эхнэр хутга авсан. Хутгыг булаацалдаж байхад цээжнээс цус гарсан. Би эхнэрээ “...чаддаг юм бол өөрийгөө алчих...” гэж хэлсэн. Би их хэмжээний согтолттой байсан, санаандгүй байдлаас л болсон. учраас хутга булаацалдах явцад юу болсон талаар санахгүй байна...” гэв.

Гэрч Д.Норовцэрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр манай 2 дүү маргасан байдалтай гэрт орж ирсэн. Гэрт байх үедээ ч мөн маргасан. Б.А хутга авч өөрийгөө ална гэхэд хүүхэд нь уйлсан. Би хүүхдийг нь аваад эргээд харах хооронд Б.А Д.Хүрэлцэрэнг хутгалсан байсан.Эргээд харахын хооронд л болсон асуудал. Манай дүүгийн цээжнээс цус гарахад би айж сандарсан. Одоо энэ 2 асуудал гаргаагүй сайхан амьдарч байгаа тул амьдралд нь сэв суулгахыг хүсэхгүй байна. Б.А Д.Хүрэлцэрэнгийн нүүрэн тус газар 2-3 цохиогүй. Би мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгөхдөө бухимдсан уурласан байсан тул яаж мэдүүлэг өгснөө санахгүй байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-12 дугаар тал/

Хохирогч Д.Хүрэлцэрэнгийн  “...2021 оны 01 дүгээр сарын 24-ний орой би өөрийн найз Ганбилэгийнд өөрийн эхнэр Б.А, хүүхэд Буян-Арвижих /2 нас 6 сартай/ нарын хамтаар очиж хоносон. Манай найз Ганбилэг, түүний эхнэр Оюун-Эрдэнэ, манай эхнэр Б.А бид 4 нийтдээ 2 ширхэг пиво хувааж уугаад  унтсан. 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө сэрээд Б.А, Ганбилэг бид гурав 2 ширхэг том пиво хувааж уусан. Пиво уучхаад тэндээ хоол идчихээд Дэнжийн 1000-д байх миний төрсөн эгч Норовцэрэнгийн гэрт эхнэр, хүүхдийн  хамтаар ирсэн. Гэрт нь Норовцэрэн эгч 2 хүүхдийн хамтаар байж байсан. Эгчийн гэрт орохоос өмнө би эхнэрээрээ 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи авхуулсан байсан. Ингээд тэр архийг задлаад 1,1 удаа эхнэр бид 2 уусан. Сууж байгаад би эхнэртэйгээ маргалдаад байж байтал манай эхнэр над дээр ирээд нүүр рүү 1,2 удаа цохисон. Тэгээд миний уур хүрээд эхнэрээ хэл амаар доромжилсон. Би орон дээр сууж байтал гэнэт манай эхнэр хаанаас ч юм хутга авсан байсан. Хутгаараа өөрийгөө хутгална гэж хэлсэн ба энэ үед манай эгч хутгыг нь салгаж авсан. Тэгтэл дахиад нөгөө хутгыг аваад над руу дайраад миний зүүн талын цээжний дээд хэсэгт 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

Хохирогч Д.Хүрэлцэрэнгийн дахин өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө найз Ганбилэгийн гэрээс эхнэр хүүхдийн хамтаар гараад өөрийн төрсөн эгч Д.Норовцэрэнгийн гэрт нь ирсэн. Замдаа би өөрийн эхнэр Б.А-оор Хараа нэртэй 0,75 литрийн архи авхуулсан. Эгчийн гэрт орж ирээд авсан архинаас ганцаараа 2, 3 удаа уусан...би эхнэрийгээ үгээр идээд хэрүүл өдөөд хэл амаар доромжилсон тэгтэл манай эхнэр өөрийгөө хутгална гээд байхаар нь чаддаг юм бол өөрийгөө алчих гэж хэлтэл гэдэс рүүгээ хутгална гээд өөрийгөө хатгасан. Хатгахаар нь хутгыг нь булааж авсан. Нэх мэдэхэд миний гэдэснээс цус гарсан байсан. Тэгээд түргэн ирээд намайг аваад гэмтлийн эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэх /хх-ийн 153-154 дүгээр тал/,

Гэрч Д.Норовцэрэнгийн “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр манай дүүгийн эхнэр Б.А миний 86712179 дугаар луу залгаад “танайд яваад очих уу?, танайд жоохон хэвтэж байгаад гэртээ очъё” гэхээр нь би “хаана яваа юм бэ” гэсэн “чинь найзынхаасаа гарч байна” гэсэн. Тэгээд манай дүү Хүрэлцэрэн, эхнэр Б.А, охин Буян-Арвижих тэр 3 манайд ирсэн. Тэгээд манай дүү Хүрэлцэрэн, эхнэр Б.А хоёр байж байгаад хэрүүл хийгээд эхэлсэн. Би чимээгүй бай гэсэн чинь тоож байгаа ч юм байхгүй хэрэлдээд эхнэр нь манай дүүгийн нүүрэн тус газар 2-3 удаа цохиод байсан. Тэгээд манай дүү Хүрэлцэрэн орон дээр очоод суусан. Охин нь уйлаад байхаар нь очоод авах хооронд эхнэр Б.А гал тогооны шүүгээ рүү очих шиг болоод манай дүүг орон дээр сууж байхад нь баруун цээжин тус газарт хутгалсан. Тэгээд би хутгыг нь гараас нь булааж аваад гал тогооны шүүгээ, хөргөгч хооронд шидсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/

Гэрч Ө.Батсайханы “...Би тухайн хаяган дээр эхнэр нь нөхрийгөө хутгалсан гэх дуудлагад очсон. Хүрэлцэрэн гэх залуу гэрийн зүүн талын орон дээр цээжиндээ хутгалуулсан байдалтай цус гарсан байдалтай сууж байсан...хутгалсан гэх Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан ба түүнийг төмөр замын эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудаж хэргийн газрыг хүлээлгэж өгөх гээд Б.А гэх эмэгтэйг машиндаа суулгаад хүлээж байхад өөрийн гар утсаараа хүн рүү залгаад би нөхрийгөө хутгалчихсан гээд яриад байсан. Би юу болсон талаар тодруулан асуухад архи уугаад маргалдаад хутгалсан гэж хэлсэн...хоёулаа өөрийгөө удирдах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 160 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 1036 дугаартай “...Д.Хүрэлцэрэнгийн биед цээжний зүүн талд хатгагдаж, зүсэгдсэн шархаар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндийд цус, хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1050 дугаартай : “...Б.А-ын биед цээж, зүүн бугалганд цус хуралт, хэвлийд өнгөц шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх цээж, зүүн бугалганд цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр, хэвлийд өнгөц шарх, цус хуралт нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл  нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 дугаар тал/,

Шүүгдэгч Б.А-ын “...архи уугаад сууж байснаа Хүрэлцэрэн гэнэт чамд би яахаа харуулна би угаасаа уудаг хүн гэж хэлсэн...Хүрэлцэрэн босож ирээд над руу дайрсан...би уурандаа гал тогооны шүүгээг татаад ягаан өнгийн иштэй хутга аваад би өөрийгөө алчихъя гэж хэлээд өөрийн хэвлий хэсэг рүү хутгаар удаанаар хатгаж байсан. Энэ үед би маш их уйлаад хашхирч байсан. Тэгтэл Хүрэлцэрэн надад хандаад чаддаг юм бол өөрөө алчих гэж хэлээд инээсэн. Би өөрийгөө хатгаад байж байтал нэг мэдэхэд Хүрэлцэрэн, Норовцэрэн ирчихсэн байж байсан. Нэг мэдэхэд Хүрэлцэрэнгийн цээжнээс нь цус гарч байсан...тэгтэл Норовцэрэн жгч цагдаагийн хажууд над руу заагаад энэ миний дүүг ийм болгосон гэж хэлсэн. Тэгтэл Хүрэлцэрэн би гомдолгүй миний эхнэр хамаагүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг хх-ийн 22-23 дугаар тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 55/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 65/, хүүхдийн төрсний гэрчилгээ /хх 73/ зэргийг шинжлэн судлалаа.

Гэм буруугийн дүгнэлт шүүгдэгч Б.А: Шүүгдэгч Б.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч шүүгдэгч Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр мэтгэлцэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас тус тус оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримт, талуудын тайлбар, дүгнэлтээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.А, хохирогч Д.Хүрэлцэрэн нар нь гэр бүлээ албан ёсоор батлуулсан дундаасаа 1 хүүхэдтэй, 5 жил хамт амьдарсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, хохирогч, шүүгдэгч нар болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүхээс дараах үндэслэлээр шүүгдэгч Б.А-ыг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Үйл баримтыг сэргээн тодруулбал шүүгдэгч Б.А, хохирогч Д.Хүрэлцэрэн нар нь 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19-1129 тоотод байрлах нөхрийн эгч болох Д.Норовцэрэнгийнд согтууруулах ундааны зүйл /архи, пиво/ уусан. Шүүгдэгч  хохирогч нар нь “...байнга архи уулаа..., ...2-3... хоног гадуур архи уулаа, архи уухаараа байнга харддаг..., ...миний хөлийг хугалсан дандаа танайхан намайг дээрэлхдэг, зоддог...” гэх шалтгаанаар хоорондоо маргалдсан, хохирогч нь шүүгдэгчид хандаад чамайг алнаа, яахыг хараарай гэхэд, шүүгдэгч уурлан   хажуугийн  /гал тогооны/ шүүгээнээс хутга аван хутгалсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Д.Хүрэлцэрэнгийн “...Пиво уучхаад тэндээ хоол идчихээд Дэнжийн 1000-д байх миний төрсөн эгч Норовцэрэнгийн гэрт эхнэр, хүүхдийн  хамтаар ирсэн. Гэрт нь Норовцэрэн эгч 2 хүүхдийн хамтаар байж байсан. Эгчийн гэрт орохоос өмнө би эхнэрээрээ 1 шил 0,5 литрийн Хараа нэртэй архи авхуулсан байсан. Ингээд тэр архийг задлаад 1,1 удаа эхнэр бид 2 уусан. Сууж байгаад би эхнэртэйгээ маргалдаад байж байтал манай эхнэр над дээр ирээд нүүр рүү 1,2 удаа цохисон. Тэгээд миний уур хүрээд эхнэрээ хэл амаар доромжилсон. Би орон дээр сууж байтал гэнэт манай эхнэр хаанаас ч юм хутга авсан байсан. Хутгаараа өөрийгөө хутгална гэж хэлсэн ба энэ үед манай эгч хутгыг нь салгаж авсан. Тэгтэл дахиад нөгөө хутгыг аваад над руу дайраад миний зүүн талын цээжний дээд хэсэгт 1 удаа хутгалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

мөн хохирогч Д.Хүрэлцэрэнгийн дахин өгсөн “...2021 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө найз Ганбилэгийн гэрээс эхнэр хүүхдийн хамтаар гараад өөрийн төрсөн эгч Д.Норовцэрэнгийн гэрт нь ирсэн. Замдаа би өөрийн эхнэр Б.А-оор Хараа нэртэй 0,75 литрийн архи авхуулсан. Эгчийн гэрт орж ирээд авсан архинаас ганцаараа 2, 3 удаа уусан...би эхнэрийгээ үгээр идээд хэрүүл өдөөд хэл амаар доромжилсон тэгтэл манай эхнэр өөрийгөө хутгална гээд байхаар нь чаддаг юм бол өөрийгөө алчих гэж хэлтэл гэдэс рүүгээ хутгална гээд өөрийгөө хатгасан. Хатгахаар нь хутгыг нь булааж авсан. Нэг мэдэхэд миний гэдэснээс цус гарсан байсан. Тэгээд түргэн ирээд намайг аваад гэмтлийн эмнэлэгт хүргэсэн...” гэх мэдүүлэх /хх-ийн 153-154 дүгээр тал/,             

гэрч Норовцэрэнгийн “...манай хаалгыг нэг хүн тогшоод туслаарай түргэн дуудаад өгөөч гээд орилоод байхаар нь би хаалгаа нээтэл, манай хөрш айлын Э манай хаалганы үүдэнд коридорын шалан дээр баруун талын мөрөөрөө манай хаалганы хажуу талыг налчихсан, зүүн талын цээж уушгины орчим газраас маш их хэмжээний цус гарч байсан...” гэсэн мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг,

гэрч О.Ганбилэг  “...Тухайн хэрэг гарахын өмнөх өдөр буюу 2021 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр би ажлаа хийгээд явж байсан би тухайн үед Вояаж усны үйлдвэрийн түгээлтийн жолооч хийдэг байсан.тэгээд хоёр хоногийн өмнө Д.Хүрэлцэрэнгийн эхнэр нь Хүрэлцэрэнг гэрээсээ гараад сураггүй болчихлоо гэж над руу утсаар ярьж байсан болохоор нь Д.Хүрэлцэрнгийн ажлын хажуугаар явж байгаад ортол тэрээр машин дотроо нэг хүүхэнтэй согтуу байж байхаар нь би машиных нь түлхүүрийг булааж аваад явчихсан юм.тэгээд тэр орой машиных нь түлхүүрийг түүний эхнэр Б.Ат хүргэж өгөх гээд тэднийд очсон юм.Тэдний хажууд Хүрэлцэрэнгийн аавынх тустаа гэрт байдаг байсан тэднийд сууж байтал Д.Хүрэлцэрэн гаднаас согтуу орж ирээд гэр эзгүйчиллээ чи муу гээд над руу дайрсан бид  хоёр жаахан ноцолдож байгаад жалга руу хоёулаа өнхөрч унаад босож ирээд учраа олж ярилцсан тухайн үед Хүрэлцэрнгийн шанаа шалбарсан миний дух шалбарсан байсан өөр гэмтэл бэртэл бид хоёрт учраагүй байсан.тэгээд түүний эхнэр хүүхдийг аваад бил хэд манайд буюу Баянхошууны Баруун салаанд очиж тэр орой гэр бүлээрээ сууж жаахан архи пиво ууцгааж хоносон юм.Тэгээн маргааш өглөө нь 11 цагийн орчимд Д.Хүрэлцэрэн эхнэр хүүхдээ аваад явсан түүний дараа удалгүй Д.Хүрэлцэрэнгийн эгч Ука гэдэг хүн над руу утсаар залгаад Хүрэлцэрэнг эхнэр нь хутгалчихсан байна танайхаас хэзээ явсан бэ гэж асуусан гэх мэдүүлэг...” /хавтаст хэргийн 149-150  хуудас/,

гэрч Ө.Батсайханы  /эргүүлийн офицер/  “...Би тухайн хаяган дээр эхнэр нь нөхрийгөө хутгалсан гэх дуудлагад очсон. Хүрэлцэрэн гэх залуу гэрийн зүүн талын орон дээр цээжиндээ хутгалуулсан байдалтай цус гарсан байдалтай сууж байсан...хутгалсан гэх Б.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан ба түүнийг төмөр замын эмэгтэйчүүдийн эрүүлжүүлэх байранд хүргэсэн. Тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудаж хэргийн газрыг хүлээлгэж өгөх гээд Б.А гэх эмэгтэйг машиндаа суулгаад хүлээж байхад өөрийн гар утсаараа хүн рүү залгаад би нөхрийгөө хутгалчихсан гээд яриад байсан. Би юу болсон талаар тодруулан асуухад архи уугаад маргалдаад хутгалсан гэж хэлсэн...хоёулаа өөрийгөө удирдах чадвартай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 160 дугаар тал/,...” гэсэн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт болон хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хохирогчийг цээжин тус газар хутгалсан үйлдлийн улмаас хохирогч Д.Хүрэлцэрэнгийн эрүүл мэндэд “...биед цээжний зүүн талд хатгагдаж, зүсэгдсэн шархаар цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус, хий хуралдалт, зүүн уушгины бүрэн бус авчийлт ...” бүхий гэмтэл учирсан,

Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн 1036 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүхээс гэмт хэрэг болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдлын хувьд хохирогч нь хөдөлмөр эрхэлж өрхийн амьжиргаагаа залгуулдаг, эхнэр нь хүүхдүүдээ хардаг, тухайн үед хохирогч нь хардалтаас болж маргалдсан, мөн шүүгдэгч уурандаа шүүгээнээс хутга авч өөрийгөө алчихъя гэхэд хохирогч /нөхөр/ чаддаг юм бол өөрийгөө алчих гэсэн үйлдлээс шалтгаалан цочролд орж, гэнэт үүссэн санаагаар буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ.

Тухайлбал, хохирогч шүүх хуралдаанд эхнэрийгээ “...би л эхнэрийгээ хэл амаар доромжилсон, чаддаг юм бол өөрийгөө алчих гэсэн... би бол нэлээн согтуу байсан...санаандгүй байдлаас л болсон” гэсэн ба мөн өмнө хохирогчоор өгсөн мэдүүлэг худал мэдүүлсэн эхнэрийгээ тухайн үедээ өөрийг нь хутгалсныг мэдэхгүй, “өөрийгөө хутгална гээд гэдэс рүүгээ хатгахаар хутгыг нь булааж авсан...нэг мэдэхэд миний гэдэснээс цус гарч байсан” гэж мэдүүлсэн.

Мөн шүүгдэгч, яллагдагчаар өгсөн болон шүүх хуралдаанд гаргасан “...үнэхээр их гэмшиж байна, ...Д.Хүрэлцэрэн өнөөдөр нэг юм болно л гэсэн би тэхээр нь өөрийгөө алчихъя гээд хэвлийн дээрээ хутга барьсан, ...тэгэхэд өөрийгөө алчих гэсэн ...нэг мэдэхэд л ийм асуудал болсон байсан, хэрхэн яаж гэмтэл учруулснаа мэдэхгүй байна...хутга авахдаа ханыгаа хутгалчихъя гэж ерөөсөө бодоогүй” гэж мэдүүлснийг үнэлэх боломжтой гэж дүгнэв.

Хохирогч нь шүүгдэгчтэй хардалт, архидалтаас болж маргалдан улмаар...чаддаг юм бол өөрийгөө алчих гэсэн, мөн өмнө нь шүүгдэгчийг зоддог байсан талаараа, хэл амаар доромжилдог, харддаг байсан, архины хамааралтай байсан архи уухаараа хэд хэдэн удаа алгадаж байсан, өмнө нь мотоциклоор хөлийг нь дайрч байсан гэх үйлдэл нь эсрэгээрээ хохирогчийн тухайн хүч хэрэглэсэн үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн сэтгэл санаа, бие махбодын шинжтэй хүчирхийлэл гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь хохирогч өөрөө 2-3 хоног архи ууж алга болдог, ирэхээрээ харддаг тухайн үед архи ууж эхнэртэйгээ маргалдан сэтгэл санааны хувьд тогтворгүй байдалд хүргэх үйлдэл хийгээд байгаа нь хохирогч зүй бус, хууль бус үйлдэл гаргасан байна.

Түүнчлэн хэрэгт авагдсан Цагдаагийн байгууллагад хандсан дуудлага, мэдээллийн жагсаалтад бичигдсэнээр шүүгдэгч Б.А нь “би хүн хутгалчихлаа, цус алдаад байна гэх, мөн нөхөр согтуу намайг зодоод байна... зэрэг дуудлага өгч байсан, мөн гэрчээр Б.А-ын “...Хүрэлцэрэн урд нь халдаж зодож байсан, намайг байнга дарамталж, харддаг, хадам ээж, Норовсүрэн 2 хүүхдээ төрүүлээд 10 хонож байхад ирээд Хүрэлцэрэнгийн өмдийг оёсонгүй гэж зодож байсан, мөн төв аймгийн Өндөрширээт суманд хөлөө хугалуулсан-энэ үед мотоциклоор миний хөлийг дайрсан 2019 оны 5 сард, тухайн үед гомдолгүй шалгуулахгүй гээд хэлчихсэн юм гэх, ...хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг /153-154 хуудас/...гэрч /хохирогчийн төрсөн эгч/ Д.Норовцэрнгийн мэдүүлэг...” зэргээр шүүгдэгч нь өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан нь тогтоогдож байна.

Иймд хохирогчийн зүй бус, хууль бус, хүчирхийллийн шинжтэй үйлдлээс шалтгаалж хутга аван, хутгалж гэмтэл учруулсан байдал, мөн хохирогчийн тухайн үед эхнэрийнхээ шинж байдал ямар байсныг дүрслэн хэлсэн байдал, шүүгдэгч өөрөө нэг мэдэхэд ийм зүйл болсон байсан зэргээс тухайн нөхцөл байдалд шүүгдэгч өөрийн үйлдлээ удирдах чадвараа түр хугацаанд алдсан, сэтгэхүйн хүчтэй цочролд орсон, сэтгэл зүйн хэвийн байдал гэнэт алдагдаж дээрх үйлдлийг гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

Хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах гэмт хэргийн субъектив санаа нь гэмт этгээд үйлдлээ ухамсарлаж, хүсэж хэрэгжүүлсэн, хор уршигт зориуд хүргэсэн байдаг бол санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэгт хохирогчоос зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалан тэрхэн агшинд өөрийгөө удирдах чадваргүйгээр гэнэтийн үйлдэл хийсэн байхаар ялгагддаг.

Мөн уг гэмт хэргийн объектив талын шинж болох хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл байсан эсэх, тухайн үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдал алдагдсан шинж байдал гаргасан эсэх, улмаар гэнэтийн хариу үйлдэл болгон хохирол учруулсан байх шинжүүд нь баримтад үндэслэн шүүхээс үнэлэлт, дүгнэлт өгөх хууль зүйн ойлголт юм.

Иймд шүүгдэгчийн үйлдлийн шинж хэргийн нөхцөл байдлын хувьд өөрөө гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан, хохирогчийн зүй бус, хууль бус үг, үйлдлээс шалтгаалсан байх тул санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэсэн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүхээс үндэслэлтэй гэж үзэв.

Иймд шүүх бүрэлдэхүүн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос шүүгдэгч Б.А-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийг тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “шүүгдэгч Б.А-т 1 жил 6 сар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал, дүгнэлт гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “...2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өршөөлд хамруулж өгнө үү...” гэсэн болно.

Шүүгдэгч Б.А нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл шалтгаалсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, Өршөөл үзүүлэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн 3.1.2, 3 дугаар зүйлийн 3.2, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан цаг хугацааны хувьд, өмнө өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй байх, хохирол төлбөргүй, гэм буруугийн хувьд маргаагүй зэрэг шаардлагыг хангаж байгаа зэрэг байдлуудыг тал бүрээс нь харгалзан Өршөөлийн хуульд хамруулан шийдвэрлэсэн болно.

Иймд Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Б.А-т холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогч Д.Хүрэлцэрэн нь шүүх хуралдаанд “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Бид эвлэрсэн...” гэх тул шүүгдэгч Б.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт 22 см урт, ажлын хэсэгт нь 11 см цагаан, улаан өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Б.А-т холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч   Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөрт нь хүч хэрэглэхээр заналхийлсэн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Их Хурлаас Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан батлан гаргасан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт тус тус зааснаар Б.А-т холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн нийт 22 см урт, ажлын хэсэгт нь 11 см цагаан, улаан өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.РЕНЧЕНХОРОЛ

 

                                          ШҮҮГЧИД                                  Б.МӨНХБАЯР

 

                                                                                                   С.БАТГЭРЭЛ