Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцэрэнгийн Ренченхорол |
Хэргийн индекс | 186/2022/0194/Э |
Дугаар | 2022/ШЦТ/234 |
Огноо | 2022-03-14 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Б.Баярчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/234
2022 03 14 2022/ШЦТ/234
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,
улсын яллагч Б.Баярчимэг,
шүүгдэгч Н.С /өөрийгөө өмгөөлөх хүсэлт бичгээр гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С-т холбогдох эрүүгийн 2211 00000 0188 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 12 сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт тоотод оршин суух хаягтай, урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны хэрэг хариуцах чадвартай,
Н.С /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.С нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 22 цаг 30 минутын орчим, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элеганс” зочид буудалд иргэн Р.Бямбадагвыг эхнэр Х.Үүрцайхтай хардсаны улмаас толгойн тус газарт цохиж зодон биед нь тархи доргилт, дух, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.С нь:
2022 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 22 цаг 30 минутын орчим, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элеганс” зочид буудалд иргэн Р.Бямбадагвыг эхнэр Х.Үүрцайхтай хардсаны улмаас толгойн тус газарт цохиж зодон биед нь тархи доргилт, дух, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүгдэгч Н.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн.Одоо зайсанд барилгын ажил хийж байгаа.Сард 1 000 000 төгрөг цалин авдаг. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;
Хохирогч Р.Бямбадагвын “...оройн 22:30 цагийн үед бид нарын ёолкны үйл ажиллагаа дуусаж байх хугацаанд манай ажлын газрын эмэгтэй Үүрийнтуяагийн нөхөр нь гэх нэрийг нь мэдэхгүй залуу орж ирээд бид нартай хамтдаа дуулангаа хамтдаа архи дарс ууцгаасан...нэг мэдсэн чинь намайг бие засах өрөө ороод ирэх хооронд манай найз Жигүүр гэгчийн толгойг пивоны шилээр цохиж хагалсан байсан...тэгээд дараагаар нь намайг миний нүүрэн тус газарт нэг юмаар цохиж аваад миний нүүрэн тус газарт гэмтэл шарх учруулсан байна тэр нь нүүрний хөмсөгнөөс доошоо хамар хэсэгт тэр чигээр нь зүсэж шарх учруулсан байна лээ би түүнийгээ Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж нүүрэндээ 5 ширхэг оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Гэрч Х.Үүрцайхын “...гадаа гараад Бямбадагва ахтай маргалдаж байгаад түүнийг бас л цохиж авсан байсан би харахдаа газарт унаад Бямбадагва гэмтсэн гэж бодсон чинь харин манай нөхөр түүнийг цохиж аваад гэмтэл шарх учруулсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 1252 дугаартай “...Р.Бямбадагвын биед тархи доргилт, дух, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Шүүгдэгч Н.С-ын “...эхнэрийн хамт ажлынх нь газрын ёолкон дээр нь очиж байсан тэгээд тэр газар нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Элеганс нэртэй зочид буудлын доор нь байдаг нэгэн караокед орцгоосон байсан тэгээд тэр газартаа эхнэрийн ажлын газрын хэсэг хүмүүстэй хамтдаа сууцгааж байгаад ганц нэг рунк архи уусан тэгээд согтсон байсан учраас нэг хоёр залуутай хэрүүл маргаан болоод муудалдаж байсан юм одоо энэ гомдол гаргаж өгсөн гэх Р.Бямбадагва, Х.Жигүүр нартай хэрүүл маргаан болоод тэд нарыг зодсон байна лээ. Тэгээд яагаад зодсон юм бэ гэвэл тэр хоёр хүнтэй өөрийнхөө эхнэрээ хардаад зодсон байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 45/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 35/, жолоодох эрхийн лавлагаа /хх 36/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх 38/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх 39/, шүүгдэгч, хохирогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 53-54/, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 58 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тогтоол зэргийг тус тус шинжлэн судаллаа.
Эдгээр баримтуудаар шүүгдэгч Н.С нь 2022 оны 01 дүгээр сарын 02-ны шөнө 22 цаг 30 минутын орчим, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Элеганс” зочид буудалд иргэн Р.Бямбадагвыг эхнэр Х.Үүрцайхтай хардсаны улмаас толгойн тус газарт цохиж зодон биед нь тархи доргилт, дух, хамарт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан, ингэхдээ хуульд заасан торгох ял оногдуулах талаар гаргасан улсын яллагчийн санал буюу түүнийг зөвшөөрч шүүгдэгч гэм буруу, ял шийтгэлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан тэмдэглэл зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Хохирогч Р.Бямбадагва нь “...Бид эвлэрсэн. Хохирлын мөнгө болох 500.000 төгрөгийг авсан. Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй...” гэх тул шүүгдэгч Н.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Н.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Н.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.РЕНЧЕНХОРОЛ