Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/255

 

 

 

 

 

 

 

 

  2022        03          21                                     2022/ШЦТ/255

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

улсын яллагч Д.Ундармаа,

шүүгдэгч Э.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Д танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Э.Э-т холбогдох эрүүгийн 2211 00001 0214 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монтел худалдааны төвд гар утасны засварчин, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт            тоотод оршин суух хаягтай, урьд шийтгэл эдэлж байгаагүй,

  Э.Э /РД: /.

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Э.Э нь 2021 оны 11 сарын 24-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Эрдэнэс таван толгой” компанийн хашаанд С.Очсайханыг гараараа зодож биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын алганд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                          ТОДОРХОЙЛОХ нь

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Э.Э нь:

2021 оны 11 сарын 24-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Эрдэнэс таван толгой” компанийн хашаанд С.Очсайханыг гараараа зодож биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын алганд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүгдэгч Э.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Хохирогч С.Очсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй. Гомдолгүй...” гэв.

Мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтууд болох;

Хохирогч С.Очсайханы “...Э.Э Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байх Си-Юү /CU/ дэлгүүрийн хажууд байх булангаас намайг нааш ир гээд дуудахаар нь очсон. Тэгсэн Э.Э нь 1 шил архи авч уух уу гэхээр нь би үгүй ээ би чамайг танай лангуу руу оруулаад өгье гэхэд гэнэт уурлаад чи битгий гөлөг шиг зан гаргаж байгаач гэж хэлээд миний өмсөж явсан малгайг аваад газар шидсэн. Тэгэхээр нь би сугадаж явсан гараа аваад өөрийн малгайг авах гээд тонгойж байтал миний нүүр хэсэг рүү Э.Э хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед нь би газар унасан. Би босоод Эрдэнэс таван толгой ХК-ны хашаанд явж байхад Э.Э араас ирээд миний толгой руу чулуугаар цохих шиг болсон. Би тухайн үед ухаан балартаад толгойн дагз хэсэг өвдөөд газар унасан...тэгсэн миний дээр сууж байгаад гараараа 14-18 удаа миний нүүр хэсэг рүү цохисон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

Гэрч Ш.Шагдарсүрэнгийн “...2021 оны 11 сарын 24-ний өдөр би ажлын байран дээр ажил үүргээ гүйцэтгэж байхад Эрдэнэс таван толгойн харуул хамгаалалтын байрны гадаа буюу автомашины зам дээр үл таних 50 орчим насны 2 эрэгтэй хүн хоорондоо үнэн эсвэл тоглоом хийгээд байгаа нь мэдэгдэхгүй өөд өөдөөсөө хараад заамдалцсан байдалтай зогсож байсан...нөгөө 2 хүнийг салгаарай гэж ойр орчмын хүмүүст хэлээд объект рүү ороод хяналтаа тавиад гараад иртэл нөгөө хоёр эрэгтэйн нэг нь газар хэвтчихсэн байсан...би хэн нь хэнийхээ хаашаа цохиж байгааг хараагүй. Миний бодлоор тэр хоёр хүн гараараа хоорондоо зодолдсон бололтой гар гэмтсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын гаргасан 2021 оны 11 сарын 30-ны өдрийн 11817 дугаартай “...С.Очсайханы биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 38-40 дэх тал/,

“Эрдэнэс таван толгой” ХХК-ийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-15 дахь тал/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 53/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 54/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 56/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 57, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 58/ зэргийг шинжлэн судаллаа.

Эдгээр баримтуудаар шүүгдэгч Э.Э нь 2021 оны 11 сарын 24-ний өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, “Эрдэнэс таван толгой” компанийн хашаанд С.Очсайханыг гараараа зодож биед хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын алганд цус хуралт бүхий гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч С.Очсайханы биед “...хамар ясны хугарал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун хацар, эрүүнд зулгаралт, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуунд зулгаралт, зүүн гарын алганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэргээр энэ гэмт хэргийн обьектив талын шинж бүрэн тогтоогдсон байна.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэл маргаагүй тул няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй бөгөөд шүүгдэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох тухай хүсэлтээ бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан болно.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Э.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид хохирол төлсөн нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгч Э.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар: 

Хохирогч С.Очсайхан нь “...гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул шүүгдэгч Э.Э-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч   Э.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Э.Э-т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.РЕНЧЕНХОРОЛ