Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 999

 

             Б.Д-холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор П.Нархажид,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У-, түүний өмгөөлөгч Б.Ганпүрэв,

шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1239 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Б.Батцэнгэл нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Д-холбогдох 201625014037 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А овгийн Б Д, 1991 оны .. дугаар сарын ..-ний өдөр ............................. ................... хотод төрсөн, .. настай, ...., дээд боловсролтой, ........................ мэргэжилтэй, “...................” ХХК-нд ......................... ажилтай, ам бүл .., ...... хүүхдийн хамт ................................................тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:...................../;

 

Б.Д- нь 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуул олон улсын худалдааны төвд байрлах “Дөрвөн Өлзий” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 73,187,036 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Д-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Д-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.Д-ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Д-хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.Д-оос 73,187,036 төгрөгийг гаргуулж хохирогч “Дөрвөн Өлзий” ХХК-д олгож, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.Д-цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

            Шүүгдэгч Б.Д- давж заалдах гомдолдоо: “...шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна.

            1. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 28 тоот “дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоолыг надад танилцуулаагүй. Бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 59 тоот дүгнэлт нь орлого, дүнгүүд эрс зөрүүтэй.

            2. “Дөрвөн Өлзий” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Б.О-нь байцаалт болон шүүх хуралд мэдүүлэхдээ одоогоор манай компанид 47,859,225 төгрөгийн зээл харилцагч дээр байна. Уг мөнгийг 59 тоот дүгнэлтийн 73,187,036 төгрөгөөс хасахад 25,330,881 төгрөг нь борлуулагч Б.Д-оос дутаад байна гэсэн байдаг. Үүнээс үзэхэд харилцагчийн зээлийн үлдэгдэл болох 47,859,225 төгрөгийг надаас нэхэмжлэх нь буруу тус 47,859,225 төгрөгийн зээлийг миний бие “Дөрвөн Өлзий” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Отгонзаяа авлагын нягтлан Б- тооцооны нягтлан Д- нарыг хамт дагуулан явж хүлээлгэн өгсөн байдаг. Баримт нь хавтас хэрэгт эх хувиар байх ёстой.

            Б.О-мэдүүлж байгаагаар 25,330,811 төгрөг нь надаас дутаад байгаа бол 59 тоот дүгнэлт буруу гэдгийг “Дөрвөн Өлзий” ХХК хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. 25,330,811 төгрөг нь онц их хохиролд тооцогдохгүй тул прокурор мөн адил буруу зүйл анги барьж яллах дүгнэлт үйлдсэн байна гэж үзэж гомдолтой байна.

            3. Хавтас хэрэгт байх миний “Хаан” банкны 5013144839 тоот харилцах дансны хуулгаар миний бие “Дөрвөн Өлзий” ХХК-тай холбоотой нэр бүхий 22 хүний дансанд нийтдээ 3,303,063,299 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ мөнгөн дүн нь:

            Аудитын тогтоосон: 3,063,883,379 төгрөгөөс 220,000,000 төгрөг 59 тоот дүгнэлтийн тогтоосон: 2,387,679,102 төгрөгөөс 920,000,000 төгрөгөөр илт зөрж байна. Миний хамгийн гол баримт болох дансны хуулгад дутуу шалгалт шинжилгээ хийсэн байна гэж үзэж байна.

            Тухайлбал “Дөрвөн Өлзий” ХХК-ийн захирлын туслах болох Н.О-5053037066 тоот данс руу нийт 764,000,000 төгрөг шилжүүлсэн байхад 59 тоот дүгнэлтэд  энэ талаар огт дурдаагүй. Уг мөнгөн дүн нь нийт орлогын 1/3-д хамаарах бөгөөд 59 тоот дүгнэлтэд дурдсан 4-5 хүний дотор байхгүй байгаа юм.

            59 тоот дүгнэлт “Дөрвөн Өлзий” ХХК-ийн ерөнхий захирал Б.Мөнхбаярын дансанд 541,000,000 төгрөг тушаасан байна гэж дурдсан байдаг. Гэтэл миний харилцах дансны гүйлгээ 606,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Зөрүү нь 61,000,000 төгрөг байна.

            Миний Дөрвөн Өлзий ХХК-д тушаасан нийт орлогыг 100 хувь гэж үзвэл 90 хувь нь харилцах дансаар шилжин тушаасан байдаг. 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 59 тоот дүгнэлт нь харилцах дансны хуулгад бүрэн гүйцэд шинжилгээ хийгээгүй байгаа нь уг дүгнэлт алдаа дутагдалтай “Дөрвөн Өлзий” ХХК-ийн санхүүгийн баримтад хэт төвлөрч  нэг талыг барьсан байна.

            4. 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 59 тоот дүгнэлтийг гаргахад “Дөрвөн Өлзий” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Отгонжаргал нь туслах 2 нягтлан бодогчийн хамт 7 хоног сууж дүгнэлт гаргахад оролцсон гэж шүүх хурал дээр хэлсэн. Гэтэл миний бие уг дүгнэлтийг гаргахад огт оролцоогүй ба шинжээч татгалзах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт гаргаж өгөх, тайлбар гаргах, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах зэрэг эрхүүд маань тус тус ноцтой зөрчигдсөнд гомдолтой байна.

            5. Миний Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2-60 дугаар байрны 21А тоот нэг өрөө байрыг “Дөрвөн Өлзий” ХХК өрөндөө суутгах нэрийдлээр сүрдүүлэн авч ордерыг нь “Дөрвөн Өлзий” ХХК-ийн ерөнхий захирлын охин Б.Номингийн нэр дээр шилжүүлсэн байгаа. Уг байрыг анх 45,600,00 төгрөг тооцож зээлээр аваад энэ зээлээсээ 35,000,000 төгрөгийг төлсөн байсан “Дөрвөн Өлзий” ХХК-ийн үлдэгдэл зээл 16,000,00 төгрөгийг банканд өгч шахалт, сүрдүүлэх замаар өөрсдийн эзэмшилд авсан ба намайг байраа суллаж өг гэж албан бичиг хүртэл явуулж байсан нь хавтас хэрэгт байгаа. Мөн миний 2016 оны 6, 7 дугаар сарын хөдөлмөрийн хөлс, 2016 оны амралтын мөнгө нийт 10,600,00 төгрөг олгогдоогүй байгаа. Байрны 35,000,000 төгрөг, хөдөлмөрийн хөлс 10,600,000 төгрөг нийт 45,600,000 төгрөгийн талаар “Дөрвөн Өлзий” ХХК-ийн захирал Уртнасан ерөнхий нягтлан бодогч Б.О-нар нь огт дурдаж ярихгүй байгаа прокурор хохирол тооцохдоо уг мөнгийг оруулсан эсэх тодорхойгүй эцэслэн хохирлыг тооцоолоогүй яллах дүгнэлтэд оруулаагүй зэрэг олон зүйлд эргэлзээтэй гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1239 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгөхийг хүсье. ...” гэжээ.

           

            Шүүгдэгч Б.Д-ийн өмгөөлөгч Б.Батцэнгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон давж заалдах гомдолдоо: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болох”, 1.5-д зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г тогтоох, 1.6-д зааснаар “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” юу байсан болох зэргийг нэг мөр хөдөлбөргүй баримтаар тогтоогоогүй.

Тухайлбал: Хохирлын талаар маш олон зөрүүтэй баримт хавтас хэрэгт авагдсан:

“Дөрвөн Өлзий” ХХК-ийн борлуулалтын албаны дарга А.Э-, ерөнхий нягтлан бодогч Б.О-нар ...мэдүүлэг өгсөн атал шинжээч нар 73,187,036 төгрөгийн дутагдал гаргасан байна гэж дүгнэж байгаа нь учир дутагдалтай.

Мөн ...1 өрөө орон сууцыг тус компани нь өрөндөө суутган охиныхоо нэр дээр шилжүүлж авсан бөгөөд үлдэгдэл зээл болох 16,411,360 төгрөгийг төлсөн гэдэг. Энэ байрны зах зээлийн үнэлгээ нь хэд болох 16,411,360 төгрөгийг хасаад үлдэгдэл мөнгөний асуудал яаж шийдэгдсэн болох хохирлын хэмжээнд орсон эсэх, эсхүл хохирол төлөгдсөн хэмжээнд орох эсэх гэх мэт ойлгомжгүй зүйлүүд ч байсаар байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  32.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжийг бүрэн нотолсон эсэх”, 1.4-д заасан “Энэ хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэх”, 1.5-д заасан “Эрүүгийн хууль болон энэ хуулийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн эсэх”, 1.7-д заасан “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг яллагдагчаар татсан эсэх”, 1.9-д заасан “Гэмт хэрэг үйлдэхэд  нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тодруулж чадсан эсэх, түүнийг арилгах талаар арга хэмжээ авсан эсэх”, 1.10-д заасан “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг бүрэн нотолсон эсэх” гэх мэт маш олон зүйлүүдийг хянавал зохих байтал эдгээр асуудлыг прокурор хянаагүй. Зөвхөн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 59 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд үндэслэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь учир дутагдалтай байна.

Тухайлбал: “Дөрвөн Өлзий” ХХК нь худалдан авагч бус этгээд болох өөрийн борлуулагчид бараа бүтээгдэхүүнээ шилжүүлэхдээ зарлагын падаан бичдэг атлаа борлуулагчаас худалдан авалт хийж байгаа харилцагч нарт бараа бүтээгдэхүүнээ борлуулахдаа 2015 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д заасан “Анхан шатны баримт” буюу ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоо болох зарлагын падаан зэргийг огт бичдэггүй байна. Энэ нь 2015 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д “Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна” гэж заасныг зөрчсөн.

...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэж байгаа боловч тухайн хэрэг нь бүхэлдээ 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх хугацаанд хамаарч байгаа учраас тухайн үед үйлчилж байсан Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэргийн аль шинж нь байгааг тодруулах ёстой байсан. Гэтэл үүнийг тодруулаагүй буюу бусдын эд хөрөнгийг завших юм уу, үрэгдүүлэх юм уу гэдгийг тогтоож чадаагүй байж бараа бүтээгдэхүүн дутагдуулсан гэсэн ерөнхий үндэслэлээр хэргийг шийдвэрлэж байгаа нь учир дутагдалтай байна.

Мөн Шинжээчийн дүгнэлтүүд зөрүүтэй гарч байгаа. ...анхан шатны баримт буюу санхүүгийн материалаа шинжээч нарт дутуу гаргаж байгаа учраас дутуу дүгнэлт гарч байна. Үүнийг дагаж харин 73,187,036 төгрөгийн зөрүү гарч ирж байна гэж үзэхээр байна.

...Б.Д-ийн гарын үсэггүй, анхан шатны баримтын шаардлага хангахгүй дээрх 25,484,100 төгрөгийн тооцоог шинжээчийн 59 тоот дүгнэлтээр үндэслэлгүйгээр нэмсэн болох нь харагдаж байна.

...Хавтас хэрэгт гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга нь дээр огт ажиллагаагүй. Бид өөрсдөө ажиллаад харахад зөвхөн дансаар тушаасан дүн нь 3 тэрбум гаран төгрөг байхад 4-5 дансыг нь авч дүгнэлт гаргасан. Шинжээчийн тогтоолыг бид нарт танилцуулахгүй байгаагийн хор уршиг нь бид нар дүгнэлт гаргах шатанд оролцож чадахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхээ эдэлж мэтгэлцэж чадахгүй, нэмэлт баримтаа гаргаж өгч чадахгүй байгаа зэрэг энэ бүх эрхээ алдчихсан учир шинжээчийн дүгнэлт нэг талыг баримталсан дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлтийг үндэслэж прокурор яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд прокурорын яллах дүгнэлтийг үндэслэж анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Иймд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Шийтгэх тогтоолыг дэмжиж байна. 73,187,036 төгрөг гарсныг үндэслэлтэй гэж үзэж байна. Миний зүгээс 73,187,036 төгрөгийг нэхэмжилж байна. Би санхүүгийн тооцооны талаар мэдэхгүй байна ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.У-гийн өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Хохирлын хэмжээтэй холбоотой олон янзын үнийн дүн, олон дансны хуулга, гүйлгээ яригддаг. Анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй нотлох баримт давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Хохирлын хэмжээ нь Б.Д- өөрөө гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрснөөс хойш 100,000,000 гаруй төгрөгөөр явж байгаад эцэслээд 73,187,036 төгрөгийн дутагдал байна гэж шинжээчийн дүгнэлтээр гарсан. “Голден пэйж аудит” ХХК анх дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр 25,484,100 төгрөгийг нийт хохирлоос хасч тооцсон дүгнэлт байдаг. Б.Д-“Дөрвөн Өлзий” ХХК-иас “Нарантуул” захад борлуулагч байхад нь хүргүүлсэн барааны падаан дээр гарын үсэг зурагдаагүй байна гэсэн 25,484,100 төгрөгийг “Голден пэйж аудит” ХХК дүгнэлтээр хассан байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч 3 ширхэг падаан дундуур нь шургуулах замаар хохирлыг хэмжээ өөрчлөгдсөн гэж тайлбарлаж байгаа нь огт үндэслэлгүй юм. Учир нь 25,484,100 төгрөг хамгийн анх “Голден пэйж аудит” ХХК дүгнэлт гарахад гарын үсэгтэй, гарын үсэг байхгүй, хүлээн авсан, аваагүй гэдэг талаар ганцхан маргаан байсан. ...“Голден пэйж аудит” ХХК-ийн дүгнэлт нь үндэслэлгүй юм. Энэ асуудалд хүлээж авсан, харин хүлээж авснаа баримтжуулах гэсэн ойлголт байгаа болохоос биш, огт аваагүй зүйлийг авсан болгож гарын үсэггүй падаанаар гаргасан зүйл байхгүй. Энэ талаар шинжээчийн 59 тоот дүгнэлтэд тайлбарлахдаа маш тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл тооцоо нийлсэн хугацаанаас өмнө 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдөр гэхэд Б.Д- нь 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс бараагаа эхэлж авна. Харин авсан бараагаа харилцагч нартаа өгч, маргааш нь тэрийгээ аваад явж байхад 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдөр гэхэд Б.Д- нь ямар ч тооцоо нийлэх шаардлагагүйгээр хүлээн авсан барааны үлдэгдэлгүй байсан. 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 2 баримт, 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 2 баримт нь гарын үсэггүй ч гэсэн тооллогын бүртгэлд авагдсан учир Б.Д-ийн хүлээн авсан бараа мөн.

Мөн Б.О-гэх хүний мэдүүлэг нь буруу зөрүү тайлбарласан учраас зөрүүтэй байдал гарсан. Нийт дутаж байгаа 73,187,036 төгрөгөөс баримтын шаардлага хангаж байгаа нь 47,000,000 гаруй төгрөг байгаа бөгөөд 25,484,100 төгрөг нь хүлээн авсан падаан дээр гарын үсэг зурагдаагүй Б.Д-хүлээлгэж өгсөн бараа материал юм. Энэ байдлыг нягтлан бодогч Б.О-нь буруу тайлбарласан учир ийм зөрүүтэй нөхцөл байдал үүссэн. Тэгэхээр 73,184,036 төгрөг нь шинжээч дүгнэлтээр эргэлзээгүй тогтоогдсон.

Мөн Н.О- гэх хүний дансанд гэж Б.Д- нь нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар огт яригдаагүй. Мөн өмгөөлөгчөөс тайлбарласан 22 хүний дансанд мөнгө тушаасан. Түүнээс 4-5 дансыг нь авч үлдсэн гэх нөхцөл байдал анхан шатны шүүх хуралдаанд огт яригдаагүй. Шинжээчийн дүгнэлт нь Б.Д-ийн өөрийнх нь дансаар бэлэн болон бэлэн бусаар хийгдсэн гүйлгээнд үндэслэж дүгнэлт хийгдсэн. Тэгэхээр өмгөөлөгчийн бараг 4,000,000,000 гаруй төгрөг тушаасан мэтээр ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ маргааны учир шалтгаан нь өнөөдөр авсан барааг маргааш авах бараагаар сольж авдаг буюу нэг гүйлгээ дахин давтагдан хийгдэх боломжтой гүйлгээний үнийн дүнг зохиомол байдлаар өсгөж тайлбар хэлж байна. Энэ хэлж байгаа тайлбар нь үндэслэлгүй.

Мөн орон сууцны талаар яригддаг. Гэтэл тухайн орон сууц нь Б.Д-огт хамааралгүй. ...Алтангэрэл нь өөр байранд урьдчилгааг нь төлж, банкны зээлээр орон сууц авсан нөхцөл байдал байгаа. Мөн уг Алтангэрэл гэх хүн нь Б.Д-ийн хамаатан бөгөөд энэ хоёр хүний хооронд ямар хэлцэл явагдаж Алтангэрэлийн байранд Б.Д- амьдарч байсан гэдэг талаар мэдэхгүй ч энэ асуудал нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй.

...Хавтас хэргээс харахад Баттулга, Болормаа гэх хүмүүсийн маш тодорхой мэдүүлэг байдаг. Тухайн мэдүүлэгт “манай компаниас ирж үлдэгдэл шалгах гэж байна. Чи 30,000,000 гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүн танай лангуун дээр байгаа гээд тоолуулчих. Би тэгж байгаад чамд 20,000,000 гаруй төгрөгийг өгье” гэх байдлаар мэдүүлсэн. Тэгэхээр тухайн Арнаа гэх мэт хүмүүсийн нэр нь эргэлзээтэй байдаг. Тэдгээр хүмүүст барааны үлдэгдэл байна гэдэг ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл өчигдөр авсан барааны хэсэг үнийг нь тушаагаад үлдсэн бараа нь биед байдлаар байгаа гэж завшсан байгаа юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор П.Нархажид тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл нь шинжээч томилсон тогтоолтой танилцуулаагүй тул миний эрх зөрчигдсөн талаар тайлбарласан. Гэтэл шүүгдэгч Б.Д- нь бүрэлдэхүүнтэй шинжээч томилох тогтоолтой 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр дүгнэлттэй танилцаж, гарын үсэг зурсан талаар хавтас хэрэгт авагдсан. Шинжээч томилох тогтоолтой танилцсан тул гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа шүүгдэгчийн өмгөөлөгчөөр ажилласан талаараа түрүүн хэлсэн. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд анхнаасаа оролцсон юм бол яагаад давж заалдах шатны шүүх хуралдаанд эрх хязгаарласан гэдэг талаар гомдол гаргаж байгааг гайхаж байна.

Мөн шинжээчийн дүгнэлтэд үнийн дүн зөрүүтэй байна гэдэг талаар гомдол гаргасан. Хавтас хэргийн хүрээнд “Голден пэйж аудит” ХХК, С.О- шинжээчийн гаргасан 40 тоот дүгнэлт зэрэг нь хавтас хэрэгт огт нотлох баримтын үнэлгээ болгоогүй, 59 тоот дүгнэлтэд үндэслэл болгож, прокурор яллах дүгнэлт үйлдэж, шүүх шийдвэрээ гаргасан.

Шүүгдэгч Б.Д-нь 764,000,000 төгрөгийг Н.О-данс руу шилжүүлсэн байхад шинжээчийн 59 тоот дүгнэлтэд огт тусгагдаагүй байна гэж тайлбарласан. Гэтэл шинжээч дүгнэлт гаргахад тулгуурласан баримт дотор Н.О-данс руу мөнгө шилжүүлсэн гэх баримт байхгүй. Анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар яригдаагүй. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс давж заалдах гомдолдоо энэ талаар тусгасан. Гэтэл энэ нь хавтас хэрэгт огт авагдаагүй нотлох баримт байгаа учир дүгнэлт хийхэд учир дутагдалтай бөгөөд энэ давж заалдах гомдол нь үндэслэл муутай байна.

Мөн Мөнхбаярын дансанд орж ирсэн мөнгө зөрүүтэй байна. Би 764,000,000 төгрөгийг шилжүүлсэн байхад Мөнхбаярын дансанд 541,000,000 төгрөг шилжүүлсэн гэх дүгнэлт гарсан байна гэж тайлбарласан. Гэтэл хоёр талын буюу Б.Д-ийн зарлага, “Дөрвөн Өлзий” ХХК-ийн захирлын туслах Мөнхбаярын дансанд орсон орлогыг үндэслэж шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Шинжээчийн дүгнэлтэд зөрүүтэй байна гэсэн асуудал огт дурдагдаагүй.

Мөн шинжээчийн 59 дугаартай дүгнэлтийг гаргахад Б.О-нь 7 хоног сууж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд байж шинжээчийн дүгнэлтийг гаргалцсан гэж байна. Гэтэл шинжээчийн дүгнэлтийг хэн гаргах вэ гэдгийг хуульчилж заасан. Нягтлан Б.О-гэх хүн санхүүгийн баримтыг тэнд хүлээлгэж өгч, тэр дундаас асууж тодруулах зүйл байсан байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш оролцохыг хүсвэл прокурор, мөрдөгчид хүсэлт гаргаж, прокурор, мөрдөгчийн зөвшөөрөлтэй оролцоно. “Дөрвөн Өлзий” ХХК нь ямар нэгэн байдлаар шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаанд оролцоно гэх хүсэлт гаргаагүй. Мөн шүүгдэгчийн талаас өөрийн анхан шатны баримтуудыг гаргаж өгч, дүгнэлт гаргах ажиллагаанд биечлэн оролцоно гэх хүсэлт гаргаагүй учир үндэслэл муутай байна гэж үзэж байна.

Мөн орон сууцны талаар яригдсан. Шүүгдэгч Б.Д-ийн үйлдэлд нь ямар нэгэн өр авлагад суутгагдсан, авагдсан гэх талаар нотлох баримт байхгүй.

Мөн 2016 оны 6, 7 дугаар сарын хөдөлмөрийн хөлсөө суутгуулсан гэж байна. Гэтэл өр, авлагад хөдөлмөрийн хөлсийг нь суутгаж авсан, үүнийг хасаж тооцох ёстой гэдэг талаар дүгнэлт гараагүй. Энэ талаар хавтас хэрэгт ямар ч нотлох баримт авагдаагүй.

Дүгнэлт өгөхөд энэ хэрэг ганцхан шинжээчийн 59 тоот дүгнэлтэд үндэслээгүй. 73,187,036 төгрөгийг задаргаагаар нь буюу он, оноор нь дүгнэж гаргасан. Гэрч Б.О-нь “47,859,225 төгрөг баримттай. Энэ нь гарын үсэгтэй “Дөрвөн Өлзий” ХХК-иас шүүгдэгч Б.Д- нь хүлээж авсан. 25,000,000 гаран төгрөг нь ямар ч баримтгүй буюу “Дөрвөн Өлзий” ХХК-иас барааг хүлээлгэж өгсөн, харин нярав хүлээлгэж өгөхдөө Б.Д-оор гарын үсэг зуруулаагүй. Тийм учраас би сайн мэдэхгүй“ гэж мэдүүлсэн. “Голден пэйж аудит” ХХК-ийн анхны дүгнэлт, шинжээч С.О-гаргасан 40 тоот дүгнэлт дээр үндэслэл болгож, үүнийг нотлох баримтад тулгуурлаж, ямар нэгэн байдлаар харьцуулж ярих шаардлагагүй. Харин зөвхөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 59 тоот дүгнэлтэд тулгуурлах ёстой.

Мөн нягтлан Б.О-баримттай гэх 47,859,225 төгрөг нь Б.Д-ийн үйлдэл нь бараа материалаа цааш нь хүлээлгэж тэнд байгаа шүү гэдэг байдлаар хий тоолуулж, падаан дээр гарын үсэг зурдаг. Энэ байдлыг нь гэрч Б.О-мэдүүлэг. Энэ дутагдал нь 2013 оны 10 дугаар сараас гэж яллах дүгнэлтэд бичигдэж байна гэхээр “Дөрвөн Өлзий” ХХК нь сар бүрийн 31-ний өдөр тооцоо нийлдэг. Гэтэл Б.Д-өр авлага сар бүр гарч байсан. Сүүлдээ огцом өсөөд ирэхээр нь “Дөрвөн Өлзий” ХХК-иас Б.Д-ийг шалгуулах болохгүй юм байна гэх байдлаар цагдаагийн байгууллагад хандсан байдаг. Тэгэхээр ажиллаж байх хугацаандаа ямар байдлаар өр авлага үүсгэж байсан, энэ өр авлагаа нөхөж явсаар байгаад сүүлдээ нөхөж барахгүй болохоор нь маш их хэмжээний өрөнд орсон байдал харагддаг.

Мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 59 тоот дүгнэлт нь ийм хэмжээний өглөгтэй байна гэж дүгнэлт гаргасан болохоос ийм хэмжээний мөнгө завшсан байна гэж гаргаагүй.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс энэ үйлдэл нь үрэгдүүлсэн юм уу, эсхүл завшсан эсэх талаар тогтоогоогүй гэж тайлбарласан. Завшсан гэдэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 73,187,036 төгрөг нь их хэмжээний хохирол учруулсан тул энэ зүйл хэсгээр зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Гэхдээ шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт  “Б.О-нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж” гэж бичигдсэн байсан тул давж заалдах шатны шүүхээс залруулга хийх боломжтой. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Б.Д-холбогдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлд заасан “Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх”, шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэмт хэрэг нь хохирлын хэмжээ заавал шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг байна.

Гэтэл мөрдөн байцаалтад, 2018 оны 3 дугаар сарын 15-ний “Дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх тухай” Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 28 дугаар тогтоолыг Б.Д-, түүний өмгөөлөгч нарт танилцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан “Шинжилгээ хийлгэх үед оролцогчийн эрх”-ийг хангаагүй гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрхийг хангаагүйгээс шинжээчийн дүгнэлтээр хохирлын хэмжээг зөв тогтоож чадаагүй талаар гомдол гарсан /3 хх 84-86/ байх ба давж заалдах гомдлын үндэслэлийг хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудад үндэслэн хянавал:

1. Б.Д- давж заалдах гомдолдоо “...Дөрвөн Өлзий ХХК-ийн захирлын туслах болох Н.О-5053037066 тоот данс руу нийт 764,000,000 төгрөг шилжүүлсэн байхад 59 тоот дүгнэлтэд энэ талаар огт дурдаагүй, уг мөнгөн дүн нь нийт орлогын 1/3-д хамаар ч байна. ...” гэжээ.

2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 59 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт нь Б.Мөнхбаярын 5753056518 дугаартай, байгууллагын 3656,4156,2963,6734...” гэсэн 5 дансанд орсон орлогын хүрээнд хийгдсэн /3 хх 92 тал/ талаар тус дүгнэлтэд заажээ.

 2 дугаар хавтас хэргийн 93-аас 3 дугаар хавтас хэргийн 37 талуудад Б.Д-ийн банкнууд дахь дансны хуулга бэхжүүлэгдсэн ба Хаан банкны  5057377066 -О- гэсэн данс руу Д-оос гэсэн утгатайгаар “24,000,000; 25,000,000; 55,000,000 ...” гэх мэт /2 хх 169-187/ мөнгөн дүнгээр зарлага тогтмол хийгдэж байсан байна. Энэ О- гэж захирлын туслахаар ажилладаг болохыг шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн төлөөлөгч Д.У- тайлбарласан болно.

2. Прокурор “...шинжээчийн 59 дугаартай дүгнэлтийг гаргахад Б.О-нь 7 хоног сууж Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд байж шинжээчийн дүгнэлтийг гаргалцаагүй. Оролцохыг хүсвэл прокурорын зөвшөөрөлтэй оролцоно. “Дөрвөн Өлзий” ХХК нь ямар нэгэн байдлаар шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаанд оролцоно гэх хүсэлт гаргаагүй.” гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр нэмэлт баримт бичиг өгсөн, тайлбар гаргасан, шинжилгээ хийлгэхэд байлцсан доорх нотолгоо хэрэгт авагджээ.

2018 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 28 дугаар тогтоолд “Шинжээч нарын мэдэлд “Дөрвөн Өлзий” ХХК-ийн санхүүгийн 6 хавтас 1265 хуудас материал ...шилжүүлсүгэй” /3 хх 85/ гэсэн бол Шинжээч нар дүгнэлт гаргахдаа “Прокуророос ирүүлсэн 3 хавтас хэрэгт авагдсан баримт, санхүүгийн 8 хавтас зэргийг үндэслэн хийсэн болно.” /3 хх 89/ гэж, мөн шүүх хуралдаанд гэрч Б.О-“Бид нар шүүхийн шинжилгээний хүрээлэн дээр 7 хоног суусан...” /3 хх 214/ гэж мэдүүлсэн нөхцөл байдлууд хэрэгт авагджээ.

Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” тогтоогдоогүй байна гэж үзэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1239 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Д-холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэлээ.

Хохирогчийн өмгөөлөгч болон прокурор “Анхан шатны шүүх хуралдаанд яригдаагүй асуудлаар давж заалдах гомдол гаргаж байна” гэж давж заалдах гомдлыг няцааж байгаа боловч шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж зааснаар нотлох баримтыг үнэлэх ёстой ба давж заалдах гомдлын үндэслэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, ...нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана...” гэж заасантай нийцүүлэн шинжлэн шалгаад Б.Д-ийн үйлдлээс учирсан хохирлын хэр хэмжээ тогтоогдоогүй байна гэж үзсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 1239 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Д-холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл шүүгдэгч Б.Д-урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                       Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ