Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 1962

 

Э.Эын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01343 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Э,

Хариуцагч Ш.Чд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 80 728 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхчулууны гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Э, түүний өмгөөлөгч Б.Цолмон,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхчулуун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний өмгөөлөгч Б.Цолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Э миний бие дараах зээлүүдийг хариуцагч Ш.Чтэй байгуулсан. Үүнд: 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Ш.Чд 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 1 сард 4.5 хувийн хүүтэй, алданги 0.5 хувь байхаар зээлийн гэрээ хийж барьцаанд нь Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 27 дугаар байрны 8 тоот, 1 өрөө байрыг барьцаалж, улсын бүртгэлд бүртгүүлж, зээл олгосон. Зээлийн 3 сарын хугацаанд зээлийн хүүг төлсөн боловч үндсэн зээл 10 000 000 төгрөг төлөгдөөгүй учир Ш.Чгийн хүсэлтээр хугацааг 2013 оны 02 дугаар сарын 30-ны өдөр 24 сараар сунгаж сарын хүүг 5 хувь болгон өөрчилж гэрээг бичгээр хийсэн.

Төлбөрийг 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл бодсон ба мөн өдөр 16 000 000 төгрөг өгсөн байдаг. 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл бодоход 1 сарын хүү 500 000 төгрөгийг 5 сараар тооцоход 2 500 000 төгрөг, үндсэн зээлийн хамт 12 500 000 төгрөг болсон. 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ш.Чд 10 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 1 сард 4.5 хувийн хүүтэй, алданги хоногт 0.5 хувь байхаар тохирч зээл олгосон. 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр хүртэл зээлийн хүүг 5 сараар тооцоход 2 250 000 төгрөг болсноос 1 800 000 төгрөг төлснийг хасаж, 450 000 төгрөг үлдсэн ба үндсэн зээл 10 000 000 төгрөгийн хамт 10 450 000 төгрөг болсон. 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Ш.Чд 13 000 000 төгрөгийг 7 хоногийн хугацаатай 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13 520 000 төгрөг өгч, зээлийг хаасан.

Энэ 3 зээлийн гэрээний нийт дүн 36 470 000 төгрөг болсноос 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 13 520 000 төгрөг, 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 16 000 000 төгрөг төлснийг хасахад зээлийн үлдэгдэл 6 950 000 төгрөг болж байна. Энэ нь 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний үндсэн зээл 10 000 000 төгрөгийн үлдэгдэл юм. Энэ барьцааг зээлийн гэрээг дуусгавар болголгүй үлдээе, дахин мөнгөний хэрэг гарвал авъя гэж Ш.Ч нь хэлж байсан. Үүнийгээ ч бичгээр өөрийн гараар бичиж өгсөнийг хэрэгт хавсаргасан.

2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Ш.Чгийн хүсэлтээр 10 000 000 төгрөгийн 17-н сарын хугацаатай 1 сард 5 хувийн хүүтэйгээр гэрээ хийж зээлдүүлсэн. Зээлийн гэрээг бичгээр байгуулсан. 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 11 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн боловч төлөгдөөгүй тул хугацааг 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 11 сараар сунгаж зээлийн хүү 1 сард 5 хувь болгон гэрээг бичгээр хийсэн.

2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн боловч төлөөгүй тул Ш.Чгийн хүсэлтээр 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 1 сард 5 хувь хүүтэйгээр 3 сараар сунгасан. Энэ үлдсэн 4 гэрээг Ш.Чгийн хүсэлтээр хугацааг сунгасныг болон зээлийг ямар дараалалтай төлөхийг өөрөө бичиж өгсөн баримтыг хэрэгт өгсөн болно. Ингээд нийт үндсэн зээл 58 000 000 төгрөгөөс 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 10 000 000 төгрөг, 2013 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 13 000 000 төгрөгийн зээл хаагдаж, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 6 950 000 төгрөг болж, үндсэн зээл 31 950 000 төгрөг болсон.

2012    оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн үлдэгдэл 6 950 000
төгрөгийн зээлийн хүү 2013 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлөгдсөн тул
2013 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 30-ны өдөр
хүртэл 19 сарыг 1 сард 5 хувийн хүү буюу 347 500 төгрөгөөр бодоход 6 602 500
төгрөг болсон. 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөгийн зээлийн хүү 2013 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг
хүртэл 17 cap 5 хувийн хүү буюу 500 000 төгрөгөөр тооцоход 8 500 000 төгрөг
болсон. 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 11 000 000 төгрөгийн зээлийн хүү 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 2 cap 4.5 хувь хүү 495 000 төгрөгөөр тооцоход 990 000 төгрөг, үүнээс хойш 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 11 cap 5 хувийн хүү буюу 550 000 төгрөгөөр тооцоход 6 050 000 төгрөг, нийт 7 040 000 төгрөг болсон. Үүнийг нэмэгдүүлсэн шаардлага дээр бичсэн ба 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 11 000 000 төгрөгийн зээлийн хүүг 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл 2 сарын хүү 990 000 төгрөгийг орхигдуулсан байна.

2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 4 000 000 төгрөгийн зээлийн хүү 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүртэл 6 cap 4.5 хувийн хүү буюу 180 000 төгрөгөөр тооцоход 1 080 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл 3 cap 5 хувийн хүү буюу 200 000 төгрөгөөр тооцоход 600 000 төгрөг, нийт 1 680 000 төгрөг болсон. Энэ 4 зээлийн төлөгдөөгүй хүү нийт 23 822 500 төгрөг болсноос хүүний 2 000 000 төгрөгийг хассан байгаа. Ингээд 21 500 000 төгрөгийн хүүгийн үлдэгдэл болсон байгаа. Үндсэн зээл 31 950 000 төгрөг, төлөгдөөгүй хүү 21 822 500 төгрөг нэмж, нийт гүйцэтгээгүй үүргийн 53 572 500 төгрөг алданги 50 хувиар бодоход 26 886 250 төгрөг, эрэн сурвалжлуулах захирамжийн улсын тэмдэгтийн хураамж 70 000 төгрөг, нийт 80 728 750 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Ж.Энхчулуун шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал тооцооллын алдаа гаргаж 80 000 000 гаруй төгрөг нэхэмжилж байна. Зээлийн гэрээнүүд өөрөө учир дутагдалтай байна. Нотариатаар баталгаажуулж байгаа асуудал нь үндэслэлгүй, гарын үсэг байхгүй байгаа. Хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа. Түүнээс гадна зээлийн гэрээнүүдийн нэг хувийг Ш.Чд өгдөггүй. Уг гэрээний хувийг гаргаж өгнө үү гэж шаардаж байсан. Би энэ нотариатчийн баталгаануудад эргэлзэж байгаа. Алдангийг маш буруу тооцсон. Иргэд хоорондын зээлийн гэрээ байгуулагдсан хэдий ч 7 хоногийн дотор 520 000 төгрөгийн ашиг олж байгаа үйл баримт байна. Гэвч Ш.Ч нэгэнт авсан. Харин Ш.Ч өөрөө нотолж чадахгүй байгаа.

Заримдаа 10 000 000 төгрөгийг би аваагүй гэдэг зүйлийг ярьдаг. Сунгасан баримтууд дээр ярьвал, Ш.Ч өвчтэй хэвтэж байхад нь хэд хэдэн бичиг баримтуудад очиж гарын үсэг зуруулсан байдаг. Энэ нь өөрөө Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан байх боломжгүй асуудал байна. Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасан байдаг. Сунгалтын асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй. 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 10 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай 1 сард 4.5 хувийн хүүтэй олгосон. Үүний хүүг бүрэн төлсөн ба 10 000 000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байдаг. Энэ зээлийг 24 сараар сунгасан гэдэг ба үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Гэрээг сунгасан бичвэр байдаг ба үүнд гарын үсэг зурсан зүйл байхгүй. 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт хэсэгт зээлдүүлэгч нь зээлдэгчтэй утсаар ярилцаж зээлийн гэрээний сунгалтыг дангаараа сунгаж болохыг тохиролцсон болно гэж байна.

Дангаараа сунгана гэдгийг юу гэж ойлгох вэ, сунгасан зүйл хоёр талын хэлцэл байх учиртай, гэтэл нэг талын хүсэл зоригоор сунгасан зүйл ярьж байна. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.7 дахь хэсэгт хугацааг сунгах тохиолдолд хугацаа дууссан үеэс шинэ хугацааг тоолно гэж заасан. Сунгасан асуудал нь 2013 оны 02 дугаар сарын 30-ны өдөр гэдэг ба 2 дугаар сард 30 хоног байхгүй бөгөөд хамгийн дээд талдаа 29 хоногтой, 4 жилд нэг удаа тохиолддог. Бичилтээсээ эхлээд хууль зөрчсөн байна. Тийм учраас сунгалтыг ярих боломжгүй. Үүнийг бид Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Ингээд үндсэн зээлээс 10 000 000 төгрөг байна. 10 000 000 төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 10 000 000 төгрөгийн гэрээ байдаг. Уг зээлийн гэрээний ар талд 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдөр бэлнээр 5 000 000 төгрөг, урьд авсан 1, 2 сарын хүүг суутгасан бөгөөд 4.1 сая төгрөг авлаа гээд бичсэн. Ард талд нь 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 5 000 000 төгрөг авлаа гээд бичсэн байдаг. Тийм учраас хоёр дахь гэрээгээр 9 100 000 төгрөг авсан байдаг. Тийм учраас 9 100 000 төгрөгөөс хүү алданги тооцох ёстой. Мөнгө шилжүүлсэн үеийг зээлийн гэрээ байгуулсанд тооцдог. Ингэж тооцвол 409 500 төгрөг байна. 6 сарын хүү нь 2 457 000 төгрөг болж байгаа. Үүнээс 1.8 сая төгрөг төлөгдсөн. Хүүгийн үлдэгдэл 675 000 төгрөг болж байгаа. Хоёр дахь зээлээс төлөгдөөгүй 9 775 000 төгрөг гарч байгаа ба энэ нь үндсэн зээл ба хүү юм гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрт нийт 44 670 000 төгрөг, алдангийн төлбөрт 14 890 000 төгрөг, нийт 59 560 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 168 750 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 621 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 455 750 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхчулуун давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх зохигчийн хооронд байгуулагдсан 6 удаагийн зээлийн гэрээг нэг бүрчлэн тооцож, тооцоо хийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзын тооцооллыг буруу хийсэн гэж үзэж байна.

Шүүх зээлийн гэрээний үндсэн зээл болон хүүгийн төлбөрт нийт 44 670 000 төгрөг, алдангийн хэмжээг 1/3-аар тооцож, 14 890 000 төгрөгийг тус тус төлөх ёстой гэж тодорхойлж байна. Энэ тооцооллыг задалж үзүүлбэл үндсэн зээлийн үлдэгдэл 27 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 17 220 000 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуульд заасны дагуу зээлийн хүүгээс алданги тооцох хууль зүйн үндэслэлгүй тул шүүхийн хийсэн дүгнэлт ёсоор  үндсэн зээлийн үлдэгдлийг 1/3  буюу 9 000 000 төгрөгийн алданги төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Эцэст нь зээлийн гэрээнүүдийн дагуу төлбөл зохих нийт төлбөрийг харуулбал үндсэн зээлийн үлдэгдэл 27 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 17 220 000 төгрөг, алданги 9 000 000 төгрөг, нийт 53 220 000 төгрөг болж байгаа юм.

Энэхүү аргачлал тооцоолол нь Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтууд шударга ёсны зарчимд бүрнээ нийцэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж төлбөрийн хэмжээг 6 340 000 төгрөгөөр багасгаж, 53 220 000 төгрөг болгон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Ш.Чгээс зээлийн гэрээний үндсэн үүрэгт 31 950 000 төгрөг, хүүд 21 822 500 төгрөг, алдангид 26 886 250 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 000 төгрөг, нийт 80 728 750 төгрөг гаргуулахаар шаардсаны зарим хэсгийг хариуцагч зөвшөөрөх боловч зээлийн тооцоолол буруу, илт их хэмжээний мөнгийг үндэслэлгүй нэхэмжилсэн, зээлийн гэрээний сунгалтуудыг зөвшөөрөхгүй тул зарим хэсэг нь үндэслэлгүй гэж маргажээ.

            Зохигчдын хооронд байгуулагдсан 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлсэн, зээлдэгч 3 сарын хүүгээ төлсөн талаар талууд маргаагүй, харин уг гэрээг 2013 оны 2 дугаар сарын 30-ны өдөр 24 сарын хугацаагаар сунгаж, хүүг 5 хувь болгосон  гэж нэхэмжлэгч тайлбарлан, зээлийн үлдэгдлийг уг хугацаагаар тооцож гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

            Хэрэгт авагдсан 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний сунгалт гэх баримт 2013 оны 2 дугаар сарын 30-ны өдөр гэсэн огноотой байх бөгөөд “2 дугаар сарын 30” гэх өдөр цаг тооны бичигт байхгүй тул уг баримтыг үнэн зөв гэж үзэх боломжгүй, улмаар уг гэрээг нотариатаар гэрчлүүлсэн тухай баримтад гэрээний талууд гарын үсэг зураагүй байна. Иймд зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож сунгасан гэж үзэх боломжгүй бөгөөд 3 сарын хүү төлөх үүргээ биелүүлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул гэрээний хугацаа дуусах 2013 оны 2 дугаар сарын 28 гэхэд зээлдэгч үндсэн зээл 10 000 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан гэж үзнэ. 

            Талууд 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, мөнгийг шилжүүлэн авснаа зээлдэгч үгүйсгээгүй, харин 900 000 төгрөгийг тэр даруй буцаан суутгуулсныг хасч тооцуулна гэх боловч нэхэмжлэгч 900 000 төгрөгийг өөр гэрээний үүрэгт тооцсон гэснийг хариуцагч баримтаар няцаагаагүй байна. Иймд 10 000 000 төгрөгийг шилжүүлэн авсан гэж үзэх ба 6 сарын хугацааны 2 700 000 /450 000*6/ төгрөгийг хүүд төлөх ёстойгоос 1 800 000 төгрөгийн хүү төлсөн талаар зохигчид маргаагүй. 

            Хариуцагч буюу зээлдэгчээс 2013 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зээлдүүлэгчид 16 000 000 төгрөг төлснийг дээрх 2 гэрээний үндсэн болон хүүгийн төлбөрийн алинаас хэрхэн тооцож хасах талаар талууд харилцан өөрөөр тайлбарласныг шүүх 10 000 000 төгрөгийг 2 дахь зээлийн үндсэн төлбөрт, 6 000 000 төгрөгийг эхний зээлийн төлбөрт тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд ийнхүү тооцоход хариуцагч нь 2013 оны 7 дугаар сарын 6-ны байдлаар эхний зээлийн үндсэн төлбөрт 4 000 000 төгрөг, хоёр дахь зээлийн хүүгийн төлбөрт 450 000 төгрөгийн, нийт 4 450 000 төлбөрийн үлдэгдэлтэй болжээ.

            Зохигчид 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 13 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг биелэгдсэн, 2013 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээр 10 000 000 төгрөгийг 17 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн талаар маргаагүй ба уг гэрээний дагуу төлбөр төлсөн талаарх баримтыг хариуцагч гаргаагүй тул үндсэн төлбөр 10 000 000 төгрөг, 17 сарын хүү 8 500 000 /500 000*17/ төгрөг, нийт 18 500 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзнэ.

            Зохигчид 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 11 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай 4.5 хувийн хүүтэй зээлдүүлэх талаар харилцан тохиролцсон, уг гэрээг 2015 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 11 сарын хугацаагаар сунгаж, хүүгийн хэмжээг 5 хувь болгосон баримт хэрэгт авагджээ. Талууд 11 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар маргаагүй, харин зээлийн гэрээний сунгалтад зээлдэгч тал оролцоогүй гэх үндэслэлээр хариуцагч сунгалтыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, гэрээг сунгаж байсан байдлаас үзвэл 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг талуудын тогтсон  заншлын хүрээнд маягтыг бөглөх хэлбэрээр харилцан тохиролцсон гэж үзэхээр,  агуулга хэлбэрийн хувьд эргэлзээтэй бишээс гадна зээлдэгч Ш.Ч нь       гэрээг өөрийн хүсэлтээр сунгаж байснаа илэрхийлсэн бичгийн баримт хэрэгт авагджээ. /хх16/

            Иймд 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн гэрээг 11 сарын хугацаагаар сунгагдсан гэж үзэх ба 11 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг өмнөх зээлийн гэрээний төлбөрт суутгуулсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй ч аль зээлийн төлбөрт тооцсон талаарх баримтыг гаргаагүй тул шүүх уг төлбөрийг эхний буюу 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн үлдэгдэл болох 4 000 000 төгрөгөөс хасч тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

            Дурдсан гэрээг үндсэн 2 сар, сунгасан 11 сар, нийт 13 сарын хүүтэйгээр тооцвол төлбөрийн үлдэгдэл нь үндсэн зээл 11 000 000 төгрөг, хүүгийн 7 040 000 /990 000+6 050 000/ төгрөг байна.

            6 дахь буюу 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр 4 000 000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сард 4.5 хувийн хүүтэй зээлдүүлэхээр байгуулсан гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 3 сараар сунгаж, хүүг 5 хувь болгосон талаар талууд маргаагүй, уг зээлийн гэрээний дагуу төлбөр төлсөн талаарх баримтыг хариуцагчаас гаргаагүй байна. Иймд уг гэрээний төлбөрт үндсэн зээл 4 000 000 төгрөг, 6 сарын хугацааны 4,5 хувиар бодсон хүү 1 080 000 төгрөг, сунгасан хугацааны хүүг 5 хувиар бодоход 5 680 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл бий болсон байна.

            Дээрх байдлаар тооцсон гэрээ тус бүрийн үлдэгдэл төлбөрийг нэмэхэд хариуцагч Ш.Чгээс дээр дурдсан 5 зээлийн гэрээний үүрэгт нийт 44 670 000 төгрөг гаргуулж хариуцагчид олгох үндэслэлтэй байх ба талууд зээлийн гэрээ, түүний сунгалт бүрээр үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги тооцох талаар харилцан тохиролцсон, уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт нийцэх тул алданги шаардсаныг хангах үндэслэлтэй.

            Шүүх алдангийн хэмжээг хэргийн нөхцөл байдлыг харгалзан багасган 14 890 000 төгрөгөөр тогтоосныг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгээр олгогдсон эрхийн хүрээнд гэж үзнэ.

            Зээлийн гэрээгээр зээлдэгч нь шилжүүлж авсан мөнгөн хөрөнгийг буцааж өгөхөөс гадна зээлийг ашигласны төлбөр буюу хүүг харилцан тохиролцсоны үндсэн дээр төлөхөөр үүрэг хүлээснийг гэрээний үндсэн үүрэг гэж үзэх ба Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.1 дэх хэсэгт заасан зээл, зээлийн хүү нь зээлийн гэрээний үндсэн үүрэг болно.

            Иймд дээрх байдлаар зээлийн үндсэн үүргээс анз тооцсоныг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт заасан мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үүрэг гүйцэтгэгчийн хэтрүүлсэн хугацаанд төлөх хүүтэй адилтган үзэх үндэслэлгүй тул хүүгээс анз тооцож, Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсгийг зөрчсөн гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нэрийн өмнөөс гаргасан шийдвэрээ Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл гэсэн хэвлэмэл хуудсан дээр гаргасан алдаатай боловч  шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 118 дугаар зүйлээр тодорхойлсон агуулгыг бүрэн багтаасан, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул техникийн шинжтэй уг алдааны улмаас шийдвэрийг хүчингүй болгох шаардлагагүй гэж үзсэнийг дурдаж байна.

Дээрх байдлуудаар шүүх гэрээ бүрийн хүчин төгөлдөр байдлын талаар, зээлийн эргэн төлөлттэй холбоотой зохигчдын тайлбар, хэргийн баримтыг харьцуулан, гэрээ тус бүрийн үлдэгдлийг тооцохдоо, мөн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн болон 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээг талууд харилцан тохиролцож сунгасан эсэхийг дүгнэхдээ нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заасан журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2017/01343 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  611 795  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ