| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2021/0300/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/325 |
| Огноо | 2021-12-14 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/325
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2021/0300/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,
Иргэний хариуцагч Ш.Г-,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч П.Батжаргал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Х.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2018000000398 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.Б, 1965 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мод бэлтгэх ажил эрхэлдэг, ам бүл 5, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.Б- нь 2020 оны 07 дугаар сарын 26-наас 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн “Бага ноён” гэх газраас үндэснээсээ булгарч унасан 14 ширхэг буюу 9.47 метр куб нарс мод, ургах чадвартай 7 ширхэг буюу 4.72 метр куб модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 24-23 УНЕ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид нийт 6941590 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Х.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Модны хэрэгт орооцолдоод байна. Намайг зөвшөөрөлтэй мод бэлтгэ гэж авч ирсэн. Би С.Гантөмөр гэдэг хүнд 6 сая төгрөгийн өртэй байсан учир өрөө төлөхөөр мод бэлтгэх ажлыг хийсэн юм. Анх хууль бусаар мод бэлтгэх гээд байгаа юм биш биз дээ гэж С.Гантөмөрт хэлж байсан. С.Гантөмөр би байгаль орчин, замтай ярьсан ямар асуудалгүй мод бэлтгэ гэж хэлсэн. Хууль бусаар мод бэлтгэсэн миний буруу.
...Би гэм буруугаа хүлээж байна. Энэ хэрэгт надаас гадна 2-3 хүн оролцсон гэж ойлгож байгаа. Би Ш.Г-ийг мод бэлтгэх талбай дээр ойн цагдаатай хамт явж байхад нь “энд хийх мод алга шүү дээ” гэхэд Ш.Г- над руу “дуугүй бай” гээд гараараа дохиод байсан шүү дээ. Өөрөө эндээс мод хий гэж хэлчхээд Хэнтийд байсан гэж байгаа нь худал юм. Намайг “хийх мод алга, машин ч орж болохгүй газар байна” гэж хэлэхэд гараараа дохиод дуугүй бай гээд байсан хүн талбай дээр очоогүй мэтээр ярьж байгаа нь худал байна. Ш.Г-ийг байсан гэдгийг мод бэлтгэсэн хэрэгт яллагдаж байгаа бүх шүүгдэгч нар хэлнэ. Бүгдийг нь “мод хий, би замтай ярьсан, байгаль орчинтой ярьсан, би зохицуулсан” гээд байсан. Хэрэв намайг хууль бус зүйл хийсэн гэж байгаа юм бол энэ хүн ч гэсэн хуулийн хариуцлага хүлээх ёстой. Өөрийнхөө бүх хариуцлагыг би хүлээнэ гэж хэлсэн үгэндээ эзэн болох ёстой. Ийм нөхцөл байдал байгааг С.Гантөмөр гэдэг хүн хэлнэ. Уг нь би Ш.Г-, С.Гантөмөр нарыг харж байгаад энэ хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн. С.Гантөмөр надаар мод бэлтгүүлэх гэж байгааг Ш.Г- мэдээгүй гэж байна. Хүн ийм ичих эрхтэнгүй худал хэлж болохгүй ээ.” гэх мэдүүлэг,
-Иргэний хариуцагч Ш.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”...Х.Б-д мод бэлтгэх эрхийн бичгийг Түвшинтөгс өгсөн байгаа юм. Уг нь надтай уулзаад авах ёстой байтал Түвшинтөгсөөр шинэ гоожин бичүүлэн авсан байгаа юм.
...Манай “Цогт манхан” ХХК-ний талбайн гэрчилгээг Баярмөнх гэх хүн авч яваад одоо хүртэл олдохгүй байгаа юм. Ингээд би өөрийн талбайд үйл ажиллагаа явуулах гэхэд бичиг баримтгүй учир мод бэлтгэх зөвшөөрөл авах боломжгүй болоод “Мөнх нарст ой” ХХК-ийн захирал Л.Уртнасангийн мод бэлтгэх зөвшөөрлийг ашиглаж мод бэлтгэхээр тохиролцож манай 2 компани 2020 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 01 дугаартай гэрээ байгуулсан. Уг гэрээнд мод бэлтгэх тээвэрлэх зэрэг үйл ажиллагааг манайх хариуцах харин “Мөнх Нарс Ой” ХХК нь манай үйл ажиллагаанд хяналт тавих гэсэн заалттай гэрээ байгуулсан хэдий ч бүх үйл ажиллагаа буюу мод бэлтгэх, тээвэрлэх, хяналт тавих ажиллагааг би хариуцах байсан юм. Учир нь “Мөнх нарст ой” ХХК-ийн зөвшөөрлийг ашиглаж үйл ажиллагаа явуулж байсан юм, анх би Уртнасантай гэрээ байгуулахдаа энэ асуудлын талаар ярилцаж тохиролцсон юм. “Мөнх нарст ой” ХХК-д ямар нэгэн үүрэг хариуцлага байхгүй юм.
...Тухайн үед би ажиллах хүнгүй байсан учир найз болох Гантөмөрт хэлж ажиллах хүмүүс байгаа эсэхийг асуухад Буяндорж, Түвшинтөгс, Х.Б- нарыг над руу явуулсан юм. Энэ 3 Гантөмөрт өртэй байсан учир өрөө дарах зорилгоор ирсэн байсан. Ингээд би Буяндорж, Түвшинтөгс нар хаана мод бэлтгэхийг хэлсэн гэхдээ газрыг нь зааж өгөөгүй, манай ажилчин Сүхбаатар тэнд байсан учир газрыг заагаад өгнө гээд явуулсан юм. Харин Х.Б- надтай уулзаагүй шууд л уул руу явсан байсан юм. Анх уулзаад ерөнхийдөө уулнаас миний эзэмшлийн талбайгаас бэлтгэж тээвэрлэж авчирсан модыг би үнэлж худалдан авч байхаар тохирсон юм. Тэндээс энэ хүмүүс ажлын хөлс болон бусад зардлаа олдог юм, харин Х.Б-тэй энэ талаар ярилцаагүй.
...Би С.Гантөмөр гэдэг хүнд мод бэлтгэх ажлыг хариуцуулсан, С.Гантөмөр манай компанийн мод бэлтгэх ажлыг хариуцаж, мод бэлтгэгч жолоочоо олж ирээд ажиллуулж байсан. Би өөрөө Хэнтий аймагт ажил хийгээд явж байсан. Нэг удаа ирэхэд ийм зүйл болсон байсан. Би Х.Б-ийг дуудаж ажиллуулсан зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 6/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 8-13/,
-Зил 131 маркийн 24-23 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 4 метр урттай 14.4 метр куб нарс модыг битүүмжлэх тухай 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 19-20/,
-Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан модны хөрөөг хураан авч, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 24/
-Иргэний нэхэмжлэгч С.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай танил дүү Гантөгс Хонгор сумын модны хөрөө раам ажиллуулдаг юм. “Та хэдэн жолооч, ажилчид явуулаад мод бэлтгэх ажилд минь туслаад өгөөч” гэхээр нь би надаас машин худалдаж авсан хэдэн хүн байдаг юм тэр хүмүүсээсээ мөнгөө авчих санаатай Д.Түвшинтөгс, М.Буяндорж, Х.Б- нарыг “мод бэлтгэх ажил байна, хийх үү?” гэж санал болгосон юм. Тэгээд бүгд зөвшөөрч эхлээд Д.Түвшинтөгс нэг залуугийн хамтаар ажиллахаар ирээд ажиллах газраа заалгуулахаар явсан. Дараа нь М.Буяндорж, Х.Б- нар ирээд мод бэлтгэхээр явсан юм. Тэгтэл тус хүмүүс бүгд зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэж асуудалд орсон талаар удалгүй над руу залгаж хэлсэн юм.
...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30-31/,
-Гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай аав Х.Б- хувьдаа 24-23 УНЕ улсын дугаартай 3ил-131 маркийн тээврийн хэрэгсэлтэй юм. Тэгээд намайг Дархан-Уул аймгийн Хонгор сум 2-р баг Бага ноён гэх газарт “Цогт манхан” ХХК-ийн нэр дээр модонд явахаар боллоо нэг рейс буюу нэг удаа ойгоос 16 метр куб тээвэрлэж “Цогт манхан” ХХК-ний хөрөө раман дээр хүргэж өгөхөд 120000 төгрөг өгнө гэхээр нь зөвшөөрөөд манай дүү Алтанбагана, аав Х.Б- нарын хамт ирээд Шарын гол сумын төвд байдаг Наранхүү гэх байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг аваад тэр оройдоо “Бага ноён” гэх газарт “Цогт манхан“ ХХК-ний мод бэлтгэх эрхийн тусгаарласан талбай дээр очиж хоносон. Маргааш өглөө нь уг газраас 8 метр куб мод бэлтгээд явсан. 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дахин Наранхүү гэх байгаль хамгаалагчаас дахин мод бэлтгэх эрхийн бичиг аваад “Цогт Манхан” ХХК-ний тусгаарласан талбай дээрээс цэвэрлэгээний огтлолоор 16 метр куб мод бэлтгэсэн уг модыг Хонгор сумын 1-р баг Цайдамын хөндий гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Цогт манхан” ХХК-ны хөрөө раман дээр буулгасан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгаль хамгаалагч Наранхүү гэх хүнээс ДАА серийн 005317 дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг аваад “Цогт манхан” ХХК-ний тусгаарласан талбай руу дүү Алтанбагана, Мөнхбаяр, Болд-Эрдэнэ нарын хамт явж байтал замд маш ширүүн бороо ороод замаар явж болохгүй шавар шавхай болоод машин суучих гээд байхаар нь машинаа замаас гаргахгүй зогсож байгаад замын хажуу талын ойгоос эхлээд салхинд уначихсан моднуудыг бэлтгээд Зил 131 маркийн машины өөрөө татагч буюу /либотик/ ашиглан моднуудыг ойгоос татаж зам дээр гаргаж машиндаа ачихад ачааны хэмжээ дутаад байхаар нь босоо нойтон мод унагаж хөрөөдөж бэлдээд ачаагаа гүйцээж ачаад 4 метрийн урттай нийт 43 ширхэг мод ачигдсан байсан. Уг модыг “Цогт манхан” ХХК-ны хөрөө раман дээр аваачиж буулгаад 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг аваад “Цогт манхан” ХХК-ний тусгаарласан талбайгаас мод бэлтгэх гээд ирэхэд цагдаа нар хууль бусаар мод бэлтгэсэн гээд аавын машиныг журмын хашаанд байрлуулсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-35/,
-Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар баг “Бага ноён” гэх газарт “Цогт манхан” ХХК-ний нэр дээр модонд явахаар боллоо гэртээ ажилгүй байж байхаар ганц нэг удаа модонд хамт яваад өгөөч” гэж манай аав гуйхаар нь зөвшөөрөөд ах Цэдэн-Иш, аав Х.Б- нарын хамт ирээд Шарын гол сумын төвд байдаг Наранхүү гэх байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг аваад тэр оройдоо “Бага ноён” гэх газарт “Цогт манхан” ХХК-ийн мод бэлтгэх эрхийн тусгаарласан талбай дээр очиж хоносон. Маргааш өглөө нь уг газраас 8 метр куб мод бэлтгээд явсан. 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дахин Наранхүү гэх байгаль хамгаалагчаас дахин Мод бэлтгэх эрхийн бичиг аваад “Цогт Манхан” ХХК-ний тусгаарласан талбай дээрээс цэвэрлэгээний огтлолоор 16 метр куб мод бэлтгэсэн. Уг модыг Хонгор сумын 1-р баг Цайдамын хөндий гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Цогт манхан ХХК-ний хөрөө раман дээр буулгасан. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгаль хамгаалагч Наранхүү гэх хүнээс ДАА серийн 005317 дугаартай Мод бэлтгэх эрхийн бичиг аваад “Цогт манхан” ХХК-ны тусгаарласан талбай руу дүү Алтанбагана, Мөнхбаяр, Болд-Эрдэнэ нарын хамт явж байтал замд маш ширүүн бороо ороод замаар явж болохгүй шавар шавхай болоод машин суучих гээд байхаар нь машинаа замаас гаргахгүй зогсож байгаад замын хажуу талын ойгоос эхлээд салхинд уначихсан моднуудыг бэлтгээд Зил 131 маркийн машины өөрөө татагчийг ашиглан моднуудыг ойгоос татаж зам дээр гаргаж машиндаа ачихад ачааны хэмжээ дутаад байхаар нь босоо нойтон мод унагаж хөрөөдөж бэлдээд ачаагаа гүйцээж ачсан. Уг модыг “Цогт манхан” ХХК-ны хөрөө раман дээр аваачиж буулгаад 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг аваад Цогт манхан” ХХК-ны тусгаарласан талбайгаас мод бэлтгэх гээд ирэхэд цагдаа нар хууль бусаар мод бэлтгэсэн гээд аавын машиныг журмын хашаанд байрлуулсан. ” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36-37/,
-Гэрч Э.Б-нийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Танил ах Х.Б- Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Бага ноён” гэх газар “Цогт манхан” ХХК-ны нэр дээр модонд явахаар боллоо намайг модны туслах ажилтнаар ажиллах уу гээд асуухаар нь зөвшөөрөөд Х.Б-, түүний хүү Цэдэн-Иш, Алтанбагана нарын хамт явсан юм. Бид нар Шарын гол сумын төвд байдаг байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг аваад тэр оройдоо ноён гэх газарт “Цогт манхан” ХХК-ийн мод бэлтгэх эрхийн тусгаарласан талбай дээр очиж хоносон. Тэгээд 2020 оны 07 дугаар сарын 26-ний өдөр “Цогт манхан” ХХК-ны тусгаарласан талбай руу Бат- Эрдэнэ, Цэдэн-Иш, Мөнхбаяр, Аптанбагана нарын хамт явж байтал замд ширүүн бороо ороод замаар явж болохгүй шавар шавхайтай болоод машин суучих гээд байхаар нь машинаа замаас гаргахгүй зогсож байгаад замын хажуу талын ойгоос эхлээд салхинд уначихсан моднуудыг хөрөөдөж бэлтгээд Зил-131 маркийн машины өөрөө татагч буюу либотик ашиглан моднуудыг ойгоос татаж зам дээр гаргаж машиндаа ачихад ачааны хэмжээ дутаад байхаар нь босоо нойтон мод унагаж хөрөөдөж бэлдээд ачаагаа гүйцээж ачаад 4 метрийн урттай нийт 43 ширхэг мод ачигдсан байсан.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38-39/,
-Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Х.Б- над руу яриад Дархан-Уул аймгийн Хонгор сум 2 дугаар баг “Бага ноён” гэх газарт “Цогт манхан” ХХК-ийн нэр дээр модонд явахаар боллоо гээд намайг туслах ажилтнаар ажиллах уу гээд асуухаар нь зөвшөөрөөд Х.Б-, түүний хүү Цэдэн-Иш, Алтанбагана, Болдоо нарын хамт явсан.
2020 оны 07 сарын 27-ны өдөр Цогт манхан ХХК-ны тусгаарласан талбай руу Х.Б-, Цэдэн-Иш, Болдоо, Алтанбагана нарын хамт явж байтал замд ширүүн бороо ороод замаар явж болохгүй шавар шавхай ихтэй болоод машин суучих гээд байна, замаас гарахгүй зогсож байгаад замын хажуу талын ойгоос мод бэлдэнэ гэж хэлээд ойгоос босоо нойтон болон салхинд үндсээрээ булгараад уначихсан моднуудыг хөрөөдөж бэлтгээд 3ил-131 машины өөрөө татагч буюу либотик ашиглан ойгоос татаж зам дээр гаргаж машиндаа 4 метрийн урттай хөрөөдөж бэлтгэж нийт 43 ширхэг мод ачигдсан байсан..." гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 40-41/,
-Гэрч Д.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймаг Хонгор сум 2 дугаар баг Углуу, Хусайн даваа, Бухатын нарийн, Хуурай, Хавтгайн даваа, Хургат, Моностой, Хүйтэний даваа, Хүрэн манжинт, Өгөөмөр, Хар модот, Могойн зоо, Их Ноён, Бага Ноён гэх газруудыг хариуцсан байгаль хамгаалагчийн ажил эрхэлдэг.
...”Цогт манхан” ХХКн-д ажиллаж байгаа гээд 24-23 УНЕ улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслээр Х.Б- гэх хүн мод бэлтгэх эрхийн бичиг авъя гээд ирэхээр нь “Цогт манхан” ХХК-ийн захиралтай ярьсан чинь “манай компанид ажиллаж байгаа нь үнэн” гэхээр нь би “Мөнх нарст ой” нөхөрлөлийн талбай дээрээс ДАА серийн 005317 дугаартай “Мод бэлтгэх эрхийн бичиг”-ээр цэвэрлэгээний огтлолоор 16 М3 мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Уг эрхийн бичгээр ямар төрлийн хэдэн ширхэг мод бэлтгэсэн талаар нь мэдээгүй, шалгаагүй.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44-46/
-005317 серийн дугаартай “Мод бэлтгэх эрхийн бичиг” /1 дэх хавтаст хэргийн 47/,
-“Хүчтэй салхины улмаас хугарч, булгарч унан цаашид амьдрах чадваргүй болсон 100 м.куб мод иш, мөчир хугарсан, үндсээрээ булгарч унасан байна.
Дээрх унасан моддыг яаралтай зориулалтын дагуу ойн цэвэрлэгээний огтлол хийх шаардлагатай бөгөөд ямар нэгэн арга хэмжээ аваагүй тохиолдолд ой хээрийн түймэр болон хортон шавжийн голомт, тархалт үүсч, ойн таваарлаг чанарыг бууруулж, доройтуулах нөхцөл бүрдээд байна.” гэх 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 05 дугаартай Дархан-Уул аймгийн сум дундын ойн ангийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 52-56/,
-Шинжээч А.Булганы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Иргэд өөрсдөө ургаа мод биш бэлтгэж машин дээрээ ачсан модны тоог хэлээд тэр нь зөрүүтэй юм шиг харагдаж байгаа юм. Жишээ нь Х.Б- нь 4 м урттай 43 ширхэг мод бэлтгэсэн гэж ярьсан юм. Яг хэргийн газар нь очиж хожуул тус бүрээр нь шалгахад 21 ширхэг цаашид ургах чадвартай мод бэлтгэсэн байна.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 59/,
-“Модны цахилгаан хөрөө, ЗИЛ-131 маркийн 24-23 УНЕ улсын дугаартай ачааны автомашин зэргийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар 2050000 төгрөг байна.” гэх Капитал зууч ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 61-62/,
-Мөнх Нарст Ой нөхөрлөл болон“Цогт манхан” ХХК-ийн хооронд байгуулсан хамтран ажилах гэрээ, мод бэлтгэх гэрээ /1 дэх хавтаст хэргийн 90-100/,
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 225-226/,
-Шинжилгээнд ирүүлсэн материалуудыг үндэслэн дүгнэлт гаргаж болно, дээрх материалууд нь шинжилгээнд тэнцэнэ.
2021 оны 07 сарын 29-ний өдрийн нөхөн үзлэгээр иргэн Х.Б- нь Хонгор сумын Бага ноён гэх газраас нийт 21 ширхэг нарс мод бэлтгэсэн болох нь шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгийн дүрс бичлэгээр тогтоогдож байна. Үүнээс үзхэд 14 ширхэг нарс мод нь үндсээрээ булгарч унасан, цаашид амьдрах чавдаргүй, 7 ширхэг нарс мод нь цаашид ургах чадвартай, амьд модыг огтолж бэлтгэсэн байна.
Дээрх 21 ширхэг мод нь 14,2 м.куб болж байна. Үүнээс унанги мод 9.47 м.куб, огтолсон мод 4.72 м.куб байна.
Иргэн Х.Б-ийн бэлтгэсэн гэх 14 ширхэг үндсээрээ булгарч унасан нарс мод нь ДАА 005317 дугаартай “Мод бэлтгэх эрхийн бичиг”-т дурдсан огтлолтын төрел хэмжээтэй тохирч байна. Харин 7 ширхэг цаашид ургах чадвартай нарс мод нь тухайн эрхийн бичгийн огтлолтын төрлийг зөрчиж бэлтгэсэн байна. ДАА 005317 дугаартай “Мод бэлтгэх эрхийн бичиг”-т цэвэрлэгээний ажил буюу үндсээрээ булгарч унасан 16 м.куб мод бэлтгэнэ гэж заасан байна.
2021 оны 07 сарын 29-ны өдрийн нөхөн үзлэгийн тэмдэглэл, ДАА005317. дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, Мод бэлтгэлийн талбай тусгаарлалтын материал зэргээр эрх олгогдсон талбайн солбилцолтой давхцалгүй, талбайгаас хэтрүүлэн бэлтгэсэн байна.
Шинжилгээнд ирүүлсэн 2018000000398 дугаартай хавтаст хэргийн нотлох баримтууд болох 2021 оны 07 сарын 29-ны өдрийн нөхөн үзлэгийн тэмдэглэл, ДАА005317 дугаартай мод бэлтгэх эрхийн бичиг, Мод бэлтгэлийн талбай тусгаарлалтын материал зэргээр иргэн Х.Б- нь модны огтлолтын төрөл өөрчилж бэлтгэсэн байна. Энэ зөрчил нь Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4.1-д “Гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Х.Б-ийн бэлтгэсэн гэх үндсээрээ булгарч унасан 14 ширхэг 9.47 м.куб нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ 2.236.027 төгрөг, Цаашид ургах чадвартай 7 ширхэг огтлогдсон 4.72 м.куб нарс модны үнэлгээ нь 4.705.563 төгрөг, нийт экологи эдийн засгийн үнэлгээ нь 6.941.590 /Зургаан сая есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун ерэн төгрөг / болж байна.”гэх 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 246-247/,
-Шинжээч Н.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Б.Батсүхийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 34 тоот шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоолыг 2021 оны 09 сарын 24-ний өдөр хүлээн авч хавтаст хэргээс хуулбарлан ирүүлсэн шинжилгээний объект дээр тулгуурлан шинжээчийн дүгнэлтийг гаргасан.
Харин байгаль экологийн үнэлгээг одоо мөрдөгдөж байгаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаартай тушаалыг үндэслэл тогтоосон. Тус тушаалын нэгдүгээр хавсралтад нарс модны 1м.куб үнэлгээ нь 712.101 төгрөг энэ нь цаашид ургах чадвартай модны үнэлгээ. Харин бүх төрлийн хуурай модны 1м.куб үнэлгээ 168.655 төгрөг гэдэг нь байгалийн хүчил зүйлийн үйлчлэлээр унасан, цаашид ургах чадваргүй болсон модны үнэлгээ юм. Ингэхээр Х.Б-ийн бэлтгэсэн гэх үндсээрээ булгарч унасан 14 ширхэг 9.47 м.куб нарс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 2.236.027 төгрөг, цаашид ургах чадвартай 7 ширхэг буюу 4.72 м.куб нарс модны үнэлгээ нь 4.705.563 төгрөгөөр тогтоогдсон байгааг дэлгэрэнгүй байдлаар тайлбарлавал:
Х.Б-ийн 2020 оны 07 дугаар сард бэлтгэсэн гэх 7 ширхэг мод нь цаашид ургах чадвартай 4.72 м.куб мод байгаа учир нарс модны үнэлгээ буюу 712.101 төгрөгөөр үржүүлж, дараа нь мод модон материалын ашиглалтын гарцын дагуу 1.4 итгэлцүүрээр үржүүлэхэд 4.705.569 төгрөгийн үнэлгээ тогтоогдсон байгаа юм. Харин үндсээрээ булгарч унасан 14 ширхэг 9.47м.куб мод байгаа учир бүх төрлийн хуурай модны үнэлгээ буюу 168.655 төгрөгөөр үржүүлж, дараа нь мод модон материалын ашиглалтын гарцын дагуу 1.4 итгэлцүүрээр үржүүлэхэд 2.236.027 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоогдож байгаа болно.” гэх мэдүүлэг / 1 дэх хавтаст хэргийн 248/,
-Хууль ёсны төлөөлөгч Ш.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нарийн тодорхой мэдэхгүй байна. Ямар ч гэсэн 2020 оны 07 дугаар сард манай Хонгор суманд хууль бусаар мод бэлтгэсэн Х.Б-д холбогдох хэрэг гэдгийг мэдэж байна, өөрөөр нарийн мэдэх зүйл байхгүй байна, хуулийн дагуу тогтоогдож байгаа хохирлыг нэхэмжлэх хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 29/,
-Х.Б-ийн хууль бусаар бэлтгэсэн гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 2 дахь хавтаст хэргийн 35-38/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /2 дахь хавтаст хэргийн 43/,
-“Ойн санд учруулсан нөхөн төлбөрийг Байгалийн нөөцийн экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон 6941590 төгрөгийн хохирлыг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооход 20824770 төгрөг болж байна.” гэх 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 10-04-039/39 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн акт /2 дахь хавтаст хэргийн 55/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх эрх бүхий “Цогт Манхан” ХХК нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг, “Бага Ноён” гэх газраас ойн цэвэрлэгээ хийх зорилгоор 190 м.куб модыг бэлтгүүлж, ашиглуулахаар Сум дундын ойн ангитай гэрээ байгуулсан.
Гэвч Х.Б- нь Ц ХХК-д хөлсөөр ажиллаж байхдаа 2020 оны 07 дугаар сарын 26-наас 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хооронд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Бага ноён” гэх газраас “Цогт манхан” ХХК-ийн тусгаарлалт хийлгэсэн талбайгаас мод бэлтгэх явцдаа талбайн хилийн гаднаас үндэснээсээ булгарч унасан 14 ширхэг буюу 9.47 метр куб нарс мод, ургах чадвартай 7 ширхэг буюу 4.72 метр куб модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 24-23 УНЕ улсын дугаартай ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль экологид нийт 6941590 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан худалдан авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүгдэгч Х.Б- нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан төрийн нийтийн өмчид халдаж хохирол учруулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан ба шүүгдэгч Х.Б-ийн байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр нь 20824770 төгрөг болох нь 2021 оны 11 сарын 11-ний өдрийн 10-04-039/39 дугаартай нөхөн төлбөр тогтоох тухай Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн актаар /2 дахь хавтаст хэргийн 55/ нотлогдож байх тул 20824770 төгрөгийг гэм буруутай этгээдүүдээс гаргуулах үндэслэлтэй байна.
Х.Б- нь Ц ХХК-д хөлсөөр ажиллаж байхдаа үндэснээсээ булгарч унасан 14 ширхэг буюу 9.47 метр куб нарс мод, ургах чадвартай 7 ширхэг буюу 4.72 метр куб модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих Ц ХХК-ийн захирал, иргэний хариуцагч Ш.Г- болон Х.Б- нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрт шүүгдэгч Х.Б-эс 10412385 төгрөгийг, иргэний хариуцагч “Цогт Манхан” ХХК-ийн захирал Ш.Г-өөс 10412385 төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Х.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар, гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулахаар заажээ.
Шүүгдэгч Х.Б- нь гэмт хэрэг үйлдэхдээ 50000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, П.Түмэнжаргалын өмчлөлийн 2.000.000 төгрөгийн үнэ бүхий ЗИЛ-131 маркийн ... дугаартай тээврийн хэрэгсэл зэргийг ашигласан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Х.Б-ийн мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 62/, “Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /1 дэх хавтаст хэргийн 61-62/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Б-эс ЗИЛ-131 маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2.000.000 төгрөгийг гаргуулж, эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 2280000 төгрөгийн үнэ бүхий 14.19 м.куб мод зэргийг улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай тогтоолоос ЗИЛ-131 маркийн 24-32 УНЕ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч С.Г-т олгохоор шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 100000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Х.Б-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Х.Б-д анхааруулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрт шүүгдэгч Х.Б-эс 10412385 /арван сая дөрвөн зуун арван хоёр мянга гурван зуун наян тав/ төгрөгийг, иргэний хариуцагч “Цогт Манхан” ХХК-ийн захирал Ш.Г-өөс 10412385 /арван сая дөрвөн зуун арван хоёр мянга гурван зуун наян тав/ төгрөгийг тус тус гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-эс Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор битүүмжилсэн ЗИЛ-131 маркийн ... дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 2000000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 50.000 төгрөгийн үнэ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө, 2280000 төгрөгийн үнэ бүхий 14.19 м.куб модыг улсын орлого болгосугай.
6. Дархан-Уул аймгийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 22 дугаартай тогтоолоор битүүмжилсэн ЗИЛ-131 маркийн 24-32 УНЕ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн хэсгийг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийг эзэмшигч С.Г-т олгосугай.
7. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Б-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ