Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 09

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Э” ХХК  

            Хариуцагч: ОАТХТУБ М.Ц, Г.Г, ХШТД, ТУАБ Б.Ц нарт холбогдох

            “ОАТХХШУБ М.Ц, Г.Г нарын бичсэн, ХШТД Б.Ц-ийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 200000904 дугаартай татварын Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 119/2019/0021/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ОАТХУБ М.Ц, Г.Г нар Төв аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 09 сарын 13-ны өдрийн 05/424 тоот албан бичгийн дагуу манай компанийн татвар, ногдуулалт төлөлтийн байдалд 2019 оны 10 сарын 22-ноос 2019 оны 10 сарын 29-ний өдрийг хүртэл татварын хяналт шалгалт хийсэн. Улмаар манай компанийг татварын хууль тогоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 2.313.755.644.2 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр татварын байцаагч нар 2019 оны 10 сарын 29-ний өдөр 20000904 тоот татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж Орхон аймгийн Прокурорын газарт хүргүүлсэн. Орхон аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 5/207 тоот прокурорын “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн.

            Татвар ногдох орлогоо зориуд худал тодорхойлсон, нуусан гэж үзэж татварын улсын байцаагч нар дүгнэлт бичсэн нь үндэслэлгүй байна. Манай компани 2014 онд Улаанбаатар хотын 100 айлын барилгын материалын дэлгүүрийн барилгачингийн замын эсрэг талын дэлгүүрээс орон сууцны бараа материал худалдан авсан. Бараа материал худалдан авахад НӨАТ-тай бараа материал зарж байгаа, дараа нь утсаар ярихад би явуулаад байна гэсэн. Улмаар 2014 оны зун, намар уг дэлгүүр рүү залгаад бараа материал авдаг байсан. 2014 оны сүүлээр над руу хот хоорондын таксигаар НӨАТ-ын бичигтэй тамга, тэмдэгтэй падаан ирсэн. Уг падааныг тайландаа тусгасан. Манай компани “А” ХХК-аас хий падаан бичүүлж аваагүй. “А” ХХК-ийг хий падаан бичсэнийг манай компани мэдээгүй, мэдэх боломжгүй байсан.

            “А” ХХК нь хий бичилттэй падаан бичсэн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд манай компанид 14 ширхэг падаанаар барилгын материал худалдсан гэж бичсэнийг манай компани татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх дүгнэлт нь 2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3 дахь хэсэгт Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасантай нийцэхгүй гэж үзэж байна.” гэжээ.     

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ХХК-ийн  санхүүгийн үйл ажиллагаа, татварын ногдуулалт төлөлтийн байдалд ОАТХТУБ М.Ц, Г.Г нар Төв аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгийн дагуу хяналт шалгалт хийсэн. 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 29-ний өдөр хүртэл хяналт шалгалт хийгдсэн. Хяналт шалгалтын явцад “Э” ХХК Татварын хууль тогтоомж зөрчсөн татвар ногдох орлогоо худал тодорхойлж нуусан гэдэг үндэслэлээр дүгнэлт бичсэн. Энэ дүгнэлтээр Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан, бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэг үндэслэлээр 2 312 755 000 төгрөг дээр Эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр 2019 оны 10 дугар сарын 29-ний өдрийн 200000904 тоот татварын Улсын байцаагчийн дүгнэлт бичиж Орхон аймгийн Прокурорын газар хүргүүлсэн. Прокурорын газраас 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 5/207 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Уг тогтоолд “татварын Улсын байцаагч нарын дүгнэлтэд үндэслэж татвараа нууж, төлбөр төлөхөөс зайлсхийсэн нь гэмт хэргийн шинжтэй байх боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж байна” гэсэн. Улсын байцаагч нарын дүгнэлт үндэслэлгүй байна. “Э” ХХК 2014 онд Улаанбаатар хотын 100 айлын барилгын материалын дэлгүүрээс бараа материал худалдаж авсан байдаг ба НӨТ-ын баримтаа дараа нь авахаар тохиролцсон байдаг. Дараа нь  бараа материалаа захиалгаар авдаг болсон байдаг.  2014 оны сүүлээр НӨТ-ын тамга, тэмдэгтэй баримтыг “Э” ХХК-д ирүүлсэн. Уг баримтыг санхүүгийн тайландаа тусгаж явсан. “А” ХХК-ийн баримт нь хуурамч баримт гэж Төв аймгийн Татварын хэлтэс шалгалт хийсэн юм байна. “А” ХХК-иас анхнаасаа хуурамч баримт бичүүлж аваагүй, хууль журмын дагуу НӨТ-ын баримт явуулсан гэж санхүүгийн баримтандаа тусгасан байдаг. Энэ нь 2019 оны Төв аймгийн Татварын хэлтсийн албан бичгээр тодорхойлогдож байгаа. Тухайн үед 2014 онд бараа материал авч байхад хий бичилттэй хуурамч баримт гэж мэдэх боломжгүй. “А” ХХК-ийн явуулсан НӨТ-ын баримт нь хуурамч баримт болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж байгаа. “Э” ХХК 14 ширхэг баримтаар барилгын материал худалдаж авсан гэж байгаа. “Э” ХХК тухайн үед барилгын материалын үнийг “А” ХХК-д төлж түүний дагуу “А” ХХК-иас НӨТ-ын баримтаа авч тайланд хавсаргаж явсан. “Э” ХХК-ийг татвар төлөхөөс зайлсхийсэн гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. 2016 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртөгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртөгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг татварыг хасч тооцохгүй” гэж байгаа. Гэтэл “Э” ХХК падаан, бичиг баримт нь байгаа. Мөн татварын тайландаа тусгаж явсан нөхцөл байдал тогтоогдож байгаа. Тийм учраас татвар төлөхөөс зайлсхийсэн гэж дүгнэж байгаа нь буруу юм. Татвар төлөхөөс зайлсхийсэн гэж дүгнэлт гаргасан учраас энэ дүгнэлт дээр үндэслэж дараагийн процесс ажиллагаа явагдсан. Жишээлбэл 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шийтгэлийн хуудсаар “Э” ХХК шийтгэл оногдуулсан байдаг. Манай компанийг татвар төлөхөөс зайлсхийсэн гэсэн дүгнэлт гарсан учраас тэр дүгнэлтийг үндэслэж Татварын байгууллага дараагийн арга хэмжээг авч явсан. Эрх зүйн үр дагаврын хувьд “Э” ХХК-д сөргөөр нөлөөлж байна гэж үзэж Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан. ОАТХдаргын 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр гомдлыг хянах боломжгүй гэсэн хариу ирүүлсэн.

            Ийм учраас шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь ОАТХХШУБ М.Ц, Г.Г нарын бичсэн, ХШТД Б.Ц-ийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 200000904 дугаартай татварын Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгож өгнө үү. ” гэв.

               

Хариуцагч ОАТХТУБ М.Ц, Г.Г нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэл гаргагч “Э” ХХК-ийн 2014.01.01-2014.12.31 дуусталхи хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Төв аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны 05/424 тоот албан тоот, хяналт шалгалтын тасгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2019100288 тоот томилолтын дагуу хэсэгчилсэн шалгалтыг ТУБ М.Ц, Г.Г бид 2019 оны 10 сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Татварын хяналт шалгалтаар 2.313.755.644.20 төгрөгийн зөрчил илэрч татварын ерөнхий хуулийн 33.2.6-д заасан нөхцөл байдал үүссэн тул уг үндэслэлээр татварын ерөнхий хуулийн 33.2.6-д заасан нөхцөл байдал үүссэн тул уг үндэслэлээр татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу татварын улсын байцаагчийн 200000904 тоот дүгнэлтийг үйлдэж, Орхон аймгийн Цагдаагийн газарт 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 01/959 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Уг дүгнэлтийн дагуу Цагдаагийн газар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж “Эрүүгийн 1100-5600” дугаартай гэмт хэргийн талаархи гомдолд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналаа гаргаж прокурорт хүргүүлсэн. Прокурор хянаад 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 5/207 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 05-нд Татварын хэлтэст ирүүлсэн. Ингэснээр татварын улсын байцаагчийн үйлдсэн дүгнэлтийн биелэлт хангагдсан, хууль зүйн үндэслэлтэйгээр хүчингүй болсон гэж үзээд татварын албаны зүгээс Аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна.” гэжээ.

Хариуцагч ОАТХХШТД, ТУАБ Б.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэл гаргагч “Э” ХХК-ийн 2014.01.01-2014.12.31 дуусталхи хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Төв аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны 05/424 тоот албан тоот, хяналт шалгалтын тасгийн даргын 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 2019100288 тоот томилолтын дагуу хэсэгчилсэн шалгалтыг ТУБ М.Ц, Г.Гбид 2019 оны 10 сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хийж гүйцэтгэсэн.

Татварын хяналт шалгалтаар 2.313.755.644.20 төгрөгийн зөрчил илэрч татварын ерөнхий хуулийн 33.2.6-д заасан нөхцөл байдал үүссэн тул уг үндэслэлээр татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу татварын улсын байцаагчийн 200000904 тоот дүгнэлтийг үйлдэж, Орхон аймгийн Цагдаагийн газарт 2019 оны 11 сарын 19-ний өдрийн 01/959 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Уг дүгнэлтийн дагуу Цагдаагийн газар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж “Эрүүгийн 1100-5600” дугаартай гэмт хэргийн талаархи гомдолд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай саналаа гаргаж прокурорт хүргүүлсэн. Прокурор хянаад 2019 оны 11 сарын 28-ны өдрийн 5/207 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолыг 2019 оны 12 дугаар сарын 05-нд Татварын хэлтэст ирүүлсэн. Ингэснээр татварын улсын байцаагчийн үйлдсэн дүгнэлтийн биелэлт хангагдсан, хууль зүйн үндэслэлтэйгээр хүчингүй болсон гэж үзээд татварын албаны зүгээс Аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гомдол гаргаагүй болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна.” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн гол шаардлага нь татварын Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох байгаа. Татварын Улсын байцаагчийн дүгнэлт нь шүүхэд нэхэмжлэл гаргах шатнаас өмнө нь хүчингүй болсон байгаа. Хуульд заасны дагуу Цагдаагийн байгууллага шалгалт хийсэн. Татварын албаны Улсын байцаагчийн дүгнэлтэд холбогдуулж Цагдаагийн байгууллага шалгалт хийж Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тул энэ дүгнэлт нь ямар нэгэн үйлчлэлгүй болсон. Гадагш чиглэсэн хэм хэмжээний акт нь татвар төлөгчтэй эрх зүйн харилцаа үүсгээгүй. Бид бүхэн энэ хүчингүй болсон дүгнэлт дээр захиргааны хэрэг үүсгээд явж байгаа. Эрх бүхий байгууллагын баримтаар хүчингүй болсон акт дээр маргаад явж байгаад гайхаж байна. Нэхэмжлэлийн шаардлага аль хэдийн хангагдсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хангагдчихсан байхад эвлэрэн хэлэлцэх боломжгүй биз дээ. Татварын Улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслээд эрх бүхий байгууллага нь шалгасан. Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Татварын албанаас маш их хэмжээний зөрчил илрүүлсэн байна гэж үзэж Татварын хуульд заасны дагуу “Э” ХХК-д шийтгэл оногдуулсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага хангагдаж ийм дүгнэлт байхгүй болчихоод байхад цаг хугацаа зарцуулаад яваад байгаа нь ямар учир холбогдолтой юм бэ, ач холбогдол нь юу байна вэ гэдгийг олж харахгүй байна. Ийм дүгнэлт байхгүй гэдэг талаар Татварын албанаас тодорхойлолт авбал энэ дүгнэлт нь хүчингүй болсон гэсэн хариу ирнэ. Нэхэмжлэлийн шаардлага хангагдсан. Шүүх ямар хэмжээнд шийдэх нь ойлгомжгүй байна. Байцаагч нар ч гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна гэдгээ бичсэн байгаа. Үүнийг дэмжиж оролцож байгаа” гэв.

Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн  өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э” ХХК-ийн татвар ногдуулалт төлөлтийг шалгасан тухай татварын Улсын байцаагчийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлт нь ямар үндэслэлээр компаний эрх ашгийг хөндөж байна вэ гэхээр энэ дүгнэлтийг ТУБ М.Ц, Г.Г нар бичиж хяналт шалгалтын тасгийн дарга хянаж баталгаажуулсан байдаг. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар энэ дүгнэлтийг шүүхээр хянуулах эрх нэхэмжлэгч талд байсан. Одоо Татварын ерөнхий хууль өөрчлөгдсөн байгаа. Татварын Улсын байцаагч нар энэ дүгнэлтийг гаргаж Цагдаагийн байгууллага руу  ”Э” ХХК шалгуулахаар явуулсан. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/207 дугаартай прокурорын тогтоол гарсан. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоолын үндэслэл нь гэмт хэргийн шинжтэй байгаа боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэдэг үндэслэлээр хэргийг хаасан. “Э” ХХК-ийн зүгээс гэмт хэргийн шинжгүй байхад гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэж байгаа нь буруу байна гэж дээд шатны прокурорын байгууллагад гомдол гаргаж А/207 тоот прокурорын дүгнэлтийг хүчингүй болгосон. Татварын Улсын байцаагч нарын бичсэн маргаан бүхий акт нь өнөөдөр хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Үүн дээр Татварын маргаан таслах комисс руу гомдол гаргахаар Татварын маргаан таслах комисс хянахгүй гэсэн хариу өгсөн болохоос биш үүнийг хянаад хүчингүй болгосон гэсэн хариу өгөөгүй. Дүгнэлтийг татварын Улсын байцаагч нар гаргасан. Тэр дүгнэлтийг прокурорын байгууллага хүчингүй болгох ямар ч үндэслэл байхгүй. Тэр дүгнэлтээ үндэслээд акт гаргасан байгаа. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол асуудал нь гэмт хэрэг үйлдсэн байна. Энэ асуудлыг шалгуулъя гээд прокурорын байгууллага руу хандаж явж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөж байна. Хоёрдугаарт энэ дүгнэлтэд 2 тэрбум гаран төгрөгний тоон үзүүлэлт байгаа. 2 тэрбум гаран төгрөгийг энэ компани нуух ямар ч боломжгүй. Дүгнэлт маань өөрөө бодит үндэслэлгүй дүгнэлт байна. Тухайн үед “А” ХХК-иас худалдан авалт хийж “А” ХХК татварын баримтаа өгсөн. Тэр компани татварын баримтаа үнэн бичиж өгсөн үү?, худал бичиж өгсөн үү гэдэг дээр татвар төлөгчийн хувьд “Э” ХХК тогтоох боломжгүй. 2014 оны борлуулалт дээр 2019 онд буюу 5 жилийн дараа нөхөн дүгнэлт бичиж акт тавьсан байна. Тэгэхээр татварын Улсын байцаагч нарын илрүүлсэн 2 319 755 644 төгрөгийн зөрчлийн асуудал нь өөрөө гэмт хэргийн шинжгүй асуудал байтал прокурорын байгууллага тэгж дүгнэсэн нь өөрөө буруу байна гэж маргаж байгаа. Маргаан бүхий дүгнэлт нь хуулийн үйлчлэлийн хувьд хэвээрээ байгаа. Татварын байгууллага бол Татварын маргаан таслах комисс гомдлыг хянадаг. Мөн Улсын байцаагч нар өөрсдөө гаргасан актаа хүчингүй болгож болдог юм байна. Өөрсдөө хүчингүй болгосон шийдвэрээ шүүхэд ирүүлээгүй байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбар хариуцагч нарын тайлбартай зөрж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж байна гэсэн санааг хүчингүй болгочихсон гэж тайлбарлаж байна. Прокурорын байгууллагад энэ дүгнэлтийг хүчингүй болгох эрх олгогдоогүй. Дахиад энэ хэргийг гэмт хэргийн шинжтэй байсан эсэхийг прокурорын байгууллага шалгаж байгаа. 2017 оны шинэ Эрүүгийн хуулиар компанид эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болсон. Компанийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх этгээд биш гэж үзэх үндэслэлгүй байгаа.  2 тэрбум төгрөгний асуудал нь компанийг эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох юм байна. Тийм учраас энэ дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Энэ дүгнэлт нь гадагш чиглэсэн манай компаний эрх ашгийг хөндөж байна гэсэн асуудал яригдаж байгаа юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна.” гэв.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:  

            Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ОАТХХШУБ М.Ц, Г.Г, ХШТД Б.Ц нарт холбогдуулан гаргасан “Татварын Улсын байцаагчийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 200000904 дугаартай дүгнэлтийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            ОАТХУБ нар “Э” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалтыг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хийж гүйцэтгэсэн байна.

            Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 2.313.755.644.2 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр ТУБ М.Ц, Г.Г нар дүгнэлт бичиж, уг дүгнэлтийг ТХШТД Б.Ц баталгаажуулан прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

            Нэхэмжлэгч “Э” ХХК нь дээрхи дүгнэлтийг 2006 оны 06 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3 дахь хэсэгт “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасантай нийцэхгүй байна гэж,

            “А” ХХК-ийн хий падаан бичсэнийг манай компани мэдээгүй, мэдэх боломжгүй гэж,

            “А” ХХК манай компанид 14 ширхэг падаанаар барилгын материал худалдсан гэж бичсэнийг манай компани татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргасан болно.

            Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн /2008он/ 33 дугаар зүйлийн 33.2.6 дахь хэсэгт “татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр дүгнэлт бичих бөгөөд ...” гэж заасны дагуу Татварын Улсын байцаагч нар 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “татварын хяналт шалгалт хийх томилолт”, Төв аймгийн татварын хэлтсийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 05/424 дугаартай албан бичгийн дагуу “Э” ХХК-ийн 2014 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, дүгнэлт бичсэн нь хуульд нийцсэн, үндэслэл бүхий  байна.  

            Дээрх дүгнэлтээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйл, 6.4.2 дахь зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийг Прокурорын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн ба Орхон аймгийн Прокурорын газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 5/207 дугаар тогтоолоор “гэмт хэргийн хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн” гэдэг үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараар нотлогдож байна. 

       Мөн  Төв аймгийн Прокурурын газрын 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 04 дугаартай Прокурорын тогтоолоор ““А” ХХК-ийн захирал Г.Д-ыг Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийг үйлдсэн, мөн хуулийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн ангилалын гэмт хэрэгт хамаарагдаж байгаа бөгөөд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.” гэдэг үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

            Иймээс хариуцагч байгууллага болох ОАТХ-ээс нэхэмжлэгч “Э” ХХК-ийн 2014 онд “А” ХХК-иас 14 ширхэг падаанаар барилгын материал худалдан авсан гэж хий падаан бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татвар  төлөхөөс зайлсхийсэн нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэн шалгуулахаар харъяаллын дагуу Прокурорын байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэсэн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14 -д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 33 дугаар зүйлийн 33.2.6, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “ОАТХХШУБ М.Ц, Г.Г нарын бичсэн, ХШТД Б.Ц-ийн хянаж баталгаажуулсан 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 200000904 дугаартай татварын Улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БОЛОРМАА