Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 83

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч И.Ганбат, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч А.Ганзориг,

Хохирогч Д.Наранбаяр,

Шүүгдэгч Б.Ариунболд, түүний өмгөөлөгч Д.Даваа (ҮД: 0178),

Иргэдийн төлөөлөгч М.Цэрэндэжид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Тайж овогт Батбаярын Ариунболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010847 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Тайж овогт Батбаярын Ариунболд, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Элемент ХХК-д туслах ажилчин ажилтай, ам бүл 5, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний үйлдвэрийн 120-25 дугаар гудамж 2 тоотод оршин суудаг, УК88082078 регистрийн дугаартай, ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Яллагдагч Б.Ариунболд нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошууны шинэ эцсийн автобусны буудлын ойролцоо иргэн Д.Наранбаярыг “манай найзыг яагаад дээрэлхээд байгаа юм” гэж “түлхлээ” гэх үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр тэлээгээр ороолгож бие махбодод нь “зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл, зүүн нүдний алим авагдсан” буюу хараагүй болгож эрхтэнээс нь хагацуулж хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Ариунболд нь согтуурсан үедээ буюу 2016 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянхошууны эцсийн буудлын орчим зүс таних М.Дуламбаатар, А.Тэмүүлэл, О.Мөнхбат, Э.Нинжбадгар, Д.Наранбаяр нартай тааралдаж, О.Мөнхбат, Д.Наранбаяр нарыг бие засахаар гудамж руу орсон хойгуур М.Дуламбаатар, А.Тэмүүлэл, Э.Нинжбадгар нар руу “таксины мөнгөө өгсөн үү” хэмээн агсамнаж, М.Дуламбаатартай маргаан үүсгэсэн байна. Энэ үед гудамжнаас гарч ирж явсан Д.Наранбаяр нь “яагаад манай найзыг дээрэлхээд байна” хэмээн Б.Ариунболдын чээж рүү түлхтэл Б.Ариунболд баруун гартаа ороосон цэрэг тэлээгээр Д.Наранбаярын нүүр рүү нэг удаа цохиж, түүний зүүн нүдний цөцгийг хагалж, нүдний алим авагдсан буюу эрхтнээс нь хагацуулсан хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Ариунболд: 2016 оны 3 дугаар сарын 08-ны өдөр ажлаасаа тараад гэр лүүгээ харих гээд явж байгаад Баянхошууны эцэс дээр найзтайгаа таараад Баянхошууны эцсийн буудлын паабад ороод 2 шил пиво уусан. Би найз руугаа яриад хаалгаа битгий түгжээрэй, би одоо очлоо гэж хэлсэн. Паабаас гараад явж байхад Баянхошууны эцэс дээр хохирогч Наранбаяр болон түүний найзуудтай таарсан. Тэгтэл нэг таньдаг ах таксинд явж байсан. Тэгэхээр нь би танил ахаас “эд нар таксины мөнгө өгсөн юм уу” гэж асуусан. Тэгтэл тэдний нэг нь “чамаар заалгах юм уу” гээд хэл амаар доромжилсон. Тэгээд маргалдаад зогсож байтал Наранбаяр хүрч ирээд намайг цохисон, би газар унасан. Харин Наранбаяр миний дээр гараад босохгүй байсан. Би тухайн үед гартаа тэлээ хуйлаад барьсан байсан. Тэр тэлээгээрээ Наранбаярыг цохисон. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна гэв.

Хохирогч Д.Наранбаяр: 2016 оны 3 дугаар сарын 19-ны шөнийн 00 цаг 50 минутын үед би Дуламбаатар, Нинжбадгар, Тэмүүлэл, Мөнхбат нартай цуг явж байгаад Баянхошууны шинэ эцсийн буудал дээр Ариунболдтой таарсан. Ариунболд тамхи байна уу гэж асуусан бид байхгүй гэсэн. Ариунболд, Тулгаа гэх хүнийг харсан уу, зодоон хиймээр байна гэж ярьж байсан. Бид үгүй гэж хэлсэн. Дуламбаатар, Тэмүүлэл хоёр таксины мөнгө авна гээд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо руу явсан. Тэгээд Баянхошууны эцсийн буудал руу алхаж байтал Ариунболд манай найзтай муудалцаад байж байсан. Тэгэхээр нь би очоод “чи яагаад найз дээрэлхээд байгаа юм бэ”, гээд Ариунболдын зүүн мөр рүү түлхэхэд тэрээр миний нүд рүү цохисон. Тэгээд цагдаа дуудаад цагдаагийн хэлтэс орсон. Шөнийн 04 цагийн үед түргэний машин ирээд намайг эмнэлэг рүү авч явсан гэв.

Мөрдөн байцаалтад:  (Эрүүгийн 201626010847 дугаартай хэргээс)

Хохирогч Д.Наранбаярын өгсөн: ...2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр шөнийн 00 цаг 50 минутын үед би найз Батаахай, Дуламбаатар, Шоу, Нинжка нарын хамт Баянхошууны шинэ эцсийн автобусны буудлаас такси бариад манай гэр рүү харих гээд зогсож байтал Немо буюу Ариунболдтой тааралдаад юм яриад байж байтал Ариунболд биднээс “тамхи байна уу” гэж асуухаар нь бид “тамхи байхгүй” гэж хэлээд зогсож байтал Ариунболд “та нар Тулгаа, Буржаа нартай таарсан уу, тэд нартай зодоон хиймээр байна” гэж хэлэхээр нь би “үгүй таараагүй” гэж хариулчихаад Батаахай, Нинжка хоёртой хажуу талын гудамж руу орж, бие засчихаад буцаад иртэл нэг таксины хажууд Ариунболд, Дуламбаатартай маргаад зогсож байсан. Тэгэхээр нь би гүйж очоод Ариунболдтой барьцалдаж аваад “хөөе юу болоод байгаа юм бэ, яагаад найз дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлтэл Ариунболд гартаа ороочихсон байсан бор өнгийн өмдний тэлээгээр миний нүд рүү нэг удаа цохичихсон. Тэгтэл миний хойноос ирж байсан Батаахай, Шоу, Нинжка нар Ариунболдыг барьж аваад салгасан. Харин миний нүдийг харчихаад “наад нүд чинь их хавдчихсан байна” гэж хэлэхээр нь нүдээ нээгээд харах гэтэл миний зүүн нүд харахгүй болчихсон байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 25 дугаар хуудас),

Гэрч М.Дуламбаатарын өгсөн: ...Ариука буюу Ариунболд нь Тэмүүлэл, Нинжбадгар бид 3 дээр ирээд “ахын таксины мөнгийг өгсөн юм уу” гээд бид 3 руу агсамнаж эхэлсэн. Тэгэхээр нь би түүнтэй “таксины мөнгө өгчихсөн, чамд ямар хамаатай юм” гээд хэрэлдээд байж байтал Наранбаяр бие засч ирээд Ариунболд руу “чи яагаад найз дээрэлхээд байгаа юм бэ” гэж хэлээд Ариунболдын чээж рүү нэг удаа түлхсэн. Гэтэл Ариунболд зөрүүлээд баруун гартаа ороочихсон байсан цэрэг тэлээгээр Наранбаярын нүүр рүү цохитол Наранбаяр “нүд” гэж хэлээд доош суусан. Тэгтэл Ариунболд гараараа 2-3 удаа цохиж харагдсан. Тэгэхээр нь Тэмүүлэл, Нинжбадгар бид 3 Ариунболдыг салгаад газар хэвтүүлээд зугтаалгахгүй гэж бодоод дараад байж байсан. ...Тухайн үед Наранбаярын зүүн нүднээс цагаан өнгийн зүйл гоожоод, хацар нь язарчихсан байдалтай миний нүд юм харахгүй байна ш дээ гээд орилоод байсан..., ...Наранбаярыг өөр хүн зодоогүй, Ариунболд л өмдний тэлээгээр нүд рүү нь цохисон... гэх мэдүүлэг (хх-ийн 29 дүгээр хуудас),

Гэрч А.Тэмүүлэлийн өгсөн: ...Таксинаас буугаад мөнгө өгчихөөд зогсож байтал Ариунболд хүрч ирээд “ахын таксины мөнгийг өгсөн юм уу” гэж асуухад Дуламбаатар хариуд нь “мөнгийг нь өгчихсөн, чамаар заалгахгүй ш дээ” гэж хэлээд тэр хоёр хоорондоо хэрэлдээд зогсож байтал Эгүүшин худалдааны төвийн хажуу талаас Наранбаяр гүйж ирээд Ариунболдын чээж рүү нь түлхтэл тэр хоёр хоорондоо зууралдах шиг болсон чинь Наранбаяр миний нүд юм харахгүй байна гээд орилоод эхэлсэн. Тэгэхээр нь би түүний нүдийг харсан чинь зүүн нүднээс нь цустай шүүс гарч харагдсан..., ...хэрэг гарах үед Ариунболд бор өнгийн тэлээ барьчихсан байсан. Цэрэг тэлээ гэж нэрлэдэг гэсэн. Миний бодлоор тэр тэлээгээр цохисон байх гэж бодож байна... гэх мэдүүлэг (хх-ийн 32 дугаар хуудас),

Гэрч О.Мөнхбатын өгсөн: ...Наранбаяр бид хоёр гудамж руу орж бие засчихаад буцаж гарч ирэх үед Нинжбадгар, Дуламбаатар нар Ариунболд гэх залуутай маргалдаж байх шиг харагдсан. Тэгтэл Наранбаяр гүйж очоод Дуламбаатар, Ариунболд хоёрыг салгахаар түлхэж харагдсан. Энэ үед Ариунболд гэх залуу баруун гар талдаа барьчихсан байсан том аралтай цэрэг тэлээгээр Наранбаярыг цохих шиг харагдсан. Тэгхээр нь би гүйж очоод Наранбаярыг салгаад нүдийг нь хартал зүүн нүднээс нь шингэн зүйл урсаж харагдсан. Тэр үед би нүдийг нь нээгээд хартал цагаан өнгийн зүйл харагдсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс рүү очиж, дуудлага өгсөн юм..., ...хэрэг гарсан шалтгаан нь Ариунболд таксины мөнгө өгсөн үү хэмээн хэрүүл, маргаан үүсгэсэнээс болсон байх... гэх мэдүүлэг (хх-ийн 33-34 дүгээр хуудас),

Гэрч Э.Нинжбадгарын өгсөн: ...Ариука буюу Ариунболд гэх залуу бид таваас “Буржаа, Тулгаа хоёр тааралдсан уу, алнаа” энэ тэр гээд яриад явж байсан..., ...тэр хооронд би Дуламбаатар, Тэмүүлэл хоёртой уулзаад юм яриад байж байтал Ариунболд бид гурав руу хүрч ирээд “ахын таксины мөнгийг өгсөн үү” гээд баруун гартаа бор өнгийн тэлээ ороогоод барьчихсан, зүүн гартаа лаазтай пиво барьчихсан байдалтай харагдсан. Тэр үед Дуламбаатар Ариунболдод хандаж “таксины мөнгийг нь өгчихсөн” гэж хариулсан. Тэгтэл Ариунболд Дуламбаатарын урдаас “чи өгөөгүй юм биш үү” гээд хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр үед Наранбаяр гүйж ирээд “чи яагаад байгаа юм бэ” гэж хэлээд Ариунболдын чээж рүү нь түлхтэл Ариунболд түүний урдаас цохих шиг болсон. Тэр үед Наранбаяр ёоё гэж дуугараад нүдээ дараад доош суучихсан. Тэгэхээр нь Дуламбаатар, Мөнхбат бид 3 Ариунболдыг салгаад газар дараад байж байтал Тэмүүлэл Наранбаярыг бариад замын хажуу талын боредур (хашлага) дээр суулгачихсан байсан. Харин Наранбаяр “нүд сохорчихлоо ш дээ” гээд орилж байсан. Тэгээд бид нар цагдаад мэдэгдсэн.. гэх мэдүүлэг (хх-ийн 35-36 дугаар хуудас),

Гэрч М.Наранбаатарын өгсөн: ...энэ хэргийн талаар 2016 оны 3 дугаар сарын 19-ний шөнө 01 цагийн үед миний гар утас руу Наранбаяр залгаад надад хандаж дүү нь хүнд зодуулчихлаа, нүд юм харахгүй байна, би Баянхошууны эцэст байна гэж ярьсан. …Тэр үед би 3 дугаар эмнэлэгийн нүдний тасаг руу ороод Наранбаяртай уулзаад нүдийг нь хартал зүүн нүд нь битүү хавантай, нүднээс нь шингэн зүйл гарчихсан байсан. Тэгэхээр нь би жижүүрийн сувилагчтай уулзаад асуухад танай дүүгийн зүүн нүдний алим хагарчихсан юм шиг байна, маргааш өглөө яаралтай хагалгаанд оруулахгүй бол болохгүй болчихсон байна… гэх мэдүүлэг (хх-ийн 37 дугаар),

Гэрч С.Лхагвасүрэнгийн өгсөн: …Тухайн үед Наранбаатар надад хэлэхдээ Наранбаяр хүнд зодуулаад өрөөсөн нүд нь юм харахгүй болчихсон эмнэлэг рүү явж байна гэнээ гэж надад хэлж байсан. …намайг Наранбаярын хэвтэж байгаа тасаг руу ороход зүүн нүд нь битүү хавдартай, улаан хүрэн өнгийн шүүс гоожсон байдалтай байсан. Тэр өдрөө яаралтай хагалгаанд орохоор болоод нүдний хагалгаанд орсон. Тэр үед эмчийнх нь ярьж байснаар бол нүдийг нь авахаас өөр арга алга, нүдний алим нь гэмтчихсэн байна, эмчлэх ямар ч боломжгүй тул нүдний алимыг нь авна, хараа орох боломжгүй гэж надад тайлбарлаж өгсөн… гэх мэдүүлэг (хх-ийн 38 дугаар хуудас),

Гэрч Я.Дуламын өгсөн: ...Миний мэдэхээр Ариунболд сурлага, соёлдоо дунд зэрэг, анги хамт олондоо нэр хүнд гайгүй хүүхэд байсан. Багадаа ямар нэгэн хэл ам таталж байгаагүй, даруухан, төлөв томоотой хүүхэд байсан. Одоогоор Ариунболд надтай амьдарч байгаа бөгөөд бага байснаа бодвол үг дуутай болсон байна лээ. Миний мэдэхээр хааяа архи хэрэглэдэг бөгөөд архи уусан үедээ агсам согтуу тавьж бидний амгалан тайван байдлыг алдагдуулж байгаагүй... гэх мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас),

Гэрч З.Эрдэнэбатын өгсөн: ...Манай найз Ариунболд багадаа дуу муутай, томоотой, нийгмийн идэвх муутай, найзууд олонтой, сурлага соёлдоо дунд зэрэг хүүхэд байсан. Хорт зуршил гэвэл тамхийг 10 жилд байхаасаа татаж эхэлсэн. Харин архи бараг хэрэглэдэггүй, хааяа л ганц нэг пиво уучихдаг байсан. Уусан үедээ элдэв ааш зан гаргаад агсам согтуу тавиад байдаггүй, мөрөөрөө чимээгүй байж байдаг. Миний мэдэхээр аавыгаа өнгөрснөөс хойш буюу 2015 оноос архи дарс их хэрэглэх шинжтэй болсон. Одоо архи уусан үедээ ямар нэгэн юм ярихгүй шууд унтдаг болсон байна лээ. Ариунболдод хамаатан садан гээд байх хүн бараг байхгүй, аав нь нас барчихсан. Харин ээжийнх нь талаар би сайн мэдэхгүй, бага байхад нь салсан юм шиг байна лээ... гэх мэдүүлэг (хх-ийн 41 дүгээр хуудас),

Хохирогч Д.Наранбаярын 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх (хх-ийн 45-55 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн №3958 дугаартай шинжээчийн

1. Наранбаярын биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт гэмтэл, зүүн нүдний алимыг авах мэс заслын дараах байдал тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.

4. ШЭГЗТЖ-ын 3.5.1-д зааснаар үлдэц уршигт гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт (хх-ийн 58 дугаар хуудас),

Б.Ариунболдын сэжигтнээр өгсөн: ...Зүс таних 3 залуу надтай тааралдсан юм. Тэгэхээр нь бид нар хоорондоо мэнд усаа мэдэлцээд зогсож байтал хохирогч гэх Наранбаяр Баянхошууны эцсийн Эгүүшин худалдааны төвийн хажуу талын гудамжнаас гарч ирж байсан. Тэгтэл Наранбаяр орилж гүйж ирээд “манай найзыг яагаад байгаа юм бэ” гэж хэлээд миний зүүн хацар руу нэг удаа цохиод авсан. Тэр үед Наранбаяр миний дээр хүрээд ирэхээр нь би гартаа ороогоод барьчихсан байсан бор өнгийн цэрэг тэлээгээр Наранбаярын толгой руу нэг удаа цохисон. Тэгтэл Наранбаяр ёоё гээд орилтол бид хоёрын хажуу талд зогсож байсан 3 найз нь салгасан юм... гэх мэдүүлэг (хх-ийн 70 дугаар хуудас),

Б.Ариунболдын яллагдагчаар өгсөн: ...би энэ ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэг гарах үед Наранбаяр над руу гүйж ирээд миний зүүн талын хацар руу эхэлж нэг удаа цохисон, миний дээрээс дараад босохгүй байсан болохоор би баруун гартаа ороогоод барьчихсан байсан бор өнгөтэй тэлээгээр Наранбаярын толгой руу нь нэг удаа цохисон юм. Би Наранбаяртай маргалдаагүй, танхайраагүй учраас энэ зүйл ангид заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна..., ...Би өмдний тэлээгээ хэрэг үйлдэхэд ашиглах зорилгоор барьж яваагүй, томдоод байсан учраас гартаа хуйлаад барьчихсан байсан юм... гэх мэдүүлэг (хх-ийн 72 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд эдгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “Д.Наранбаярын нүд рүү цэрэг тэлээгээр цохиж гэмтэл учруулсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул  түүнийг яллах үндэслэл болголоо.

Харин шүүгдэгч Б.Ариунболд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “хохирогч Наранбаяр намайг цохиж унагаад, миний дээр гарсан” гэх боловч түүний мэдүүлэг нь гэрч М.Дуламбаатар, А.Тэмүүлэл, О.Мөнхбат, Э.Нинжбадгар болон хохирогч Д.Наранбаярын мэдүүлгээр бүрэн няцаагдаж байх тул өмгөөлөгч Д.Даваагийн “Шүүгдэгч Б.Ариунболд хувийн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн өмгөөллийн үг үндэслэлгүй байна.

Хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч Б.Ариунболд нь өөрт хамааралгүй буюу бусдыг таксины мөнгөө өгсөн эсэх асуудлаар агсамнаж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн бөгөөд найзыгаа өмөөрөн чээж рүү нь түлхсэн хохирогч Д.Наранбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, түүний биед хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Ариунболдыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Ариунболдод ял шийтгэл оногдуулахдаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаа гэмшиж байгаа зэргийг харгалзаж хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг бууруулав.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 137 см урттай, 5 см өргөнтэй, “Арми shop 5.11 Моngolia” гэсэн бичиг бүхий бор өнгөтэй өмдний тэлээг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч Д.Наранбаяр нь хохирол төлбөрт баримтаар нийт 1.280.947 (нэг сая хоёр зуун наян мянга есөн зуун дөчин долоо) төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.Ариунболд нь хохирогч Д.Наранбаярт нийт 1.281.000 (нэг сая хоёр зуун наян нэгэн мянга) төгрөг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Хаан банкны гүйлгээний 2 ширхэг баримт болон хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Ариунболдыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүйг тус тус тогтоолд дурдав. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Тайж овогт Батбаярын Ариунболдыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Ариунболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1. дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай 96 дугаар зүйлийн 96.2.1. дэх хэсэгт зааснаар 4 (дөрөв) жил, 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10. дахь хэсгийг журамлан тус зүйлийн 52.5. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ариунболдод оногдуулсан 4 (дөрөв) жил, 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ариунболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1. дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 137 см урттай, 5 см өргөнтэй, “Арми shop 5.11 Моngolia” гэсэн бичиг бүхий бор өнгөтэй өмдний тэлээг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2. дахь хэсэгт зааснаар хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Ариунболдыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Ариунболдод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА       

                  

 

                                          ШҮҮГЧИД                                 И.ГАНБАТ

 

 

                                                                                             Г.МӨНХЗУЛ