Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/69

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

улсын яллагч Ц.Цэрэнбалжир,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэнбалжирын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт ын *******д холбогдох эрүүгийн 2207000230055 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, ******* суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******д ******* ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт *******, *******, тоотод оршин суух,

овогт ын ******* /РД: /.

 

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө “” баарны гадна А.тай “чи тийм атаман юм уу” гэсэн шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохиж, өшиглөж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын таславч мөгөөрс мултрал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдрийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

          Шүүгдэгч Д.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн

зөвшөөрч байна. Өөр ярих зүйл байхгүй” гэж мэдүүлсэн бөгөөд хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд шүүгдэгч Д.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох байр сууринаас оролцож дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

           

  1. Хохирогч А.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал),
  2. Гэрч О.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),
  3. Гэрч М.ы мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
  4. Гэрч Ж.ын мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),
  5. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08/шэ/33 дугаар дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал) зэрэг болно.

 

Харин шүүгдэгч Д.******* хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас  нотлох баримт шинжлүүлээгүй болно.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугласан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Д.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 12 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө “” баарны гадна А.тай “чи тийм атаман юм уу” гэсэн шалтгаанаар маргалдаж нүүрэн тус газарт гараараа цохиж биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын таславч мөгөөрс мултрал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдрийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь:

 

- Хохирогч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 22 цагийн үед гэх найзтайгаа нд байх “” бааранд ороод 1 шил 0,5 литрийн Соёрхол архи авч уугаад баар 23 цаг 40 минутын орчимд хаагаад би найзтайгаа баарнаас гараад үүдэн дээр насаар ах залуучууд зогсож байсан, тэд нарын нэг нь намайг санаатай, санаандгүй эсэхийг нь мэдэхгүй байна ямартай ч мөрөөрөө мөрлөсөн. Тэгэхээр нь яагаад байгаа юм бэ ахаа гэтэл “зүгээр зайл мангар бацаан минь” гэхээр нь би жаахан уучихсан байсан болохоор “чи Налайхад тийм том атаман юм уу” гээд хэрүүл өдсөн чинь хажууд байсан нэг найз нь бололтой залуу надтай юу ч ярилгүй шууд гараа атгаж байгаад миний хамар луу “яах гээд байгаа бацаан бэ” гээд нэг удаа цохисон. Тэгээд би цохиулаад шууд зугтаачихсан юм. ...Намайг цохисон хүнийг ******* гэдэг юм билээ, эрүүлжүүлэх байранд хийчихсэн байхад нь орж харахад өмсөж зүүсэн хувцас, царай зүс мөн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09 дэх тал),

 

- Гэрч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... “” баарны урдуур такситайгаа өнгөрөх үед гийн хамт явсан хүмүүс өөр хэсэг хүмүүстэй яг засмал замын хажуу талд муудалцаж байгаа харагдсан, энэ үед над руу залгаад “чи хааччихсан юм бэ, эргээд хүрээд ирээч эд нар хүнтэй муудалцаад байна” гэхээр нь би ойрхон дөнгөж өнгөрөөд явж байсан тул таксигаа зогсоож буугаад “” бааранд алхаж очсон. Яг намайг очих үед Д.******* гэх өндөр ax “” баарны урд махны дэлгүүр, засмал зам хоёрын яг хажууханд ыг заамдаж байгаад нүүр лүү нь нэг удаа цохисон, тэгээд дахиж нэг нүүр лүү нь цохиход нь цохиулаад засмал замруу унаад автомашины урдуур ороод уначихсан, гэхдээ тэр автомашинд мөргүүлж дайруулаагүй, яг мөргүүлэх шахаад л нөгөө автомашин нь удаан явж байсан учраас ямар нэгэн гэмтэл учруулаагүй зогссон. ыг тэр ******* гэх залуу цохисны дараа нь хамраас нь цус ихээр гарч байсан, тэгээд хойшоо зугтаад гүйгээд явчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

 

  • Гэрч М.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний орой 21 цагийн үед “” баарны гадна талд Н. над руу залгаад уулзъя гээд бид нар уулзсан. ...Тэгээд бид нар бөөндөө 23 цаг 50 минутын үед баар хаахад баарнаас гарсан, тэгээд баарны үүдэн дээр 10-15 минут орчим л болсон байх нэг их удаагүй, тухайн үед баарны орчимд байсан хүмүүстэй маргалдаад байх шиг байсан, би нэлээн согтуу орон гаран байсан болохоор яг юу болсныг сайн санаж мэдэхгүй байна. Ямартай ч айхтар зодоон цохион болсон юм байгаагүй. Харин дараа нь тэр хүмүүс О.ын утсыг нь маргалдаж байгаад унагаагаад эвдэлчихсэн гээд цагдаа дээр ирсэн гэж сонссон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),

 

  • Гэрч Ж.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний орой 23 цаг гээд би *******гийн хамтаар хоёулаа “” бааранд орж 1 шил 0,5 литрийн Соёрхол архи хоёулаа нийлж хувааж ууцгаасан. Баарнаас гараад юу болсон талаараа сайн санахгүй байгаа юм, юу болсон яаснаа мэдэхээ байтлаа согтчихсон байсан юм. Би бааранд орохоосоо өмнө 1-2 лааз пиво уучихсан орсон байсан болохоор согтоод тасарчихсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

  • Налайх дүүргийн криминалистикийн шинжилгээний тасгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 33 дугаартай “...А.ын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, хамрын таславч мөгөөрс мултрал, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

 

  • Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед хамт ажилладаг дүү бид хоёр 1 шил 0,5 литрийн Соёрхол архи уучхаад 23 цагийн үед үргэлжлүүлж уухаар “” бааранд ороод 1 шил Соёрхол архи аваад ууж дуусгаад баар хаах үеэр баарнаас гарсан, би баарнаас гарахдаа нэлээдгүй согтчихсон байсан учраас эхнэрээ утасдаж дуудаад хүрч ирээд авчих гэж хэлээд засмал замын хажуу талд зогсож байсан. Тэр үеэр нэлээн согтож тасраад яаснаа санахгүй байна, тэгээд ямартай ч хүнтэй маргаж байгаагаа мэдсэн, удалгүй цагдаа ирж эрүүлжүүлэх байранд хийсэн. тухайн үед нэг эмэгтэйг түлхээд утсыг нь газар унагаачихсан гээд бид хоёр дараа нь гар утсыг нь төлж өгсөн юм. Би баарны гадаах камерын бичлэгийг үзээд хүн цохисон хүн өөрийгөө гэж таньсан. Би бусдад зодуулж цохиулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38 дахь тал), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хоорондоо агуулгын зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

                                                                                                                                           

Шүүгдэгч Д.******* нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгч Д.*******гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч А.ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсанд тооцно.

 

            Мөн шүүгдэгч Д.*******гийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.*******, хохирогч А.тай тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Д.*******г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч А.ын биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч Д.******* нь хохирогчид эмчилгээний төлбөрт 2.000.000  төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба шүүхээс хохирогч А.т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 2.000.000 төгрөгийг эмчилгээний зардал хэмээн авсан. Гомдол санал байхгүй учир шүүх хуралд оролцохгүй” гэх тайлбарыг бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Д.*******тай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

 

            Шүүгдэгч Д.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч, хохирогч нар нь прокурорын шатанд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, прокуророос шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулахад хүлээн зөвшөөрсөн, хохиролд 2.000.000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон талаар мэдүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлага хангагдсан гэж үзнэ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Д.*******г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосон тул прокурортой тохиролцсон саналын хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. овогт ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сиди-г хавтаст хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ