Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 107

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Дашням,

Улсын яллагч Ц.Гансүлд,

Шүүгдэгч А.Билгүүн,

Шүүгдэгч/хохирогч Б.Бат-Эрдэнэ, тэдний өмгөөлөгч О.Баярбаясгалан (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 2260),

Шүүгдэгч/хохирогч С.Жанцансэнгэ, түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0578)

Гэрч Л.Наранбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Олхонууд овогт Амарсанаагийн Билгүүн, Тахилт овогт Баярмагнайн Бат-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, Боржигон овогт Санжаагийн Жанцансэнгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 0874 дугаартай хэргийг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

Олхонууд овогт Амарсанаагийн Билгүүн, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1993 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эмэг эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 23-3 тоотод оршин суудаг, УП93012037 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй,

Тахилт овогт Баярмагнайн Бат-Эрдэнэ, Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 63-10 тоотод оршин суудаг, ФА94012010 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт Санжаагийн Жанцансэнгэ, Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Хужирт суманд 1995 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн, 21  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 35-8а тоотод оршин суудаг, ЙС95062913 регистрийн дугаартай, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нар нь бүлэглэн 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжинд иргэн С.Жанцансэнгэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Жанцансэнгэ нь 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжинд иргэн А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан Б.Бат-Эрдэнийг зодож бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1. дэх хэсэгт зааснаар ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхээс тогтоосон үйл баримтын талаар:

2016 оны 3 дугаар сарын 18-ны орой Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 35-8а тоотод буюу С.Жанцансэнгийн гэрт С.Жанцансэнгэ, түүний эхнэр Э.Эгиймаа, түүний найз А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ, Л.Наранбат нар 2.5 л хэмжээтэй, 2 ширхэг пиво хамт ууж, согтуурсан байна. Улмаар 18-наас 19-нд шилжих шөнө 01 цагийн үед А.Билгүүн, С.Жанцансэнгэ нар маргалдаж, С.Жанцансэнгийн гэрийн гадна буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжинд харилцан зодолджээ. Энэ үед Б.Бат-Эрдэнэ гэрээс гарч ирэн зодооныг салгахаар тэдний дундуур орох үед С.Жанцансэнгэ Б.Бат-Эрдэнийг зодсон байна. А.Билгүүн, С.Жанцансэнгэ нарын харилцан зодооны улмаас С.Жанцансэнгийн бие махбодод тархины хоёр тал бөмбөлгийн таславч хооронд шулуун синус, зулайн хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархи доргилт, дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, доод уруулд шарх, баруун бугалга, мөр, дал, нуруу, бүсэлхийд зулгаралт, зүүн дээд 6-р шүдний паалангийн эмтрэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан байна. Харин С.Жанцансэнгэ зодооныг салгах зорилгоор өөрийг нь тэвэрсэн Б.Бат-Эрдэнийг зодож, түүний бие махбодод тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, хамрын таславчийн муруйлт, хамар, хамрын зүүн сүвний доор, хүзүү, баруун шуунд зулагаралт, хамар, хүзүү, баруун бугалга, тохойн хонхорт цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Билгүүн: 2016 оны 3 дугаар сарын 18-ны орой Б.Бат-Эрдэнэ, Л.Наранбат бид гурав С.Жанцансэнгийн гэрт очсон. Гэрт нь очиход ямар нэг байдлаар хувийн таарамжгүй харьцаа үүсээгүй. Би С.Жанцансэнгийг гуйлгачин гэж хэлээгүй. Харин өдөр нь компьютер тогтоол тоглох үед тогтлоом шоглоомоор тиймэрхүү утгатай зүйл хэлсэн нь үнэн. Харин Жанцансэнгэ согтсон үедээ хүндээр тусгаж, бид хоёр харилцан маргалдсан юм. С.Жацансэнгэ бид хоёр харилцан зодолдсон. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би С.Жанцансэнгэд учруулсан хохиролоо нөхөн төлсөн бөгөөд бид хоорондоо сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч/хохирогч Б.Бат-Эрдэнэ: 2016 оны 3 дугаар сарын 18-ны орой А.Билгүүн, Л.Наранбат бид гурав С.Жанцансэнгийн гэрт очсон. Тэгээд бид нар пиво ууцгаасан. А.Билгүүн, С.Жанцансэнгэ хоёр гэрт маргалдаагүй, ер нь бидний хооронд маргаан болоогүй гэж бодож байна. Харин А.Билгүүн, С.Жанцансэнгэ хоёр тэр шөнө гадаа гудамжинд маргалдсан байсан. Би тэр хоёрыг гарч ирэхгүй удаад байхаар хойноос нь гудамж руу гартал А.Билгүүн, С.Жанцансэнгэ нар бие бие рүүгээ дайрсан, уурласан байдалтай байсан. Тэгэхээр нь би А.Билгүүнийг С.Жанцансэнгээс холдуулаад С.Жанцансэнгийг тайвшруулах оролдлого хийсэн. Би Жанцансэнгийг өшиглөж, цохиогүй. Харин С.Жанцансэнгэ намайг цохиж, зодсон. С.Жанцансэнгэ надад учруулсан хохиролоо бүрэн төлсөн бөгөөд бид хоорондоо сайн дураар эвлэрсэн гэв.

Шүүгдэгч/хохирогч С.Жанцансэнгэ: Би мөрдөн байцаалтын үед үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй. Тиймээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Би өөрт учирсан хохиролоо бүрэн авсан, Б.Бат-Эрдэнэд учруулсан хохирлыг бүрэн төлсөн бөгөөд бид нар хоорондоо сайн дураар эвлэрсэн гэв.

Мөрдөн байцаалтад: (Эрүүгийн 2016 2601 1021 дугаартай хэргээс)

Хохирогч С.Жанцансэнгийн өгсөн: ...Миний санаж байгаагаар 2016.3.18-ны орой 23 цагийн үед манай найз Билгүүн миний дугаар луу залгаад танай гэрт яваад очъё, танай гэрт чамаас өөр хүн байна уу гэж асуусан. Тэгхээр нь би хариуд нь манай гэрт эхнэр, хүүхэд, эхнэрийн төрсөн эгч Энхмаа нар байна чи өөрөө мэдэхгүй юу гэж хэлээд утсаа тасдаад байж байтал хэсэг хугацааны дараа Билгүүн, Бат-Эрдэнэ, Наранбат 3 манай гэрт ирсэн. Тухайн үед манайд ирэхдээ 2.5 литртэй 2 сав пиво бариад таксинаас бууж ирээд манай гэр рүү орсон. Манайд ороод 2 сав пивоныхоо нэгийг задлаад Билгүүн, Наранбат, Бат-Эрдэнэ бид 4 хувааж уугаад хоорондоо юм яриад сууцгаасан. Тэгээд эхний сав пивоо уугаад дуусч байхад Билгүүн над руу хандаж гуйлгачин минь чи битгий сонин зан гаргаад байгаарай энэ тэр гээд элдвээр доромжлоод байхаар нь би хариуд нь чамаас юу гуйсан юм бэ энэ тэр гээд хоорондоо маргалдах янзтай болоод гэрийн гадна талд тамхи татаад зогсож байтал манай эхнэр Эгиймаа гарч ирээд та хоёр гэрт ор яагаад маргалдаад байгаа юм бэ, нялх нойтон хүүхэд байхад чинь гэж загнаад Билгүүн бид хоёрыг гэрт оруулсан. Тэгээд гэр лүү ороод Билгүүн, Наранбат, Бат-Эрдэнэ бид 4 юм ярьж суунгаа үлдсэн нэг сав пивоо задлаад хувааж уусан. Энэ пивог хувааж уусны дараа Билгүүн бид хоёр дахин гэрээс гарч хоорондоо маргалдан хашаанаас гаран манай гэрийн доод талд байрлах Гурван товх хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талд нь очоод хоорондоо элдвээр маргалдаж байгаад би тэсэлгүй эхлээд Билгүүний чээжин хэсэг рүү нь нэг удаа түлхсэн. Тэгтэл хариуд нь Билгүүн миний зүүн шанаа руу баруун гараа зангидаж байгаад нэг хүчтэй цохисон. Тэр үед Билгүүн бид хоёр шууд барьцалдаж аваад хоорондоо зодолдож эхэлсэн. Тэгтэл миний хажуу талаас Бат-Эрдэнэ гүйж орж ирээд миний мөр лүү нэг удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь Бат-Эрдэнийг зөрүүлээд шанаа хэсэг рүү нэг удаа цохитол мөн адил Бат-Эрдэнэ над руу дайраад нүүр лүү цохиж эхэлсэн. Тэгтэл Билгүүн миний араас толгойн ард хэсэг рүү цохиж байсан. Тэгээд байж байтал Бат-Эрдэнэ миний нурууны ар хэсгээс барьж байхад Билгүүн намайг өшиглөж, хоёулаа нийлж газар чирж байсан. ... Наранбат зодоонд оролцоогүй, Гурван товх нэртэй хүнсний дэлгүүрийн шатан дээр зогсож харагдсан...гэх мэдүүлэг (хх-ийн 18 дугаар хуудас),

Хохирогч Б.Бат-Эрдэний өгсөн: ...Миний санаж байгаагаар 2016.3.18-ны орой 20 цагийн үед найз Жанцансэнгэ, Билгүүн, Ганбаатар бид 4 PC тоглож байгаад 23 цагийн үед PC хаахаар нь гэр гэрлүүгээ харихаар салцгаасан юм. Тэгээд би Билгүүний гэрт очоод байж байтал Жанцансэнгэ залгаад би 2 пиво авчихлаа манай гэр хүрээд ир гээд дуудахаар нь Билгүүн бид 2 хүнсний дэлгүүр ороод 1 том савтай пиво аваад замдаа Наранбаттай тааралдаад 3-лаа болоод Жанцансэнгийн гэрт очсон юм. Тэднийд очиход Жанцансэнгэ, түүний эхнэр, эхнэрийнх нь эгч гэх эмэгтэй пиво уугаад сууж байсан. Тэгээд бид хэд бөөнөөрөө нийлж суугаад Жанцансэнгийн гэрт байсан пиво болон Билгүүн бид нарын авч очсон пивонуудыг уугаад гарч, ороод байж байтал Билгүүн Жанцансэнгэ хоёр гэрийн гадна талд тамхи татаад үлдсэн. Тухайн үед би гэрт нь ороод эхнэр болон Наранбат нартай юм яриад байж байтал Жанцансэнгийн эхнэр цаад хоёр чинь яачихав аа яагаад орж ирэхгүй байна гэхээр нь гараад хартал хашаанд байхгүй байсан. Тэр үед би хашаанаас нь гараад хартал доод талд байрлах дэлгүүрийн гадна талд хоорондоо муудалцаад хоёулаа чээж нүцгэн байдалтай харагдсан. Тэгэхээр нь би тэр хоёр луу явж очоод Билгүүнийг айлд ирчихээд яагаад байгаа юм бэ гэж хэлээд Билгүүнийг зүүн гараараа гэдрэг түлхчихээд Жанцансэнгийг одоо тайвшир хөгшөөн гээд урдаас нь тэврээд автал Жанцансэнгэ над руу хандаж чи муу лалар одоо яах гээд байгаа юм бэ, хэзээ ийм болчихсон юм бэ гээд 2-3 удаа мангасдаж аваад гэдрэг түлхээд байсан. Тэгэхээр нь одоо боль хөгшөөн, жаахан юм уучихсан байна гээд хэлтэл миний нүүр лүү 3-4 удаа цохисон. Тэгээд Жанцансэнгэ огт тайвшрахгүй миний цамцны захнаас боогоод цохиж байтал Наранбат тэдний гэрээс гарч ирсэн. Тэгээд намайг Жанцансэнгээс салгаж аваад холдуулсан юм. Тэгээд би салаад Жанцансэнгийн гэр лүү орж нүүрэн дэх цусаа угаачихаад эхнэрийг нь дуудаад сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Тэгэхээр нь тэдний гэрээс гараад хашааны гадна талд гартал миний өөдөөс Билгүүн ирээд нөгөө Жанцансэнгэ чинь доошоо яваад өглөө хаашаа явж байгаа нь мэдэхгүй гэж хэлээд алхаж байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 21 дүгээр хуудас),

Гэрч Э.Эгиймаа (шүүгдэгч/хохирогч С.Жанцансэнгийн эхнэр)-ийн өгсөн: ...Тэгээд орой 23 цагийн үед манай нөхөр Жанцансэнгэ гэртээ ганцаараа орж ирээд байж байтал манай нөхрийн гар утас дуугарсан. Тэгтэл Бат-Эрдэнэ залгаж байсан. Утсаар ярьж байгаа нь Билгүүн, Наранбат бид 3 танайд оччих уу танайд хүн байхгүй бол яваад очъё гээд утсаар яриад байсан. Тэгтэл удалгүй 20 орчим минутын дараа Билгүүн, Наранбат, Бат-Эрдэнэ гурав манай гэрт ороод ирсэн. Тэр 3 манай гэрт орж ирэхдээ 2.5 литртэй 2 сав пиво барьчихсан байдалтай орж ирсэн. Тухайн үед нэгийг нь гадаа хүйтэн байлгаж бай гээд гэрийн хажуу талд гаргаад тавьчихсан байсан. Тухайн үед Наранбат шүд өвдөөд байна гээд манайд орж ирэхдээ архи уугаагүй байсан. Харин Билгүүн, Бат-Эрдэнэ хоёр жаахан архи уучихсан байдалтай орж ирсэн. Тэгэхээр нь би та хоёр архи уучихсан юм уу гэж асуутал Бат-Эрдэнэ харин тиймээ Наранбат уугаагүй бид хоёр ууж байгаад ирлээ гэж хариулж байсан. Тэгээд авчирсан савтай пивоо задлаад Жанцансэнгэ, Билгүүн, Наранбат, Бат-Эрдэнэ бид 5 ширээ тойрч суугаад пивоо тойруулж уусан. Тэгтэл Билгүүн, Бат-Эрдэнэ, Жанцансэнгэ 3 гэрээс гараад хашаан дотор юм яриад зогчихсон гэрт орохгүй байсан. Тэгэхээр нь би та 3 орооч ээ, ярих юм аа гэрт ороод яриач гэж хэлэхэд тэр 3 гэрлүү орсон. Тухайн үед Билгүүн Жанцансэнгэ рүү хандаж ядуугийн зовлон шиг амьдардаг энэ тэр гэж юм ярих нь сонсогдсон. Тэр үед Бат-Эрдэнэ Жанцансэнгэ 2 буцаж гэрээс гараад чимээгүй алга болчихсон. Тэр үед би гайхаад гэрээс гараад доод талын цагаан пэлгүүрийн хажууд явж байхаар нь та хоёр хаа хүрээд явж байгаа юм бэ гэж хэлэхэд Бат-Эрдэнэ надад хандаж өө зүгээр зүгээр юм ярьж байгаан гэж хариулсан. Тэгээд хашааны үүдээр орох гэж явтал Билгүүн Жанцансэнгийг дагуулаад буцаад цагаан дэлгүүр тийш явсан. Тухайн үед би араас нь явах гэтэл Бат-Эрдэнэ би хойноос нь яваад ирье чи ороод байж бай гээд тэр хоёрын араас доошоо явсан. Би гэртээ ороод иртэл манай хүү сэрчихсэн уйлаад байж байхаар нь би хүүхдээ хөхүүлээд нам унтчихсан байсан. Тэгээд тэрнээс хойш юу болсоныг мэдэхгүй. Маргааш өглөө нь 06 цаг өнгөрч байхад сэрээд Билгүүн, Бат-Эрдэнэ нарын утас руу залгатал утсаа авахгүй байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Наранбат руу залгатал утсаа авсан. Би Наранбатаас та нар чинь хаашаа явчихваа гээд асуутал Наранбат би сайн мэдэхгүй байна, Жанцансэнгэ алга болчихсон гэж хариулж байсан. Хэрэг гарсны дараа манай нөхөр эмнэлэгт хэвтэж байгаад гарсны дараа Билгүүн, Бат-Эрдэнэ хоёр Жанцансэнгэд өргөдлөө буцаагаад авчих хуучин шигээ байя энэ тэр гээд гуйгаад байсан... гэх мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас),

Гэрч Л.Наранбат (шүүгдэгч нарын найз)-ын өгсөн: ...Тэр хэрэг гардаг өдөр найз Жанцансэнгэ Бат-Эрдэнэ, Билгүүн бид 3-г гэртээ дуудаад манай гэрт жаахан буу халж сууя хүрээд ирээч гэж дуудсан юм. Тэгээд оройн 22 цагийн үед Бат-Эрдэнэ, Билгүүн бид 3 тэдний гэрт яваад очтол Жанцансэнгэ эхнэртэйгээ пиво уугаад сууж байсан. Тэгэхээр нь хамт суугаад пивоноос нь хувааж уугаад сууж байтал Билгүүн, Жанцансэнгэ 2 бие засна гэж хэлээд түрүүлээд гарсан. Тэр хооронд Жанцансэнгийн гэрт эхнэр нь Бат-Эрдэнэ бид нар юм яриад сууж байсан юм. Тэгтэл Билгүүн Жанцансэнгэ 2 гэрт орж ирэлгүй нэлээд удсан. Тэгэхээр нь Бат-Эрдэнэ бид 2 араас нь гараад хашаанаас гараад хартал Жанцансэнгэ Билгүүн рүү дайраад орилж байгаа бололтой харагдсан. Тэгэхээр нь Бат-Эрдэнэ бид 2 явж очоод яагаад байгаа юм бэ юу болоод байгаа юм бэ гэтэл Жанцансэнгэ Бат-эрдэнэ рүү орилоод дайраад байсан. Тэр үед Бат-Эрдэнэ чи яагаад байгаа юм бэ, яасан юм бэ ярь л даа гэж асуутал өөдөөс нь дайраад байсан. Тэгээд аль болох тайвшруулах гээд оролдоод байж байтал Жанцансэнгэ бага зэрэг тайвширсан. Тэгээд удалгүй гудамж уруудаад гүйгээд явчихсан. Хаашаа явсаныг нь мэдэхгүй байна. ...Миний харсанаар Билгүүн, Бат-Эрдэнэ нартай барьцалдаад  байсан. Тэр үед давхралдаж унаад байсан болохоор тухайн үед үүсгэгдсэн гэмтлүүд байх... гэх мэдүүлэг (хх-ийн 29 дүгээр хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн №4011дугаартай шинжээчийн

1. Жанцансэнгийн биед тархины хоёр тал бөмбөлгийн таславч хооронд шулуун синус, зулайн хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархи доргилт, дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, доод уруулд шарх, баруун бугалга, мөр, дал, нуруу, бүсэлхийд зулгаралт, зүүн дээд 6-р шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт   

гэх дүгнэлт (хх-ийн 31-32 дугаар хуудас),

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн №3943 дугаартай шинжээчийн

1. Б.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, уруулын зөөлөн эдийн няцрал, салстад цус хуралт, хамрын таславчийн муруйлт, хамар, хамрын зүүн сүвний доор, хүзүү, баруун шуунд зулагаралт, хамар, хүзүү, баруун бугалга, тохойн хонхорт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. ШЭГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт (хх-ийн ) 

Шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн: ...Тархины хоёр тал бөмбөлгийн таславч хооронд шулуун синус, зулайн хэсэг дэх зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархи доргилт, дагзны хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйх, доод уруулд шарх нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлд чулуу, мод,гар зэрэг орно. Тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд мөн... гэх мэдүүлэг (хх-ийн 40 дүгээр хуудас),

Шүүгдэгч А.Билгүүний яллагдагчаар өгсөн: ...Би энэ ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед хохирогч гэх С.Жанцансэнгэ нь биеийн массаар түрэмгийлэн надтай зодолдох гэж дайрч байсан. Тэгэхээр нь  би чээж рүү нь түлхэн зууралдаж урдаас нь тэвэрч байсан. Надад цохисон зодсон зүйл байхгүй учраас би дээр ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Би сэжигтний мэдүүлэг дээр болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй тодорхой ярьсан учраас надад одоо нэмж ярих өөр зүйл байхгүй. Гэхдээ миний бодлоор Бат-Эрдэнэ бид хоёроос салж явахдаа халдлагад өртсөн байж магадгүй. ... хэрэг болсон газар Наранбат, Бат-Эрдэнэ, Жанцансэнгэ бид дөрвөөс өөр ямар нэгэн хүн байгаагүй, Наранбат гэрчилнэ. ...Би Жанцансэнгийг цохиж зодож гэмтэл учруулаагүй, өш хонзон өр авлага байгаагүй, Жанцансэнгийн биед яагаад гэмтэл учирсныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (хх-ийн 48 дугаар хуудас),

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн яллагдагчаар өгсөн:  ... Би болсон хэргийн талаар тодорхой ярьсан байгаа. Хэрэг гарах үед би Жанцансэнгийг тайвшруулах зорилгоор тэвэрч аваад өмдний тэлээ болон бүсэлхийн хэсгээс нь татаж чангаасан асуудал байгаа. Миний бодлоор Жанцансэнгийн биед учирсан гэмтэл нь зууралдаад ноцолдож байхад үүсгэгдсэн байх гэж бодож байна. Түүнээс би ямар нэгэн санал зорилго агуулаад цохиж зодоогүй. ... Хэрэг гарахын өмнөх өдөр буюу 2016.03.18-ны өдөр 20 цагийн үед PC тоглож байхад Жанцансэнгэ, Билгүүн хоёр ундааны бооцоотой тоглоод Жанцансэнгэ хожигдсон юм. Тэгээд Билгүүн ундаагаа нэхтэл Жанцансэнгэ урдаас нь чи баянаараа авчих гэж хэлж байсан. Тэрнээс болж янз бүрийн юм бодсон байж магадгүй... гэх мэдүүлэг (хх-ийн 42 дугаар хуудас),

 Шүүгдэгч С.Жанцансэнгийн яллагдагчаар өгсөн:  Манай 2 найз буюу А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нар намайг нийлж зодсон болохоор би өөрийгөө хамгаалахын тулд найз Б.Бат-Эрдэнийг зодож бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан юм. Тухайн үед хэрэг болох цаг хугацаанд хоёр найз маань намайг гараараа цохиж, өшиглөж, газар унагаагаад чирж байсан болохоор миний уур их хүрч байсан. Тэгээд яахын аргагүй хариу үйлдэл хийж эсэргүүцэл үзүүлж эхэлсэн юм. Би дээрх үйлдэлийг санаатай хийгээгүй зодолдох явцад дээрх гэмтлүүд Бат-Эрдэнэд учирсан байх... гэх мэдүүлэг (хх-ийн 50 дугаар хуудас) болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдож байх бөгөөд дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч А.Билгүүн, С.Жанцансэнгэ нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх ба хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан гэрч, хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул  тэднийг яллах үндэслэл болголоо.

Хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нар хохирогч С.Жанцансэнгийг бүлэглэж зодсон талаар С.Жанцансэнгэ өөрөө л мэдүүлдэг. Гэтэл шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад шүүгдэгч А.Билгүүн, шүүгдэгч/хохирогч Б.Бат-Эрдэнэ, гэрч Л.Наранбат нарын хэн аль нь С.Жанцансэнгийн мэдүүлгийг няцааж байна. Мөн шүүгдэгч С.Жанцансэнгийн ...би нэг мэдсэн чинь өвөөгийндөө очсон байсан гэж мэдүүлгээс дүгнэвэл түүнийг болсон үйл баримтыг бүрэн санаж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Түүнчлэн гэрч Д.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтын үед өгсөн  ....С.Жанцансэнгэ шөнийн 04 цагийн үед орилчихсон, шоконд орсон байдалтай орж ирээд ээрч муураад Билгүүн намайг зодсон гэж хэлсэн... гэх мэдүүлгээс дүгнэвэл С.Жанцансэнгийг зөвхөн А.Билгүүн л зодож гэмтээсэн байх үндэслэлтэй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2. дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2. дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 82, 119  дүгээр хуудаст тус тус авагдсан Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст ЦЕГ-ын Мэдээлэл, судалгаа, технологийн төвийн санд бүртгэгдээгүй гэсэн дардастай байх тул шүүгдэгч А.Билгүүн, С.Жанцансэнгэ нарыг анх удаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Дээрх бүгдээс нэгтгэн, шүүгдэгч А.Билгүүн болон шүүгдэгч С.Жанцансэнгэ нарыг тус бүрт нь бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцож, А.Билгүүн, С.Жанцансэнгэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Билгүүн, С.Жанцансэнгэ нар нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг хүндрүүлэх, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Харин шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн байх тул тэдний хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болж байна.

Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч С.Жанцансэнгэ нь баримтаар өөрт учирсан хохирол болох нийт 609.900 төгрөгийг шүүгдэгч А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ нараас, хохирогч Б.Бат-Эрдэнэ нь баримтаар өөрт учирсан хохирол болох нийт 80.000 төгрөгийг тус бүр нэхэмжилсэн бөгөөд дээрх хохирол төлбөрийг харилцан төлж барагдуулсан, хоорондоо сайн дураар эвлэрсэн тухай баримтыг шүүх хуралдаанд бичгээр гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хэн аль нь нэхэмжлэх зүйлгүй гэх тул шүүгдэгч А.Билгүүн, С.Жанцансэнгэ нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдав.

Шүүгдэгч А.Билгүүн, С.Жанцансэнгэ нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2., 248 дугаар зүйлийн 248.1.1., 248.1.2., 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3., 294, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокуророос шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2. дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл, холбогдлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

2. Прокуророос шүүгдэгч А.Билгүүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2. дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

3. Шүүгдэгч Олхонууд овогт Амарсанаагийн Билгүүн болон шүүгдэгч Боржигон овогт Санжаагийн Жанцансэнгэ нарыг тус бүрт нь бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсугай.

4. Шүүгдэгч А.Билгүүн болон шүүгдэгч С.Жанцансэнгэ нарт тус бүрт нь холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1. дэх хэсэгт зааснаар тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тэдний гадаад улсад зорчих эрхийг хязгаарлаагүй, иргэний бичиг баримтууд нь шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3. дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1. дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1. дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, энэ талаар оролцогч нарт мэдэгдэж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Билгүүн, Б.Бат-Эрдэнэ, С.Жанцансэнгэ нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                 Б.БАТАА