Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 1964

 

М.Гын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/02353 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Г,

Хариуцагч Б.Г, Б.Гр, З.С нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 295 323 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч М.Гын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч М.Г, түүний өмгөөлөгч Н.Ариунболд,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга,

Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Очбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Лхагвадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Батширээт ХХК, түүнийг төлөөлж захирал Б.Гр, хамтран зээлдэгч З.Сд 1 040 000 юанийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, 7 дугаар сарын 29-ний өдөр 180 000 юанийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн. Мөн 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлдэгч Б.Г, Батширээт ХХК, түүнийг төлөөлж захирал Б.Гр, З.С нарт 930 000 юанийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн бөгөөд 10 дугаар сарын 21-ний өдөр нийт зээлдүүлсэн мөнгийг нэгтгэн тооцож, нийтдээ 2 150 000 юанийг 6 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн гэрээг байгуулсан.

Хариуцагч нар нь зээл авснаас хойш 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг, 02 дугаар сарын 05-ны өдөр 5 000 000 төгрөг, 4 дүгээр сарын 07-ны өдөр 500 000 000 төгрөг буюу 6 сарын хүү 108 098 700 төгрөг, үндсэн зээлээс 406 407 800 төгрөгийг тус тус төлсөн. Гэрээний хугацаа дуусахад буюу 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээлээс 196 882 200 төгрөгийг төлөөгүй үлдсэн бөгөөд энэ төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Иймд хариуцагчаас зээлийн үлдэгдэл төлбөрт 196 882 200 төгрөг, алданги 98 441 100 төгрөг, нийт 295 323 300 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч нар нь дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу төлбөрөө хугацаандаа төлж чадахгүй болсон тул тэд нэхэмжлэгч М.Год гэрээнүүдийн хугацааг сунгах, хүүг багасгах хүсэлтийг гаргаснаар талууд 2013 ны 10 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлсэн ба тухайн өдрийн байдлаар хариуцагч нар нь 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн гэрээний 3 сарын хүү 124 800 юань, 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан гэрээний 82 хоногийн хүү 3 280 юань /уг гэрээгээр зээлдэгчид 30 000 юанийг л шилжүүлсэн тул 30 000 юаниас хүүг бодсон байдаг/, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн гэрээний 49 хоногийн хүү 60 760 / юань буюу үндсэн зээл 2 000 000 юань, зээлийн хүү 188 840 юань, нийтдээ 2 188 840 юань төлөх үүргээ биелүүлээгүй байсан.

Зээлдүүлэгч М.Г нь зээлдэгч нарын хүсэлтийн үндсэн дээр гэрээнүүдийг нэгтгэж, дээрх 2 188 840 юанийн төлбөрөөс 38 840 юанийг хасаж тооцон, тооцоогоо тэгшитгэж 2 150 000 юанийн зээлийн гэрээг 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан ба уг гэрээ ёсоор 6 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй, 0.5 хувийн алдангитай байх, юанийн ханшийг 280.60 төгрөгөөр тооцохоор талууд тохиролцсон. Энэ гэрээний дагуу зээлдэгч нар нь үндсэн зээлд 2 150 000 юань, хүүд 187 000 юань, нийтдээ 2 537 000 юань буюу гэрээгээр тохиролцсон ханшаар бодоход 711 882 200 төгрөг төлөх ёстой байсан.

Дээрх гэрээний хугацаа 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрөөр дууссан бөгөөд энэ гэрээний явцад хариуцагч нар нь хүү 108 592 200 төгрөг, үндсэн зээлээс 406 407 800 төгрөг буюу нийт 515 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд 196 882 200 төгрөг төлөөгүй үлдсэн. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 196 882 200 төгрөг, гэрээний дагуу алданги 98 441 100 төгрөг, нийт 295 323 300 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч нар шүүхэд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга, өмгөөлөгч Л.Очбаяр нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Зээлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлсөн тул гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон. Хариуцагч Б.Г, Б.Гр, З.С нар нь М.Гоос 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 1 040 000 юанийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 180 000 юанийг 3 сарын хугацаатай 4 хувийн хүүтэй, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 930 000 юанийг 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр тус тус “Мөнгө зээлдүүлсэн хэлцэл”-ийн үндсэн дээр зээлсэн. Мөнгө зээлдүүлсэн хэлцлээр хүлээсэн үүргийг нийт 515 000 000 төгрөгөөр тооцож төлсөн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон.

Хариуцагч Б.Г, Б.Гр, З.С нар нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгч М.Гтой харилцан тохиролцож дээр дурдсан 2013 оны 07 дугаар  сарын 17-ны өдрийн “Мөнгө зээлдүүлсэн хэлцэл”, 2013 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Мөнгө зээлдүүлсэн хэлцэл”, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “Мөнгө зээлдүүлсэн хэлцэл”-үүдийг нэгтгэж 2 150 000 юань болгон тооцож гэрээ байгуулсан зүйл байхгүй байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэмэлт тайлбартаа нэгтгэсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч М.Г 2 150 000 юанийг өгнө гэж зээлийн гэрээ байгуулчихаад зээлээ олгоогүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г, Б.Гр, З.С нараас 295 323 300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Гын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 634 567 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч М.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаж байна. Зээлийн гэрээний талууд 2013 оны 07 дугаар сарын 17, 2013 оны 07 дугаар сарын 29, 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн гэрээний үүргээр сольж дээрх өдрүүдийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон. Талууд өмнөх үүргийг дараагийн үүргээр сольж болох бөгөөд энэ нь хууль зөрчихгүй юм.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 236.2 дахь хэсэгт энэ талаар тодорхой заасан. Иймд зээлдүүлэгч М.Г, зээлдэгч Б.Гр, З.С, Б.Г нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг шийдвэрийг хүчингүй болгож, зээлдүүлэгч М.Г зээлдэгч Б.Гр, З.С, Б.Г нарын хооронд 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг үндсэн төлбөр, төгрөгт шилжүүлснээр 196 882 200 төгрөг, алданги 98 441 100 төгрөг, нийт 295 323 300 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч М.Г Б.Г, Б.Гр, З.С нараас зээлийн төлбөрийн үлдэгдэл 196 882 200 төгрөгийг 98 441 100 төгрөгийн алдангийн хамт шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрээнд заасан 2 150 000 юанийг бодитоор шилжүүлэн аваагүй, 2013 онд байгуулсан 3 удаагийн зээлийн төлбөрийг төлж барагдуулсан, тус 3 гэрээний дагуу төлбөр шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч М.Г нь 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 1 040 000 юанийг, 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 30 000 юанийг хариуцагч Б.Гр, З.С нарт, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр  Б.Гр, З.С, Б.Г нарт 930 000 юанийг тус тус 3 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлийг төлөх хугацаа хэтэрсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцож төлүүлэх, хугацаа сунгасан тохиолдолд алданги тооцохгүй нөхцөлөөр зээлийн гэрээг бичгээр  байгуулсан үйл баримт тогтоогдсон ба зохигчид эдгээр зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Мөн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2 150 000 юанийг 6 сарын хугацаатай, 3 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлийн төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөгдөөгүй дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцох, төлбөрийг төлөх үед юань төгрөгийн харьцах ханшийг 280,6 төгрөгөөс хэтрүүлэхгүй байх нөхцөлийг зээлдүүлэгч М.Г, зээлдэгч Б.Гр, З.С, Б.Г нар харилцан тохиролцож бичгээр байгуулсан зээлийн гэрээ хэрэгт авагдсан, нэхэмжлэгч тус гэрээний дагуу үүрэг шаарджээ.

2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрээг дээрх байдлаар шинэчлэн байгуулах хугацаагаар тасалбар болгон өмнөх зээлийн төлбөрийг гэрээ тус бүрээр тооцоход: 2013 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн 1 040 000 юань, 3 сарын хүү 124 800 юань, нийт 1 164 800 юань, 2013 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн зээлийн 30 000 юань, 2 сар 22 хоногийн хүү 3 280 юань, нийт 32 280 юань, 2013 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн зээлийн 930 000 юань, нэг сар 19 хоногийн хүү 60 760 юань, нийт 990 760 юань болж 3 гэрээний зээлийн төлбөр нийтдээ 2 188 840 болох тооцоо гарч байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээ байгуулсныг үгүйсгээгүй ч уг гэрээний дагуу бодитоор шилжүүлэн аваагүй, 515 000 000 төгрөгийг М.Год шилжүүлж, өмнөх 3 зээлийн төлбөр бүрэн дууссан гэж тайлбарлажээ.

Хариуцагч нараас 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 10 000 000 төгрөг, мөн оны 2 дугаар сарын 05-ны өдөр 5 000 000 төгрөг, мөн оны 4 дүгээр сарын 07-ны өдөр 500 000 000 төгрөгийг төлсөн нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс хойш байхаас гадна  төлбөр төлсөн баримтад аль гэрээний төлбөрт төлснийг заагаагүй байна.

Зохигчдын тайлбарыг дээр дурдсан хэргийн бусад баримттай харьцуулан үзвэл зээлдэгч нар 2013 оны 3 гэрээний дагуу зээлийн төлбөрийг төлөөгүй тул өөрсдийнх нь хүсэлтээр дээр дурдсан 3 гэрээний үндсэн зээл, хүүгийн төлбөрийг нэгтгэн 2 188 840 юань болгон тэгшитгэн бууруулж, 2 150 000 юанийн зээлийн гэрээг шинэчлэн бичгээр байгуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг бодит үнэнд нийцсэн гэж үзэхээр, харин хариуцагч тайлбараа хөдөлшгүй баримтаар нотлоогүй, эргэлзээтэй байна.

Иймд хариуцагчийн 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний дагуу 2 150 000 юанийг бодитоор шилжүүлэн аваагүй гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд төлөгдөөгүй зээлийн хэмжээг шинэчлэн тогтоож, зээлийн нөхцөлийг шинээр харилцан тохиролцож Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх тул уг гэрээний үүргийг зээлдэгчээс шаардах эрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчид үүссэн байна. 

Дээрх гэрээний хугацаа дуусах 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч нарт үндсэн зээл 2 150 000 юань, 6 сарын хүү 387 000 юань /2 150 000*3 хувь -64 500 юань*6 сар/ нийт 2 537 000 юань буюу 711 882 200 /2 537 000*280,6/ төгрөгийн үүрэг үүссэнээс төлөгдсөн 515 000 000 төгрөгийг хасвал 196 882 200 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байх ба үлдэгдэл төлбөрөөс гэрээгээр тохиролцсоны дагуу 0,5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөрийн 50 хувиар хязгаарлан 98 441 100 төгрөгийн алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасны дагуу гаргуулах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор байх тул хариуцагчийн энэ үндэслэлээр гаргасан татгалзал үндэслэлгүй.

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэргийн баримтыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд дээрх байдлаар залруулан зөвтгөх боломжтой байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 295 323 300 /196 882 200+98 441 100/ төгрөгөөр хангасан болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/02353 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг баримтлан хариуцагч Б.Г, Б.Гр, З.С нараас 295 323 300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Год олгосугай” гэж өөрчлөн, 

Тогтоох хэсгийн 2 дахь заалтын “улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г, Б.Гр, З.С нараас 1 634 567 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Год олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1 634 567 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                           Г.ДАВААДОРЖ

А.ОТГОНЦЭЦЭГ