Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0262

 

Иргэн А.Лын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Дэлгэр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э нарыг оролцуулан, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор иргэн А.Лын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/69 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнүүлэх, үр дүнгийн гэрээний урамшуулал болох албан тушаалын үндсэн цалингийн 1.5 хувийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартааАймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Л нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргаж, ажил үүргээ гүйцэтгэхдээ хууль тогтоомжийг сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байх, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 35 дугаар тушаалаар батлагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам -ын 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалтуудыг зөрчсөн.

Энэ нь Аудитын газрын 2015 оны Хариуцлага тооцуулах тухай 01/75 дугаар албан шаардлагад дурдсан мэргэшлийн шалгалтын шаардлага хангахгүй хүмүүсийг бүртгэж шалгалт өгүүлсэн, улмаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны тогтоолоор 2 хүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар, 2 хүнийг нөөцөд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг үндэслэл нь төрийн албан хаагчийн өргөсөн тангараг, ёс зүйтэй холбоотой томоохон зөрчил гаргасан байна гэж үзэж, 2015 оны Б/64 дүгээр тушаалаар түүнд ногдуулсан цалингийн 20 хувийг хасах сахилгын шийтгэлийг өөрчлөн хүчингүй болгож, 2015 оны Б/69 дүгээр тушаалаар 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халсан болно. Уг тушаалын 4 дэх заалтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Х.Б холбогдох санхүүгийн тооцоог хийж дуусгахыг үүрэг болгосон бөгөөд 2015 оны Б/64 дүгээр тушаалаар суутгагдсан суутгалыг нөхөж олгохыг даалгасан боловч суутгалыг нөхөн олгоогүй юм байна.

А.Л нь үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, жил бүр хийгдэж, Төрийн албаны зөвлөлд хүргүүлдэг Төрийн албан хаагчийн бүрэлдэхүүн, хөдөлгөөний тайлан-г маш хангалтгүй гүйцэтгэсэн. Тухайлбал, жил бүр шинэчлэн Төрийн албаны зөвлөлд тайлагнах ёстой аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчийн бүрэлдэхүүн хөдөлгөөнийг 2010 оноос хойш шинэчлэлт хийлгүй тайлагнаж, төрийн байгууллагыг хууран мэхэлж байсан. Мөн үүрэгт ажилд нь хамаарах аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын тушаалуудыг архивын нэгж болгон хүлээлгэн өгөхдөө 2012 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 73 дугаар тушаалын 2 дугаар хуудас буюу тушаалыг баталсан эрх бүхий этгээдийн тамга, гарын үсэг бүхий баталгааны хэсэг байхгүй, 2015 оны Б/39, Б/47 дугаар тушаалууд дутуу гэх зэрэг зөрчил дутагдлуудыг гаргасан нь илэрсэн болно. Иймд А.Лын гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Н.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эрхлэх ажил үүргийн зэрэгцээгээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны Б/75 дугаар тушаалаар аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын ажил үүргийг хавсран гүйцэтгэж байгаа болно. Ингэж хавсран гүйцэтгэхдээ ямар нэгэн нэмэгдэл, урамшуулал авдаггүй бөгөөд хэлтсийн ажлын чиг үүргийн дагуу албан шаардлагаар гүйцэтгэж байна. Уг ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилсон аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны Б/75 дугаар тушаалыг Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс төрийн захиргаа, удирдлагын хэлтэст ирж холбогдох бичиг баримтад үзлэг хийхдээ хуулбарлан авсан болно. Шүүх хуралдаанд оролцохгүй боломжгүй гэжээ.

Гуравдагч этгээд М.У шүүхэд гаргасан тайлбартааМиний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны Б/73 дугаар тушаалаар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын төрийн захиргаа, удирдлагын хэлтэст хүний нөөцийн мэргэжилтэн, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаа болно.

Одоогоор хүний нөөцийн асуудлыг хариуцаж ажиллаж байгаа бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын эрхлэх асуудлыг тус хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Н гүйцэтгэж байгаа юм. Миний бие эрх зүйч мэргэжил эзэмшсэн, уг ажлыг хийхэд хүндрэл бэрхшээл байхгүй бөгөөд томилогдсоноос хойш ямарваа нэгэн зөрчил, алдаа дутагдал гаргалгүй ажиллаж байгаа болно. Шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 26 дугаар зүйлийн 26.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч А.Лын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/69 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч А.Лыг Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 2.545.056.60 төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, А.Лтай байгуулсан 2015 оны үр дүнгийн гэрээг дүгнэж, баталгаажуулахыг Дархан-Уул аймгийн Засаг даргын тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: 1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн бөгөөд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Л нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн үйлдэл гаргаж, ажил үүргээ гүйцэтгэхдээ хууль тогтоомжийг сахин биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнч байх, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 35 дугаар тушаалаар батлагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөдөлмөрийн дотоод журам-ын 11 дүгээр зүйлийн 11.2.1 дахь Тамгын газрын үйл ажиллагаатай холбогдуулан тогтоосон дэг журам, өргөсөн тангараг, төрийн албаны зарчим, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг хатуу чанд сахих... гэсэн заалтуудыг зөрчсөн.

Энэ нь Аудитын газрын 2015 оны Хариуцлага тооцуулах тухай 01/75 дугаар албан шаардлагад дурьдсан мэргэшлийн шалгалтын шаардлага хангахгүй хүмүүсийг бүртгэж шалгалт өгүүлсэн, улмаар Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдааны тогтоолоор 2 хүнийг төрийн жинхэнэ албан тушаалд томилуулахаар, 2 хүнийг нөөцөд бүртгүүлэхээр нэр дэвшүүлсэн нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөн гэдэг үндэслэл нь төрийн албан хаагчийн өргөсөн тангараг, ёс зүйтэй холбоотой томоохон зөрчил байх тул 2015 оны Б/64 дүгээр тушаалаар түүнд авсан шийтгэл /цалингийн 20 хувь/-ийг өөрчлөн хүчингүй болгож, 2015 оны Б/69 дүгээр тушаалаар 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь халсан. Уг тушаалын 4 дэх заалтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын нягтлан бодогч Х.Б ... холбогдох санхүүгийн тооцоог хийж дуусгахыг үүрэг болгосон... нь 2015 оны Б/64 дүгээр тушаалаар суутгагдсан суутгалыг нөхөж олгохыг даалгасан заалт тул А.Лд нэг зөрчилд 2 сахилгын шийтгэл давхцуулан ногдуулаагүй болно. Дээрх суутгалыг нөхөж олгоогүй нь нягтлан бодогч Х.Батбаатарын ажлын хариуцлагатай холбоотой.

2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам-ын нэгдүгээр зүйлийн 4-д Сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтон, энэ тухай баримт, үндэслэлийг зөрчил гаргасан албан хаагчид урьдчилан танилцуулсан байна. Зөрчил гаргасан албан хаагч уг баримт материалтай танилцаад нэмэлт тайлбар хийх, дахин шалгалт явуулахыг шаардах эрхтэй гэж заасныг зөрчиж, зөвхөн Дархан-Уул аймгийн Аудитын газрын албан шаардлагыг үндэслэсэн боловч албан шаардлагын үндэслэлийг шалгаж тогтоолгүйгээр сахилгын шийтгэл ногдуулсан нь дээрх журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэжээ.

Дархан-Уул аймгийн Аудитын газраас шалгаж тогтоосон асуудлыг аймгийн Засаг даргын Тамгын газраас дахин шалгаж тогтоох бүрэн эрх байхгүй, аймгийн Аудитын газраас А.Лд зөрчлийн баримт материалыг танилцуулж, тайлбар авсан гэж үзэж байна.

Иймд, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Дархан-Уул аймгийн Аудитын газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/75 дугаар албан шаардлагаар Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтуудыг зөрчсөн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Лд сахилгын арга хэмжээ авч, хариу мэдэгдэхийг шаардсан-ыг үндэслэн хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Б/64 дүгээр тушаалаар А.Лд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т зааснаар албан тушаалын 1 сарын үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, албан хаагч А.Л зөрчил болон шийтгэл ногдуулсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч уг тушаалд гомдол гаргаагүй, улмаар түүний 11 дүгээр сарын цалингаас суутгал хийснээр уг сахилгын шийтгэл хэрэгжиж дууссан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Гэтэл хариуцагч 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Б/69 дүгээр тушаал гаргаж, аймгийн Аудитын газрын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 01/75 дугаар /тушаалд огноог 2015 оны 11 дүгээр сарын 30 гэж ташаа бичсэн/ шаардлагыг үндэслэн дээрх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалаа хүчингүй болсонд тооцож, дахин А.Лд сахилгын шийтгэл ногдуулж, төрийн албанаас халсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 /Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна/, 26 дугаар зүйлийн 26.5 /Нэг төрлийн сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй/ дахь заалтуудыг зөрчсөн хууль бус шийдвэр болжээ.

Тодруулбал, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал бүрэн хэрэгжсэн, уг тушаал нь хууль тогтоомж зөрсөн гэх байдал тогтоогдоогүй байхад тухайн шийдвэрээ хүчингүй болсонд тооцох замаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэлийг хүндрүүлэн ногдуулж, төрийн албанаас халсан нь сахилгын нэг зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулсан гэх Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл болох бөгөөд энэ нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.

Эндээс үзвэл Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/69 дүгээр захирамжийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Нэгэнт маргаан бүхий захиргааны актыг нэг төрлийн зөрчилд давхардуулан шийтгэл ногдуулсан хууль бус шийдвэр гэж дүгнэсэн тохиолдолд уг актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагагүй бөгөөд энэ асуудлаар анхан шатны шүүх Аудитын газрын шалгалтаар А.Лын гаргасан зөрчил тогтоогдсон, түүнтэй нэхэмжлэгч маргаагүйг анхааралгүйгээр хариуцагч Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, энэ талаар төрийн дээд шатны байгууллагад гомдол гаргах журам, Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам-уудыг зөрчсөн талаар дүгнэж, актыг хүчингүй болгох нэг нөхцөл болгосон нь үндэслэл муутай.

Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн буюу төрийн захиргааны албан тушаалын орон тоонд ажиллаж байсан А.Лд Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгүүлсэн, үүнтэй нь холбогдуулж, Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 187 дугаар тушаалаар түүнд 30 хувийн нэмэгдэл цалинг олгосон, маргаан бүхий захиргааны актаар дээрх албан тушаалуудаас чөлөөлөгдсөнөөр нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын төдийгүй Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтний ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болж үндсэн болоод нэмэгдэл цалингаа авч чадаагүйг харгалзан маргаан бүхий актыг хууль бус гэж үзсэнтэй холбогдуулж, шүүх Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны олговрыг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь зөв байна. Мөн А.Лын ажилласан хугацааны буюу 2015 оны Үр дүнгийн гэрээг зохих журмын дагуу дүгнэх талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, даалгаж шийдвэрлэжээ.

Харин анхан шатны шүүх Үр дүнгийн гэрээний урамшуулал болох албан тушаалын үндсэн цалингийн 1.5 хувь цалинг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох талаар зөв дүгнэж, үр дүнгийн гэрээг хэрхэн дүгнэснээс шалтгаалж олгох урамшууллын хэмжээ тогтоогдох учраас шууд урамшуулал олгохыг даалгах боломжгүй-г шийдвэрийн Үндэслэх нь хэсэгтээ дурдсан боловч Тогтоох нь хэсэгт энэ талаар тусгаагүй нь буруу байна.

Үүнээс гадна шүүхийн шийдвэрийн Тогтоох нь хэсэгтээ хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв хэрэглээгүй байх тул зохих өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2 гэснийг хасч, 1 дэх заалтын 11.6 гэсний дараа 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 гэж, төгрөгийг гэсний дараа Дархан-Уул гэж тус тус нэмж, даалгасугай гэснийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Үр дүнгийн гэрээний урамшуулал болох албан тушаалын үндсэн цалингийн 1.5 хувь цалинг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ Д.БАТБААТАР