Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч *******т холбогдох 2236000000040 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар х янан шийдвэрлэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1982 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, боловсролгүй, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, *******т оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, *******, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар Яллагдагч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамаарах газар нутаг болох Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэр “Цагаан толгой” хэмээх газарт ховор амьтан болох 1 тооны зэгсний зэрлэг гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, мөн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох зэгсний зэрлэг гахайн мах, арьсыг иргэн Э.Ганбаатарын эзэмшлийн 8466 ХОҮ улсын дугаартай “Accent verna” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 1.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-10 дахь тал), 2.Гэрч Э.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2022 оны 01 дүгээр сарын 09-ний орой манай ах ******* “машинаа өгч байгаач, би хөдөө яваад ирмээр байна” гэж хэлээд аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17- 18 дахь тал), 3. Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Мянгад сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Буянт сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Б.БатЭрдэнийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 19 дэх тал), 4.Шинжээч, Ховд аймгийн Мал эмнэлгийн лабораторийн эмч М.Хандгайгийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “1.Үзлэгээр хураан авсан арьс шинжилгээнд тэнцэнэ. 2.Уг арьс нь амьтны арьс мөн болно. 3.Уг арьс нь зэгсний зэрлэг гахайн арьс мөн болно. 4.Арьсны талбайн хэмжээ туурайн бүтэц зэргийг харгалзан 2 настай тоорой гэж үзэж байна. Тухайн амьтны эр, эмийг тодорхойлох боломжгүй. 5.Тухайн амьтны арьс нь өөрийн чийгийг алдаагүйг харгалзан шинэ болохыг тогтоов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28 дахь тал, 5.Шинжээч А.Нансалмаа, Д.Бөхболд, Т.Уранбаяр нарын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “1.Үзлэгээр хураан авсан арьс шинжилгээнд тэнцэнэ. 2.Хураагдсан арьсыг харахад эр, эмийн аль нь болохыг тодорхойлох боломжгүй байна. 3.Дээрх амьтны арьс нь шинэ арьс. 4.Уг амьтны арьс нь зэгсний зэрлэг гахай. 5.Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр зэгсний зэрлэг гахайн үнэлгээг /Sus scrofa nigripes/ эр нь 2900000 төгрөг, эм нь 3300000 төгрөг. 6.Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад орсон.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал, 6.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 37-42 дахь тал), 7.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн нутаг дэвсгэр Цагаан тохой гэх нэртэй газар Улсын тусгай хамгаалалттай газар нутагт орно. Хар ус нуур орчмын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүс байгаа юм. Манай байгууллагаас ямар нэгэн гомдол, санал байхгүй. Зэгсний зэрлэг гахай гэх амьтан манай тусгай хамгаалалттай газар нутгаас агнагдсан байх тул экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал), 8.Иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Миний эзэмшлийн 8466 ХОҮ улсын дугаартай “Accent verna” маркийн автомашиныг ах ******* “ажил амжуулаад ирье” гэж хэлээд 2022 оны 01 дүгээр сарын эхээр гуйж авч явсан. Тухайн өдрийг мартсан байна. Зэгсний гахай агнаж, арьсыг нь ачиж явсан гэж сонссон.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал), 9. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан Ан амьтан, экологи-эдийн засгийн үнэлгээ, мөн Засгийн газрын Жагсаалт, журам батлах тухай 2012 оны 7 дугаартай тогтоол, (хавтаст хэргийн 85 дахь тал), 10.Эд хөрөнгө битүүмжилсэн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 93 дахь тал), 11.Автомашины үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17- ны өдрийн “Accent verna автомашин 1000000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 100-101 дэх тал), 12.Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “... Би айсандаа урьд өгсөн мэдүүлгээ худлаа өгсөн юм. Би тухайн үед дүүгийнхээ машинтай нуур руу загас барих санаатай явж байгаад тохой тойроод гараад иртэл /Цагаан тохой/ гэх нэртэй газарт мөсөн дээр нэг гахайн тоорой явж байхаар нь араас нь машинтай гол дагуулаад 1 км орчим хөөгөөд хажуу талын эрэг рүү гарах гэхээр нь урдуур нь орж эргүүлж 1 км газар хөөхөд эцээд явж чадахгүй болоод хэвтсэн. Тэгэхээр нь чирч голын баруун тал руу гаргаж хүлж байгаад загас цэвэрлэхээр авч явсан хутгаа гутлынхаа түрүүнээс гаргаж, цээж орчим руу хутгалж алсан. Тэгээд хээр өвчөөд махыг нь гэртээ авч ирж чанаж идээд дуусгасан. Арьсыг нь хаях санаатай машинд авч явж байгаад цагдаа нарт баригдсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 119 дэх тал), 13.Эд зүйлд үзлэг хийсэн мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 110- 111 дэх тал), 14.Шүүгдэгч *******ийн хууль бусаар агнасан гэх зэгсний зэрлэг гахайн арьсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 112-118 дахь тал), 15.Амьны экологи эдийн засгийн үнэлгээ буюу нөхөн төлбөрт 1000000 төгрөг төлсөн Төрийн банкны 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт (хавтаст хэргийн 120 дахь тал) зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: 1.Гэрч Э.Доржмягмарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Үеэл ******* нь эхнэр, 15-2 насны 4 хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр Цэцэгмаа нь Мянгад сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамлын ажил хийдэг. ******* нь 150 орчим малтай. Мал нь Дуут суманд дүүгийнд нь байдаг. Одоо Мянгадад тодорхой эрхэлсэн ажил хийдэггүй. Амьдрал ахуйн хувьд дундаж, одоогоор эхнэрийн цалингаар амьдардаг. Эхнэрийнх нь нэр дээр Приус-20 маркийн автомашин, хашаа, гэртэй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 106 дахь тал), 2. Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, (хавтаст хэргийн 73, 78 дэх тал), 3.2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 77 дахь тал), 4.*******ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 80 дугаартай “Иргэн Эрдэнэцогт овогтой Ганзориг нь ам бүл 6, тус багт оршин сууж амьдардаг нь үнэн болно.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дахь тал), 5.Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого (хавтаст хэргийн 74-76 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Шүүгдэгчийн зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн “Цагаан толгой” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай ХарУс нуурын Байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэрийн хязгаарлалтын бүсэд хамаардаг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т “амьтан” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа буюу түр нутагшсан ... ан амьтан ... хамаарна гэж, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “ховор амьтан”-д тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устгаж болзошгүй амьтныг эсхүл ихэнх хэсэгт тоо толгой цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг хамааруулахаар хуульчилж, ховор амьтныг зөвшөөрөлгүйгээр агнахыг хоригложээ. Монгол улсын Засгийн газрын 2012 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар зэгсний зэрлэг гахайг ховор амьтны жагсаалтад оруулжээ. Хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгчийн агнасан гахай нь ховор амьтны жагсаалтад орсон 2 настай зэгсний зэрлэг гахай болох нь тогтоогдож байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагдах нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй ан, амьтан агнах, барихыг хориглосон байхад шүүгдэгч ******* нь ховор амьтны төрөлд орох 1 тооны зэгсний зэрлэг гахайг агнаж, улмаар тухайн зэгсний зэрлэг гахайн арьсыг тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хэргийн газарт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-10 дахь тал), Ховд аймаг дахь Цагдаагийн газрын Мянгад сум дахь сум дундын цагдаагийн тасгийн Буянт сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Б.Бат-Эрдэнийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 19 дэх тал), шинжээч А.Нансалмаа, Д.Бөхболд, Т.Уранбаяр нарын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал ), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Уранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал), иргэний нэхэмжлэгч Э.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх тал), яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 119 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүнийг тусгай зөвшөөрөлгүйгээр улсын тусгай хамгаалалттай газар нутагт буюу Хар-Ус нуурын Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хамаарах нутаг дэвсгэрээс 1 тооны ховор амьтан болох зэгсний зэрлэг гахайг агнаж, түүхий эдийн гаралтай зүйл буюу арьсыг иргэн Э.Ганбаатарын эзэмшлийн 8466 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ. Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь “хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, түүний үйлдсэн гэмт хэрэгт нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна. Иймд шүүгдэгч *******ийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнаж, улмаар ховор амьтны түүхий эдийн гаралтай зүйлийг тээвэрлэж, хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал ховор амьтны жагсаалтад орсон амьтны махыг хүнсэнд хэрэглэх зорилгоор агнасан үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлбөрт 1000000 төгрөг төлж, үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч нь зэрлэг гахайг агнаж хүнсэндээ хэрэглэх зорилготой байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар “зэгсний зэрлэг гахай”-ны экологи-эдийн засгийн үнэлгээг эрийг нь 2900000 төгрөг эмийг нь 3300000 төгрөгөөр хүйсээр нь ялгамжтай тогтоосон байна. Хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгчийн агнасан зэгсний зэрлэг гахайн хүйсийг тогтоох боломжгүй байх тул эргэлзээтэй нөхцөл байдлыг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын хүрээнд эр зэгсний зэрлэг гахайн нөхөн төлбөрийн хэмжээ 2900000 төгрөгөөр амьтны аймагт учирсан хохирлыг тооцов. Иймээс Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж заасны дагуу зэгсний зэрлэг гахайн экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрт 5800000 төгрөгийг шүүгдэгч *******оор төлүүлэх нь үндэслэлтэй байна. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******ийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлж, үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 1000000 төгрөг төлж, үлдэгдэл 4800000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн учир шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй. Бусад асуудлын талаар: Энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхээ иргэн Э.Ганбаатарын эзэмшлийн 8466 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашигласан нөхцөл байдал тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэ 1000000 төгрөгийг түүний хувьд ногдох, хөрөнгө орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлэхэд зарцуулах нь зүйтэй байна. Амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт шүүгдэгч 1000000 төгрөгийг төлж барагдуулсан нь хэрэгт цугларсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч *******оос 4800000 төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэлээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч “хохирлыг 2022 оны 06 дугаар сарын 01-ний дотор төлөх болно” гэж мэдүүлсэн учир түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар хохирлыг 8 сарын хугацаанд төлж барагдуулах хугацаа тогтоов. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зэгсний зэрлэг гахайн арьсыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хутга 1 ширхгийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэв. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 8466 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 1, 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч *******ийг улсын тусгай хамгаалалттай газар нутагт тусгай зөвшөөрөлгүйгээр ховор амьтан агнасан, ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Эрдэнэцогтын Ганзоригийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 4 /дөрөв/ сарын хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******т “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******т тус тус тайлбарласугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1000000 /нэг сая/ төгрөгийг шүүгдэгч *******ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг нөхөн төлүүлэхэд зарцуулсугай. 6.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7.Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******оос 4800000 /дөрвөн сая найман зуун мянга / төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар шүүгдэгч *******т амьтны аймагт учруулсан хохирлыг 8 сарын хугацаанд төлөх хугацаа тогтоосугай. 9.Шүүгдэгч ******* нь амьтны аймагт учруулсан хохирлын нөхөн төлбөрт 1000000 төгрөг төлсөн, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхгийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид шилжүүлж, зэгсний зэрлэг гахайн арьсыг устгахыг Ховд аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 8466 ХОҮ улсын дугаартай “Ассент verna” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 3 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай. 11.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 191 дүгээр зүйлийн 191.1-д тус тус зааснаар тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгч *******т хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 12.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК