Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 11

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                    Хэргийн индекс: 114/2020/0008/З

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Г.Чойномыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч И.Идэржаргалын нэхэмжлэлтэй

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох

Нэхэмжлэлийн “Y-2003005271 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4-р байрны 19 тоот орон сууцны өмчлөгчөөр И.Идэржаргал намайг Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, цахим мэдээллийн санд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай шаардлагатай захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                              Б.Баярсайхан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                                О.Мэндбаяр  нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярсайханаас шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Ү-2003005271 дугаарт бүртгэгдсэн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны 19 тоот 18 м2 бүхий 1 өрөө байрыг 2002 оны 12 дугаар сард бэлэглэлийн журмаар Н.Бат-Идэр, Н.Оюунбилэг нараас  худалдаж авсан ба өмчлөх гэрчилгээ нь Идэржаргалын нэр дээр нь байдаг. Гэрчилгээг нь одоог хүртэл хадгалаад байж байгаад ноднин буюу 2019 онд байраа нөгөө орцныхоо 3 өрөө байраар арилжааны гэрээгээр солиод улсын бүртгэл дээр очоод гэрчилгээгээ шилжүүлэх гэтэл цахим мэдээллийн сан бүртгэлд бүртгэлгүй бүртгэгдээгүй байна гэж хэлэхэд нь энэ тухайгаа мэдээд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст манай байрны тухай мэдээллийг улсын бүртгэлийн цахим санд оруулж өгөх хүсэлтийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан бөгөөд үүний дагуу аймгийн улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “эд хөрөнгийн бүртгэлийн цахим мэдээллийн сангийн цахим мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” 004602 тоот дүгнэлтээр мэдээллийн санд мэдээллийг оруулахаар шийдвэрлэсэн. Гэтэл Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ний өдрийн 1335 дугаар дүгнэлтээр 004602 тоот дүгнэлтийг хүчингүй болгосон байдаг. 2020 оны 03 сарын 27-ны өдөр аймгийн улсын бүртгэлийн хэлтэст уг орон сууцыг өмчилж байгаа мэдээллийг цахим санд оруулах тухай хүсэлтийг гаргахад 2020 оны 04 сарын 22-ны өдөр 553 дугаарын албан бичгээр эрхийн улсын бүртгэлийн Ү-2003005271 дугаартай орон сууц нь худалдан авах гэрээгээр иргэн И.Идэржаргалд шилжсэн талаарх нотлох баримтууд нь баримт бичиг хадгалах хугацаа дуусч устгалд оруулсан байх тул нотлох баримт байхгүй учраас мэдээллийн санд бүртгэх боломжгүй гэсэн татгалзсан хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэлээ гаргасан.

    Тухайн байранд манай гэр бүл 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Энэ хугацаанд иргэний болон энэ байрны талаар ямар нэгэн маргаан гарч байгаагүй. Гэрчилгээн дээр улсын бүртгэгч Хишгээ гэж гарын үсэг зурагдаж бичигдсэн байдаг ба тухайн үеийн Улсын бүртгэлийн ажилтнуудын хариуцлагагүй байдлаас энэ маргаан үүссэн гэж үзэж байгаа. Манайхтай байраа сольсон хөгшин маань өндөр настай, ганц хүү нь бие муутай хэвтэрт байдаг, энэ хөгшин хэзээ бурхан болохыг мэдэхгүй, хурдхан шиг шийдүүлж санааг нь амрааж бичиг баримтыг нь бичүүлж өөрт нь өгмөөр байна. Байрны талаарх бичиг баримтуудыг архивт хайхад устгасан гээд тусгайлсан баримтууд олдохгүй байгаа ба хувийн хэрэг баримт бичиг нь байхгүй байгаа. Улсын бүртгэлийн хэлтэст өмчлөгчийн гэрчилгээ олгосон тухай бүртгэл нь бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байдаг.

         Иймд улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож,  Y-2003005271 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны 19 тоот орон сууцны өмчлөгч И.Идэржаргалыг Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж” өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мэндбаяраас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 19 тоот орон сууцны өмчлөгчөөр иргэн И.Бат-Идэр, Н.Оюунбилэг, Б.Баярцэнгэл нарыг 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасан мэдүүлэг, хүсэлт, орон сууц хувьчлах товчооны 1998 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоол зэрэг бусад нотлох баримтуудыг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2003005271 дугаарт бүртгэгдсэн бүртгэлтэй байна. И.Идэржаргал нь тус байрыг 2002 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр Бат-Идэр, Оюунбилэг нараас шилжүүлэн авч эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн 0069589 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ тухайн үеийн Дархан-Уул аймаг дахь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн товчооноос олгосон гэх боловч өнөөдрийн байдлаар манай архивын хувийн хэргийн эх нотлох баримт болон цахим мэдээллийн санд худалдан авах гэрээгээр шилжсэн гэх нотлох баримт байхгүй байна. Иргэн Идэржаргалын 2019 онд гаргасан хүсэлтийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4602 дугаартай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сангийн цахим мэдээлэлд өөрчлөлт оруулах” тухай дүгнэлт гарсан боловч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1335 дугаартай дүгнэлтээр дүгнэлтийг хүчингүй болгосон байсан.

Тус байранд Идэржаргал нь 2019 онд арилжааны гэрээгээр арилжихаар мэдүүлэг гаргасан байдаг ба цахимжуулах ажиллагаа явагдаж, архивт хайхад шилжүүлсэн, хассан нотлох баримт байхгүй байсныг тайлбарлахад манай хэлтэст хүсэлтээ гаргаснаар дээрх ажиллагаанууд хийгдэж ирсэн ба 2020 оны 3 дугаар сард дахин мэдээллийн санд бүртгэх тухай хүсэлтийг ирүүлснээр манайхаас 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 553 дугаар албан бичгээр хууль хяналтын байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлэх тухай мэдэгдсэн.

2012 оны 7 дугаар сараас 2014 оны 6 дугаар сарыг хүртэлх хугацаанд эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой баримтуудыг цахимжуулсан байдаг ба энэхүү ажлыг гэрээт ажилтнууд гүйцэтгэж мэдээллийн санд шивж оруулсан байдаг. Цаасан нотлох баримтыг Аймгийн архивын газраас гаргуулахаар хүсэлт гаргасан боловч он цаг дарааллын дагуу устгалд орсон гэсэн хариуг ирүүлсэн учир бүртгэх боломжгүй болсон. Үнэт цаасны дугаар олгосон бүртгэлд И.Идэржаргалд өмчлөгчийн гэрчилгээ олгосон тухай бүртгэгдсэн байгаа. Өмчлөгчөөр тогтоогдоод ирсэн тохиолдолд манай байгууллагын зүгээс даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө гэв.

                                                  ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч И.Идэржаргалын Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Ү 2003005271 дугаарт бүртгэгдсэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны 19 тоот орон сууцны өмчлөгчөөр И.Идэржаргал намайг Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, цахим мэдээллийн санд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байхад “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, цахим мэдээллийн санд бүртгэхийг аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” гэж өөрчилсөн байна.   

Дээрх шаардлагын хүрээнд хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогчдын шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч, шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны 19 тоот орон сууц нь Аймгийн орон сууц хувьчлах товчооны 1998 оны 12  дугаар сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоолоор /хавсралтын 218-д/ Н.Бат-Идэрт хувьчлагджээ.

Нэхэмжлэгч И.Идэржаргал нь “Бат-Идэр, Оюунбилэг нараас дээрх орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр худалдан авсан” гэх ба энэхүү 2 хүний хувийн байдлыг тодруулах явцад Н.Бат-Идэр нь 2006/05/07-ны өдөр нас барсан, Н.Оюунбилэг нь биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэл /гарын хурааны хээ/-д бүртгүүлээгүй болох нь нас барсны бүртгэлийн лавлагаа, аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 776 дугаар албан тоотоор тодорхойлогдож байх бөгөөд Н.Бат-Идэр, Н.Оюунбилэг нарыг гэрчээр асууж, нотлох боломжгүй байна. Иргэн И.Идэржаргал нь ам бүл-5,  Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны 19 тоотод 2002 оноос өнөөдрийг хүртлэх хугацаанд амьдарч байгаа нь Дархан сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, “Дархан-Ус суваг” ХК, “Дархан Сэлэнгийн Цахилгаан түгээх сүлжээ“ ХК-ийн тодорхойлолтуудаар нотлогдож байна.

Бүртгэлийн байгууллагаас 2002 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны 19 тоот 18 м2 талбай бүхий 1 өрөө орон сууц И.Идэржаргалын өмчлөлд Ү-2003005271 дугаарт бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0069589 дугаарын гэрчилгээ олгогдсон болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг бүртгэх дэвтэр болон үл хөдлөх хөрөнгийн дэвтрийн хуулбарууд, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0069589 дугаарын гэрчилгээгээр тус тус тогтоогдож байна.

 И.Идэржаргал нь 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдөр иргэн П.Хишигдоржтой /Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хороолол 4 дүгээр байрны 6 тоот орон сууцыг/ арилжааны гэрээгээр өмчлөл шилжүүлэхтэй холбогдуулан гэрээ, улсын бүртгэлийн мэдүүлгийг аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тасагт гаргаснаар тухайн орон сууцтай холбоотой хувийн хэргийн эх нотлох баримт болон цахим мэдээллийн санд гэрээгээр шилжсэн гэх нотлох баримтууд байхгүй, бүртгэгдээгүй болохыг мэдэж 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр аймгийн улсын бүртгэлийн хэлтэст байрны тухай мэдээллийг бүртгэлийн санд оруулах тухай өргөдөлөө гаргажээ. Улмаар 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 4602 дугаартай Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн “эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээллийн сангийн цахим мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай” дүгнэлт гарсан боловч Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хяналт шалгалтын газрын хяналтын улсын ахлах байцаагчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 1335 дугаар дүгнэлтээр 4602 дугаар бүхий дүгнэлтийг хүчингүй болгон шийдвэрлэснээр И.Идэржаргал нь дахин аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2020 оны 03 дугаар сарын 27-ний өдөр улсын бүртгэлийн мэдээллийн сангийн цахим мэдээлэлд мэдээллийг оруулах тухай хүсэлт гаргасныг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 553 дугаар албан бичгээр  татгалзсан хариуг өгсөн байна.

Хариуцагч Аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс “хувийн хэргийн эх нотлох баримт болон мэдээллийн санд худалдан авах гэрээгээр иргэн И.Идэржаргалд шилжсэн гэх нотлох баримт байхгүй байсан учир мэдээллийн санд бүртгэх боломжгүй” гэж тайлбарлаж байгаа боловч “Аймгийн улсын бүртгэлийн хэлтэст 2012-2014 онуудад цахимжуулах үйл ажиллагаа явагдаж,  үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хувийн хэргүүдийг мэдээллийн санд шивэх зорилгоор архиваас хувийн хэрэг, бусад нотлох баримтуудыг удаа дараа гаргаж гэрээт ажилтнуудаар цахим мэдээллийн санд шивж оруулж байсан гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гэрч Б.Хишгээгийн “2009, 2011, 2017 онуудад тухайн байгууллагын архивын байршил өөрчлөгдөж хувийн хэргүүд дэх нотлох баримтууд алга болох, өөр хувийн хэрэг рүү орох зэрэг тохиолдлууд удаа дараа гарч байсан” гэх тайлбаруудаас үзэхэд хариуцагч байгууллагын албан тушаалтнуудын хариуцлагагүй, буруутай үйл ажиллагааны улмаас И.Идэржаргалын үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой хувийн хэрэг, бусад нотлох баримтууд нь алга болсон гэж үзэх үндэслэлтэй байна.

  Шүүхээс Н.Бат-Идэр, И.Идэржаргал нартай холбоотой гэрээг тодруулахаар Аймгийн архивын сан хөмрөгийн баримтад үзлэг хийж, авсан бичгийн баримт болох хөмрөгийн жагсаалтаас үзэхэд жагсаалтын  91-д нотариатч Ц.Энхтүвшин 2000-2013 он, 93-д нотариатч Ш.Алтанцэцэг 2000-2013, 96-д нотариатч И.Энхболд 2002-2018 гэж бүртгэгдсэн байх ба архивын сан хөмрөгийн баримтанд хадгалагдаж байсан дээрх нотариатчдын 2000-2013 онуудын гэрээнүүд, үл хөдлөх эд хөрөнгийн холбогдолтой баримтууд, бүртгэлийн дэвтрүүд нь Төрийн архивын ажлын үндсэн заавар, баримт бичиг хадгалах хугацааны үлгэрчилсэн болон Нотариатчдын танхимын удирдах зөвлөлийн хурлын 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01 тоот тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Нотариатын архивын хадгаламжийн нэгж бүрдүүлэх, хадгалах, архивт шилжүүлэх, лавлагаа олгох журам”-ын дагуу хадгалах хугацаа нь дуусч устгагдсан болох нь Архивын тасгийн дэргэдэх ББНШАЗКомиссын 2007 оны 05 дугаар сарын 01, 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлүүд, устгах бичгийн жагсаалт зэргээр тогтоогдож байх тул тухайн орон сууц Н.Бат-Идэрээс И.Идэржаргалд ямар гэрээгээр шилжигдсэн талаарх нотлох баримтуудын эх хувийг олж тогтоох үнэлэх боломжгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 12 дугаар зүйлийн 1-д “...үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд тусад нь бүртгэх бөгөөд уг бүртгэлд дор дурьдсан зүйлийг тусгана”, 5-д “үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, барьцаалсан тухай тэмдэглэл”, хуулийн 13 дугаар зүйлийн 1-д “Үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, тухайн этгээд түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг өмчлөгчид олгоно”, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийн буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч нь тухайн үед бүртгэлийн байгууллагад хандаж Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар баримт бичгүүдийг тухай бүрт нь хавсарган мэдүүлгээ гаргаж өгснөөр энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын бүртгэгч мэдүүлгийг хянаж, энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан гэж үзвэл түүнийг улсын бүртгэл бүртгэх шийдвэр гаргах бөгөөд мэдүүлэг хүлээн авсан өдрөөр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэнэ” гэж заасны дагуу улсын бүртгэгч нь эрхийн улсын бүртгэлийг хийж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдон, гэрчилгээ олгосон бүртгэлийн бүртгэлд бүртгэгдсэн байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч улсын бүртгэлийн хэлтсээс Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны 19 тоот хаягт байрлах уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч И.Идэржаргалыг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Шүүх хэргийг шийдвэрлэх үед буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн /2018 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1-д улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална, 4.1.4 “үнэн зөв, бодитой заавал биелэгдэх шинжтэй байх”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд мэдээлэл оруулах, өөрчлөх, боловсруулах, баталгаажуулах ажлыг улсын бүртгэгч эрхлэн гүйцэтгэнэ”, 11.3-т “улсын бүртгэлийн байгууллага энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан бүртгэлийг цахим хэлбэрт оруулах, мэдээллийн сан үүсгэх, түгээх, ашиглах...” гэж зааснаар Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны 19 тоот 18 м2 талбай бүхий 1 өрөө  орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр И.Идэржаргал улсын бүртгэлийн Ү-2003005271 дугаарт бүртгэгдэж, улсын бүртгэлийн 0069589 дугаарын гэрчилгээ олгогдсон мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэхийг хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Дээрх баримтуудаас дүгнэхэд Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны 19 тоот хаягт байрлах уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч И.Идэржаргалыг улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус байх бөгөөд нэхэмжлэгч И.Идэржаргалын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                      ТОГТООХ нь:

1. 1997 оны Үл  хөдлөх эд хөрөнгийн  бүртгэлийн  тухай  хуулийн 12 дугаар зүйлийн 1,

5 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  2018 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж,  Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэлийн мэдээллийн санд Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны 19 тоотод иргэн И.Идэржаргалын мэдээллийг бүртгэхээс татгалзсан үйлдлийг хууль бус болохыг тогтоож, Дархан сумын 10 дугаар багийн 5 дугаар хорооллын 4 дүгээр байрны 19 тоот 18 м2 талбай бүхий 1 өрөө  орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр И.Идэржаргал улсын бүртгэлийн Ү-2003005271 дугаарт бүртгэгдэж, улсын бүртгэлийн 0069589 дугаарын гэрчилгээ олгогдсон мэдээллийг улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч И.Идэржаргалаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг тус шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүрэгтэйг танилцуулсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, давж заалдах эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                                                                                                                                                  

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.НАРАНТУЯА