Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1983

 

Кгийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/02261 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч К,

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох,

 

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

73 000 ам.доллар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Кгийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

 

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, өмгөөлөгч Н.Мандах нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Амарбаясгалан,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

О.Аззаяа, өмгөөлөгч Н.Мандах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНСУ-ын иргэн К 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Э ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 102 дугаар байр, 701 тоотын 185.35 м.кв орон сууцыг 278 000 ам.доллараар авахаар харилцан тохиролцсон. Энэ гэрээний дагуу орон сууцны үнэ 278 000 ам.долларыг 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бэлнээр төлсөн байдаг. Гэрээг Э ХХК-ийн захирал Им Жун Ү-тэй байгуулсан, орон сууцны үнийг Ерөнхий захирал И Мён Мүгт хүлээлгэн өгсөн. Гэрээ бичгээр хийсэн, мөнгө хүлээлцсэн бичгийн баримт хийгдсэн.

Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний 3.1-т үнийг төлж барагдуулснаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байр, 701 тоот, 185 35 м.кв орон сууцны өмчлөх эрх үүсэхээр заасан. Орон сууцны үнийг төлж, өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг авах гэхээр компанийн зүгээс тухайн орон сууцны барилгыг Улсын комисс хүлээн аваагүй байгаа гэсэн тайлбарыг хийдэг байсан боловч нэхэмжлэгч нь гэр бүлийн хамт уг орон сууцанд амьдарч, оршин суусаар өнөөг хүрсэн. Гэтэл тухайн орон сууцыг чөлөөлөх мэдэгдэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн11/2 тоот албан бичгээр өгсөн тул ямар асуудал болоод байгааг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд очиж лавлахад Э ХХК нь өр төлбөртөө тооцож, Сөүлвин ХХК-д шилжүүлж, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байсан.

Сөүлвин ХХК-ийн нэхэмжлэлтэй Э ХХК-д холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдөр 1141А тоот зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар шийдвэрлэсэн боловч тухайн хэргийн хүрээнд гарсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авч маргаан бүхий орон сууцыг битүүмжлээгүй. Өнөөдрийн байдлаар, Сөүлвин ХХК-ийн орон сууц өмчлөх эрхийг бүртгэсэн улсын бүртгэл хүчингүй болсон бөгөөд энэ талаар Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрүүд байна.

Нэхэмжлэгчийн зүгээс, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ажиллагаанд гомдол гаргаж улмаар Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 117 дугаар шийдвэр гарсан бөгөөд энэ шийдвэрээр, К нь орон сууцны эзэмшигч, өмчлөгч мөн гэсэн үйл баримт тогтоогдсон. Мөн гуравдагч этгээдүүдийн яриад байгаа И Мён Мүг гэгч гэрчийн мэдүүлэг өгөхдөө Э ХХК-ийн хараат байдалд орж мэдүүлэг өгсөн байж болох боломжтой. Гэрээ байгуулсан Им Жун Ү 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр биечлэн байгаагүй боловч уг гэрээг байгуулах тохиролцоо өмнө нь хэлэлцэгдэж байсан тул К гэрээ байгуулахаар очиход компанийн ажилтан гэрээн дээр гарын үсэг зуруулсан, харин дараа нь мөнгөө төлөөд гэрээгээ авсан. Тэгэхээр, Монгол Улсаас явахаас өмнө гэрээний загвар дээр өөрөө гарын үсгээ зурчихсан байж болох бөгөөд энэ бол компанийн дотоодын асуудал.

Иймд, БНСУ-ын иргэн Кг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байр, 701 тоотын 185.35 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгч болохыг тогтоож, уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг хариуцагч Э ХХК-д үүрэг болгож мөн БНСУ-ын иргэн Кг тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнд компанийг төлөөлөн гарын үсэг зурсан И Ён Муг нь тухайн үед гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш байсан, компанийн захирлаар Э.Чимэддагва ажиллаж байсан. Тухайн 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээний зүйл болох орон сууцны үнэ 278 000 ам.доллар өнөөг хүртэл төлөгдөөгүй. Голден Вилл цогцолборын 102 дугаар байрны 701 тоот орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаар дамжуулан компанийн төлбөрт тооцон Сөүлвин ХХК-д шилжүүлсэн, тус компанийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.

Мөн орон сууцны үнэ болох 278 000 ам.доллар төлж барагдуулсан гэдэг үндэслэлгүй бөгөөд манай компанид К болон түүний нөхөр Пак Бён Үг-ээс байрны төлбөр төлсөн гэх нэг ч орлого ороогүй. Кгийн нөхөр Пак Бён Үг нь компанийн бичиг баримт, гэрээний орчуулга, бусад ажилд туслахаар тохирч дээрх орон сууцанд түр орж амьдарсан нь үнэн боловч уг орон сууцыг худалдан авч мөнгийг төлсөн асуудал байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, өмгөөлөгч Н.Мандах нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан шаардлага, хариу тайлбартаа: Нэхэмжлэгч К 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Э ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулсан, гэрээнд заасан 278 000 ам.долларыг Э ХХК-ийн ерөнхий захирал И Мён Мүг гэгчид өгсөн гэж ярьдаг. Тухайн үед хариуцагч компанийг бүрэн төлөөлөх эрхтэй этгээд болох захирал Э.Чимэддагватай гэрээг байгуулаагүй, төлбөрийг тушаагаагүй, төлбөр тушаасан санхүүгийн баримтгүй байна.

Нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээний хуулбар хувийг өгсөн байдаг бөгөөд гэрээ байгуулсан хэсэгт Э ХХК-ийг төлөөлж, ерөнхий захирал гээд Им Жун Ү гэсэн нэрний дээр хэсэгт бичсэн гарын үсгийг К бичсэн болох нь шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. И Мён Мүг шүүхэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэрээг байгуулаагүй, мөнгийг аваагүй гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл, компанийн ажилд шаардлага болно гэж үзээд цагаан цаасан дээр гарын үсэг зурж, нэхэмжлэгчийн нөхөрт үлдээсэн байсныг ашигласан гэж мэдүүлдэг. Яагаад хоосон цаасан дээр гарын үсэг зурах болсон бэ гэхээр, К-н нөхөр Пак Бен Үг гэдэг хүнийг Э ХХК-ийн ажилд туслуулж байсантай холбоотой байдаг.

Нэхэмжлэгч 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Им Жун Ү-тэй гэрээ байгуулсан гэдэг боловч энэ хүн энэ өдөр Монгол Улсад байгаагүй. Нэхэмжлэгч тал анх нэхэмжлэлдээ хавсаргасан гэрээн дээр Им Жун Ү-ний нэрний доор гарын үсэг зурчихаад эх гэрээг гаргаж өгөхгүй байж байгаад хожим И Мён Мүг Монгол Улсад ирэхээр нь нөхөөд зуруулчихсан гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үнэ буюу тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн атлаа 278 000 ам.долларын үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардаж байгаагаас үзэхэд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Өнөөдрийн байдлаар, Сөүлвин ХХК нь маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэгдсэн хэвээр байгааг шүүх анхаарах ёстой. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй байдлыг харгалзан буцааж өгнө үү.

СөүлвинХХК болон Э ХХК-ийн хооронд 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр талуудын эрх, үүргийг тусгайлан тогтоож заасан. Сөүлвин ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны Голден вилл цогцолборын барилгын сантехник, цахилгааны ажлын угсралтын ажлыг гүйцэтгэх, Э ХХК нь гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах, төлбөрийг гүйцэтгэх тухайн үндсэн нөхцөлүүдийг тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр төлөх нийт төлбөрийн хэмжээг 4 500 545.00 ам.доллараар тогтоосон байдаг.

Сөүлвин ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлыг гэрээгээр хүлээсэн хугацаанд нь хүлээлгэн өгсөн ба харин Э ХХК-ийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй төдийгүй төлбөр гүйцэтгэхээс үндэслэлгүйгээр татгалзсан тул Сөүлвин ХХК нь 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн шүүхэд төлбөр гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Ингээд, Сөүлвин ХХК-ийн нэхэмжлэлтэй Э ХХК-д холбогдох хэргийг Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 1141А тоот захирамж гарсан. Уг 1141А тоот захирамжийг албадан биелүүлэх ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасан журмын дагуу тодорхой үе шаттайгаар явуулсан болно.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч, төлбөр авагчийн хооронд харилцан тохиролцсоныг харгалзан Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден Вилл хотхоны 101 дүгээр байрны 102, 701, 402, 502 тоотууд, 102 дугаар байрны 202, 701 тоотууд, 103 дугаар байрны 1004 тоот, 104 дүгээр байрны 102 тоот нийт 8 байрыг хурааж, Сөүлвин ХХК-д олгож, эдгээр байрны өмчлөгч болсон гэж тооцсон. Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээг төлбөр авагч Сөүлвин ХХК-ийн нэр дээр гаргах, баталгаажуулах асуудлыг холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газар /ЭХЭБГ/-т хүргүүлхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлтэй холбогдсон мэдүүлэг бүхий холбогдох баримт бичгийг хүлээн авч хянаад дээр дурдсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуульд заасны дагуу албадан гүйцэтгэх ажиллагаанд хамрагдсан, битүүмжлэгдсэн, хураагдсан, төлбөр авагчид олгогдсон байруудыг бүртгэх боломжгүй тухай шийдвэрээ 2011 оны 2 дугаар сарын 24-ний өдөр болон мөн 4 дүгээр сард тус тус мэдэгдсэн юм.

Үүний дараа Сөүлвин ХХК нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан Сөүлвин ХХК-ийн өмчлөлд шилжсэн дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэх, баталгаажуулахтай холбогдсон хуульд заасан ажиллагааг гүйцэтгэхгүй байгааг хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгох, шаардагдах шийдвэр гаргаж улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийг гаргасан. Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс нэхэмжлэлийг хянан шалгаж, хариуцагчийн хууль бус эс үйлдлийг тогтоож, нэхэмжлэгчийн эд хөрөнгө өмчлөх эрхийг баталгаажуулахыг даалгасан 251 тоот шийдвэрийг 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдөр гаргаж, энэ шийдвэрийн үндсэн дээр Сөүлвин ХХК нь өмнө дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлсэн юм.

Гэтэл К нь 2009 оны 9 дүгээр сарын 30-н өдөр гэрээ байгуулж, 278 000 ам.долларын үнэ төлж Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байр, 701 тоотын 185.35 м.кв талбай бүхий орон сууцыг өмчлөх эрхтэй болсон мэтээр дураар аашилж, Сөүлвин ХХК-ийн өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж өнөөг хүрсэн. Иймд, Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байр, 701 тоотын 185.35 м.кв талбай бүхий орон сууцны байрыг К-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч К 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл хариуцагчийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Голден Вилл хотхон, 102 дугаар байрны 701 тоот 185.35 м.кв орон сууцыг 6 жил 1 сар буюу 73 сарын хугацаагаар хууль бусаар эзэмшиж ашиглаж ирсэн. Улмаар хариуцагчид өнөөдрийн байдлаар 73 000 ам.долларын хохирол учруулаад байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь тухайн байрыг түрээслэхэд нэг сарын түрээсийн төлбөр зах зээлийн ханшаас маш багаар бодоход 1 000 ам.доллар бөгөөд уг хэмжээний мөнгөөр тооцож түрээсэлж олох байсан орлогоор тооцсон.

Нэхэмжлэгч нь 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Э ХХК-тай орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж уг гэрээний төлбөрт 278 000 ам.доллар төлсөн гэж өнөөдрийг хүртэл хариуцагчийг гүтгэж өөрийгөө хууль ёсны эзэмшигч мэтээр тайлбарласаар ирсэн. Гэвч бодит байдал дээр хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэрээ огт байгуулж байгаагүй бөгөөд уг орон сууцны төлбөрт нэг ч төгрөг аваагүй юм. Нэхэмжлэгчийн хавтаст хэргээс дурдаад үндэслээд байгаа орон сууц захиалгаар бариулах гэрээнд хариуцагч талаас гарын үсэг огт зураагүй буюу нэхэмжлэгч нь хариуцагч компанийн захирлаар ажиллаж байсан БНСУ-ын иргэн Им Жун Ү-ийн гарын үсгийг хуурамчаар зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Мөн нэхэжлэгчийн орон сууцны төлбөрийг хариуцагч компанид ажиллаж байсан гэх БНСУ-ын иргэн И Ён Мүг-д өгсөн гэдэг нь гэрч И Ён Мүг-ийн мэдүүлгээс худал болох нь тогтоогдож байна. Ийм байтал 6 жилийн турш хариуцагчийг хуурч мэхлэн /өмнөх захирал мэдэж байгаа өөр ажилтан мэдэж байгаа гэхчлэн/ хууль бусаар хариуцагчийн хууль ёсны эд хөрөнгөө эзэмших, ашиглах эрхийг зөрчиж оршин сууж байна. Нэхэмжлэгч нь 6 жил 1 сарын турш хариуцагчийн дээр дурдсан орон сууцтай адил нөхцөл бүхий орон сууцанд түрээсэлж суувал хамгийн багадаа 73 000 ам долларын зардал гарах байсан байтал уг хэмжээний мөнгөөр өөрийн хөрөнгийг хэмнэсэн байна.

Мөн хариуцагчийн хувьд 6 жил 1 сарын турш дээрх орон сууцыг бизнесийн эргэлтэнд оруулж эдийн засгийн маш олон давуу талыг үүсгэх байсан боловч нэхэмжлэгчийн хууль бус үйлдлээс болж өөрийн хууль ёсны эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж чадаагүй. Тиймээс түрээслэх замаар 102 дугаар байрны 701 тоот орон сууцыг ашигласан бол хамгийн багадаа 73 000 ам.долларын ашиг олох байсан юм. Тиймээс дээр дурдсан үндэслэл болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтад үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч К нь 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Э ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулан Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден вилл хотхон, 102 дугаар байр, 701 тоот, 185.35 м.кв орон сууцны үнэ 278 000 ам.долларыг төлж, улмаар уг орон сууцны байранд оршин сууж байна. Нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн, үүргийн зөрчил гаргаагүй тул тэрээр худалдагч тал болох Э ХХК-ийн өмнө хариуцлага хүлээх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөүлвин ХХК болон Э ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ болон энэ гэрээний маргааныг шүүхээр шийдвэрлүүлээд Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байр, 701 тоотын 185.35 м.кв талбай бүхий орон сууцны байрны өмчлөгч нь Сөүлвин ХХК болсон гэж шаардлага гаргадаг. Гэтэл гэрээний үүрэгтэй холбоотой иргэний хэргийн талаар гарсан шийдвэр, захирамжид маргаан бүхий орон сууцыг төлбөрт тооцох, шүүхийн шийдвэрийг биелүүлэх баталгаа болгон заагаагүй.

Мөн хожим Сөүлвин ХХК-ийг өмчлөгчөөр бүртгэхийг улсын бүртгэлийн газарт даалгасан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянаад хүчингүй болсон, биелэгдсэн шийдвэрийг цуцалсан. Одоогийн байдлаар, Сөүлвин ХХК-ийг маргаантай орон сууцны өмчлөгч гэж үзэхгүй төдийгүй харин К-н орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага үндэслэлтэй тул гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө ү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгч К-г Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байрны 701 тоотын 185.35 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг Э ХХК-д үүрэг болгож, К-г тухайн орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Э ХХК-ийн 73 000 ам.доллар гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4 дэх хэсэгт заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн 01 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байрны 701 тоотын 185.35 м.кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч К-н хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг хүссэн гуравдагч этгээд Сөүлвин ХХК-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч К-н төлсөн 140 200 төгрөг, хариуцагч Э ХХК-ийн төлсөн 15 000,00 төгрөг, гуравдагч этгээд Сөүлвин ХХК-ийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улс орон нутгийн төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э ХХК-иас 140 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн шүүгчийн 1979 дүгээр захирамжийн үйлчлэл нь зохигч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж шийдвэрлэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, өмгөөлөгч Н.Мандах нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн зүгээс доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарыг буруу үнэлж хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүйгээс гадна маргаан бүхий үйл байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг тогтоолгүйгээр зөвхөн нэхэмжлэгч гэрээний үндсэн дээр орон сууцны үнэ болох 278 000 ам.долларыг хариуцагчид төлсөн байна гэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэх орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу гэж тодорхойлсон, уг гэрээг Э ХХК-ийн захирал Им Жүн Ү-тэй байгуулсан гэж үзсэн.

Дээрх гэрээнд заасан 270 000 ам.долларыг бус 278 000 ам.долларыг гэрээ байгуулснаас хойш 4 жилийн дараа буюу 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн гэх Э ХХК-ийн Ерөнхий захирал И Мён Мүг баталгаажуулсан баримтыг үндэслэн нэхэмжлэгч тал гэрээнд заагдсан төлбөрийг төлсөн гэж үзсэн. /хх1-13,14 тал/ Гэтэл талуудын хооронд 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гэх орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнд нэхэмжлэгч талын тайлбарлаж байгаагаар гарын үсэг зурагдсан гэх Э ХХК-ийн захирал Им Жүн Ү-ний гарын үсэг нь нэхэмжлэгч К-гийн гарын үсэг, бичгийн чөлөөт загваруудтай тохирч байна гэсэн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээс үзэхэд хариуцагч байгууллагын захирал гэрээнд гарын үсэг зурсан бус К өөрөө гөрээнд Э ХХК-ийн удирдлагын гарын үсэг зурсан гэж үзэх үндэслэлтэй байна. /2 хавтас 110, 111 тал/

Анхан шатны шүүх уг үйл баримтыг анхаарч үзэлгүйгээр зөвхөн нэхэмжлэгчид ашигтай байдлаар гэрээнд зурагдсан гэх Им Жүн Ү гэсэн нэрний ар талд бичигдсэн бичилтийг нэхэмжлэл гаргасны дараа нөхөн бичүүлсэн, гэрээний эх хувийг хожим гаргаж өгсөн гэх үйл байдлын хувьд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай төдийгүй хэргийн оролцогчдоос дээр дурдсан үйл байдлын хувьд маргаагүй бөгөөд иргэний хэрэгт гэрээний эх 2 хувь, хуулбар 1 хувь авагдсан бөгөөд 2 эх хувийн хувьд И Мён Мүг-ийн гарын үсэг зурагдсан, зурагдаагүй байдалтай байгаа талаар яригдаж И Мён Мүг гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд дээрх үйл байдал хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт биш юм.

Гэрээний оролцогч гэх Э ХХК нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хэлцлийн үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлсэн эсэх, хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрх үүссэн эсэхэд шүүх хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн эсэхээс хамаарч иргэний хэрэг шийдвэрлэгдэх учиртай ба нэхэмжлэгч К гэрээнд бусдын нэрийн өмнөөс гарын үсэг зурсан, гэрээний нөгөө тал болж гарын зурагдсан гэх Э ХХК-ийн захирал гэх Им Жүн Ү, И Мён Мүг нар нь 2009 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Э ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдүүд биш байсныг шүүх анхаарч үзсэнгүй.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасны дагуу хуулийн этгээд хүсэл зоригоо илэрхийлсэн байх, нөгөө тал хүлэн авсан байх хуулийн шаардлагыг маргаан бүхий хэлцэл нь хангаагүйн сацуу гэрээ байгуулсан гэх цаг хугацаанд Э ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй субьект нь Э.Чимэддагва байснаас үзэхэд гэрээнд К өөрөө гарын үсэг зурсан байх, Им Жүн Ү зурсан эсэх, И Мён Мүг төлөөлөн гарын үсэг зурсан байх аль ч тохиолдолд Э ХХК-ийг хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл  болохгүй юм.

Хэлцлийн үндсэн дээр орон сууцны төлбөрийг төлсөн гэх баримтад И Мён Мүг гарын үсэг зурсан байгааг бүрэн эрх бүхий этгээдийн гаргасан тодорхойлолт гэж үзэх боломжгүй бөгөөд гэрч Ч.Шийрэв Ри гэж хүнд мөнгийг өгсөн /3 хавтас 44,45 тал/, гэрч И Мён Мүг орон сууцны төлбөрт хэн нэгнээс мөнгө аваагүй, тус компанийн захирлаар ажиллаж байгаагүй гэж мэдүүлсэн /2 хавтас 228, 231 тал/, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Э ХХК-ийн санхүүгийн баримтуудад хийгдсэн үзлэгээр төлбөр төлсөн тухай баримт олдоогүй /1 хавтас 155 тал/, Им Жүн Ү-гийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр бичигдсэн тодорхойлолтоор орон сууцны мөнгө компанийн санхүүд ороогүй /3 хавтас 32 тал/ гэсэн баримтуудаас үзэхэд анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон хэргийн хавтас 13,14 талд авагдсан 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр орон сууцны төлбөр төлсөн гэх Э ХХК-ийн Ерөнхий захирал И Mен Мүг-ийн гарын үсэгтэй баримт үнэлэгдэх боломжгүй төдийгүй гэрээний дагуу 278 000 ам.долларыг Э ХХК-д төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр шүүх нэхэмжлэгчийг маргаан бүхий орон сууцыг эзэмшиж эхэлснээс хойш ашиглалтын зардал төлсөн баримтуудын талаар болон Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 117 дугаар шийдвэр, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 273 дугаар тогтоол зэргийг үндэслэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай төдийгүй ердийн болон тусгай шүүхүүд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд гэрээний маргааны үйл баримтыг тогтоосон гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхэд аливаа хязгаарлалт болохгүйн сацуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад хамаарахгүй юм.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн хувьд ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр гэрээний үүргийн биелэлт шаардаж улмаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 1141A дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден Вилл хотхоны 102 дугаар байрны 701 тоот 185.35 м.кв талбай бүхий орон сууцыг авах авлагадаа тооцуулан авсаны үндсэн дээр /Э ХХК-ийн хувьд маргаагүй/ бусдын хууль бус эзэмшлээс шударга эзэмшигчийн хувьд өөрийн эд хөрөнгөө шаардсан нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Иймд дээр дурдсан гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

            Нэхэмжлэгч К нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байрны 701 тоотын 185,35 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, уг орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг “Э” ХХК-д үүрэг болгуулж, өмчлөгчөөр бүртгэхийг бүртгэлийн байгууллагад даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцыг хууль бусаар эзэмшсэн тул түрээсэлж олох байсан орлогоор хохирсон гэж үзэж, 73 000 ам.долларыг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “Сөүлвин” ХХК гуравдагч этгээдээр оролцож, орон сууцыг Кгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг гаргасан байна.

            Нэхэмжлэгч К нь 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр “Э” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-гээр хүлээсэн үүргээ биелүүлж, орон сууцны үнэ 278 000 ам.долларыг тус компанид төлсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлан, өөрийн нөхөр Пак Бён Үг  278 000 ам.долларыг 2009 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Э” ХХК-ийн ерөнхий захирал И Мён Мүг бэлэн мөнгөөр хүлээн авсан гэж тодорхойлсон баримтыг шүүхэд гаргасан байна. /хх1-13-15/

            Нэхэмжлэгчийн дээрх тайлбар, түүний гаргасан баримтыг хариуцагч үгүйсгэсэн ба И Мён Мүг гэрчийн мэдүүлэгтээ “мөнгийг хүлээн аваагүй, компанийн ерөнхий захирлаар ажиллаж байгаагүй” /хх2-228/ гэж, “...компанийн ерөнхий захирлаар томилсон гэх 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  хувьцаа эзэмшигчдийн хурал ирц бүрдээгүй тул хүчин төгөлдөр бус гэж урж хаясан...” гэж тус тус мэдүүлсэн, хэрэгт авагдсан “Э” ХХК-ийн 2009 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл гэх баримтад 5 хүний нэр бичигдсэний 2 нь гарын үсэг зурж, бусад 3 нь гарын үсэг зураагүй байна. /хх1-128-130/ Гэрч Ч.Шийрэвийн мэдүүлэгт Пак Бён Үг-ийн жолоочоор ажиллаж байх хугацаанд Ри гэх солонгос иргэнд бэлэн мөнгө өгсөн талаар мэдүүлсэн боловч харин И Мён Мүг-д мөнгө өгч байсан үйл баримтын талаар мэдүүлээгүй байна. /хх3-44/

            Мөн 2009 оны 10 дугаар сарын кассын орлогын баримт, жагсаалтад  278 000 ам.долларын бэлэн мөнгөний орлого тус компанийн санхүүд орсон талаарх баримт  байхгүй гэдгийг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.

            Дээрх бичгийн баримт, гэрчүүдийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар харьцуулан, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхэд орон сууцны үнэ 278 000 ам.долларыг нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч компанид төлсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.  

Түүнчлэн улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа /хх2-176,177/ болон компанийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 09 дүгээр тогтоолоос  /хх2-183/ үзвэл 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр буюу гэрээ байгуулагдсан гэх үед компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Э.Чимэддагва  байжээ. Гэтэл 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн гэрээг компанийг төлөөлж Им Жун Ү-тэй байгуулсан баримт авагдсан ч түүний гарын үсгийг нэхэмжлэгч К зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. /хх2-110,111/

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 117 дугаар шийдвэрээр маргаж буй орон сууцны өмчлөгч гэдгийг тогтоосон гэж тайлбарлах боловч уг шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10/03 тогтоолд 102 дугаар байрны 701 тоот гэж тэмдэглэгдсэн болон уг байртай холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгосон, харин  “Э” ХХК-ийг 102 дугаар байрны 701 тоотын 185,35 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож шийдвэрлээгүй байна.

Дээрх баримтуудыг харьцуулан үнэлбэл, нэхэмжлэгч Кг маргаж буй орон сууцыг эрх бүхий этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр харилцан тохиролцсон үнийг төлсөн худалдан авагч гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт орон сууц өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрхгүй болно.

Иймд нэхэмжлэгч Кгийн орон сууцны өмчлөгчөөр тогтоох, орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг “Э” ХХК-д үүрэг болгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Бүртгэлийн байгууллагад даалгуулах тухай” нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч К нь уг орон сууцыг бодитойгоор эзэмшиж байгаа нь зохигчдын хэн алины тайлбараар тогтоогдсон боловч ийнхүү эзэмшилдээ авсныг Иргэний хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрх олж авсан гэж үзэхгүй. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсэн, шилжих асуудлыг тогтоосон Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан үндэслэл баримтаар тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл буюу гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний дагуу үнийг төлсөн эсэхэд хамааралтай нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд заасан журамд нийцүүлэн үнэлж чадаагүй, нэхэмжлэлийг хангасан нь  үндэслэл бүхий болоогүйг дээрх байдлаар залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч  “Э” ХХК нэхэмжлэгч К нь 2009 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 6 жил 1 сар буюу 73 сар орон сууцыг хууль бусаар эзэмшиж, ашигласан тул энэ хугацаанд түрээсэлж олох байсан орлогоор хохирсон гэж сарын 1 000 ам.доллараар тооцон 73 000 ам.долларыг нэхэмжлэгчээс шаардсан сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч “Э” ХХК, гуравдагч этгээд “Сеүлвин” ХХК-ийн хоорондын барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээний маргаан 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 1141А дугаар шүүгчийн захирамжаар шийдвэрлэгдсэн нь хэрэгт баримтаар авагдсан ба маргаж буй 702 тоот орон сууц багтсан 102 дугаар байрыг “Сеүлвин” ХХК-д шилжүүлсэн, Кгийн эзэмшиж буй 702 тоот орон сууцны өмчлөх эрхтэй холбоотойгоор үүссэн  маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд “Э” ХХК оролцож, уг орон сууцанд К амьдарч байгааг мэдэж байсан ч орон сууцыг суллахыг шаардаагүй, улмаар маргаж буй тус орон сууцны өмчлөгч нь “Э” ХХК болохыг нотолсон баримтгүй байх тул хууль ёсны өмчлөгч гэж бусдаас хөрөнгө буюу олох ёстой байсан орлогыг буцаан шаардах Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв, харин Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсгийг бүхэлд нь баримталсныг  хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэх тул шийдвэрт Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсгийг баримталсан өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Шүүх гуравдагч этгээд “Сеүлвин”ХХК-ийн орон сууцыг Кгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 251 дүгээр шийдвэрийг үндэслэн “Сеүлвин” ХХК-ийг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн боловч уг бүртгэлийг хүчингүй болгосон талаарх Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 273 дугаар тогтоол, биелэгдсэн шийдвэрийг цуцалсан тухай мөн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 175 дугаар тогтоол, өмчлөгчийн бүртгэлийг хүчингүй болгосон тухай Баянзүрх дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 8/1378 тоот албан бичиг хэрэгт  авагджээ. /хх2-13, 14, 45, 46/

Иймд  гуравдагч этгээд “Сеүлвин” ХХК-ийг маргаж буй орон сууцны өмчлөгч гэж үзэх үндэслэлгүй байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхийн үндэслэл тогтоогдохгүй байх тул түүний бие даасан шаардлагыг болон давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.

Харин шүүх бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.4 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй талаарх өөрчлөлтийг шийдвэрийн холбогдох заалтад оруулна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар дээрх байдлаар хэргийг бүхэлд нь хянаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон болон хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж,  мөн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас нөхөн гаргуулсан шийдвэрийн хэсгийг өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2017/02261 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байрны 701 тоотын 185,35 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцыг улсын бүртгэлд бүртгэхэд шаардагдах баримт бичиг гаргаж өгөхийг “Э” ХХК-д үүрэг болгох, орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн байгууллагад даалгуулах тухай” нэхэмжлэгч К-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж, 

тогтоох хэсгийн  2, 3 дахь заалтыг нэгтгэн “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул Кгээс 73 000 ам.доллар гаргуулах тухай “Э” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Дамбын гудамж, Голден Вилл хотхон, 102 дугаар байрны 701 тоотын 185,35 м.кв талбай бүхий орон сууцыг Кгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх гуравдагч этгээд “Сеүлвин” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтын дугаарыг “3” гэж өөрчлөн, уг заалтаас “хариуцагч  “Э” ХХК-иас 140 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К-д олгосугай” гэснийг хасч,

тогтоох хэсгийн дугаарын “5” гэснийг “4” гэж, “6” гэснийг “5” гэж, “7” гэснийг “6” гэж, “8” гэснийг “7” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид гуравдагч этгээдээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

А.ОТГОНЦЭЦЭГ