Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 221/MA2016/0423

 

Б.Нарантуяагийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цогт даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгч Б.Нарантуяа, түүний өмгөөлөгч В.Очирваань нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 218 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.Нарантуяагийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Б.Нарантуяа миний бие Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дугаартай тушаалаар Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байгаад 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ажлаас үндэслэлгүй халагдсан. 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Засаг дарга Ж.Ганхуяг нь Б/04 дугаартай захирамж гарган дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогч Б.Нарантуяа намайг албан үүргээ хангалтгүй биелүүлж, ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэх шалтгаан зааж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Миний бие хэлмэгдэж гүтгэгдсэний улмаас эрүүгийн гэмт хэрэгт холбогдож хууль хяналтын байгууллагад шалгагдсан бөгөөд иргэн намайг гэм буруугүй талаар зохих байгууллагын шийдвэр гарсан. Захиргааны санаачлагаар ажлаас халагдсандаа туйлын гомдолтой байгаа талаараа дээд шатны байгууллагад хандаж зохих хариуг авсан болно. Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн, байгууллага, хамт олны дунд мөрдөгдөж буй дүрэм журам, сахилга хариуцлага, ёс зүйн үнэлэмжийг үл хүндэтгэж, хүний ажил хэргийн нэр хүндэд үндэслэлгүйгээр халдан хувийн үзэл бодол, ашиг сонирхолдоо дулдуйдаж гаргасан Засаг даргын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Нарантуяа намайг Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: “...Тус дүүргийн Засаг даргад 2015 оны 02 дугаар сард төсөвтэй харилцагч хувийн хэвшлийн цэцэрлэгүүдээс Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Нарантуяагийн талаар гомдол ирүүлсэн. Дээрх асуудлын хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2015 оны А/15 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулан шалгахад Б.Нарантуяа нь Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д "Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх", 13.1.2-т "өргөсөн тангарагтаа үнэнч байх", 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх" гэж заасан төрийн албан хаагчийн үндсэн үүргүүдийг биелүүлээгүй ёс зүйн ноцтой зөрчил гаргаж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д "Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний төлөө аливаа төлбөр авахыг хориглоно" гэж заасныг зөрчсөн байх тул дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар үүрэгт ажлаас нь халсан. Иймд Б.Нарантуяагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.”  гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 218 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1, 16 дугаар зүйлийн 16.7, 16.8, 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Нарантуяагийн “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг олгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 тоот тушаалын үндэслэх хэсэгт Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.1 дэх хэсгийг удирдлага болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно. Өөрөөр хэлбэл дээрх хуулийн зохицуулалт миний үйлчлүүлэгч Б.Нарантуяагийн ажил үүргийн хуваарьт хамааралгүй хуулийн зохицуулалт юм. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ажлаас халсан тушаалын хууль зүйн үндэслэлийг бүхэлд нь үгүйсгэсэн атлаа нэхэмжлэгчийг ажлаас халсан захирамжийг зөвтгөж буй нь ойлгомжгүй байна.  Мөн тушаалд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16, 17 дугаар зүйлийг удирдлага болгосон үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1.1 захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэл болох юм. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 “бэлэг” гэж нийтийн албан тушаалтанд үнэ төлбөргүй эд хөрөнгө өгөх, үйлчилгээ үзүүлэх болон эрх шилжүүлэх, үүргээс чөлөөлөх, нийтийн албан тушаалтантай хамаарал бүхий этгээдийн тусын тулд эрхээс татгалзах зэрэг бусад хэлбэрийн санхүүгийн үр ашгийг, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхтэй холбогдуулан бусдаас бэлэг шууд буюу шууд бусаар авахыг хориглоно, 16.2 Энэ хуулийн 16.1-д заасан хориглолтод албан тушаалтанд албан үүрэгтэй нь холбогдолгүй өгсөн бэлэг болон албан үүрэгтэй нь холбогдуулан дипломат журмаар өгсөн бэлэг хамаарахгүй гэж хуульчилжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас харахад гэрч Д.Туяагаас бэлэгт 250.000 төгрөг хүлээн авсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ажлаас халах тухай тушаал гарах үед Д.Туяагийн шилжүүлсэн 250.000 төгрөг илрээгүй байдаг бөгөөд Д.Туяа нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Авлигатай Тэмцэх газар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ дээрх мөнгө болон түүний зориулалтын тухай мэдүүлсэн байдаг. Ажил олгогчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт заасныг зөрчиж акт гаргасан бөгөөд ажил олгогчийн эрх зүйн үндэслэлгүй шийдвэрийг зөвтгөсөн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Нөгөө талаар Д.Туяа нь 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Авлигатай Тэмцэх газар гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...Б.Нарантуяагийн эгч өнгөрсөн түүний буяны ажилд зориулж 100.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ ...Нарантуяаг эртнээс танина, манай төрөл садангийн хүн... гэх мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан. Гэрч Д.Туяагийн дээрх мэдүүлэг нь нэхэмжлэгч Б.Нарантуяаг ажил үүрэгтэй нь хамааралтай асуудлаар бусдаас бэлэг авсан гэх шүүхийн шийдвэрийг шууд үгүйсгэсэн нотлох баримт бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 Энэ хуулийн 16.1-д заасан хориглолтод албан тушаалтанд албан үүрэгтэй нь холбогдолгүй өгсөн бэлэг хамаарахгүй гэсэн хуулийн зохицуулалтад миний үйлчлүүлэгчид шилжсэн 250.000 төгрөг хамаарч байгаа бөгөөд бусдаас бэлэг авсан гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн шийдвэр болон Хан-Уул Дүүргийн Засаг Даргын Захирамжаар миний үйлчлүүлэгчид оногдуулсан үндэслэлгүй сахилгын шийтгэл нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй байх хуулийн зохицуулалтыг зөрчиж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

          Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан. 

          Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.8.1, 19 дүгээр зүйлийн 19.5, Төрийн албаны тухай хуулийн 13, 26 дугаар зүйлийн 26.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 16 дугаар зүйлийн 16.7, 16.8, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.2.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, “албан үүргээ хангалтгүй биелүүлж, ёс зүйн ноцтой зөрчил” гаргасан гэх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Нарантуяаг Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн ажлаас халжээ.

          Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн захиргааны албан хаагч  бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчыг томилох, чөлөөлөх, сэлгэх, шилжүүлэн томилох, албан тушаал бууруулах, сахилгын хариуцлага хүлээлгэх зэрэг бүхий л харилцаанд дээрхи хуулийг хэрэглэх учиртай.

          Маргаан бүхий захиргааны актад Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Нарантуяаг ажлаас халахдаа мөн зүйл хэсэгт заасан “албан үүргээ биелүүлээгүй” гэх зөрчлийг болон мөн хуулийн 13 дугаар зүйлд заасан “төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ биелүүлээгүй” гэх зөрчил гаргасан эсэхийг хангалттай шалгаж тогтоогоогүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

          Гэвч Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан сахилгын шийтгэлийг ногдуулсан гэж үзэхгүй гэсэн атлаа “Олуулаа” цэцэрлэгийн эрхлэгч Д.Туяагаас 250.000 төгрөг бэлгэнд авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасан нийтийн албанаас халах үндэслэл болно гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль буруу хэрэглэсэн гэж үзлээ. Тодруулбал,

          Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “Төрийн байгууллагын удирдлага ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээг авах үүрэгтэй”, 7.3-т “Энэ хуулийн 7.2.2, 7.2.3-т заасан шалгалтын явцад авлигын шинжтэй зөрчил илэрсэн бол Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулна” гэж зааснаас үзвэл Хан-Уул дүүргийн Засаг дарга нь тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус өмчийн цэцэрлэгүүдээс гаргасан гомдлын дагуу томилсон Санхүү, төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд авлигын шинжтэй зөрчил илэрснээр Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлж  зөрчлийг шалгуулахаар эрх бүхий байгууллагад шилжүүлсэн боловч Авлигатай тэмцэх газраас Б.Нарантуяад холбогдох хэргийг шалгаад Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

         Энэ нь нэхэмжлэгчийг Болор-Өргөө цэцэрлэгийн эрхлэгч Л.Болорчимэгээс бэлэн мөнгө авсан гэх зөрчлийг үгүйсгэж байна.

         Түүнчлэн, хариуцагч нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ”, 29.2.4-т “энэ хуулийн 11, 12, 15, 16 дугаар зүйлд заасныг зөрчсөн, энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж заасан зохицуулалтыг хэрэглэхдээ нэхэмжлэгч Б.Нарантуяаг “Олуулаа” цэцэрлэгийн эрхлэгч Д.Туяагаас 250.000 төгрөг бэлгэнд авсан гэх зөрчилд гэмт хэргийн бүрэлдэхүүн байгаа эсэх, уг зөрчил гарсан эсэхийг эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоосны дараа уг зөрчил сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болох эсэхийг шийдвэрлэх учиртай.

         Гэтэл дээрх зөрчлийг шалгаж тогтоогоогүй, Санхүү, төрийн сангийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн ажлын хэсгийн дүгнэлтэд энэ зөрчлийн талаар дурдаагүй байхад маргаан бүхий актад Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг баримталж Б.Нарантуяаг ажлаас халсныг зөвтгөсөн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцэхгүй байна.

Харин Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч нар нь харилцагч төсөвт байгууллага болон аж ахуйн нэгж байгууллагуудаас хандив авч санхүүгийн ажилтны шинэ жилийг тэмдэглэсэн” гэх зөрчлийн тухайд шүүх зөв дүгнэлт хийсэн байх ба хариуцагч нь “хувийн хэвшлийн цэцэрлэгүүдэд санхүүжилтийг тогтсон хуваарь журамгүй, хугацаа тодорхойгүй олгож үйлчлүүлэгч байгууллагад хүндрэл үүсгэсэн” гэх зөрчилд нэхэмжлэгчийг буруутгаж болох ч сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох “ажлаас халах” шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирохгүй гэж үзнэ.

         Мөн шүүхээс нотлох баримт шаардсаны дагуу Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 5/1082 тоот албан бичгээр хүргэгдэн ирсэн эрүүгийн 201526030154 дугаартай хэргээс шаардлагатай нотлох баримтуудыг хуулбарлан хавтаст хэрэгт баримтаар хавсаргаагүй атлаа эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтад дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэсэн байна” гэж заасныг зөрчжээ.

          Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох” шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

          Харин ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг энэхүү захиргааны хэрэгтэй хамтатган шийдвэрлэх боломжгүй байна.

Учир нь Б.Нарантуяаг Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/14 дүгээр тушаалд төрийн албан хаагчийн албан тушаалын зэрэглэл, зэрэг дэв, удаан жил ажилласан нэмэгдэл, мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдэл зэргийг олгодог эсэх нь тодорхойгүй байх бөгөөд хэрэгт авагдсан Б.Нарантуяагийн цалингийн цэс нь нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлгүй юм.

Иймд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй ба нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлээ иргэний хэргийн шүүхэд гаргаж  шийдвэрлүүлэх эрхтэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1, 88 дугаар зүйлийн 88.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 218 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Б/04 дүгээр захирамжийг хүчингүй болгон, Б.Нарантуяаг Хан-Уул дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нарантуяагийн “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах” тухай холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Нарантуяагийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг, давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвөөс тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                                                              

ШҮҮГЧ                                        Ц.ЦОГТ

ШҮҮГЧ                                        Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                        О.НОМУУЛИН