| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 133/2017/00359/и |
| Дугаар | 330 |
| Огноо | 2017-08-30 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 330
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
батлах тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам би,
нэхэмжлэгч- ******* нэхэмжлэлтэй,
хариуцагч- ******* холбогдох,
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүх 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* төрсөн. Улсад 38 жил ажилласан, энэ байгууллагад 2013 оны 12 сарын 04-ний өдрөөс эхлэн ******* захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажилласан. Би 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн. Дарга ******* тус компаний гүйцэтгэх захирлаар ажилласнаас хойш ажлаас чөлөөлөх талаар өөрийн хүсэлтээ өг гэдэг байдлаар ажиллаж байх хугацаанд намайг ажлаа өг өөртэй чинь ажлын гэрээ хийхгүй байж бай гээд л ажил албаны ч юм ярьдаггүй, хэлдэг үг нь ажлаас хална, ажлаа өг л гэж дарамталдаг. Би энэ харьцааны улмаас сэтгэл санааны гүн дарамтанд орж, зүрх өвддөг болж эрүүл мэндээрээ хохирсон. Иймд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Б/80 дугаартай Говь-Алтай аймаг Алтай-Улиастай эрчим хүчний систем төрийн өмчит хувьцаат компаний даргын тушаалыг зөвшөөрөхгүй байгаа тул намайг Говь-Алтай аймаг ******* захиргаа удирдлагын хэлтсийн даргын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Миний бие тус шүүхэд ажлаас халсан тухай өргөдөл өгсөн бөгөөд энэ өргөдөлөө татан авах хүсэлтэй байна. Учир нь Тайшир-Гуулин станцад инженерээр ажиллах тушаал гарсан учир уг ажлыг хийх хүсэлттэй байгаа учраас өргөдөлөө татаж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хүсэлт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Говь-Алтай аймаг ******* холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* “*******” цахилгаан станцад инженерээр ажиллах тушаал гарсан, уг ажлын хийх хүсэлттэй байгаа шалтгаанаар нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр бичгээр гаргасан байна /хх-18/.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй тул нэхэмжлэгчийн татгалзлыг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон, ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч ******* нь Говь-Алтай аймаг ******* холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ