| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2021/0279/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/303 |
| Огноо | 2021-11-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0279/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Наранзаяа,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Д.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-од холбогдох эрүүгийн 2118000000313 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гадаад хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, ээжийн хамт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д.Г-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Д.Г- нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* УНБ улсын дугаартай нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлж байхдаа Б.Б- IPhone 6 plus маркийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 350.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн учир дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Д.Г- нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 09 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* УНБ улсын дугаартай нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлж байхдаа хохирогч Б.Б.Б-ын гээгдүүлсэн “IPhone6 plus” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр өмчлөгчид эргүүлэн өгөх, түүнчлэн холбогдох байгууллагад мэдэгдээгүй, өөрийн эзэмшилд авч гээгдэл эд хөрөнгийг завшсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Д.Г-ын үйлдэлд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Д.Г-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 2118000000313 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Хохирогч Б.Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 09 цагаас 10 цагийн үед би Дархан сумын 5 дугаар баг Тосгон явдаг автобусны буудлаас******* улсын дугаартай нийтийн тээврийн автобусанд суусан. Тэгээд автобусанд ороод хамгийн хойд талын суудлын зүүн талын сандал дээр суусан. Тухайн үед миний хажууд 40 орчим насны эрэгтэй хүн сууж байсан. Тэгээд миний суусан автобус тосгонд мах комбинатын хажууд явж байхад миний хажууд сууж явсан хүн надаас тамхи асуусан, мөн 100 төгрөг байгаа юу гэж асуусан юм. Тэгээд автобусанд явж байхад манай ажлаас миний утас руу залгаад “хаана явж байна, ирэх болж байна уу” гэж яриад би утсаа баруун халаасандаа хийгээд автобус зогсоход буусан. Тэгээд халаасандаа гэр утсаа үзэхэд утас байхгүй болохоор эргээд харсан чинь 2 хүн байхаар нь би гуйгаад миний утас руу залгаад өгөөч гээд залгахад дуудаж байсан. Тэгээд 5-6 удаа залгахад дуудаад байсан. Тэгээд гар утас руу залгасан хүн машинд суучих хамт автобус дээр очъё гээд дараагийн буудал дээр очоод ороход миний хажууд сууж байсан хүн буугаад явчихсан байсан. Тэгээд би ажил дээр шууд очсон” гэх мэдүүлэг /хх 25-26/,
“Капитал зууч” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:
“IPhone6 plus “16 GB багтаамжтай гар утас /хэрэглэж байсан/ 1ш нь 2021 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар 350000 төгрөг байна. /хх 12-13/,
Шүүгдэгч Д.Д.Г-ын дипломын хуулбар /хх 38-39, боловсролын гэрчилгээний хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 41-44/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 50/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хавтаст хэргээс судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрснөөс үүсэх хуульзүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд нийцэж байна.
Шүүгдэгч Д.Д.Г- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй, гээгдэл эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Иймд шүүгдэгч Д.Д.Г-ыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль ёсны бөгөөд шударга ёсонд нийцнэ.
Хохирогч Б.Б.Б-ын “одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх хавтаст хэргийн 52-р хуудсанд авагдсан тайлбар, шүүгдэгч Д.Д.Г-ын хохирол төлбөр төлсөн баримт /хх 49/ зэргийг үндэслэн шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Г-ыг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Г-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Г-од оногдуулсан торгох ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Г- нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.Г-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ