| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Оюунчимэгийн Одгэрэл |
| Хэргийн индекс | 181/2017/01547/И |
| Дугаар | 181/ШШ2017/02110 |
| Огноо | 2017-08-14 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2017/02110
| 2017 оны 08 сарын 14 өдөр | Дугаар 181/ШШ2017/02110 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ...................оршин суух, Х.Ж.А /Регистрийн дугаар:............../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...........байрлах, НШШГнд холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У. шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 751 дүгээр захирамжаар Ж.А надаас 92.631.600 төгрөг гаргуулж Нэткапитал финанс корпораци ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Энэ шийдвэрийн дагуу НШШГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа болно.
НШШГнд явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцааны хөрөнгийг шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон байдаг. Шинжээчийн тогтоосон үнэ нь зах зээлийн ханшнаас хэтэрхий доогуур, зүйд нийцэхгүй, хямд үнэлсэнд гомдолтой байна. Иймд миний барьцааны хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204004379 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 7-р хороо. 15-р хороолол 37А байрны 75 тоот хаягт байрлах, 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг 72.000.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010753 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 6-р хороо, 13-р хороолол 21 дүгээр байрны 210 тоот хаягт байрлах. 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцны үнэлгээг 81.600.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 751 дүгээр шүүгчийн захирамжаар Ж.А, А.Унараас 92.631.600 төгрөгийг гаргуулж Нэткапитал финанс корпораци ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 4765 дугаар албадан гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж гарч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр төлөгч Ж.Ат шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацаатай мэдэгдлийг өгсөн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Ж.Аийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010753 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 210 тоот 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204004379 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37а дугаар байрны 75 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу тус тус битүүмжилж, хураасан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно гэж заасны дагуу үнийн санал авсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлбөр төлөгч А.Уөөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төлбөр төлөгч Ж.Аийг оролцуулахаар бүрэн итгэмжлэл олгосон бөгөөд А.Уянгын итгэмжлэгдсэн төлөөлөгч, төлбөр төлөгч Ж.Аээс үнийн саналыг авахад эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010753 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 210 тоот 30 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 200.000.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204004379 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 37а дугаар байрны 75 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцыг 150.000.000 төгрөгөөр тус тус үнэлж үнийн санал ирүүлсэн. Дээрх үнийн саналыг төлбөр авагч зөвшөөрөөгүй тул Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-г шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгосон. Шинжээч 13 дугаар хорооллын 21-210 тоот 30 мкв талбайтай орон сууцыг 81.600.000 төгрөгөөр, 15 дугаар хорооллын 37а-75 тоот 29 мкв талбайтай орон сууцыг 72.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн. Шинжээчийн үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгчид 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3/7272 дугаар мэдэгдлээр 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж энэ тухай тэмдэглэлээр баримтжуулсан.
Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хоёр хөрөнгөнөөс эхний ээлжинд 13 дугаар хорооллын 21 дүгээр байрны 210 тоот орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон 81.600.000 төгрөгийн 70 хувиар буюу 57.120.000 төгрөгөөр 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2017 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 5/28 дугаар тогтоолоор шийдвэрлэж, энэ тухай нийтэд мэдээлсэн. Мөн төлбөр төлөгч нарт 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3/14231, 3/14230 дугаар мэдэгдлийг тогтоолын хамт 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, тэмдэглэлээр баримтжуулсан.
Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.А нь НШШГнд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 181/ШЗ2016/00751 дүгээр шүүгчийн захирамжаар Ж.А, А.Унараас 92.616.600 төгрөг гаргуулж Нэткапитал финанс Корпораци ББСБ-д олгохоор, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21 дүгээр байрны 210 тоот 30 мкв талбайтай 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол 37а дугаар байрны 75 тоот 29 мкв талбайтай 2 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.
Тус алба 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн гүйцэтгэх бичиг баримтад үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгчид шийдвэр биелүүлэх мэдэгдэл хүргүүлж, улмаар 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 153/26, 153/30 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2204010753, Ү-2204004379 дугаарт бүртгэлтэй, орон сууцнуудыг тус тус битүүмжилж, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 153/12/14, 16/12/14 тоот тогтоолоор хураасан байна.
Төлбөр төлөгч А.Уянгаас 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч Ж.Ат өөрийн нэрийн өмнөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд төлөөлөн оролцох, үнийн санал өгөх эрхийг олгож, улмаар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналыг авахад харилцан тохиролцоогүй байх тул мөн хуулийн 37.2.2-т зааснаар хөрөнгийг үнэлүүлэхээр 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 52 дугаар тогтоолоор шинжээч томилсон байна. Дээр дурдсан НШШГны ажиллагаанд холбогдуулан нэхэмжлэгч гомдол гаргаагүй, уг ажиллагаа хууль зөрчөөгүй байна.
Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37а байрны 2 өрөө орон сууцыг 72.000.000 төгрөгөөр, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол 21-210 тоот 2 өрөө орон сууцыг 81.600.000 төгрөгөөр тус тус үнэлснийг 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 3/7272 дугаар мэдэгдлээр нэхэмжлэгчид мэдэгдэн энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу тэмдэглэл үйлджээ.
Нэхэмжлэгч дээрх үнэлгээг зах зээлийн ханшаас доогуур, хямд үнэлсэн гэж маргаж байх боловч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүйгээс гадна уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж буй үндэслэлээ тодорхойлоогүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн мэдэгдэх хуудсаар хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар НШШГнд холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Ж.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Тус шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай 181/ШЗ2017/07682 дугаар шүүгчийн захирамжийн үйлчлэл энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор дуусгавар болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ