Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2017/01998

 

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2017/01998

Улаанбаатар хот

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .................... оршин суух, Ц.Ц /Регистрийн дугаар:...../-ийннэхэмжлэлтэй,

Хариуцагч:..................байрлах,СБДГХЗХт холбогдох

 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц хэмжээний ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.993.600 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ц., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Л., хариуцагчийг төлөөлж Ц.Х., хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ө. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Миний бие СБДГБХЗТтөвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар эрх зүйч мэргэжилтнээр томилогдон ажиллаж ирсэн. Гэтэл тус хэлтсийн даргаар Ц.Хтомилогдон ирсэн цагаас эхлэн тодорхой хүмүүсийг ажлаас халах талаар дурдаж эхэлсэн. Улмаар 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан намайг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй.

Хуульд зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой гэсэн зохицуулалт бий. Ажилтанд өөрийг нь ажлаас халах тухай бичгээр мэдэгдээд гарын үсэг зуруулж байж энэ шаардлага хангагдана. Энэ шаардлагыг ажил олгогч хангаж ажиллаагүй, надад мэдэгдэл өгөөгүй. Мөн Хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, эсвэл байгуулсан гэрээ нь хуурамч гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажил олгогч өөрөө ажилтантай хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэгтэй. Нэхэмжлэгчийг ажилд анх ороход гэрээг байгуулаад дараа нь хуулбар хувийг өгсөн байдаг. Үүнийг хэрэгт өгсөн байгаа. Огнооны хувьд мэдэхгүй, техникийн алдаа байх. Хариуцагч тал гэрээ байгаагүй гэдэг шалтгаанаар шүүхэд гаргаж өгөөгүй. Үүнийгээ өмнөх удирдлагын буруу гэж байгаа нь төрийн албаны залгамж чанарыг үгүйсгэж байна. Энэ бол ажил олгогчийн өөрийн хариуцлагын асуудал. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар мэргэжил, ур чадвар тэнцэхгүй болохыг мэргэжлийн комисс тогтоох байтал шууд ур чадваргүй гэсэн агуулга бүхий тушаал гаргасан. Нэхэмжлэгчид ажлаас чөлөөлсөн тушаалыг 2017 оны 3 дугаар сарын 16-нд гардуулсан бөгөөд хуульд заасан хугацаандаа нэхэмжлэлээ гаргасан. Иймд Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц хэмжээний цалин хөлсийг бууруулахгүй ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгаж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл ажлын 89 хоногт, нэг өдрийн 22.400 төгрөгөөр тооцон 1.993.600 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд дэмжиж гаргасан тайлбартаа: Ц.Ц 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/20 тушаалаар тус байгууллагад Эрх зүйч мэргэжилтнээр ажилд орсон байдаг. Түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ тухайн байгууллагын удирдлага солигдож ажил хүлээлцэх үед байгаагүй. Нэхэмжлэгч талаас өгсөн хуулбар гэрээг үзвэл тушаал гарч ажилд томилохоос өмнөх өдөр буюу ажлын бус өдөр байгуулсан огноотой байгаа тул уг гэрээг хуурамч гэрээ гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө эрх зүйч мэргэжлээр ажилд орж байж хөдөлмөрийн гэрээг байгуулья, нэг хувиа авья гэж шаардан авах боломжтой байсан. Ажлаас чөлөөлөх болсон нэг шалтгаан хөдөлмөрийн гэрээгүй явдал. Мөн тус байгууллагын бүтцийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 402 дугаар захирамжаар 10 орон тоотой байхаар баталсан байдаг. Энэ жагсаалтад эрх зүйч мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй. Өмнөх удирдлага угаасаа огт байгаагүй орон тоонд, хөдөлмөрийн гэрээг байгуулахгүйгээр түүнийг авч ажиллуулсан байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дүгээр захирамжаар тус хэлтсийн бүтэц, орон тоог шинэчлэн батлахад мөн эрх зүйч мэргэжилтэн гэсэн орон тоо мөн батлагдаагүй учир орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бүх ажилчдын хурал дээр байгууллагын бүтэц, орон тоо өөрчлөгдсөн талаар мэдэгдэж, бүх оролцсон гишүүдээр гарын үсэг зуруулснаар ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг түүнд өгсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрөө танилцаад, гарын үсгээ баталгаажуулж зурсан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлийн тухайд "Эрх зүйч мэргэжилтэн-ээр ажиллахын тулд Хуульчийн сонгон шалгаруулалтад орж тэнцэн, гэрчилгээ авсан байх ёстой. Гэтэл тэрээр гэрчилгээгүй тул түүнийг мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй гэж үзсэн.

Нэхэмжлэгч нь анх тушаалыг хүлээн зөвшөөрч түүнд нэг сарын үндсэн цалин болох 496.912 төгрөгийн тэтгэмжийг олгосон. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй. Мөн тушаалыг 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гардаж авсан хэрнээ хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж 31 дэх хоногт шүүхэд нэхэмжлэл гаргасан. Байгуулагын нэршлийн хувьд Нийслэлийн Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн А/832 дугаар захирамжаар СБДГБХЗТтөвийг Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс болгон өөрчилсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ц нь хариуцагчСБДГХЗХт холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц хэмжээний ажилд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.993.600 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөв.

СБДГБХЗТтөвийн даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/20 дугаар тушаалаар Ц.Цыг тус байгууллагад эрх зүйч мэргэжилтнээр мөн өдрөөс ажиллуулахаар томилж, улмаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр тус тус тогтоогдож байна. /хх 4, 9/

Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн даргын 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан орон тоо хасагдсан, мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй болсон үндэслэлээр чөлөөлж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байна. /хх-7/

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дүгээр захирамжаар тус байгууллагын бүтэц орон тоонд өөрчлөлт орж, 10 орон тоотой байсныг 15 орон тоотой болгосон, гэхдээ бүтцийн өөрчлөлт хийгдэх үед 15 ажилтантай байсан хэвээр байгаа, өмнөх бүтэц баталсан тушаалд өөрчлөлт орж байгаагүй гэж тайлбарлав.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан тус байгууллагын бүтцийг баталсан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 402 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт, 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн А/49 дүгээр захирамж, хавсралт зэргээс үзвэл тус байгууллагад эрх зүйч мэргэжилтэн гэсэн батлагдсан орон тоо нэхэмжлэгчийг ажилд томилж, хөдөлмөрийн харилцааг үүсгэх үед байгаагүй, шинэчлэн батлагдсан бүтцэд мөн байхгүй байна. /хх-18,19, 43/

Гэтэл захиргаа уг нөхцөл байдлыг мэдсээр байж байхгүй орон тоог бий болгож, ажилтантай хөдөлмөрийн харилцааг үүсгэн, ажиллуулжээ. Захиргааны дээрх буруутай үйлдэлд ажилтанг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь өөрийн хөндөгдсөн эрхээ хамгаалуулахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан ажилтан мэргэжил, ур чадварын хувьд тухайн албан тушаалд тэнцэхгүй болсон үндэслэлээр захиргаа ажилтантай хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход энэ тухай эрх бүхий этгээдээс тогтоосон албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байх, мөн зүйлийн 40.1.1-д заасан орон тоо хасагдсан үндэслэлээр дуусгавар болгоход энэ тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдсэн байхыг хуулиар шаарджээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн гэх боловч хэрэгт баримтаар авагдсан мөн өдрийн хурлын тэмдэглэл нь бүтцийн өөрчлөлт хийгдэх тухай ажилтнуудад танилцуулсан тухай, мөн өдрийн мэдэгдэл нь нэхэмжлэгчид гардуулсан гэсэн баримтгүй байхаас гадна энэ нь тус байгууллагын бүтэц орон тоог шинэчлэн баталсан эрх бүхий этгээдийн шийдвэр гарахаас өмнөх өдөр байх тул захиргааг хуульд заасан дээрх шаардлагыг хангаагүй гэж үзнэ. /хх-17, 25/

Мөн нэхэмжлэгчийг мэргэжил ур чадварын хувьд тэнцэхгүй болсныг хариуцагч баримтаар нотлоогүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар захиргаа ажилтантай Хөдөлмөрийн гэрээг байгуулах үүргийг хүлээх тул хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй, нэхэмжлэгч шаардах ёстой, гэрээ хуурамч гэсэн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаар зохицуулсан, нэхэмжлэгч тус шүүхэд 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх тул дээрх тайлбар мөн үндэслэлгүй.

Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай дүйцэхүйц хэмжээний цалин хөлсийг бууруулахгүй ажилд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан нөхөх олговрыг нэхэмжлэгчид олгохдоо Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасныг баримтлан ажилгүй байсан 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанаас Хөдөлмөрийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д заасан нийтээр амрах амралтын болон баяр ёслолын өдрүүдийг хасч тооцвол ажлын нийт 82 хоног, нэг өдрийн 25.123 төгрөг /12, 1, 2 дугаар сарын дундаж/ байна.

Гэвч нэхэмжлэгч нь нэг өдрийн цалин хөлсийг 22.700 төгрөгөөр тооцон нэхэмжилж байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тооцон, урьд тэтгэмжид олгосон 496.912 төгрөгийг хасч, хариуцагчаас нийт 1.339.888 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдөх тул хариуцагчаас хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан, улсын орлогод нөхөн төлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ц.Цыг урьд эрхэлж байсан эрх зүйч мэргэжилтэн түүнтэй дүйцэхүйц хэмжээний ажилд эгүүлэн томилохыг Сүхбаатар дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 1.339.888 /нэг сая гурван зуун гучин есөн мянга найман зуун наян найман/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 653.712 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаанд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчСБДГХЗХт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас хуулиар чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 36.388 төгрөг гаргуулж, улсын орлогод нөхөн төлүүлсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг, түүнчлэн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ О.ОДГЭРЭЛ