Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2021/ШЦТ/316

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                    Хэргийн индекс:166/2021/0152/Э

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б-,

Шүүгдэгч Д.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Н-т холбогдох эрүүгийн 2018004440467 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Д.Н-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д.Н- нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р баг Хараа голын гүүрний хажууд буюу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р багийн нутагт байрлуулсан листэн төмрөөр хийсэн 3.7 метр өндөртэй хогийн бункерийг 05-** ******* улсын дугаартай Мицубиши Кантер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан нууцаар хууль бусаар авч 1500000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Д.Д.Н- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнө мэдүүлэг өгсөн байгаа. Дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Эрүүгийн  2018004440467 дугаартай хэргээс:

Хохирогч Ж.Ж.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний хийсэн хогийн савыг  2020 оны 09 дүгээр сарын 14-ний 20:00 цагийн орчим үл таних хүмүүс авч явсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Сүүлд 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр над руу хот тохижуулах газраас залгаад “таны хийсэн хогийн сав унаж эвдэрсэн байна. Та арга хэмжээ авна уу” гэхээр нь очиж үзэхэд суурь нь салаад унасан байсан. Би ачиж авч явах гэсэн боловч машин тэрэг болон хувийн асуудлаас болоод авч чадаагүй.” гэх мэдүүлэг /1-р хх 14/,

            Гэрч Д.Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний санахад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 5айх орох гарах дээр зогсож байхад нэг залуу ирээд хогийн сав ачуулмаар байна гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд цагийн 150000 төгрөгөөр тус хогийн савыг ачиж өгсөн.

Би тэр хогийн цэгийг ачихдаа Д.Н- гэдэг залуугаас “энэ хэний эзэмшлийн хогийн цэг” болох талаар асуухад Д.Н- надад Ж.М- гэдэг хүн амарч байгаа иргэд хогоо хийж байг гэж байрлуулсан боловч Нийтийн аж ахуй үйлчилгээний газраас энд ирж энэ хогийг ачих зардал байхгүй гээд энэ хогийг цэгийг буулгасан юм. Одоо бол миний эд зүйл байгаа юм гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 16, 151/,

 

Гэрч М.М.А-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хогийн сав байрлуулж тавих юм бол Дархан-Уул аймгийн захирагчийн алба болон манай НААҮГазарт хандаж зөвшөөрөл авах ёстой байдаг юм. Тэгсэн чинь зөвшөөрөлгүй хогийн сав тавигдсан байсан. Тэрийг тавьсантай холбогдуулан иргэдээс их гомдол ирж байсан юм. Тухайн газарт хогийн сав тавьснаас болж хог хаядаг эзэнгүй цэг мэт зүйл үүссэн юм. Тэгээд аймгаас энэ хэн ямар газраас хогийн сав гаргаж тавьсан юм бэ ? эзнийг нь олж тухайн хогийн савыг нь хүлээлгэж өг гэж хэлсэн. Гэхдээ иргэн хүн өөрийн ухамсраар хогийн сав хийж тавьсан болохоор өөрт нь сайн ойлгуулж хэлээд энд хогийн сав тавьж болохгүй гэдгийг нь ойлгуулаад буцааж өг гэж хэлсэн. Тэгээд эзнийг нь хайгаад 03 дугаар баг дээр гэр нь байдаг гэж сонсоод 03 дугаар багийн засаг даргаас гар утсыг нь олж аваад холбогдоод ярихад тухайн хогийн савны эзэн нь надтай ирж уулзсан. Тэгэхээр нь би тухайн хүнтэй уулзаад та энэ хогийн саваа эргүүлээд авчихаа тухайн газарт хогийн сав байрлуулж болдоггүй юм. Тухайн газарт хогийн цэг байрлуулахаар хураамж хурааж авах хүнгүй эзэнгүй болох учраас хогийн сав тавих боломжгүй байдаг та буцаагаад хогийн саваа аваарай гэж хэлсэн. Тэгсэн чинь би өөрийнхөө сэтгэлээрээ хогийн сав хийсэн. Хараа голыг хоггүй цэвэр байлгах гэж хийсэн. Одоо би буцааж хогийн саваа авах боломж байхгүй. Та нар өөрсдөө авах байгууллага байвал өгчих гэж хэлсэн. Тэгээд яваад өгсөн юм. Тэгээд 30 дугаар цэцэрлэгээс хогийн сав асуугаад байхаар нь эрхлэгчид нь үзүүлсэн чинь манайд тохиромжгүй байна авахгүй гэж хэлсэн. Оюут сувилалд хандсан, Цагдаагийн газарт хандсан тэгэхэд аль аль байгууллагууд нь авахгүй гээд байсан. Тэгэхээр нь манайх өөрсдөө хөлийг нь тайрчих юм бол кранаар авч явж болно гээд гагнуурчнаар хөлийг нь тайруулаад 7 хоносон юм. Тэгээд 322 дугаар цэргийн анги бас хогийн сав авна гэж хэлсэн. Тэгээд тухайн цэргийн ангийн Н.- гэх аж ахуйн дарга нь би авна шүү гэж хэлсэн өөрөө болохоор хөдөө Төмөр замын бүтээн байгуулалтад явах гэж байна. Би авч амжихгүй юм байна та авчхаарай гэж манай нөхөр Д.Н-т хэлсэн юм. Н.- нь тийм хогийн сав байгааг яаж мэдсэн бэ ? гэхээр Дархан сумын 15 дугаар багийн хог хаягдал хариуцсан байцаагч Р.Р.Ц- гэх хүнээс мэдсэн. Тэгээд манай нөхөр яг тухайн хогийн савыг авлаа зөөж байна гэдэг талаараа хэлээгүй байсан Тэгсэн манай нөхөр гэнэт надад хандан ‘Нөгөө хогийн савны чинь асуудлаар цагдаа дуудаж байна эзэн нь алга болчихсон байна гээд гомдол гаргасан байна” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 82-83/,

 

            Гэрч Д.Д.Х-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хогийн сав хийж байрлуулсан байснаас хойш ямар хүн тухайн хогийн савыг байрлуулсан юм бол гэж хайж олоод уулзаж байсан. Дээр хэлсэнчлэн орон нутгийн өмчийн газар буюу хөрөнгө оруулалтын хөгжлийн бодлогын хэлтсээс хүлээж аваад НААҮГ-ын хөрөнгийн бүртгэлд өгөөгүй учраас албан ёсоор хүлээж авсан гэж хэлэхгүй. Тэгээд тухайн иргэнийг хогийн саваа ав гэж хэлсэн юм. Тэгээд тухайн иргэн за би авах газар байна уу хайж үзээдэхье? гэж хэлсэн. Тэгээд бүр хог нь дийлдэхгүй иргэд маг их хог хаяад байхаар нь би байгууллагаасаа гагнуурчин, сантехникч, жолооч нарыг явуулаад хөл хоолойг салгуулсан юм. Тэгээд хүмүүсийг хог асуулахааргүй болгоод үлдээсэн. Тэгээд салгаж үлдээчхээд манай байгууллага кран олоод авч явах гээд 3 хонож байтал нөгөө хогийг савыг хийсэн иргэн ирээд танайх миний хийсэн хогийг савыг авчихсан юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь бид нар аваагүй одоо чи аваад явахад бэлэн болгосон бид нар салгаад тавьчихсан байгаа гэж хэлж байсан. тэгсэн чинь тухайн иргэн хогийн сав алга болчихсон байна гэж хэлж байсан. Манай НААҮГ тухайн хогийн савны хоолой, хөлийг салгаж тавьсан хэдий ч авч амжаагүй байсан юм. Харин хогийн савыг хийсэн иргэний олоод буцааж өөрт хүлээлгэж өгье гэж ярилцаж л байсан. шууд буулга, хүлээлгэж өг гэсэн чиглэл бол өгөөгүй. Эзнийг нь олж эзэнд хүлээлгэж өгье гэж л ярилцаж байсан” гэх мэдүүлэг /хх 100-101/,

 

            Гэрч Н.Н.Р-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Ж.М- гэдэг хүнийг танина над руу Ж.Ж.М- гэдэг хүн 2020 оны 08 дугаар сард над руу залгаад би нэг хогийн сав хийсэн юм та ирээд үзээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би өнгөт хороолол ороод Ж.Ж.М-тэй уулзаад хийсэн хогийн савыг үзээд та одоо энэ их хөрөнгөөр бүтээсэн юм аа аймагт өгч байгаа чинь боломжтой юу гэхэд Ж.Ж.М- надад би энэ хийсэн хогийн цэгээ аймагтаа хандивламаар байна гэсэн. Тэгэхээр нь би Ж.М- ахаас та энэ хогийн цэгээ хаана байрлуулах гэж байгаа талаар асуухад би Хараа голын гүүрний цаана байрлуулмаар байна. Голын эрэг дээр амарч байгаа иргэд миний хийсэн хогийн цэгт хогоо хийж байг гэж хэлсэн. Тэгээд Ж.Ж.М- та тэгвэл хогийн цэгээ хийгээд байрлуулж болно гэдэг зөвшөөрөл өгөөд явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа НААҮГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Хандсүрэн над руу залгаад ширээ нурууны иргэд Хараа голын гүүрний тэнд байх хогийн цэг дээр хогоо авчирч хаяад байна гэж надад хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 110/,

 

            Гэрч Э.Ж- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай 322 дугаар ангийн аж ахуйн дарга Н.- надад хогийн цэг авах гэж байгаа талаараа огт хэлээгүй яриагүй. Манай 322 дугаар цэргийн ангид миний зөвшөөрөлгүй ямар нэгэн эд зүйл авч орох гарах хөдөлгөөн байхгүй заавал надад танилцуулж миний зөвшөөрөлтэй орж гарч байдаг. Н.- надад тэр талаар огт яриагүй хэрэв хогийн сав авах гэж байсан бол надад танилцуулах ёстой юм.” гэх мэдүүлэг /хх 111/,

 

            Гэрч М.Н.-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын эхний 7 хоногт эгч М.А-тай яриад манай хогны байцаагч яриад Древенд юм уу Ширээ нуруунд нэг хогийн цэг байгаа юм уу? тэрийг авчихмаар байна гэсэн. Тэгэхэд манай төрсөн эгч М.А- нэг хогийн сав байгаа гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хүргэн ах Д.Н- руу залгаад “та нааш, цааш их явдаг хүн Древенд, Ширээ нуруунд нэг хогийн сав байгаа гэж байна та тэр хогийн савыг үзэж хараад нэг газар аваачаад тавьчихаараа” гэж хэлсэн.

Манай эгч М.А- надад яг тэнд байгаа хогийн савыг ав гэж надад хэлээгүй Древэнд юм уу Ширээ нуруунд нэг хогийн савны сураг гараад байгаа гэж хэлсэн. Би хүргэн ах Д.Н-т Хараа голын хажууд байгаа хогийн савыг үзээд аваарай гэж огт хэлээгүй, М.А- эгч Древэнд юм уу Ширээ нуруунд нэг хогийн савны сураг гарсан гэж хэлсэн. Би Д.Н- ахад тэр хогийн савыг үзээд харчаараа л гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хх 113/,

 

Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Д.Д.Х- надад Дархан сумын 2-р баг, Ширээ нурууны гүүрний хажууд нэг хогийн цэг байгаа. Очоод үзэхгүй юу гэж хэлсэн. Тэгээд танай байгууллага авна гэвэл хүсэлтээ бичгээр гаргаад холбогдох баримтаа өгөхгүй юу гэж хэлсэн. Тэгээд би Хараа голын гүүрний хажууд байрлах хогийн цэгийг үзэхэд манай байгууллага дээр ашиглах боломжгүй хогийн цэг байсан.” гэх мэдүүлэг /хх 153/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:

“219-ийн турбагаар хийсэн 4 ширхэг төмөр тулгуур хөлтэй, листэн төмрөөр хийсэн 3.7м өндөртэй хогийн бункер 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 1500000 төгрөг /хх 18-20/,

 

“Капитал зууч” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт:

“Д.Д.Г-ийн эзэмшлийн Мицубиши кантер маркийн 05-** ******* улсын дугаартай цагаан өнгийн ачааны автомашин /1997 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн, 2011 онд Монгол Улсад орж ирсэн, FE638E530404 тоот арлын дугаартай, ашиглалтын хугацаа дууссан, өнгө үзэмж, чанар байдал муудсан автомашин 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 5000000 төгрөг /хх 71-72/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх 3-4/,

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 11-12/,

Хохирогч Ж.Ж.М-, гэрч Д.Д.Х- нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 115-117/,

 

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 181-184/,

 

Шүүгдэгч Д.Д.Н-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 67/,  арилжааны банкуудад харилцах болон хадгаламжийн данстай эсэх тодорхойлолт /хх 133-136/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Д.Д.Н- нь 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2-р баг Хараа голын гүүрний хажууд буюу Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 3-р багийн нутагт байрлуулсан листэн төмрөөр хийсэн 3.7 метр өндөртэй хогийн бункерийг 05-** ******* улсын дугаартай Мицубиши Кантер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан авч өөрийн эзэмшилд авсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн амь нас, эрүүл мэндэд халдахгүйгээр, бусдад мэдэгдэлгүйгээр эд хөрөнгийг авч захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг.

Гэмт этгээдийн бусдын эд хөрөнгийг эзэмшилдээ авч өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоо бий болсон үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж, өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлдэгддэг санаатай гэмт хэрэг юм.

Хулгайлах гэмт хэргийн үр дагавар нь хууль бусаар, нууц аргаар, шууд санаатай, шунахай сэдэлт зорилгоор гэмт этгээд бусдын эд зүйлс, өмч хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах боломж үүссэнээр иргэн, аж ахуйн нэгжид материаллаг хохирол учруулах байдлаар илэрнэ.

 

Шүүгдэгч Д.Д.Н- нь манай дүү Н.- “...тийм хогийн сав байгаа юм байна. Та нааш, цааш их явдаг хүн хогийн савыг үзэж хараад нэг газар аваачаад тавьчхаарай” гэж ярьж байсан “би хулгай хийгээгүй гэж мэдүүлж байх боловч гэрч М.Н.- мэдүүлэхдээ...“би хүргэн ах Д.Н-т Хараа голын хажууд байгаа хогийн савыг аваарай гэж огт хэлээгүй” гэх мэдүүлгээр няцаагдаж байна.

 

            Шүүгдэгч Д.Д.Н- нь хулгайлах үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлээ зөөж тээвэрлэх зорилгоор 05-** ******* улсын дугаартай Мицубиши Кантер маркийн тээврийн хэрэгсэл ашигласан нь Д.Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний санахад 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 5айх орох гарах дээр зогсож байхад нэг залуу ирээд хогийн сав ачуулмаар байна гэж хэлэхээр нь тэгье гэж хэлээд цагийн 150000 төгрөгөөр тус хогийн савыг ачиж өгсөн” гэх мэдүүлэг зэргээр /хх 16, 151/ тогтоогджээ.

 

Шүүгдэгч Д.Д.Н- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Д.Д.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Ж.Ж.М- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Д.Н- нь Д.Д.Г-ийн эзэмшлийн 05-** ******* улсын дугаартай Мицубиши Кантер маркийн тээврийн хэрэгслийг гэмт үйлдлийг түргэтгэх зорилгоор ашигласан, тухай тээврийн хэрэгслийг хөрөнгө үнэлгээний “Капитал зууч” ХХК үнэлсэн  байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг тээврийн хэрэгслийн үнэ болох 5000000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлсэн, хохирол буцаан олгогдсоныг ял хөнгөрүүлэхэд, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Д.Н-ын үйлдсэн гэмт хэрэг нь дээрх хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа газар болох Дархан-Уул аймгийн Дархан сум Өргөө баг, 9-14 тоотоос Дархан-Уул аймаг, Дархан сум, Тосгон 2-р багт байрлах ажил чиглэлээр зорчих, өөр чиглэлээр зорчихгүй байхаар тогтоож, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж шийдвэрлэв.

Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн 7.4, 7.5, 9.4, 9.5, 9.6 дугаар зүйлд заасны дагуу хэрэглэсэн албадлагын арга хэмжээг өршөөлд хамааруулахгүй.” гэж заасан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Н-оос 05-** ******* улсын дугаартай Мицубиши Кантер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5000000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүйг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Н-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Д.Д.Н-ыг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Н-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Н-оос 05-** ******* улсын дугаартай Мицубиши Кантер маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5000000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, шүүгдэгч нь эрх бүхий байгууллагын хяналтад оршин суугаа газар ажил чиглэлээр зорчих, өөр чиглэлээр зорчихгүй байхаар тогтоож, түүнд хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Д.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

*******ГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ