| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2021/0171/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/317 |
| Огноо | 2021-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Ц.Цэен-Ойдов |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2021/ШЦТ/317
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:166/2021/0171/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам,
Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,
Хохирогч Ш.Ш.М-,
Шүүгдэгч Ч.Ч.М- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М-ад холбогдох эрүүгийн 2118000670152 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 09-ний хүлээн авч өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ч.М-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Ч.М- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Магнолия” супермаркетын гадна 72** ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор, 2021 оны 01 дүгээр сарын 06, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17-**тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Ш.М-г байнга буюу 3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон,
2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17-**тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Ш.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Ч.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн. Миний буруу байсан. Түүнээс хойш дахин тийм үйлдэл гаргаагүй.” гэв.
Хохирогч Ш.Ш.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хэрэг гарснаас хойш дахин асуудал гаргаагүй. Бид хамтдаа байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.
Яллах болон цагаатгах талуудаас Эрүүгийн 2118000670152 дугаартай хэргээс дараах нотлох баримтыг судлав.
Гэрч С.С- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2021 оны 01 дүгээр сард Дархан сумын 8 дугаар баг, Дэвшилийн 17-**тоот манай эхнэр болох Н.М-ын ах Ч.М-ын гэрт, би, эхнэр болох Н.М-ын хамт очсон юм. Тухайн үед Ч.М-, түүний эхнэр Ш.М-, манай эхнэр Н.М- бид 4 байсан бөгөөд хоол унд идээд, Ч.М- нэг шил архи гаргаж ирээд бид 4 хамт хувааж уугаад, дараа нь би гаднаас ойролцоо байх дэлгүүрээс нэг шил архи авч орж ирээд бид 4 мөн хувааж уусан юм. Тэгээд тухайн үед бид нар согтсон байсан бөгөөд би унтчихсан юм. Тэгсэн чинь манай эхнэр хажуу талаас татаж сэрээгээд би босож ирээд харахад 2 цагдаа гаднаас орж ирсэн байсан. Тухайн үед Ч.М- эхнэр болох Ш.М-той муудалцсан байдалтай байсан, 2 цагдаа нь Ч.М-ыг авч гараад буцаад орж ирээд бид нар амарсан. Дараа нь эхнэр болох Н.М- надад, Ч.М-, Ш.М- хоёр муудалцаж, Ч.М- эхнэр рүүгээ “сандал шидсэн, цохисон” талаар хэлсэн. Тэгээд маргааш өглөө нь Ш.М- Ч.М-ыг “Чи гар, зайл” гээд орилоод байсан бөгөөд Ч.М- эхнэр бид 2 той гадагш гарч Дарханаас Улаанбаатар хот руу явах замд байдаг клонкын дэргэд буугаад үлдэж, бид хоёр Улаанбаатар хот руу явсан юм. Сүүлд Ч.М-тай ярихад “Би гэрээсээ хөөгдчихлөө” хамаатныдаа байж байна” гэж ярьсан.” гэх мэдүүлэг /хх 53-54/,
Гэрч Ш.Ш.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Оргил худалдааны төв рүү орчхоод гарч байсан, одоо цагийг нь тодорхой, нарийн сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар бол 13 цагийн орчим байсан гэж бодож байна. Тэр үед над руу миний дүү Ш.М- залгахаар нь утсаа автал ярихгүй цаанаа миний цусыг гоожуулчихлаа гээд орилж байсан, тэгэхээр нь би сандраад Дэвшилийн 17 дугаар байранд дүүгийнхээ гэрт яваад ороход манай дүүгийн нөхөр Ч.М- өөдөөс уучлаарай хамт эмнэлэг явж оёулъя гэж байгаад гараад явсан. Харин дүү Ш.М-гийн цус нь духаар нь асгараад савтай цэцэг газар унаад гэрээр нь дүүрэн шороо цус холилдсон, тогоо гэрийн хойморт хивсэн дээр байсан.” гэх мэдүүлэг /хх 36/,
Гэрч Ө.Ө.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед буюу 2021 оны 01 дүгээр сарын 07- ны өглөө өөрийн ээж Шагдарпүрэв овогтой Ш.М-той утсаар ярихад “Намайг Ч.Ч.М- нь шөнө унтуулсангүй зодлоо” гэхээр нь би тухайн үед хамт байгаагүй, Улаанбаатар хотод байх гэртээ байсан болохоор Дархан-Уул аймгийн цагдаад өөрийн гар утсаар манай ээжийг зодсон байна гэж гомдол гаргачихсан юм.” гэх мэдүүлэг /хх 38-41/,
Гэрч Н.Н.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би цагаан сарын үеэр өөрийн нөхөр С.С- болон 2 хүүхдийнхээ хамт Дархан сумын 8 дугаар баг, Дэвшилийн 17-**тоотод 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 17 цагийн үед очсон. Тэдний гэрт очоод хоол хийж идээд, 1 шил Соёрхол нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архийг 4-үүлээ хувааж уусан. ...Архи дуусгаад 23 цагийн үед амрахаар болоод би, нөхөр 2 хүүхэдтэйгээ газар унтаад, ах, эхнэртэйгээ орон дээр унтсан. Амрахаар хэвтсэнээс хойш 1 цагийн дараа ах, эхнэртэйгээ маргалдаад байсан. Би сонсож байгаад айлын асуудалд ороод яахав, юу юу ч болоогүй байхад хүний асуудалд ороод яахав гэж унтаад өгсөн. Тэгээд эхнэр нь маргалдаж байгаад цагдаа дуудсан байсан. Цагдаа нар ирээд “нээх сүртэй асуудал үүсээгүй байна, эндээ учраа олчихоо, гадуур өвчтэй байхад эрүүлжүүлэх байр луу авч яваад яах юм бэ, хоорондоо асуудлаа олчихоо” гээд хэн хэнийг нь үлдээгээд цагдаа нар явсан.” гэх мэдүүлэг /хх 38-41/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлт:
1.Ш.Ш.М-гийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх 65-66/,
Хохирогч Ш.Ш.М-д эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн тухай хуудас /хх 63-64/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 5/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-9/,
Шүүгдэгч Ч.Ч.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 91/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суух хаягийн лавлагаа /хх 93-96/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх шүүгдэгчид холбогдох Эрүүгийн 2118000670152 дугаартай хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ч.М- нь 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, “Магнолия” супермаркетын гадна 72** ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор, 2021 оны 01 дүгээр сарын 06, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17-**тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Ш.М-г байнга буюу 3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодсон,
2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17-**тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Ш.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Шүүгдэгч Ч.Ч.М- нь 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар баг, 17-**тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ш.Ш.М-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 111 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хавтаст хэргийн 65-66/ нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон үйл баримтын хүрээнд дүгнэвэл шүүгдэгч Ч.Ч.М- гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Ш.Ш.М-г 2020 оны 10 дугаар сарын 21, 2021 оны 01 дүгээр сарын 06, 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрүүдэд зодсон үйлдэл нь олон удаагийн давтамжтай буюу хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх гэмт хэргийн бие даасан шинжийг хангажээ.
Шүүгдэгч Ч.Ч.М- нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрх чөлөөнд халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг, “Гэр бүлийн хүчирхийлэл” гэдгийг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг тус тус ойлгохоор тодорхойлсон байна.
Шүүгдэгч Ч.Ч.М-, хохирогч Ш.Ш.М- нар нь гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй хэдий ч хамтын амьдрал үүсгэж амьдарч буй хамтран амьдрагч болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч Ш.Ш.Д-, Ө.Ө.М-, Н.Н.М- нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарна.
Энэ хэрэгт хохирогч Ш.Ш.М- нь шүүгдэгч Ч.Ч.М-аас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж шийдвэрлэлээ.
Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж заасан ба шүүгдэгч Ч.Ч.М-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Өршөөлийн хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус ялыг өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн төмөр тогоог шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ч.Ч.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар шүүгдэгч Ч.Ч.М-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн тогоог устгуулахаар Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
5.Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Ч.Ч.М-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
*******ГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ