Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1984

 

Ц.Бы нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/01029 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Б,

Хариуцагч Ц.Мт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 875 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн З.Саранбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Саранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Б нь 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Мт 5 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, мөнгийг нь түүний данс руу шилжүүлж, зээлийн гэрээ хийсэн бөгөөд гэрээний хугацаа дуусахад Ц.М нь төлбөрөө гүйцэтгээгүй. Иймд гэрээний дагуу үндсэн зээл 5 000 000 төгрөг, зээлийн хүүд 250 000 төгрөг, алданги 2 625 000 төгрөг, нийт 7 875 000 төгрөгийг Ц.Маас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан өөрийн 5027599198 дугаар дансанд хийснийг нь мөн өдөр бэлэн аваад Ц.Бы 5374418754 тоот дансанд буцааж хийсэн учир зээлийн гэрээ тэр өдрөө дуусгавар болсон, Ц.Б нь уг өдрөө Ц.Мын данс руу эхлээд 100 000 төгрөгийг дансанд мөнгө орж байгаа эсэхийг шалгахаар хийсэн. Ингээд данс нь мөн байсан учраас дахиад 5 000 000 төгрөг хийсэн байдаг. Гэвч Ц.М нь уг мөнгийг зээлэхээ болиод мөн өдрөө буюу 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Ц.Бтай хамт байж байгаад гарын үсэг зуруулсан байдаг. Тэгэхээр зээлийн гэрээний үүрэг үсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Маас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 7 875 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Бд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Баас 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 140 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Маас улсын тэмдэгтийн хураамжид 140 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Мт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 5 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулан өөрийн 502733198 дугаар дансанд хийснийг нь мөн өдөр бэлэн аваад Ц.Бы 502733198 дугаар дансанд буцааж хийсэн учир зээлийн гэрээ тэр өдрөө дуусгавар болсон. Мөнгө шилжүүлсэнтэй холбоотой асуудал нь Хаан банк ХХК-аас ирүүлсэн баримтаас тодорхой харагдаж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч Ц.Маас 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт 7 875 000 төгрөг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган, уг мөнгийг шилжүүлэн авмагцаа түүний данс руу буцааж хийсэн гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сутайгаас 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нэхэмжлэгч Ц.Бы Хаан банкны 5025369916 тоот дансанд 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 5 100 000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн баримтыг Ц.М өөрийн гараар бичсэн тул /хх 54/ шинжээч томилуулж, уг баримтад хариуцагч бичиглэлийг хийсэн эсэхэд дүгнэлт гаргуулах агуулга бүхий хүсэлт гаргажээ. /хх 53/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдоос гаргасан хүсэлтийг хангах, эсхүл хангахгүй орхиж шийдвэрлэх ажиллагааг заасан, харин хүсэлтийг хүлээн авахаас татгалзах зохицуулалт байхгүй. Иймд шүүх дээрх хүсэлтийг гаргасан даруйд шийдвэрлэлгүй хойшлуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг зөрчсөнөөс гадна 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны явцад гаргасан “хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан” хууль бус гэж үзнэ.

Мөн хүсэлтэд дурдсан орлогын баримтад бичигдсэн бичиглэл Ц.Мынх мөн эсэх нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн татгалзалд дурдаж буй үйл баримтад ач холбогдол бүхий нотлох баримт болох бөгөөд шүүх нотлох баримтыг зохигчдын хүсэлтээр бүрдүүлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй атлаа татгалзлаа нотлоогүй гэж хариуцагчид үүрэг ногдуулсан нь үндэслэлтэй болж чадаагүй гэж үзнэ.

            Түүнчлэн дээрх хүсэлтийг гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөх Б.Сутай хүсэлтээс татгалзсан талаар баримтгүй байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн “шинжээч томилуулах хүсэлтээс татгалзаж байна” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлтэй эсэхийг тодруулах шаардлагатай.              

            Дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2017/01029 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 141 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ